Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/752     

 

 

 

 

 

     2023           7             20                                          2023/ДШМ/752             

 

Б.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан

шүүгдэгч Б.Н

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/358 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2310007080346 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатар илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Н, /РД:0000000/ 0000оны 0 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын гадна дулаалга хийдэг, ам бүл 7, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 85 дугаар байрны 1048 тоотод оршин суух бүртгэлтэй, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, мөн шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 443 дугаартай захирамжаар 1 жил 7 сар 12 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 09 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ход Ход” цэцэрлэгийн хашаанд Б.Бтай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж баруун дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор салст, зүүн дээд зовхи, уруулд цус хуралт, зүүн зовхи, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “.... Хэрэг болох үед Б.Б нь намайг заамдаж аваад миний хөл рүү 2-3 удаа өшиглөхөд нь миний хөл өвдөж, уурандаа түүнийг цохьсон юм. Уурандаа Б.Бн нүүр лүү цохисондоо буруутай гэдгээ ойлгож байгаа. Тухайн үед өшиглүүлчихээд уураа бариад тэсч тэвчээд түүний намайг өшиглөсөн үйлдлийг цагдаагийн байгууллагаар шийдвэрлэх учиртай байсныг маш сайн ойлгосон. Намайг цохихоос өмнө хохирогч Б.Б эхэлж 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн хажуу талаас нэг удаа миний нүүрэн тус газар цохиод би газар унасан гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг шийдвэртээ “шүүгдэгч Б.Н олон нийтийн газар гудамж талбайд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл оруулж байрлуулснаас болж маргаан, үл ойлголцол үүсэж улмаар хохирогч Б.Бн биед хөнгөн гэмтэл учруулах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь хохирогч Б.Б нь миний хөл рүү 2-3 удаа өшиглөж авсан үйлдэл нь хууль ёсны үйлдэл мэтээр шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулж, муу муухай бүх шалтгааныг над дээр тохож нийтэд тустай ажил хийлгэх ял өгсөнд гомдолтой байна. Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь бидний хоорондын маргаан гэхээсээ илүүтэй хохирогчийн миний хөл рүү 2-3 удаа хүчтэй өшиглөсөн үйлдэлд би өвдсөндөө гэнэт уур хүрч цохиж авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд болгон ял оногдуулахдаа харгалзаэ үзэхээр заасан байна. Гэтэл анхан шатны шүүх хохирогч Б.Б намайг 2-3 удаа маш хүчтэй өшиглөсөн үйлдэлд ял оногдуулахдаа дүгнэлт хийлгүй орхигдуулж, Улсын яллагчийн торгох эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг хүлээн авахгүйгээр хүндрүүлж нийтэд тустай ажил хийлгэх ял сонгож оногдуулсныг би зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх намайг хохирол төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг зааж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна. Хохирогч нь мөрдөх ажиллагааны үед эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн зардлуудаа надаас огт нэхээгүй. Харин ч гомдол саналгүй гэж өгсөн мэдүүлэг нь хавтаст хэргийн /17-18/ хуудсанд авагдсан байдаг. Түүнийг мөрдөх ажиллагааны үед болон прокурорын шатанд хэрхэн ямар баримтаар нэхэмжилж байгаа тухайгаа илэрхийлэх байх гэсэн боловч мөнгө нэхсэн баримт нэхэмжлэл гаргаагүй. Хэрэв тэрээр эмчилгээний төлбөрөө нэхэмжилсэн бол төлөх үүрэгтэйгээ анхнаасаа ойлгож байсан. Гэтэл түүнийг мөнгө нэхэмжлээгүйтэй холбоотой хохирол төлбөрийг нь төлөх хүсэлтэй байсан боловч төлж чадаагүй байдлыг миний эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулсанд гомдолтой байна. Учир нь, хохирогч өөрөө хэдэн төгрөгний ямар эмчилгээ хийлгэсэн талаарх баримтад үндэслэж хохирол төлбөр нэхэмжлэх эрхтэй бөгөөд анхан шатны шүүх үнэхээр хохирол төлбөрийн асуудлаар ял хүндрүүлж шийдвэрлэж байгаа тохиолдолд миний түүнд төлөх хохирол төлбөрийг тодорхойлж өгөх бүрэн эрх нь мөн шүүхэд өөрт нь байгаа гэж үзэж байна. Гэтэл шүүгч намайг гэм буруутайд тооцохдоо бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шийдсэн атлаа, хор уршгийг арилгаагүй гэж утга агуулгын хувьд алдаатай шийдвэр гаргаж, миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ ганцаараа тэжээдэг. Нийтэд тустай ажил хийлгэх тухай ялыг биелүүлэхэд би хийж буй ажлаасаа хөндийрч, цалин хөлс багасаж, амьдралд нөлөөлөхөөр байна. Миний бие торгуулийн ялыг биелүүлэх бүрэн боломжтой бөгөөд энэ талаарх баримтуудаа давж заалдах шатны шүүх хурал дээр гаргаж өгөх хүсэлтэй байгаа болно. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн хэсэгт торгуулийн ял болгон өөрчлөлт оруулж гомдол, гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг тул нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэх боломжгүй байх тул торгуулийн ялаар сольж өгнө үү” гэв.

            Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

  1. Хэргийн бодит байдлыг тогтоосон ажиллагаа              

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.     

Хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гаргаагүй байна.   

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.            

Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 09 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ход Ход” цэцэрлэгийн хашаанд Б.Бг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- хохирогч Б.Бн....”Би “Ход Ход” цэцэрлэгийн харуулын үүрэг гүйцэтгэж байх үед 3685 УБН улсын дугаартай “Хонда Инсайт” 8215 УАС улсын дугаартай Тоёота Гранд марк 2 маркийн автомашинаас 4-5 хүн буугаад машинаа цэцэрлэгийн хашаанд үлдээж явах гээд байхаар нь энд машин тавихгүй, хашаанаас гарга гэж хэлтэл энэ газар чинь нийтийн эзэмшлийн газар биз дээ, бид нар машинаа энд тавьж болно...гээд цэнхэр цагаан өнгийн хувцастай залуу гартаа батерейтэй таслагч гаргаж ирээд “даргаа дууд хоолойг нь хэрчээд өгье, бас чиний хоолойг хэрчээд өгье гээд гарт байсан таслагчаа ажиллуулаад” байхаар нь заамдаж авсан, хөл рүү өшиглөсөн...Гэтэл миний нүүрэн тус газар цохиод, би газар унасан ба баруун дээд үүдэн гурван шүд хөдөлсөн, хөндүүртэй, дээд уруулын дотор тал язарсан, зүүн нүдний хажууд зулгарсан... “гэх мэдүүлэг /хх 17-18, 20/,

- шинжээчийн 2145 дугаартай дүгнэлт: Б.Бн биед баруун дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор салст, зүүн дээд зовхи, уруулд цус хуралт, зүүн зовхи, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх 27-28/,

- шүүгдэгч Б.Нын“...Би тухайн өдөр “Ход Ход” цэцэрлэгийн хашаа руу машинаа оруулж зогсоох санаатай орох үед нэг залуу нэг давхар цагаан байшин дотроос гарч ирээд энд машин тавиулахгүй гээд маргасан...Тэр залуу намайг заамдаж, өвдөг хэсэг рүү өшиглөхөөр нь би хариу үйлдэл үзүүлээд тухайн залуугийн нүүрэн тус газар луу нэг удаа цохих үед тэр залуу газар унаад босож ирээд цагдаа дуудаж өгнө гэж хэлээд үлдсэн...Би хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн шарх байхгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...гэх мэдүүлэг /хх 35/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.  

Тухайн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд нотлох баримт бүхэлдээ эх сурвалжаа тодорхой заасан, харилцан эх сурвалжаа давхар нотолсон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-34-35, 70-73/, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.    

3. Хохирол, хор уршиг    

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид баруун дээд 2-р шүдний сулрал бүхий гэмтэл учирсан нь зайлшгүй эмчлэгдэх хохирол тооцогдох ба хохирогч өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ, намайг зодсон хүн холбогдоогүй тухай мэдүүлсэн /хх-20/, шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлжээ.   

  1. Эрүүгийн хариуцлагын талаар          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.   

Эрүүгийн хавтаст хэргийг судлахад, шүүгдэгч нь гэр бүлийн бүртгэлгүй, түүний хүүхдүүд болон эд хөрөнгө, тогтмол эрхлэх ажил хөдөлмөр, орлоготойг нотолсон баримтгүй /хх-40-42, 47, 71-72/, шүүгдэгч нь шүүх хуралдаанд “Лха Марал” ХХК-нд дүүжин өргүүрийн оператор ажилтай гэсэн 2013.07.19-ний өдрийн тодорхойлолтыг шүүх хуралдаанд гаргасан байх боловч гүйцэтгэх ажил байдлын баримт, гэрээ зэрэг хамаарах бусад бодит эх сурвалжгүй байх тул тодорхойлолт дангаараа нотлох баримт болохгүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нт нийтэд тустай ажил хийлгэх ял хүлээлгэхдээ харгалзах цогц шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байна.    

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар оногдуулсныг буруутгах, өөрчлөх үндэслэлгүй байх тул шүүгдэгчээс гаргасан “анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар шийтгүүлэх” тухай гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

 

        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР