Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0654

 

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0654

Улаанбаатар хот

“З ч м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн захирал захирал Т.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, түүний өмгөөлөгч С.Д нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “З ч м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн захирал Т.Э 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн гаргасан “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн захирал Т.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Газар эзэмших эрхийн тухайд нэхэмжлэгч “З ч м” ХХК Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань уул нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-015594 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн үйл ажиллагаа эрхлэн явуулахын тулд ажилчдын хотхон, уурхайн үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн шугам хоолой зэргийг байгуулах зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд зэрэгцүүлэн газар олгож өгөхийг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргаас хүссэн.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 4/08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус сумын Цагаан хад багийн нутагт 631.78 га газрыг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар төлөвлөсөн байдаг. Улмаар тус сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/90 дугаар захирамжаар Цагаан хад багийн нутагт 631.78 га газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссыг мөн сумын Засаг даргын 2014 оны 6 сарын 30-ны өдрийн А/122 дугаар захирамжаар томилж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлан явуулсан.

Уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч компани оролцож өөрсдийн төслийг санал болгосон ба комиссын 100 хувийн саналаар манай компанид 631,78 га газрыг эзэмшүүлэх тухай дүгнэлт гаргасан. Сумын Засаг дарга 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж дүгнэлтийг баталж, тус сумын Цагаан хад багийн нутагт 631,78 га газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар олгосон байдаг.

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын тухайд Дэлгэрэх сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжаар манай компанид газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгох үндэслэлээ “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэсэгт заасныг үндэслэн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын журмаар “З ч м” ХХК-д 631.78 га газар олгохоор шийдвэрлэж, уг төслийн баримт бичгийн газрын үнийг 606508.8 мянган төгрөгөөр үнэлсэн ба дээрх аж ахуйн нэгж нь газрын үнийг төлөөгүйтэй холбогдуулан Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж тодорхойлжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалт нь Засаг даргын гаргасан захирамж хууль тогтоомжид нийцээгүй байх гэсэн ерөнхий бөгөөд тодорхой нөхцөлийг тогтоосон. Манай тохиолдолд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамж хууль тогтоомжид нийцээгүй байх шаардлага юм.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 24 дүгээр зүйлд “Комисс нь гаргасан дүгнэлтээ Засаг даргад танилцуулна. Засаг дарга дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, ...шийдвэрийг гаргана” гэж заасны дагуу Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаа гаргасан нь Газрын тухай болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, тэдгээрт нийцсэн гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж хуульчилсан. Хуулийн энэхүү зохицуулалт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан газар эзэмшүүлэх хоёр зарчмаас дуудлага худалдааны зарчимд хамаарах зохицуулалт хэмээн үзэж байна. Учир нь газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ гэдгийг Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ” хэмээн тодорхойлсон.

Мөн түүнчлэн газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарсны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөх тухай зохицуулалт болох нь уг заалтын “...шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд...” гэж тодорхойлсноор тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” нь газар эзэмшигчийн үүрэг байхаар тогтоожээ. Маргаан бүхий захиргааны акт болон хариуцагч талын тайлбар, татгалзал нь гагцхүү газрын гэрчилгээний үнэ төлөөгүй гэсэн үйл баримтыг үндэслэл болгосон. Газрын гэрчилгээний үнэ хийгээд газрын төлбөр гэсэн ойлголтууд харилцан адилгүй өөр өөр утгыг илэрхийлдэг. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэл болгохын тулд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамж хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон байх зүй ёсны шаардлага тавигдана.

Гурав. Шүүхийн шийдвэрийн тухайд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүх нэхэмжлэл хийгээд маргаан бүхий захиргааны акт, хариуцагчийн татгалзлын үндэслэл, шаардлагын хүрээ хязгаараас хальж өөр асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актын цорын ганц үндэслэл нь “газрын үнийг төлөөгүй” явдал байсан ба энэ үндэслэлээ дэмжиж нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлаа мөн адил үндэслэсэн байдаг. Нэхэмжлэгч мөн адил газрын үнэ гэж тодорхойлсон 606508.8 мянган төгрөгийг төлөх ёсгүй байсан талаар маргасан. Гэтэл шүүх “...нэхэмжлэгч хуулийн этгээд нь төрийн өмчийн газрыг эзэмшиж үл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд тухайн газрын төлбөрийг болон анх уг газрыг эзэмших эрхийг олж авах үйл ажиллагааны явцад төлөхөөр тохиролцсон газрын үнийг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд тухайн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм” гэж дүгнэсэн байдаг. Шүүгчийн энэхүү дүгнэлт нь бодит байдал хийгээд хуульд нийцээгүй, утга агуулгын илэрхий алдаатай болсон.

1.Газрыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хууль ёсны эрх, ашиг сонирхол үүсээгүй байх хууль зүйн хийгээд бодит үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн газар дээр уурхайн суурьшлын бүс байгуулахыг хүсч газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан, сумаас зарласан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож, төслөө дүгнүүлсэн, улмаар тухай газрыг эзэмших эрхтэй боллоо хэмээн итгэж, барилга байгууламж барьж, ашиглаж байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлсөн зэрэг нь тухайн газрыг эзэмших гэсэн хууль ёсны ашиг сонирхлын зүй ёсны илэрхийлэл билээ. Нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших гэсэн хууль ёсны ашиг сонирхлоо ийнхүү хангалттай илэрхийлсэн, тэрхүү илэрхийлэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсоор байтал маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2.Мөн тухайн газрыг эзэмших эрхийг олж авах үйл ажиллагааны явцад төлөхөөр тохиролцсон газрын үнийг төлөөгүй гэж дүгнэсэн байдаг. Шүүгчийн энэхүү дүгнэлт нь бодит байдал хийгээд хууль тогтоомжид нийцээгүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-д газар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалтын журмаар олж авсан этгээд хариуцагчийн шаардаад байгаа газрын гэрчилгээний үнэ /дуудлага худалдааны анхны үнийг 3 дахин нэмэгдүүлэн тогтоосон үнэ гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарладаг/-г төлөх үүрэггүй. Энэхүү газрын үнэ гэж хариуцагчийн тодорхойлсон 606508.8 мянган төгрөгийг төлөх талаар төсөл сонгон шалгаруулалтын үед тохиролцсон зүйл байхгүй бөгөөд 2016 онд газрын үнэ төлөх хуваарийг тохиролцсон байдаг. Гэхдээ энэхүү тохиролцооноос үл хамааран газрын үнэ гэх 606508.8 мянган төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байгаа эсэхэд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгох эсхүл төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгох зарчмууд харилцан адилгүй ойлголтууд. Аль ч зарчмаар газар эзэмших эрх олгохдоо газрын үнэ хэмээн дуудлага худалдааны анхны үнийг газар эзэмших эрх олж авсан этгээдээс авах бол ийнхүү хоёр өөр ойлголтоор илэрхийлэх шаардлага байхгүй билээ. Хүчин төгөлдөр хууль тогтоомжоор газар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгоход газрын үнэ төлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаар тогтоолоор тус сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Цагаанхад багийн Цагаанхад уул байршилд 631,78 га газрыг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар “З ч м” ХХК-д эзэмшүүлэхээр газрын байршил, хэмжээг тогтоосны дагуу Дэлгэрэх сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар дээрх газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар тус компанид 26 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, гэвч газрын үнэ болох 606.508.8 мянган төгрөгийг тохиролцсон хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар дээрх захирамжаа хүчингүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчээс газрын үнийг төлөх хууль зүйн үндэслэлгүй, сонгон шалгаруулалтын үед төлбөр төлөхөөр тохиролцоогүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан ч тухайн үед Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын урилга”-д уурхайн эдэлбэрийн зориулалтаар сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх 631.78 га газрын үнийг 606.508.8 мянган төгрөг гэж тогтоосон байна.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон “Засаг чандмань майнз”-ийн гүйцэтгэх захирал Т.Э газрын төлбөрийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрснөөс гадна төлөхөд ч бэлэн байгаагаа илэрхийлсэн, мөн нэхэмжлэлийн үндэслэл болоод хэрэгт авагдсан холбогдох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэх шалтгаагүйгээгээр биелүүлээгүй гэж шууд дүгнэх боломжгүй. 

Өнгөрсөн хугацаанд Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн уурхайн эдэлбэрийн газарт нэхэмжлэгчээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болохыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаар тогтоолд тодорхой дүгнэснээс гадна 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “Газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт”-аар тохиролцсон 2016 оны 6 сараас 12 сарыг дуустал хугацаанд Ашигт малтмалын газраас тухайн талбайг бүхэлд нь хамруулан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт зарласантай холбоотой шүүхийн маргаан хянагдаж байсан нь гэрээний дагуу төлбөр төлөх эсэх талаар эргэлзээг буй болгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Тухайлбал Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” а/92 дугаар тушаалын 9 дэх хэсгийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших Баянтал нэртэй 8269.78 га талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны эхээр үүсч, улмаар Улсын Дээд шүүхийн дээр дурдсан тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрыг нь хамруулан төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалт зарласан энэхүү бодит факт гэрээгээр төлбөр төлөхөөр тохиролцсон цаг хугацаатай ийнхүү давхцаж байхад нэхэмжлэгчийг төлбөрөө хугацаанд нь төлсөнгүй гэж буруутгах нь зохимжгүй.

Түүнчлэн “Газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт”-аар 606.508.800 төгрөгийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эцсийн төлөлтийг хийх байдлаар буюу нийт 7 хувааж төлөхөөр, мөн актын 1.в-д “Газрын үнийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд төлбөр авагчаас нийт төлөгдсөн төлбөрийг улсын орлого болгож, эрх бүхий албан тушаалтанд газар эзэмших эрхийг цуцлах санал оруулах эрхтэй” гэж зааснаас тус тус үзэхэд нэхэмжлэгч газрын төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлөх үүрэгтэй, харин энэхүү хугацаа хэтэрснээс хойш дээр дурдсанчлан газар эзэмших эрхийг цуцлах асуудал үүсэхээр байна.

Гэтэл маргаан бүхий захирамж актад заасан хугацаанаас 15 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 16-ны өдөр гарсан, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, дээрх актыг нэхэмжлэгчтэй байгуулсан Дэлгэрэх сумын газрын даамал И.Б “...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөх хугацаа чинь дууслаа шүү, хоёрхон хоног үлдлээ...” гэхэд Т.Э захирал дансны дугаар өгчих гэхээр нь их мөнгө хийх учраас аймгийн төлбөр хариуцсан мэргэжилтнийхээ дугаарыг өгсөн...” гэх, нэхэмжлэгчийн “...аймаг дээр очоод дансаа өгөөч гэж зөндөө хэлсэн, аймгийн газрын албаны дарга, байцаагч болон Засаг даргаас асуугаад бүтэн 2 өдөр болсон, аргаа бараад суман дээр буцаж ирээд дансны дугаар өгөхгүй байна гэсэн чинь цуцалсан гэж хэлсэн...” гэх тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж буруутгах боломжгүй.

Иймд нэг талаас нэхэмжлэгчийн маргаан бүхий актын үндэслэл болсон газрын төлбөрийг төлөхөд бэлэн гэх тайлбар, үүнийг ч нотлох үйл баримтууд, нөгөө талаас төлбөрөө төлөөгүй тохиолдолд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг тус тус харгалзан үзэж эдгээр нөхцөл байдлыг судлан үзэж, дахин шинээр захиргааны акт гаргатал маргаан бүхий захирамжийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.2, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасныг баримтлан “Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН