Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/806

 

      2023         08           10                                         2023/ДШМ/806

О.У, Б.П, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Б.П, Б.Б нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.У, Б.П, Б.Б нарт холбогдох 2305 00000 0332 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-гийн П, 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 581 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/659 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгүүлсэн;

2. Б овгийн Б-ийн Б, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

3. О овгийн О-гийн У, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ... хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Б.Б нь 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээрээс хохирогч Э.Долгорын өмчлөлийн ЛЖ В30 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 240.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогчийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч, гүйлгээний нууц үгийг өөрчилж, 625.000 төгрөгийг Х.Шижирбаатарын Хаан банкны 5057123725 дугаартай дансаар шилжүүлэн авч хулгайлсан,

Б.Б нь О.Утай бүлэглэж 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замаар алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Н.Сумъяабаярын биед шалтгаангүйгээр халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Б нь О.Утай бүлэглэж 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нурсерикийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, “ална хутгаа гаргаад ир” гэж айлган сүрдүүлж, “Самсунг А51” загварын гар утсыг авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б нь 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нурсерикийн гар утсыг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, түүний интернэт банкны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

Б.Б нь Б.Птай бүлэглэж 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нурсерикийн харилцах данснаас 18.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ө.Зоригтбаатарын дансаар шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 болон 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 болон 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Б овгийн Б-ийн Быг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон” гэмт хэрэг,

            “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг,

“Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг,

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг,

шүүгдэгч Б овгийн Б-ийн Пыг “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг,

шүүгдэгч О овгийн О-гийн У-ыг “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг,

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ял дээр Эрүүгиин хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлиин 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 60 хоног буюу 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.П, О.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг, шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг, шүүгдэгч О.Уын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч О.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD /Си Ди/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б, Б.П, О.У нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.П, О.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.П, Б.Б нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэр бүхий гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн байдалтай огтоос маргаагүй гэдгийг илэрхийлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ тодорхойлохдоо шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Гэвч анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх байдлаар шийдвэрлэх хууль зүйн боломж байсаар байтал түүнийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруудаа шүүгдэгч дүгнэлт хийж буй байдал, учирсан хохирол, хор уршгийг арилгасан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч нарын гомдол саналгүй зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх байдлаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж ял оногдуулаагүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна гэж үзэхээр байна.

Миний үйлчлүүлэгч Б.Б нь бага залуу насандаа өөрийн ухамсаргүй зан байдлаасаа болж бусдын өмчлөх эрх, эрүүл мэндийн эрхийг зөрчсөн харамсал дүүрэн хэрэг үйлдсэн ч өөрийн гэм буруу үйлдэлдээ чинь сэтгэлээсээ гэмшиж буй байдал, гэмт хэргийн улмаас бий болсон хохирол, хор уршгаа арилгасан байдал, түүний хувийн байдал зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөрүүлэх байдлаар өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж оногдуулсан ялыг багасгах байдлаар тогтоож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх тул хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийх байдлаар шийдвэрлэж өгнө үү.

Харин Б.Пын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар хохирогчийн дансанд байсан мөнгийг бусдын данс, картыг ашиглах байдлаар бэлэн мөнгө болгон өөртөө шилжүүлэн авах үйлдлийг Б.Б хийсэн байх бөгөөд энэ үйлдэлд Б.П оролцсон, үйлдэл нэгдсэн шинж байхгүй байхад хулгайлах гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Б.Пын хувьд хууль бусаар олсон орлогыг ашиглах, захиран зарцуулах үйлдэлд нэгдэж оролцсон шинж хэрэгт авагдсан байна. Гэтэл мөнгө угаах гэмт хэргийн хуульд заасан диспозици шинжийг дараахь байдлаар тодорхойлдог.

Үүнд: - Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл үндсэн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх,

- Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах,

- Тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах.” гэжээ.

            Шүүгдэгч О.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 8-19 насны таван дүү болон өрх толгойлсон ээжийн хамт амьдардаг. Ээжийн маань бие муу учир эрүүл мэндийн улмаас ажил хийдэггүй. Гэрээсээ ганцаараа би ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан. Би өөрийн болчимгүй үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна. Миний бие одоо 22 настай бөгөөд эд ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох насан дээрээ гэмт хэрэгт холбогдон торны цаана сууж байхдаа маш их хамарсаж байна. Миний ард үлдсэн ээж, 5 дүүгийнхээ араас маш их санаа зовж байна. Би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй болон миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Х.Нурсерикийн “О.Ут гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй учраас түүнд хөнгөн төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гарган өгч байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна.

            Анхан шатны шүүхийн шийдвэрт миний үйлчлүүлэгчийг анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан тул миний үйлчлүүлэгч О.Уын гэмт үйлдэлд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

О.У нь мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад тухайн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. О.Уын хувийн байдлын хувьд 22 настай, 10-19 насны 5 дүү болон өрх толгойлсон ээжийн хамт амьдардаг. Ээж нь хүнд өвчтэй тул эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийдэггүй. О.У нь гэрээсээ ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээж авч явдаг хүн юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан. Энэ тохиолдолд хохирогч Нурсерикийн хувьд хохирлоо эргүүлж авсан О.Ут гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

            Иймд миний үйлчлүүлэгч О.Уын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн хүн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заасны дагуу О.Ут оногдуулсан хорих ялыг ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтын хүрээнд хангалттай  нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Уг гэмт хэрэг нь давтамжийн шинжтэй үйлдэгдсэн байдаг. Тухайлбал, хохирогчийн гар утсыг авсны дараа тухайн гар утсаар хохирогчийн интернэт банканд нь хууль бусаар нэвтэрч, гүйлгээний нууц үгийг өөрчилж, мөнгийг шилжүүлэн авсан байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсны гадна, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчилан тодорхойлсон ба энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”,

мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;” гэж тус тус заажээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.П, Б.Б, О.У нарт холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 273 дугаартай яллах дүгнэлт /2хх 134-140/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Б.П, О.У нарын үйлдсэн гэмт хэргийн товч агуулгыг бичээгүй, тэднийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтаар зүйлчлээгүй орхигдуулсан ноцтой алдаа гаргасан атал анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агууллагад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч нарын гэм бурууг нэг бүрчлэн тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх хэргийн бүх үйл ажиллагааг хянах үүрэгтэй бөгөөд ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Иймд прокуророос яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэж ирүүлвэл зохих тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Б.П, Б.Б нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүгдэгч О.У, Б.П, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/510 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч О.У, Б.П, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ