| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01170/И |
| Дугаар | 309/ШШ2025/00211 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 309/ШШ2025/00211
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 309/ШШ2025/00211 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* *******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 19,147,428 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “******* *******” компанийн 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох 3 дугаар ээлжийн барилгад 33.60м2 байрыг 1м2-ийг нь 1,690,000 төгрөгөөр бодож нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 17,065,620 төгрөг төлж гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл тус барилга ашиглалтанд ороогүй байна. Иймд урьдчилгаанд өгсөн мөнгө болох 17,065,620 төгрөгөө авах хүсэлтэй байгаагаа хэлж 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл бичиж өгсөн боловч одоог хүртэл мөнгийг нь олгоогүй байна. Иймд “******* ******* *******” ХХК-иас урьдчилгаанд өгсөн 17,065,620 төгрөг болон тус гэрээний 6.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алданги буюу 2,081,808 төгрөг, нийт 19,147,428 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “******* ******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Гэрээний төлбөр болох 17,065,620 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба бусад төлбөр болох алданги 2,081,808 төгрөгийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. ...Тус барилгын ажлыг эхэлж байх хугацаанд ковид-19 өвчнөөс шалтгаалан олон удаагийн нийтийг хамарсан хөл хорио тогтоосноос гадна Монгол Улсын хил, гааль хаагдсанаас шалтгаалж орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах хугацаа хойшилсон нь үнэн. ...Дээрх бүх нөхцөл байдлыг харахад орон сууц захиалгын гэрээний 4.12, 7.1 дэх заалтын дагуу захиалагч тал гүйцэтгэгч талд алданги тооцохгүй байх үндэслэлтэй ба Р.*******ийн нэхэмжилсэн алдангийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин Р.*******ийн нэхэмжилж буй орон сууц захиалгын гэрээний төлбөрийн буцаалт 17,065,620 төгрөгийг барилгын ажил эхлэхээр төлж барагдуулах боломжтой байна” гэжээ.
2025.01.20 № 00065
Хөтлөх хэрэгт 3-82 D/disk Шүүхийн шийдвэр-2025
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Р.******* би хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 19,147,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талтай ярилцаад миний бие нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 2,081,808 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Үлдэх 17,065,620 төгрөгийг хариуцагч “******* ******* *******” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан “Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 19,147,428 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн
шаардлага 19,147,428 төгрөгөөс алданги 2,081,808 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 17,065,620 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Р.*******ид төлөх талаар тусгажээ.
Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р.*******, хариуцагч “******* ******* *******” ХХК нарын хооронд байгуулагдсан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 19,147,428 төгрөгөөс алданги 2,081,808 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 17,065,620 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Р.*******ид төлөх” тухай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,687 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 126,843.5 төгрөг, хариуцагч “******* ******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 121,639 төгрөг /17,065,620 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 243,278 төгрөгийн тавин хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА