Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/753

 

           

 

 

 

      2023           7             20                                            2023/ДШМ/753

 

 

А.Э Б.Т нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат, 

шүүгдэгч А.Э, Б.Т, тэдний өмгөөлөгч Б.Баасандорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохйрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/656 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, А.Э, тэдний өмгөөлөгч Б.Баасандорж нарын гаргасан давж заалдах гомдлоор тус шүүгдэгч нарт холбогдох 2308000000737 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 А.Э, 0000 оны 00 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамж, 418 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:0000000/,

Б.Т, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 324 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:0000000/,

Шүүгдэгч Б.Т, А.Э нар бүлэглэн, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын автобусны эцсийн буудлын орчимд 2023 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө хохирогч П.М-ын өмчлөлийн “Самсунг А-12” маркын гар утсыг илээр, хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Э Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Э, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Э, Б.Т тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа:

“Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч анхнаасаа мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйж учирсан хохиролоо сайн дураараа төлөн хохирогч П.М нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй хэмээн хавтаст хэргийн 15 дугаар талд хохирогчийн мэдүүлэг өгсөн нь нотлох баримтаар авагдсан болно. Би хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин ойлгож, ухаарсан цаашид сурах төлөвлөгөөтэй байсан. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй ээж аавдаа болон улс эх орондоо зөв хүн болж, төлөвшиж чадахаа батлан илэрхийлж байна. Иймд миний бие Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү? гэжээ.

            Шүүгдэгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа:

“Би анхнаасаа мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөх шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, учирсан хохиролоо нөхөн төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 т заасныг журамлан 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Энэ хугацаанд миний бие хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин хийсэн хэргээ урамсарлаж ойлгосон. Цаашид их сургуульд сурах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, улс эх орондоо хэрэгтэй хүн болж төлөвшихөө илэрхийлж амалж байна. Иймд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээгээр сольж өгнө үү ? гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...”Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж өрөөсгөл дүгнэсэн. Харин шүүгдэгч А.Э, Б.Т нар нь гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа өөрөөр хэлбэл цагдаа, прокурор шүүхийн шатанд ар гэрийнхэндээ хэлээгүй, өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа аваагүйн улмаас эрх зүйн байдал нь дордож байгаа нь насанд хүрээгүй хүний түвшингээс доогуур байхаар харагдаж байна. Хэрэв хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авснаар сэтгэхүйн шинжээчийн дүгнэлт гаргуулснаар эрх зүйн байдал нь дээрдэх байсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг өсвөр насны шүүгдэгч гэж тооцож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг журамлаж 8.7 дугаар зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү...Шүүгдэгч нарын эрх зүйн ухамсар, оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаварыг ухамсарлан ойлгох чадвар бүрэн төлөвшөөгүй, хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Насанд хүрсэн хүний хэмжээнд сэтгэж төлөвшөөгүй болох нь тодорхой харагддаг. Анхан шатны шүүхээс үйлдэлдээ хандаж байгаа хандлагыг нь дүгнэж ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нарын хэрэгт шалгагдаж байхдаа гаргаж байсан үйлдэлд нь дүгнэлт хийхэд, хийж байгаа үйлдлээ нийгэмд аюултай буюу хууль бус болохыг ухамсарлаж ойлгоогүй байдаг. Мөн архи, тамхины тухай хуульд 21 насанд хүрээгүй бол зарахыг хориглодог. Нийгэмд 21 насанд хүрээгүй хүнийг хүүхэд гэж харж байна гэж логикийн хувьд дүгнэж байна. Мэдээж буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээх нь гарцаагүй. Гэхдээ учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад хуульд хөнгөрүүлж үзэх боломж байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх зорилготой байдаг. Шүүгдэгч нарыг буруугаа ухамсарлаж нийгэмшихэд нь тусалж өгнө үү” гэв.

Прокурор П.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

  1. Хэргийн бодит байдлыг тогтоосон ажиллагаа              

Тус эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох буюу хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах, хяналт тавих ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх ба хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.       

Хэргийн бодит байдлыг нотолж буй тус эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан үндэслэл, үйл баримтгүй, энэ хүрээнд маргаан бүхий асуудал гараагүй байна.   

  1. Шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэл

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Т, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Т, А.Э нар нь бүлэглэн, согтуурсан үедээ 2023 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө хохирогч П.М-ын өмчлөлийн “Самсунг А-12” маркын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон болох нь:  

- хохирогч П.М...2023 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд харихаар алхаж байтал хойноос 2 танихгүй залуу дагаад, намайг харанхуй гудам руу ортол ардаас хөөхөөр нь айлын хашаа руу давж орсон. Тэр хоёр хойноос орж ирээд “зүгээр утсаа өгчих" гэхээр нь “өгөхгүй” гээд тэр хоёртой ноцолдсон... Тухайн хоёр залуу “утсаа өг” гээд миний нүүр рүү хоёулаа хэд хэдэн удаа цохисон...шууд гүйлдээд яваад өгсөн...Эхнэр, хүүхэд ирээд намайг аваад гэр лүү явж байтал миний утсыг аваад зугтаасан залуугийн нэг нь зам дагаад алхаж байхаар нь барьж автал миний утсыг шидчихээд зугтаасан...Хүү Ч тэр залууг хөөж барьж аваад цагдаа нарт хүлээлгэж өгсөн...”гэх мэдүүлэг /хх-15/,  

- гэрч М.Ч: “2023 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн орчимд Тахилтад байхад аав залгаад “Тосож аваарай, ардаас хүмүүс дагаад байна” гэж хэлсэн...Ээжтэй хамт гэрээс гараад явтал аав Тахилтын эцсээс дээшээ гудамжаар алхаад ирж байсан ба “намайг хоёр залуу дагаж байгаад гудамжинд оруулаад зодоод миний утсыг аваад явчихлаа” гэсэн. Аавыг машиндаа суулгаад явж байтал зам дагуу саарал малгайтай цамц өмссөн нэг хүн явж байсныг аав хараад “намайг дээрэмдсэн хүн энэ байна” гэхээр нь...би “хөөе нааш ир ахын дүү юм асууя” гэж хэлтэл нөгөө залуу аавын утсыг газар шидчихээд зугтаахаар хөөж барьсан” гэх мэдүүлэг /хх-22/ гэх,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: Самсунг галакси12 маркийн, хэрэглэж байсан гар утасны үнэ 250.000 төгрөг /хх 24-25/,   

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-4-11/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Тухайн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд нотлох баримт бүхэлдээ эх сурвалжаа тодорхой заасан, харилцан эх сурвалжаа давхар нотолсон, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.    

Тодруулбал, шүүгдэгч Б.Т, А.Э нар гэмт санаа, үйлдлээрээ санаатайгаар нэгдэж бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид байх ба тэдний гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт зорилго, хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон үйлдлүүд тогтоогдсон, тус дээрэмдэх гэмт хэргийн хувьд довтолсон үйлдэл хиймэгц төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болох нь Эрүүгийн хууль хэрэглээний практикт тогтсон нийтлэг ойлголт болно.           

Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-38-40, 47-48, 108-112/, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.       

3. Эрүүгийн хариуцлагын талаар             

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.  

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ямар төрлийн ял шийтгэлийг оногдуулах эсэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.     

Анхан шатны шүүхээс, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах дээрх шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэсний эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Э, Б.Т тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял шийтгэсэн байгааг буруутгах, өөрчлөх үндэслэлгүй байна.

3.2. Анхан шатны шүүхээс тухайн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй талаар хийсэн дүгнэлт нь зөв байна.

Хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд, гэмт хэрэг үйлдэх үедээ А.Э 18 нас 09 сар, Б.Т 18 нас 06 сартай байсан байх ба тэднийг өсвөр насны хүүхэдтэй шууд адилтган үзэх онцгой нөхцөл байдал, үйл баримт илрээгүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн тийнхүү   хуульчлагдсан цаад үзэл санаа, зорилгыг задлан шинжилж, зөв тайлбарлан хэрэглэх ёстой, харин механикаар ойлгон хэрэглэх ёсгүй.      

Эрүүгийн хуулиар бол 18 насанд хүрсэн хүний үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын асуудлын хувьд нийтлэг зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх  үндэслэл, журамтай.   

Гэхдээ, хууль тогтоогч нарын хувьд 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нийтлэг журмаас гадна “Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг буюу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам”-ыг хэрэглэж болохыг тусгайлсан зохицуулсан нь тухайн 18-21 насны хүнийг гагцхүү өсвөр насны хүүхэдтэй шууд адилтган үзэх үндэслэл, үйл баримт илэрсэн байх онцгой тохиолдолд хэрэглэх үзэл санаа, зорилго, утга агуулыг шууд бөгөөд бодитойгоор илэрхийлсэн гэж тодотгон ойлгоно.         

Тодруулбал, тухайн 18-21 насны хүний хувьд насанд хүрсэн хүнийх шиг сэтгэхүй, бие бялдрын хөгжилтэй биш, харин сэтгэхүйн болон бие бялдрын хөгжлийн хувьд илэрхий хоцрогдолтой бөгөөд тийнхүү хоцрогдолтой болох нь тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тухайн тохиолдолд л хэрэглэж болохоос гадна тийнхүү хэрэглэх эсэх нь шүүхийн үүрэг биш харин эрх хэмжээнд хамаарах байдлаар зохицуулагджээ.   

Түүнчлэн Хууль зүйн яамнаас 2002 оны Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, батлуулах зорилгоор 2014 онд анх боловсруулсан “Гэмт хэргийн тухай хууль”-ийн төслийн танилцуулгад:[1] “Хүүхдэд хүлээлгэх ялын төрлийг тусгай бүлгээр зохицуулах бөгөөд хүүхэд гэж гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй хүнийг хэлэх, шинжээчийн дүгнэлт, хэргийн бусад нөхцлийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үедээ 20 нас хүрсэн боловч бие, бялдар, сэтгэхүйн хувьд хүүхэд гэж шүүх үзвэл хүүхдэд хэрэглэх ялыг оногдуулж болох” талаар тусгасан байх ба энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийг шинэчлэн боловсруулж, батлах суурь үзэл санаа болсон байгааг тодотгох нь зүйтэй.  

Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “2-8 жил хорих ял оногдуулахаар заасан” хүнд ангиллын гэмт хэрэг учраас тэнсэх зохицуулалт үйлчлэх үндэслэлгүй.

Дээрх үйл баримт, үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчөөс гаргасан “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж өрөөсгөл дүгнэсэн, тэнсэж албадлагын арга хэмжээ авахуулах тухай” гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж шийдвэрлэв.      

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар хууль зүйн үндэслэл гаргаагүй байх ба харин шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа ар гэрийнхэндээ хэлээгүй, анх өмгөөлөгч аваагүй, үүний улмаас тэдний эрх зүйн байдал дордож байгаа нь “насанд хүрээгүй хүний түвшингөөс доогуур байгаа нь харагдаж байна” гэсэн нь зөвхөн таамагласан шинж бүхий байгааг тэмдэглэв.       

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нар 2023.05.26-ны өдрөөс 2023.07.20-ны өдрийн байдлаар тус бүр нийт 55 хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :   

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 656 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, А.Э, тэдний өмгөөлөгч Б.Баасандорж нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, А.Э нарын тус бүр цагдан хоригдсон 55 хоногийг тэдний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                             

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ  

                              ШҮҮГЧ                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

                              ШҮҮГЧ                                                                 Г.ГАНБААТАР  

 

[1] Хууль зүйн яам. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл. 2014, Уб. 9-р тал