Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 477

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Баясгалант өргөө 1 дүгээр байр 27 тоотод оршин суух, Хасаановын Эрдэнэ-Очир,    

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 57 тоот, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Х.Эрдэнэ-Очирын эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС94А тоот хаягт байрлах 612 м.кв талбайтай, 000522097 дугаар гэрчилгээтэй, 18646310673082 тоот нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураглалыг газрын нэгдсэн санд бүртгэж, баталгаажуулахыг даалгах”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.Эрдэнэ-Очир миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС 94А тоот хаягт байрлах 612 м.кв талбайтай газрыг, иргэний ахуйн зориулалтаар 000522097 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшиж байгаа болно. Уг газрыг эзэмшихэд 18646310673082 гэсэн нэгж талбарын дугаартай кадастрын зураг олгосон ба тухайн үед газрын нэгдсэн мэдээллийн санд оруулсан байсан.

Гэтэл миний бие эзэмшиж буй газраа ашиглахаар төлөвлөж 2016 оны 1 дүгээр сараас өөрт байгаа кадастрын зургаа бариад зохих байгууллагуудаар ороход таны эзэмшиж буй газар “газрын нэгдсэн мэдээллийн санд” ороогүй байна гэсэн хариу өгсөн.

Энэ асуудлыг шийдвэрлүүлье гэж Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд удаа дараа хандахад эхлээд хүлээж бай гэж байсан бол сүүлдээ шүүхээр шийдвэрлүүл бид газрын мэдээллийн санд оруулах боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа болно. Ингээд би гэдэг хүн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастртай атлаа юм хийж болохгүй эзэмшиж ашиглах боломжгүй хохироод байна.

Иймд Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Х.Эрдэнэ-Очир миний эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС 94А тоот хаягт байрлах 612 м.кв талбайтай, 000522097 гэрчилгээтэй, 18646310673082 тоот кадастрын зураглалтай газрыг газрын нэгдсэн санд бүртгэж баталгаажуулахыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн Х.Эрдэнэ-Очир нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй Алтантэвш АОС-ны 94а тоот хаягт байрлах 612 м.кв талбайтай, 000522097 тоот гэрчилгээтэй, 18646310673082 дугаартай кадастрын зурагтай газрыг мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасны дагуу дараах тайлбарыг нотлох баримтын хамт хүргүүлж байна. 

Иргэн Х.Эрдэнэ-Очирт дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алтантэвш АОС-ны 94а тоот хаягтай 612 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна. 

Иргэн Х.Эрдэнэ-Очир кадастрын зургаа баталгаажуулж авахаар ирэхэд тус албаны мэдээллийн санд зураг нь байхгүй байсан тул 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.Эрдэнэ-Очир бичгээр хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын “Мэдээллийн санд хяналт тавих тухай” ажлын хэсгийн хурлаар хэлэлцэгдэн уг газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа тул мэдээллийн санд кадастрын зургаа оруулах хүсэлт нь дэмжигдээгүй бөгөөд энэ тухай иргэнд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1015 дугаар албан бичгээр хариу өгсөн. 

Газрын мэдээллийн сангийн зурагт иргэн Х.Эрдэнэ-Очирын кадастрын зураг нь сүлжээний алдаанаас үүдэлтэйгээр хадгалагдаагүй орсон байх магадлалтай бөгөөд энэ талаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас тодруулга авах боломжтой” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Иргэн Х.Эрдэнэ-Очирын “Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Х.Эрдэнэ-Очирын эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС94А тоот хаягт байрлах 612 м.кв талбайтай, 000522097 дугаар гэрчилгээтэй, 18646310673082 тоот кадастрын зураглалтай газрын нэгдсэн санд бүртгэж, баталгаажуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш АОС 94а тоот, иргэний ахуйн зориулалттай 612 м.кв газрыг Х.Эрдэнэ-Очирт эзэмшүүлэхдээ түүний гаргасан тус хорооны Засаг даргын тодорхойлолттой хүсэлт, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Бодь хас” ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг, Ус сувгийн удирдах газрын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/1376 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэргийг үндэслэсэн байна.

Улмаар Х.Эрдэнэ-Очирт газар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэгж талбарын 18646310673082 дугаартай кадастрын зургийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны кадастрын мэргэжилтэн Б.Отгонзаяа үйлдэж, 000522097 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээг тус албаны дарга Н.Батсүх олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэсэн хуулийн заалттай нийцэж байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдээллийн санд орсны дараагаар газрын гэрчилгээ олгогддог гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан бөгөөд энэ нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг заасан бөгөөд 2.1.10-д “Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх” үүний дараагаар 2.1.11-д “Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх” гэж заасны дагуу тус журмын 14 дүгээр зүйлд заасны дагуу нэгж талбарын хувийн хэрэг үүсгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл тус журмын 2 дугаар зүйлд заасны дагуу өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийсний дараагаар хээрийн судалгаа явуулсаны /газар дээр нь очиж, хэмжилт хийх, үзлэг явуулах/ дараагаар газар эзэмшүүлэх эрхийг олгох ёстой бөгөөд ийнхүү газар эзэмших эрхийг олгосон захирамж, гэрчилгээ олгосны дараагаар газрын мэдээллийн санд ороогүй гэх шалтгаанаар иргэний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохгүй байгаа хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очир нь тухайн эзэмшил газраа ашиглахаар төрийн захиргааны байгууллагуудад удаа дараа хандахад Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас уг эзэмшил бүхий газар нь “Газрын мэдээллийн санд” ороогүй гэх хариуг авсан талаараа нэхэмжлэлдээ дурджээ.

Улмаар эзэмшил бүхий газраа мэдээллийн санд оруулах тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргаж, тус албаны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1015 дугаар албан бичигт “...шинээр мэдээллийн санд кадастрын зураг оруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/466 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлдэг” гэсэн хариуг өгсөн нь илт үндэслэлгүй байна. 

Газрын мэдээллийн санд оруулж байж нэгж талбарын дугаар олгогддог тул тухайн үед газрыг олгох боломжтой гэж үзээд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу иргэн Х.Эрдэнэ-Очирт тухайн газрыг олгосон бөгөөд “нотлох баримтаар хэрэгт авагдсан нэгж талбарын дугаар бүхий манай газрын албанаас гаргаж өгсөн кадастрын зураг нь мэдээллийн санд орсоны үндсэн дээр гаргасан нь тодорхой байна. Тэгэхээр мэдээллийн сүлжээний алдаанаас болж хадгалагдаагүй байх магадлал үгүйсгэгдэж байна. 

Харин кадастрын бүртгэлийн мэдээллийн санд орсоны дараа устгагдсан болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна” гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2014 оны А/316 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын хэсэг”-ийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн хавсралтын 8 дугаар хэсэгт тусгагдсан Х.Эрдэнэ-Очирын эзэмшлийн газрыг “дулааны болон бохир усны шугамын хамгаалалтын бүсэд орсон тул мэдээллийн санд бүртгэхгүй” гэж тэмдэглэсэн нь шинээр мэдээллийн санд кадастрын зургийг оруулах үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очирын хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар тухайн газрыг олгож, мэдээллийн санд бүртгэгдсэн боловч төрийн байгууллагын ажилтны буруутай үйлдлийн улмаас устгасан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэр Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-д “эдлэн газар болон нэгж талбарын ялгах дугаар, хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол,...”, 10 дугаар зүйлд газрын кадастрыг дүүргийн газрын алба хариуцан газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, олон нийтэд үйлчлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсний дагуу Баянзүрх дүүргийн Газрын алба нь нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очирт газар эзэмшүүлэх захирамж гаргахын өмнө кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгэж, 18646310673082 гэсэн нэгж талбарын дугаарыг олгож, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга хянаж, гарын үсэг зурсан байна. 

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамж хүчин төгөлдөр байна. 

Иймд нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очирын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС94А тоот хаягт байрлах 612 м.кв талбайтай, 000522097 дугаар гэрчилгээтэй, 18646310673082 тоот нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураглалыг газрын нэгдсэн санд бүртгэж, баталгаажуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 10 дугаар зүйлд заасныг баримлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очирын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС-94А тоот хаягтай, 612 м.кв талбайтай, 000522097 дугаар гэрчилгээтэй, 18646310673082 тоот нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зураглалыг газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА