Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 447

 

                                                                  Д.Бямбасүхэд холбогдох эрүүгийн

                                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэйхийсэн шүүх хуралдаанд;

прокурорА.Ганзориг,

ялтан Д.Бямбасүхийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 100/А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Бямбасүхийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Бямбасүхэдхолбогдох эрүүгийн 201526011856дугаартай хэргийг 2016 оны6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Должинсүрэнгийн Бямбасүх,1991 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн,25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 23 дугаар гудамжны 951тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЭ91032417/,

Д.Бямбасүх нь согтуугаар, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45 дугаар гудамжны 1А-09 тоотод Б.Хүрэлсүхийг өвдөглөх, тохойлдох гараар цохих зэргээр зодож, бие махбодид нь гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духанд няцарсан шарх бүхий хүнд гэмтлийг танхайн сэдэлтээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бямбасүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:Прокурорын газраас Д.Бямбасүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн, мөн хуулийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Д.Бямбасүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Бямбасүхийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Д.Бямбасүх нь хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Д.Бямбасүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Бямбасүхийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй.

1. Хэргийн бүрдэл хангагдаагүй. Учир нь хохирогч Б.Хүрэлсүх нь өргөдөлдөө “…духандаа 4 оёдол тавиулсан…” гэх, 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шинжээч томилох тогтоолд “…Хүрэлсүхийг Батсүх нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож…” гэх, шинжээчийн 1165 тоот дүгнэлтэд “…Батсүхэд зодуулж…” гэх, хохирогчийг дахин байцаасан тэмдэгдэлд “…миний духанд учирсан шарх, тархи доргилт гэмтэл нь Хүрэлсүх нүүр лүү цохиж татаж өвдөглөснөөс үүссэн. Бямбасүх гэхдээ намайг ямар нэгэн зүйлээр зодож цохиогүй…” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч хэнд зодуулсан нь эргэлзээтэй байна.

2. Хохирогч Б.Хүрэлсүх нь анх 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бусдад зодуулсан гэдэг. Шинжээчийн 12768 тоот “…духанд няцарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…”, 1165 тоот “…гавлын баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духанд няцарсан шарх гэмтэл учирсан. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” 428 тоот “…баруун зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, духанд няцарсан шарх учирсан. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлтүүдээс үзэхэд Хүрэлсүхийн биед баруун зулайд гэмтэл учирсан уу аль эсхүлчамархай ясны хугарал учирсан уу гэдэг нь эргэлзээтэй бөгөөд уг гэмтлийг аваад хохирогч идэвхтэй үйлдэл хийж чадах эсэх талаар шинжээч эмчээс асуугаагүй. Хохирогч нь 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр буюу 13 хоногийн дараа үзүүлсэн байдаг бөгөөд энэ хугацаанд хохирогч хаагуур, юу хийж явсныг шалгаагүй.

3. Хэргийн материалд 2015 оны 9 дүгээр сарын 8, 16-ны өдрүүдэд толгойн КТГ дүгнэлт бичсэн эмч С.Нямбаяр, Г.Лхагвасүрэн нарын дүгнэлт байдаг. Гэтэл шинжээчийн 428 тоот дүгнэлтийн хянах хэсэгт “…2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн тархины КТГ-уудад баруун чамархай, зулай хэсгийн заагт хугаралтай … гэсэн эмч С.Чулуунсүх 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэжээ…” гэсэн хэргийн материалд байхгүй онош, дүгнэлтийг гаргаж ирсэн ба КТГ-уудын оношлогооны аль нь үнэн болох нь эргэлзээтэй байна.

Түүнээс гадна Д.Бямбасүхийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр уг хэрэгт сэжигтнээр татах тогтоол гарсан ба түүнийг сэжигтнээр байцаасан тэмдэглэлийн огноо тодорхой бус, мөн гарын үсэг зурагдаагүйзэрэг зөрчил байдаг.

Иймд хохирогч Б.Хүрэлсүх нь уг гэмтлийг хэзээ, хэний үйлдлийн улмаас авсныг, мөн хүнд гэх гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд идэвхтэй үйлдэл хийж чадах талаар шинжээч эмчээс асууж тодруулах тус тус шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...ялтан Д.Бямбасүх нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хүрэлсүхийг хэрхэн, яаж зодсоноо тодорхой мэдүүлсэн. Хохирогч Б.Хүрэлсүхийн биед учирсан баруун зулай, чамархай ясны гэмтлүүд нь Д.Бямбасүхийн цохилтоос шалтгаалан үүссэн байх боломжтой бөгөөдбүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн №1165, №428 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх прокурорын газраасД.Бямбасүхийн үйлдлийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтны гэмт хэрэг үйлдсэн субьектив санаа зорилгыг үндэслэн Д.Бямбасүхийн үйлдлийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчиж, хэргийг шийдвэрлэсэнийг үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон гэж үзлээ.

Хэргийн материалыг судлахад,2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45 дугаар гудамжны 1А-09 тоотодД.Бямбасүх, Б.Хүрэлсүх нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “...Б.Амарзаяагийн гар утас алга болсон...” гэх асуудлаар хоорондоо маргалдан, улмаар барилцаж авах үед Д.Бямбасүх нь Б.Хүрэлсүхийн толгойн хэсэгт өвдөглөх, тохойлдох, гараар цохих зэргээр зодож бие махбодид нь гавлын баруун зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, духанд няцарсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хүрэлсүхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тэр өдөр, А.Шинэбаярын хамт Б.Амарзаяагийн гэрт очиж пиво ууцгаасан. А.Шинэбаярындуудсанаар Д.Бямбасүх ирж бид нийлж архи нэмж ууцгаасан. Тэгээд удалгүй Б.Амарзаяа гар утас алга болчихлоо гээд хайгаад байсан. Намайг харилаа гэж хэлээд явах гэхэд Д.Бямбасүх босч ирээд “Чи гар утсыг нь авсан бол өг” гэхээр нь би “Аваагүй” гэхэд “Чи авсан” гээд дайраад байсан. Д.Бямбасүх миний нүүрэнд цохиж цус гаргасныг санаж байна. Өөр яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна. …7 хоног босч чадахгүй хэвтрийн байсан. “Цалин буухаар мөн эмнэлэгт таньдаг хүн байгаа, үнэгүй толгойн зургийг чинь авахуулж өгнө…” гэх мэтээр хэлж Д.Бямбасүх нь надад эмчилгээний мөнгө өгөхгүй байсан. Удалгүй миний биеийн байдал дордоод толгойн зураг авахуулахад, “0,9 см тархи цөмөрсөн байна, хурдан хагалгаанд ор” гэснээр Гэмтлийн эмнэлэгт хэвтэж тархины хагалгаанд орж толгойндоо төмөр тавиулсан. Өмнө нь КТГ зураг авахуулаагүй байхад шинжээчийн дүгнэлт гарч миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж  байсан.Одоо Д.Бямбасүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Тэр миний багын найз..”/хх-5-8, 163, 211-212/,

гэрч А.Шинэбаярын “...2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.Хүрэлсүхийн хамт Б.Амарзаяагийн гэрт очиход тэрээр Рэнцэнханд гэх хүүхний хамт байж байсан. Ингээд бид дөрөв пиво ууцгаасан ба би найз Д.Бямбасүх рүү утсаар ярьж түүнийг дуудаж ирүүлсэн... бид нийлж архи нэмж ууцгаасан... сэрээд босоходшалан дээгүүр цус болсон байсан. Юу болсон талаар асуухад Б.Амарзаяа “Д.Бямбасүх, Б.Хүрэлсүх хоёр гар утаснаас болж хоорондоо муудалцсан” гэсэн. Өөр зүйл хэлээгүй...” /хх-47/,

гэрч Б.Амарзаяагийн “...манайгэрт найз Рэнцэнханд, Б.Хүрэлсүх, А.Шинэбаяр, Д.Бямбасүх бид зургуулаа хамт сууж архи, пиво ууцгаасан. Орой 23-00 цагийн үед би гар утсаа хайгаад олохгүй байтал Д.Бямбасүх Б.Хүрэлсүхийг “Чи түрүүн гар утсыг нь аваад яриад байсан биздээ, чи л авсан биз” гээд түүнтэй маргалдсан. Тэгээд Д.Бямбасүх нь уурандаа Б.Хүрэлсүхийн толгой руу өвдөглөөд, дээрээс нь тохойлдож зодсон. Тэгээд Б.Хүрэлсүхийн толгойноос цус гараад тэр яваад өгсөн. Бид унтацгаасан...” /хх-48-49/,

шинжээч Ө.Сарангэрэлийн “...шинжээчийн 12768 тоот дүгнэлт нь тухайн цаг хугацаандаа үндэслэлтэй байсан. Учир нь энэ дүгнэлтийг гаргах үед хохирогч нь гавал тархины КТГ шинжилгээ хийлгээгүй, ГССҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгээгүй байсан бөгөөд шинжээч эмч түүний биед нь ил харагдаж байсан гэмтэл болон шинж тэмдгээр нь дүгнэлт гаргасан байна.Хохирогч Б.Хүрэлсүхийн биед учирсан хүнд гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-170-171/,

ялтан Д.Бямбасүхийн яллагдагчаар өгсөн “...намайг очиход Б.Амарзаяа, А.Шинэбаяр, Б.Хүрэлсүх, Рэнцэнханд/Хандаа/ нар байсан.Би тэдэнтэй хамт суугаад пиво ууцгаасан удалгүй Б.Амарзаяагийн найз гэх охин ирсэн... Б.Хүрэлсүх хэвтэж байснаа босоод явах гэж байтал Б.Амарзаяа “Миний гар утас алга байна” гээд хайгаад Б.Хүрэлсүхээс асуухад “Б.Хүрэлсүх би мэдэхгүй” гээд тэр хоёр маргаад байсан. Тэгэхээр нь би Б.Хүрэлсүхийг “Чи мөнгөгүй байж яаж явах гээд байгаа юм, чи гар утсыг нь авсан бол гаргаад өгчих” гэхэд тэр “Би гар утсыг нь аваагүй” гээд над руу дайрахаар нь би уурандаа түүний нүүр рүү нь мөргөөд, тохойлдоход духнаас нь цус гарсан. Тэрээр дахиад дайрахаар нь би барьж аваад толгойгий нь өвдөглөхөд Б.Амарзаяа ирээд биднийг салгасан ба Б.Хүрэлсүх гараад явчихсан...” /хх-53-54/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12768, 1165 болон 428 тоот “...Б.Хүрэлсүхийн биед гавлын баруун зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, духанд үүссэн няцарсан шарх бүхий хүнд гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална. Шинжээчийн 12768, 1165 тоот дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна...”/хх-10, 14-15, 167-168/ гэх дүгнэлтүүд, хохирогч Б.Хүрэлсүхийн Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, толгойн компьютер томографикийн /КТГ/ шинжилгээ хийлгэсэн тухай эмчийн дүгнэлт /хх-26-38/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаарнотлогдон тогтоогдсон ба эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ялтан Д.Бямбасүхийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас “...хохирогч биедээ хүнд  гэмтлийг хаана хэзээ, хэний үйлдлийн улмаас авсаныг тодруулж шалгах, мөн энэ гэмтлийг авснаар тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хийж чадах эсэх талаар шинжээч эмчээс асуух шаардлагатай...” гэсэн  үндэслэл зааж,хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Б.Хүрэлсүх нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар тогтвортой мэдүүлсэний гадна, түүний биед учирсан гавлын баруун зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хураа, духанд няцарсан шарх бүхий гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж удаа дараагийн дүгнэлтүүд гарсан бөгөөд эдгээр дүгнэлтийн агуулга нь шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн мэдүүлэгтэй нийцэж байна.

Мөн мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах шинжилгээ хийх, комисстой шинжээч томилох тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Б.Хүрэлсүх нь Д.Батсүхэд зодуулсан гэж бичсэнийг шинжээч 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1165 тоот дүгнэлтийн тодорхойлох хэсэгтээ нэгэн адил бичсэнийг улсын яллагчийн зүгээс эрх үүргийнхээ дагуу энэ нь техникийн бичвэр алдаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт зөвтгөж тайлбар хийсэн байна. Мөн хохирогч Б.Хүрэлсүхийн гомдол болон мэдүүлэгт Д.Батсүх гэгчийн тухай нэг ч үг, өгүүлбэр бичигдээгүй, харин ч Б.Хүрэлсүх нь Д.Бямбасүхэд зодуулсан талаар тодорхой мэдүүлжээ.

Хохирогч Б.Хүрэлсүхийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн хэд хэдэн дүгнэлт байх ба эдгээр дүгнэлтийн зарим нь шинээр бий болсон нотлох баримтыг үндэслэн гарсан, агуулгын хувьд хохирогчийн биед учирсан гэмтэл хөнгөн гэснийг хүнд болохыг илрүүлж тогтоосон байна.Эдгээр дүгнэлтээр энэ хэрэгт өөр бусдыг татаж шалгах шаардлагагүй байна.

Иймээс мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан, дахин шалгах зүйлгүй гэж үзлээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс ялтан Д.Бямбасүхийгбусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулахбуюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв үндэслэлтэй болсоны гадна, Д.Бямбасүхэд ял шийтгэл оногдуулахдаа, хохирогч Б.Хүрэлсүхийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх тайлбарыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан гэж дүгнэн, ялтны хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэнзэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхээсялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Бямбасүхийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийнгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дүгээр сарын 25-ний өдрийн 100/А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Бямбасүхийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЧМАНДАХ

                                         ШҮҮГЧИД                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                             Д.МӨНХТУУЛ