Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/905

 

  2023            9              5                                          2023/ДШМ/905

                                                           Б.А-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Мажигсүрэн,

шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ц.Батбаяр, Ц.Баяртогтох,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1675 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.А-д  холбогдох 2209 00000 0971 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Г овгийн Б-н А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, “Г г” ХХК-д ....... менежер ажилтай, ам бүл .., .......... хамт ...............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Б.А нь ........ дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежерээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа бусдад өрөө төлөх, цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Canon EOS5D mark4” загварын мэргэжлийн зургийн камер, Саnon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерын линз, Cаnоn 70-200 ММ Е/2.8 IS III мэргэжлийн линз, Турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15.733.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч Б.А-г хохирогч байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд зүйл болох мэргэжлийн зургийн камер, камерны линз, мэргэжлийн линз, турбо дент майхан, оффис камер цоож зэрэг зүйлсийг завшсаны улмаас тус байгууллагад 15.733.440 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь ял сонсгосон боловч энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” талаар зохицуулсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх байдлыг хангалттай тогтоогоогүй байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.А нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоол нь биелэгдсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх байдлыг тодруулаагүйгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхойгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоол биелэгдсэн эсэх талаар баримтыг гаргуулж, хэрэгт хавсаргах шаардлагатай. Б.А-д  холбогдох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг 1.1 дэх хэсэг “...гэмт хэрэг гарсан байдал...", 1.2 дахь хэсэг “...гэмт хэргийг хэн үйлдсэн...”, 1.5 дахь хэсэг“...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” зэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн тогтоогоогүй.

Шүүгдэгч Б.А нь Сanon загварын мэргэжлийн камерын линз, Сanon загварын мэргэжлийн линз зэргийг барьцаат зээлийн газарт тавьж мөнгийг нь н.Батхишиг гэх хүнтэй хамт хэрэглэсэн, компанийн цахилгааны инженер гэх хүнд турбодент майхан, оффис камер, цоож зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн байна. Иймд дээрх байдлыг н.Батхишиг, компанийн цахилгааны инженер гэх хүмүүсээс турбодент майхан, оффис камер, цоож зэрэг эд зүйлсийг хэн авсан талаар тодруулж, мэдүүлэг авах, Б.А нь Саnon ЕОS 5D mark4 загварын мэргэжлийн камерыг хохирогч А.Х-д буцаан өгсөн эсэх, турбодент майхан, оффис камер, цоож зэргийг авсан эсэх талаар шалгах, н.Батхишиг, Б.А нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон эсэх талаар шалгах, хохирогч нь н.Батхишигээс хохирол, төлбөр авсан эсэх талаар хохирогчоос тодруулах, Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд Саnon ЕОS 5D mark4 загварын мэргэжлийн зургийн камер, Саnon 24/70 F/2.8 II usm мэргэжлийн камерны линз, Саnon 70-200 ММ Е/2.8 IS III мэргэжлийн линз, турбо дент майхан, оффис камер цоож зэрэг эд зүйлсийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар буюу гэмт хэрэг төгссөн цаг хугацаанаас хойш 1 жил 2 сарын хугацаа өнгөрсний дараах байдлаар үнэлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хангахуйц гэж дүгнэхэд эргэлзээтэй тул эд зүйлийн үнэлгээг гэмт хэрэг гарсан цаг үеийн байдлаар гаргах нь зүйтэй. Хохирогч А.Х-д мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцахыг мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр Б.А-д  холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.А-д  урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Төгөлдөр бичсэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн прокурорт хэргийг буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасан. Хуулийн дээрх заалтаас үзэхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол урьдчилсан хэлэлцүүлгийн хурал руу буцаахыг шууд хязгаарласан байна. Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.А-г 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2022/ШЗ/2003 дугаартай захирамжаар шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн боловч шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж заасан. Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйгээр, гэм буруугийн хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж, 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1675 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд буцаахыг шууд хязгаарласан байна. Гэтэл шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгааг дээрх хуулийг зүйл, хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйгээр, гэм буруугийн хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж, 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч Б.А-д  холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлээгүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тодорхой болгосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс үзсэн. Мөн прокурорын хэлж байгаа хуулийн зохицуулалтаар 60 хоногийн хугацаанд хэн нэгэн этгээдийг хэрэгт холбогдуулан шалгах боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.А-д  холбогдох хэрэгт өөр этгээд оролцсон эсэх үйлдлийг шалгаснаар хэргийн зүйлчлэл хүндрэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.А-д  холбогдох хэргийг анх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн аваад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2003 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улмаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолоор Б.А-г гэм буруутайд тооцож, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өмгөөлөгч Ц.Баяртогтохын гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.

Харин Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 87 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, агуулгын хувьд Б.А-д  холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2003 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1675 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “... хэргийг шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

    Харин шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу уг ажиллагааг хийлгэх нь хуульд нийцнэ.

     Энэ талаар прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1675 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

     Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.А-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1675 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.А-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                           М.АЛДАР