Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 121

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Х.Батсүрэн

                                                  Д.Мөнхтуяа

                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Х , 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн Я.Т, Т.Ц, Г.Г-О, 2016 оны 6 дугаар сарын 14-ний А/260 дугаар захирамжийн Б.О, 2011 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “З с” ХХК, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Х-Э”ХХК, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дүгээр захирамжийн “Н д” ХХК, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “М н а”ТББ, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “П”ХХК-д холбогдох хэсгүүдийн “газар давхцалтай хэсэг”-ийг тус тус хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээд Я.Х , Я.Т, Т.Ц, Г.Г-О, Б.О нар, “З с”  ХХК, “Х-Э”ХХК, “Н д”ХХК, “П”ХХК-иудын бие даасан шаардлага: Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Гуравдагч этгээд “М н а”ТББ-ын бие даасан шаардлага: Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 116.35 га газрын тус төрийн бус байгууллагын газарт давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0801 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний 221/МА2019/0106 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга,

Гуравдагч этгээд Я.Т, Г.Г-О, Т.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Гуравдагч этгээд Я.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц,

Гуравдагч этгээд “Х-Э”ХХК-ийн төлөөлөгч Б.Д,

Гуравдагч этгээд Б.О, түүний өмгөөлөгч К.Ж,

Гуравдагч этгээд “Н д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Гуравдагч этгээд “Плэнхаус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Гуравдагч этгээд “З с”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нар

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээд “М н а”ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, гуравдагч этгээд “Х-Э”ХХК-ийн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд “Н д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд Ч.Т, Т.Ц, Г.Г-О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Я.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, гуравдагч этгээд Б.Огийн өмгөөлөгч К.Ж, гуравдагч этгээд “З с”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

   1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0801 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтаар Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2, 13 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16, 4.1.18, 4.1.19, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “З с”  ХХК-ийн эзэмшиж байгаа газраас давхцал бүхий 9900 м.кв газрын эзэмших эрхийг, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Х-Э”ХХК-д холбогдох хэсгийг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Х гийн газраас давхцал бүхий 4951 м.кв газрын эзэмших эрхийг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дугаар захирамжийн “Н д” ХХК-д холбогдох хэсгийг, 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн А/279 дугаар захирамжийн иргэн Я.Т, Т.Ц, Г.Г-О нарт холбогдох хэсгийг, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн Б.Од холбогдох хэсгийг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “П”ХХК-д холбогдох хэсгийг, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “М н а”ТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, 29 дүгээр зүйлийн 29.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.2 дахь заалтыг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг “З с”  ХХК, “Х-Э”ХХК, Я.Х , “Н д” ХХК, Я.Т, Т.Ц, Г.Г-О, Б.О, “П”ХХК, “М н а”ТББ-ын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоологдохыг мэдэгдэж, 4 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэр хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0106 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0801 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн /2006/ 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 23 дугаар зүйлийн 21.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.7, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 55 дугаар зүйлийн 55.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “З с”  ХХК-ийн эзэмшиж байгаа газраас давхцал бүхий 9916.6 м.кв газрын эзэмших эрхийг, 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Х-Э”ХХК-д холбогдох хэсгийг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Х гийн газраас давхцал бүхий 4951 м.кв газрын эзэмших эрхийг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дугаар захирамжийн “Н д” ХХК-д холбогдох хэсгийг, 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн А/279 дугаар захирамжийн иргэн Я.Т, Т.Ц, Г.Г-О нарт холбогдох хэсгийг, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн Б.Од холбогдох хэсгийг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “П”ХХК-д холбогдох хэсгийг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “М н а”ТББ-ын эзэмшиж буй газраас давхцал бүхий хэсгийг тус тус хүчингүй болгож,

гуравдагч этгээд “З с”  ХХК, “Х-Э”ХХК, “Н д” ХХК, “П”ХХК, Я.Х , Я.Т, Т.Ц, Г.Г-О, Б.О болон “М н а”ТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “М н а”ТББ-ын эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “... /тусгай зөвшөөрөл эзэмшигч/ газар, ус ашиглах тухай гэрээ... /байгуулах/”-аар, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэрээ байгуулан газрыг эзэмшиж ... байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байх”-аар, 7 дугаар зүйлийн 4-т “уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг ... хоёр дахин өсгөж тооцох”-оор тус тус заасан байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх үүрэгтэй байна гэж хянан шийдвэрийг хүчингүй болгож хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй газар ашиглах гэрээ байгуулаагүй үйлдлийг зөвтгөж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

4. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар авч үзэн түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчмаар дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хавтаст хэрэгт маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч тал 2011 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байгааг тогтоосон бөгөөд гуравдагч этгээд нар хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мод тарьж ургацаа авч үйл ажиллагаа явуулж байгааг харгалзаж үзээгүй нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй.

5. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0106 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээд “М н а”ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...”М н а”ТББ нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 207 тоот захирамжаар газар эзэмших эрхийг авсан бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 тоот шийдвэрээр “С” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Цаг хугацааны хувьд “М н а”ТББ-аас хойно олгосон тул хууль бус бөгөөд 2011 оноос хойш газрын асуудлаар маргаан үүсгэж шүүхэд хандаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлтэй юм.

7. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Шувуун фабрик орчмын газар нь иргэд ихээр суурьшсан суурьшлын бүс бөгөөд “Сегмабетта” ХХК-д олгосон газар нь суурьшлын бүсэд хамаарах газар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т зааснаар болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж зааснаар суурьшлын бүс болох нь нотлогдож байна. “М н а”ТББ нь газар ухаж байгалийг бохирдуулаагүй, улс орон нийтэд хэрэгцээтэй хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалан иргэдийн эрүүл мэнд, улс орны дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж тус газарт тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж ирсэн учраас газар эзэмших давуу эрхтэй гэж үзэж байна.

8. “Сегмабетта” ХХК нь “М н а”ТББ-д газар олгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн А/225 тоот захирамжийн “М н а”ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шүүхийн өмнө хийгдэх урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

9. Иймд түрүүлж газар эзэмших эрх үүссэн “М н а”ТББ-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0106 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

10. Гуравдагч этгээд “Х-Э”ХХК-ийн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Манай компанид Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 21-ний 399 тоот захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороо буюу Туул тосгоны нутаг дэвсгэрт 2 га газрыг эзэмшүүлж ... 8 жилийн хугацаанд чацарганы талбайтай болсон. Нэхэмжлэгч “С” ХХК нь 2011 онд тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 жилийн хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг шалтгаангүйгээр хэтрүүлсэн, 54.1 дэх хэсэгт заасны дагуу тус компанийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

11. Газрын тухай хуулийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан, Газрын хэвлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох”, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” эрхийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр тус тус хуульчилсан, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-д “Уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан ашигт малтмал олборлох геологийн тогтцын хэсгийг” гэсэн нь газар эзэмших гэрчилгээгүй “С” ХХК-ийн хувьд газар ашиглах эзэмших эрх нь үүсээгүйг гэрчилнэ.

12. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Хот, тосгон, бусад суурины газрын хилийн заагийн доторх уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ 25.0 га хүртэл байхаар тогтоосон атал Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг-Ашигт малтмал, газрын тосны газраас Засгийн газрын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг зөрчин 2011 онд “Сигмабетга” ХХК-д 116.35 га газар ашиглах зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус шийдвэр болно.

13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0106 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

14. Гуравдагч этгээд Ч.Т, Т.Ц, Г.Г-О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, “Н д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 1-ийн 2, 8 дугаар зүйлийн 2-ийн 2, 13 дугаар зүйл , Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаас үзвэл “Сигмабетта" ХХК 2010 онд Ашигт малтмалын газраас олгосон Алтан элс-2 нэртэй талбайд МҮ-016813 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшсэнээрээ тухайн уурхайн эдэлбэр газрыг эзэмшсэн гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулиар биш нарийвчлан зохицуулсан Газрын хэвлийн болон Газрын тухай хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр уурхайн эдэлбэр газраа эзэмших эрхтэй. Нэхэмжлэгч компани шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа миний эзэмшлийн газарт Хан-Уул дүүргийн Засаг дарга газар давхцуулан олгосон гэх боловч “С” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ аваагүй байдаг.

15. “С” ХХК нь 2011 оноос Алтан элс-2 нэртэй талбайд МҮ-016813 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшсэн гэж байгаа ч өнөөдрийг хүртэл ашигт малтмал олборлоогүй бөгөөд гуравдагч этгээд нар 2012 оноос чацаргана, хүнсний ногоо тариалж үйл ажиллагаа явуулж ирсэн. 2016 онд Хан-уул дүүргийн Засаг даргатай тухайн талбай дээрээ газрын маргаан үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй газар хэдэн иргэн, аж ахуйн нэгжийн газар давхцаж байгаа талаар шинжээчийн дүгнэлт гаргуулан хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн байдаг. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “С” ХХК нь өөрийн эзэмшлийн гэх газар дээр иргэн, аж ахуйн нэгжүүд газар тариалан эрхэлж байхыг мэддэг, захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байхад гуравдагч этгээдүүдийг Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн газар эзэмших эрхтэй болсныг мэдсээр байж гомдол гаргаагүй нь хөөн хэлэлцэх хугацаагаа хэлтрүүлсэн.

16. Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын тухайд Ашигт малтмалын газраас “С” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн Засаг даргаас саналыг аваагүй бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газар нь санал авсан гэдгээ нотолж чадаагүй. Туул тосгон буюу шувуун комбинат нь 1960-аад оноос үйл ажиллагаагаа явуулж ирж суурьшлын бүс болсон газар бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтад зааснаар “С” ХХК нь 25.0 га хүртэл газрыг уурхайн эдэлбэрээр ашиглах эрхтэй болно.

17. Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 221/МА2019/0106 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

18. Гуравдагч этгээд Я.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох эрхтэй. Энэхүү эрхийн хүрээнд олгосон газрын эрхэнд халдаж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн хүрээнд гаргасан шийдвэр юм. Түүнчлэн бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж энэхүү газар эзэмших эрхийг авсан.

19. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0106 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0801 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

20. Гуравдагч этгээд Б.Огийн өмгөөлөгч К.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар ... “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-уул дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/331 дүгээр захирамжийн Д.Бодьцэцэг, Б.Туяабаатар нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Тус хэрэгт шинжээчийн дүгнэлт болон бусад холбогдох байгууллагуудаас авсан нотлох баримтуудаар “С” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нийт 118 иргэн, аж ахуйн нэгжтэй давхцалтай талаар мэдсэн бөгөөд Захиргааны байгууллага “С” ХХК-д 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж байгаагүй болох нь тогтоогдсон.

21. Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/369 дугаар албан бичгээр “С” ХХК-ийн эзэмшилтэй газартай 13 иргэн, хуулийн этгээд эзэмшил газартай давхцаж байгааг мэдэгдсэн. Түүний дараа 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоологдож 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон байхад давж заалдах шатны шүүх мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг хэрэглээгүй нь илт хууль бус юм.

22. Нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: ... Б.Ог 2016 оноос газар эзэмшиж хашаа татаж, үйл ажиллагаа явуулж байгааг “С” ХХК нь мэдэж байсан бөгөөд газар эзэмших эрх зөрчигдсөнийг мэдсэн үйл баримтыг давж заалдах шат үнэлж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байсан боловч нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

23. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; 34 дүгээр зүйлийн 34.5-т түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ; 34.5.1-т тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 120 өдрийн дотор гэж тус тус зааснаас үзвэл батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу тодорхой хугацаа, хэмжээгээр ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар зохицуулжээ. Уг зохицуулалтаас үзвэл Б.Огийн газар эзэмших эрхийн хугацааны дотор эсхүл энэ жил ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар техник, эдийн засгийн үндэслэл болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан болох нь нотлогдоогүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

24. Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар: ... Ашигт малтмалын тухай хуульд газар эзэмших ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид шууд үүсгэхээр хуульчлаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.7-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч газар, ус ашиглах гэрээ байгуулах”-аар, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэрийн үндсэн дээр гэрээ байгуулахаар зохицуулсан байна.

26. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: ... Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна” гэж заасан ба зөвхөн ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөнд багтсан газар давхацсан тохиолдолд тухайн газар эзэмшигчийн газрыг чөлөөлүүлэх шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргах эрхтэй. Уг зохицуулалтын агуулгаас үзвэл тусгай зөвшөөрлөөр эзэмшүүлсэн талбайд орсон хэдий ч төлөвлөгөөнд заасан ашиглалтын үйл ажиллагаанд хамаарах нутаг дэвсгэрт орохгүй бол тухайн газарт ашигт малтмалаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэх Засаг даргын бүрэн эрхийг хуулиар хязгаарлаагүй байна гэж үзэхээр байна.

27. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.2.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “С” ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

28. Гуравдагч этгээд “З с”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрхтэй холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт хэрэглэгдэхээр байна гэж дүгнэсэн. Ийнхүү нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэсэн нь давж заалдах шатны шүүх тус хуулийн зорилт, хамрах хүрээг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн зорилт,нь Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулахад орших бол газар эзэмшихтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй. Харин маргаан бүхий газар эзэмшихтэй холбоотой энэ тохиолдолд энэ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, ... эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу Газрын тухай хуульд заасан холбогдох заалт хэрэглэгдэхээр байна.

29. Маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдүүдийн шийдвэрээр гуравдагч этгээд нь газар эзэмших эрх, нэхэмжлэгч тал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус олж авсан байтал давж заалдах шатны шүүх "... Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагааг ойлгохоор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “.../нутгийн захиргааны байгууллага нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “.../ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ... ашиглах”-аар, 36 дугаар зүйлийн 36.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь .../тусгай зөвшөөрөл олгосноос хойш/ 3 сарын дотор ... уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг /тавина/ зэрэг тухайн газрын зөвхөн ашиглалттай холбогдох хуулийн зүйл заалтыг үндэслэн "... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ашигт малтмал олборлох зориулалтаар эзэмших эрхтэй...” гэж хуулийг буруу тайлбарлан газар эзэмших болон ашиглах эрхийг тусад нь ялгалгүй дүгнэсэн байна. Харин ч энэхүү хуулийн үндэслэл нь өөрөө нэхэмжлэгчид зөвхөн ашигт малтмал ашиглахтай холбогдсон харилцаа үүссэнийг харуулж байна.

30. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт "... Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд газар эзэмшигч, ашиглагч гэж хэн байх талаар зааж өгсөн. Газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь ашигт малтмал олборлох эрх олгосон баримт бичиг юм. Түүнээс газар эзэмших, ашиглах эрх олгосон баримт биш. Газрыг аж ахуйн нэгжид аж ахуйн үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлдэг ... Газрын нэгдсэн мэдээллийн санд “С” ХХК нь газар ашигладаг, эзэмшдэг гэсэн мэдээлэл байхгүй” гэх зэргээр тодорхой тайлбарласан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

31. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0106 магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

32. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

33. Нэхэмжлэгч “С” ХХК нь “...ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй газарт давхцуулан бусдад газарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Х , 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/279 дүгээр захирамжийн Я.Т, Т.Ц, Г.Г-О, 2016 оны 6 дугаар сарын 14-ний А/260 дугаар захирамжийн Б.О, 2011 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “З с”  ХХК, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Х-Э”ХХК, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дүгээр захирамжийн “Н д” ХХК, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “М н а”ТББ, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “Плентхауз”ХХК-д холбогдох хэсгүүдийн “газар давхцалтай хэсэг”-ийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг;

34. Гуравдагч этгээд Я.Х , Я.Т, Т.Ц, Г.Г-О, Б.О нар болон “З с”  ХХК, “Х-Э”ХХК, “Н д” ХХК, “П”ХХК-иуд нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор;

35. Гуравдагч этгээд “М н а”ТББ нь Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 116.35 га газрын тус төрийн бус байгууллагын газарт давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

36. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжаар төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар “Улаанбаатар скай” ХХК-д 2 га ,“Тэс чандмань” ХХК-д 2 га, иргэн Н.Отгонболор, Г.Эрдэнэбат, Ю.Дүүриймаа, М.Сүх-Очир, Ц.Баасандорж, Ч.Гантуяа, Ч.Ганчимэг нарт тус бүр 1 га, чацаргана тариалах зориулалтаар Ц.Сосорбарам, Л.Содномцэрэн тус бүрт 1 га газрыг тус тус эзэмшүүлсэн, иргэн Г.Г-О нь Н.Отгонболор, М.Сүх-Очир нарын газрыг, Я.Т нь Г.Эрдэнэбат, Ю.Дүүриймаа нарын газрыг, Т.Ц нь Ц.Баасандорж, Ц.Сосорбарам нарын газрыг, Я. Хишигхүү нь Л.Содномцэрэнгийн газрыг, “Н д” ХХК нь “Тэс чандмань” ХХК-ийн газрыг, “П”ХХК нь “Улаанбаатар скай” ХХК-ийн газрыг, Б.О нь Ч.Ганчимэг, Ч.Гантуяа нарын /Д.Самбуунямаас дамжуулан/ газрыг тус тус шилжүүлэн авч маргаан бүхий захирамжуудаар эзэмшсэн, мөн “М н а”ТББ-д газар эзэмших эрх анх 2010 оны 7 дугаар сарын 01-ний 207 дугаар захирамжаар үүссэн ба 2015 оны А/225 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь сунгагдсан, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хувьд, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн нутагт орших “Алтан элс-2” нэртэй 116.5 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон ба анх тус компанид 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэрээр 168.32 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг олгосон, уурхайн эдэлбэрт олгогдсон уг талбайд Хан-Уул дүүргийн Засаг дарга нь дээрх байдлаар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

37. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “... “хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг”, 4.1.16-д “... “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг”, 4.1.17-д “... “хайгуулын талбай” гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг”, 4.1.18-д “... “уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг, 4.1.19-д “уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг” ойлгоно гэж тус тус тайлбарласнаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор хайгуулын талбайг, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор уурхайн талбайг олгосонд тооцох бөгөөд энэ тохиолдлын хувьд уурхайн эдэлбэрт олгогдсон 116.35 га нь уурхайн талбайтай бүхэлдээ давхцалтай байна.

38. Түүнчлэн, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэж зааснаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбай болон уурхайн талбайд хамаарах газрын хэвлийг ашиглах харилцаанд Газрын хэвлийн тухай хууль үйлчлэхгүй юм.

39. Өөрөөр хэлбэл, ашигт малтмал нь газрын гадаргуу, түүний хэвлийд байгаагаас үл хамааран ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрт хамаарах газрын “газрын хэвлий”-г ашиглах эрхтэй.

40. Гэтэл анхан шатны шүүх, хэрэглэх ёсгүй Газрын хэвлийн тухай 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан “нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох” дүүргийн Засаг даргын даргын бүрэн эрх, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “ашигт малтмал олборлох” /газрын хэвлийг ашиглуулах зориулалтын нэг/ гэсэн заалтуудыг энэ маргаанд хамаатуулан хэрэглэж, газрын хэвлийг ашиглах эрх  нэхэмжлэгчид үүсээгүй гэж буруу дүгнэснээс гадна мөн хуулийн 13 дугаар зүйлд “ уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно” гэж заасан нь уурхайн эдэлбэрт хамаарах газрын хувьд “газрын хэвлий”-г ашиглуулахыг зөвшөөрсөн зохицуулалт байхад дүүргийн Засаг даргаас “газрын хэвлий”-г ашиглуулах талаар дахин шийдвэр гаргах мэтээр буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

41. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...31.1.4.эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж заасан нь ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын болон уурхайн талбайг ашиглуулахаас татгалзах утгыг илэрхийлээгүй, харин хайгуулын болон уурхайн эдэлбэрт хамаарахгүй газрыг Газрын тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу олгох агуулгатай болохыг анхааралгүй уг хуулийг энэ маргаанд буруу хэрэглэжээ.

42. Маргааны үйл баримтуудаас үзвэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч “С” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн дагуу 116.35 га талбайг уурхайн эдэлбэрт олгосноос хойш гуравдагч этгээд “З с”  ХХК-д эзэмшүүлсэн 30000 м.кв газрын 9916 м.кв газар нь, иргэн Я.Х д эзэмшүүлсэн 10000 м.кв газрын 4951 м.кв газар нь тус тус хэсэгчлэн, иргэн Я.Т, Т.Ц, Г.Г-О, Б.О нар болон “Ханхүү-Энх”, “Н д”, “П”ХХК-иуд тус тус эзэмшүүлсэн 20000 м.кв газар нь уурхайн эдэлбэрт олгогдсон газарт тус тус бүхэлдээ давхацсан, түүнчлэн, 2011 онд уурхайн эдэлбэрт олгогдсон 116.32 га талбай нь 2009 онд хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 168.32 га хайгуулын талбайд хамаарч байгаа, энэ тохиолдлын хувьд гуравдагч этгээд “М н а”төрийн бус байгууллагын газар эзэмших эрх 2010 (дараа нь) онд үүссэн, тус байгууллагад эзэмшүүлсэн 150000 м.кв газар нь тодорхой хэсгээрээ давхацсан нь тогтоогджээ.

43. Мөн, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт тус хорооны нутаг дэвсгэрт орших “Алтан элс-2” нэртэй уурхайн эдэлбэр 116.35 га талбай нь суурьшлын бүсэд хамаарахгүй болохыг тодорхойлсон байхад анхан шатны шүүх эдгээрийг үнэлээгүй нь буруу, үнэлсэн баримтууд нь маргаан бүхий газрыг “суурьшлын газар” болохыг нотолсон баримт биш байхад үүгээр “тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”-ээр, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”-ээр, 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг зөрчсөн, улмаар “суурьшлын газар” болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлтээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 303 дугаар шийдвэрийг түдгэлзүүлсэн нь буруу байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд магадлалдаа тодорхой дүгнэжээ.

44. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргасан гомдолд тус дүүргийн Газрын албаны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13/765 дугаартай албан бичгээр, нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд нийслэлийн Газрын албанаас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 03/2812 дугаартай албан бичгээр тус тус “шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэж хариу өгсөн, нэхэмжлэгч нь шүүхэд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснийг хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхгүй.

45. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга нь уурхайн эдэлбэрт олгогдсон газарт гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн, үүний улмаас газрын эрхтэй салшгүй холбоотой буюу нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах” хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтуудад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноор хайгуулын болон уурхайн талбайг /газар/ ашиглах эрх зэрэг /шууд/ үүсэх болохыг зөв дүгнэж, “түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим”-аар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах”-аар заасанд нийцсэн байна.

46. Иймд, хариуцагч Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн “Ашигт малтмалын тухай хуулийг буруу хэрэглэсэн, ... шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч тал 2011 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байгааг тогтоосон, харин гуравдагч этгээдүүд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мод тарьж ургацаа авч үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзээгүй” гэх;

47. Гуравдагч этгээд Я.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цгийн “... Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж энэхүү газар эзэмших эрхийг авсан,... “С” компани нь газар эзэмших эрх үүссэн этгээд биш юм” гэх;

48. Гуравдагч этгээд “М н а”ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оын “...Сигма бетта компанид газар ашиглуулсан шийдвэр нь цаг хугацааны хувьд “М н а”ТББ-иас хойно олгосон тул хууль бус, ...хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, суурьшлын бүсэд хамаарах илэрхий үйл баримтыг дахин нотолсон, Газрын тухай хууль болон Газрын хэвлийн хуульд заасны дагуу газар ашиглах эрх үүсээгүй, улс олон нийтэд хэрэгцээтэй хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж байгаа тул газар эзэмших давуу эрхтэй, урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх;

49. Гуравдагч этгээд Б.Огийн өмгөөлөгч К.Жийн “... хөөн хэлэлцэх хугацааг хууль бусаар тоолж, нэхэмжлэгчид илт давуу байдлыг олгосон, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасныг хэрэглээгүй нь илт хууль бус, ... Б.Огийн газар эзэмших эрхийн хугацааны дотор эсхүл энэ жил ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар техник, эдийн засгийн үндэслэл болон уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан болох нь нотлогдоогүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна гэж үзсэн нь үндэслэлгүй, ...Ашигт малтмалын тухай тухай хуулийн 35.3.7-г буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... уг хуулийн хэрэглэх ёсгүй зүйл, заалтыг хэрэглэсэн” гэх;

50. Гуравдагч “Х-Э”ХХК-ийн захирал Б.Дгийн “... 6 жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар ашиглах эрх хүчингүй болно, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, газар ашиглах, эзэмших эрх үүсээгүй тул давхцалгүй, Засгийн газрын 2003 оны тогтоолоор “хот тосгон, бусад суурины газрын хилийн заагийн доторхи уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ 25 га хүртэл байхыг зөрчиж 116.32 га газар ашиглах зөвшөөрөл олгосон нь илт хууль бус” гэх;

51. Гуравдагч этгээд “З с”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдоржийн “... Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан газар эзэмших болон ашиглах эрхийг тусад нь ялгалгүй дүгнэсэн, ... хуулийн дагуу газар эзэмших эрхийг олж аваагүй байхад ямар нэгэн дүгнэлт гаргах нь үндэслэлгүй” гэх;

52. Гуравдагч этгээд Ч.Т, Т.Ц, Г.Г-О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, “Н д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гын “... нарийвчлан зохицуулсан Газрын хэвлийн болон Газрын тухай хуулийн дагуу гэрээний үндсэн дээр уурхайн эдэлбэр газрыг эзэмших эрхтэй, нэхэмжлэгч нь уурхайн эдэлбэр газар эзэмших хүсэлт гаргаагүй гэдгээ хэлсэн, ... газар эзэмших эрхгүй “С” компанийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, ... 2011 оноос өнөөдрийг хүртэл ашигт малтмал олборлоогүй, ... хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ... зэлүүд тал биш Туул тосгон дотор байгаа учраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын хавсралтад зааснаар 25.0 га хүртэл газрыг уурхайн эдэлбэрээр ашиглах эрхтэй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0106 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Хан-уул дүүргийн Засаг дарга болон гуравдагч этгээд нараас гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тус тус төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                        Ч.ТУНГАЛАГ