| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00101/И |
| Дугаар | 309/ШШ2025/00176 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 309/ШШ2025/00176
| 2025 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 309/ШШ2025/00176 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* газрын хүсэлттэй,
“*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гантөр
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* Цагдаагийн ******* нь тус шүүхэд “*******ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гантөр нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Баянжаргал овогтой Даньхүрэл нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Иргэн Даньхүрэл нь сүүлийн 5 жил тасралтгүй архи ууж байгаа. Төрсөн ах нь түүнийг албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлт гаргасан учраас захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2019 оноос хойш архи ууж байна. Өмнө нь Батболд эмчээр 2021-2022 онд архинаас гаргах тариа хийлгэж байсан боловч дахин архи уусан. Надад архинаас гарая гэсэн хүсэл эрмэлзэл байгаа учраас захиргааны журмаар албадан эмчилгээнд явахад татгалзах зүйл байхгүй” гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “Албадан эмчилгээнд хамруулах санал”, Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн П.Хүрэлбаатарын гаргасан албадан эмчилгээнд явуулах санал, гуравдагч этгээд *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний 2023-2024 онуудад эрүүлжүүлэгдсэн мэдээлэл, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, хэвлийн хэт авиа оношилгоо, цээжний рентген зураг, цусны ерөнхий шинжилгээ, зүрхний бичлэг, архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
4. Гуравдагч этгээд ******* шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.
5. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь ******* аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 5-19 тоотод оршин суух, ЖЯ95092518 регистрийн дугаартай, Хатагин овогт Баянжаргалын Даньхүрэлийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарладаг.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хүсэлтийг зөвшөөрч буй үндэслэлээ: “...би 2019 оноос архи ууж байгаа. 2021-2022 онд архинаас гаргах тариа хийлгэж байсан боловч гарч чадаагүй. Надад архинаас гарах хүсэл эрмэлзэл байгаа учраас захиргааны журмаар албадан эмчилгээ хийлгэхийг зөвшөөрч байна” гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: ******* газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “албадан эмчилгээнд хамруулах санал”, Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн П.Хүрэлбаатарын гаргасан “албадан эмчилгээнд хамруулах санал”, гуравдагч этгээд *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон цээжний рентген зураг, согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, архины хамаарлын шалтгаант сэтгэцийн, зан үйлийн эмгэгийн шинжүүд, ЭХО-д харуулсан тухай эмчийн үзлэгийн тэмдэглэл, зүрхний бичлэг, ийлдэс
судлалын шинжилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архидан согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орсон,
- ******* аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр *******ийг архинд донтох өвчтэй болохыг тогтоосон байхаас гадна түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж үзсэн байна.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон... тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь захиргааны журмаар албадан эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрсөн, мөн хэрэгт авагдсан эмнэлгийн дүгнэлтээр түүнийг дээрх эмчилгээг хийлгэхэд биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэж дүгнэсэн байхаас гадна согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхэд хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******ийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
8. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг баримтлан ЖЯ95092518 регистрийн дугаартай, Хатагин овогт Баянжаргалын Даньхүрэлийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******ийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч ******* ******* ******* *******т даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ийг албадан эмчлэх *******т хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА