Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00312

 

МАГАДЛАЛ

2021.02.05 Дугаар 00312

 

 

 

 

 

 

Т.Д О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02772 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Д О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б К С ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 382 420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нэмэгдэл хөлс 1 379 716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, түүний өмгөөлөгч Э.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д Б К С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20/01 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээнд нэг сарын хөдөлмөрийн хөлс 1 200 000 төгрөг байхаар тохиролцсон. Ажиллаж байх хугацаандаа өөрийн мэргэжил, ур чадварыг тогтмол дээшлүүлэн ажиллаж байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20/106-1 тоот гүйцэтгэх захирлын ээлжийн амралт олгох тухай тушаалаар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ээлжийн амралтыг биеэр эдэлж байсан. 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажлын ажилдаа ирэхэд гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 20/120 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах буюу 35.1.2-т заасан ээлжийн амралттай байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн. Уг тушаалын 1 дэх хэсэгт 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажилтнуудын цалингийн мэдээллийг хамтран ажиллагч компанийн мэйл хаяг руу явуулж, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулсан ноцтой зөрчил гаргасан, урьд нь сахилгын шийтгэл авагдсан боловч сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заасан байх ёстой. Ажилчдын цалингийн мэдээлэл задруулах нь ноцтой зөрчилд орох эсэх талаар хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй. Мөн байгууллагын баталсан Хөдөлмөрийн дотоод журмаар компанийн удирдлагын зүгээс ажлын хэсэг томилж, түүний үндсэн дээр ажлын хэсэг хуралдан судалж үзсэний үндсэн дээр ямар нэгэн шийдвэр гарч, үүнд захирлын тушаал гарах шат дараалсан ажиллагаа хийгдэх ёстой. Өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан асуудалд маргаан байхгүй. Мөн тухайн өдөр хамтран ажиллагч байгууллагын мэйл хаягт андуураад явуулсан. Гэхдээ уг зөрчлийг хэрхэн яаж баримтаар тогтоосон нь тодорхойгүй болно. Иймд үндэслэлгүйгээр халагдсан тул О.Дагва-Осорыг Б К С ХХК-ийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэг өдрийн дундаж цалин хөлс 79 414 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацааны олговорт 2 382 420 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч ажлын 8 цагаар буюу өглөө 09:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажиллахаар заасан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд илүү цагаар байнга ажиллаж байсан бөгөөд нийт 130 цаг ажилласан байна. Илүү цагийн тухайд тооцож үзвэл нэг сарын үндсэн цалин 1 200 000 төгрөг тул нэг цагт ногдох дундаж цалин 7 075 төгрөг байна. Нэхэмжлэгч 02 дугаар сард 30 цаг, 3 дугаар сард 30 цаг, 4 дүгээр сард 30 цаг, 5 дугаар сард 10 цаг, 6 дугаар сард 10 цаг, 7 дугаар сард 20 цаг тус тус илүү ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар 1,5 дахин нэмэгдүүлэн тооцож 1 379 716 төгрөг гаргуулна. 2020 оны 5 дугаар сард ээлжийн амралтын олговрыг урьдчилж авсан, мөн 2020 оны 7 дугаар сард илүү цагийн хөлс 165 176 төгрөг авсанд маргахгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20/01 тоот тушаалаар манай байгууллагад тооцооны нягтлан бодогч албан тушаалд томилогдож, үндсэн цалин нэг сарын 1 200 000 төгрөг байхаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б К С ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20/106-1 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалаар Т.Д О-т 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажлын 12 хоногоор тооцон ээлжийн амралтыг хэсэгчлэн биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Т.Д нь 8 дугаар сарын 03-ны өдрийн даваа гарагт ажилдаа ирэх үүрэгтэй байсан боловч ажилдаа ирээгүй. Үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлэхгүй, удаа дараа зөрчил, дутагдал гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ээлжийн амралттай байх хугацаанд ажилтны ажил, албан тушаалыг хадгалах хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй. Т.Д нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, бараа материалын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллаагүйгээс бараа материал дутуу ачуулсан, тайлан цаг хугацаанд нь илгээгээгүй, цалин бодолтод алдаа гаргасан, нэгжийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цагаар ажлын орчинд гар утсаараа тоглох, унтаж байх гэх мэт зүй зохисгүй үйлдэл гаргасан, ажлын гүйцэтгэл хангалтгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т зааснаар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20/073 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сануулах шийтгэл авагдсан. Тус сахилгын шийтгэл авагдсанаас хойш удалгүй 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гарах бараа материалыг батлагдсан захиалгын дагуу бэлтгээгүй, няравт захиалгыг өгөхдөө батлагдаагүй байсан хувилбарыг шалгалгүй хэвлэн өгч, түүндээ хяналт тавьж ажиллаагүй, цаг хугацаанд нь мэдээ тайлан илгээгээгүй, харилцагч байгууллага руу алдаатай нэхэмжлэх явуулсан, хариуцсан ажлыг цаг тухайд нь гүйцэтгээгүй тухай удирдлагаас удаа дараа гомдол ирсэн, урьд нь сахилгын шийтгэл авсан ч алдаа дутагдлаа засч сайжруулахын оронд хайхрамжгүй, хариуцлагагүй, ур чадвараас шалтгаалсан алдаа дутагдал давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20/88 тоот цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар 6 дугаар сарын үндсэн цалинг нэг cap 20 хувиар бууруулах шийтгэл авагдсан. Улмаар 6 дугаар сарын 30-ны өдрийн төслийн нийт ажилчдын цалингийн мэдээллийг харилцагч компани болох Баян-Айраг ХХК-ийн и-мэйл рүү илгээж компанийн нууц мэдээллийг харилцагч компанийн ажилчдад задруулж ноцтой зөрчил гаргасан тул 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 20/120 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 5.1.8-д Нууц хадгалах гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.2, 10.2.9-д Цалингийн мэдээлэл нууцад хамаарах талаар тус тус заасан. Илүү цагийн хөлсний тухай тэрээр ажлаа хугацаандаа хийж чаддаггүй, өөрийн ур чадваргүй, цагийн менежментгүй, ажлын цагаар ажлаа хийдэггүй, нэг ажлыг хоёр хийдэг шалтгаанаар ажлын бус цагаар ажилладаг байсныг үгүйсгэхгүй. Мөн тэрээр машинаа зогсоолд тавих, эхнэрээ хүргэх, авах үүднээс ажилдаа эрт ирж, оройтож гардаг байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...ажил олгогчийн санаачилгаар ажиллуулсан тохиолдолд илүү цаг ажилласан гэж үзнэ гэж заасан. Гэтэл удирдлагын шийдвэрээр нэг ч удаа түүнийг илүү цагаар ажиллуулах үүрэг даалгавар өгөөгүй. Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл манай байгууллагад ажилладаг тул шууд шүүхэд хандах маргаан биш байна. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Т.Д О-ыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд ажиллахад 04, 05-ны өдрүүд хагас сайн, бүтэн сайн буюу долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласан нь үнэн. Энэ хоёр өдрийн илүү цагийн хөлс 165 165 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын цалин хөлс олгохдоо тооцон олгосон. Уг мөнгийг олгохдоо цалингийн задаргаанд ээлжийн амралт гэж буруу бичсэн байдаг. Түүний ээлжийн амралтын олговрыг захиргаанд гаргасан хүсэлтийн дагуу 5 дугаар сард урьдчилж олгосон байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Блүфин катеринг сервис ХХК-аас нэмэгдэл хөлс 428 520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д О-т олгож, үлдэх 951 196 төгрөгийг болон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 382 420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 13 506 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хэрэгт авагдсан баримтыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгчид 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар ээлжийн амралтыг биеэр хэсэгчлэн олгохоор шийдвэрлэсэн, дээрх хугацаанд биечлэн амарсан үйл баримтад маргаагүй, харин ээлжийн амралттай байх хугацаанд гэрээг цуцалсан тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж илтэд үндэслэлгүй. Т.Д О-ыг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халах тушаал гарсан талаар болон 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажилд ирэх шаардлага гэж ажил олгогч мэдэгдсэн. Энэ нь ажилтаны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тушаал гаргах ёстой байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тодорхой талбайрласан боловч шүүх шийдвэрээ гаргахдаа алдаатай шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтад ямар ч ач холбогдолгүй ээлжийн амралтыг биечлэн эдэлсэн талаар талууд маргаагүй гэх байдлаар дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 03-ны 20/120 дугаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай албан бичиг, мөн нийгмийн даатгалын 0715385 тоот дэвтэр хэрэгт нотлох баримтаар авагдсан ба эдгээр баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралт дуусах сүүлийн өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажил олгочийн санаачилагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тооцооны нягтлан бодогч Т.Д О-ын ээлжийн амралттай байхад ажил олгогч ажлын байрыг хадгалах хуулийн зохицуулалтыг зөрчиж ажлаас халсан. Т.Д нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа орох ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон байна. Учир нь Т.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Харин 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тэрээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд илүү 130 цагаар ажилласан хөлс 1 379 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдол гаргах-аар зохицуулсан. Харин нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө 02-7 дугаар саруудад ажилласан илүү цагийн цалин хөлстэй холбоотой асуудлаар ажил олгогч болон шүүхэд хандаагүй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн. Нэхэмжлэгч нь 5 сард ажилласан илүү цагийн хөлсийг 2020 оны 8 дугаар сарын дотор, 6 сард ажилласан илүү цагийн хөлсийг 2020 оны 9 дүгээр сарын дотор, 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны илүү цагийн хөлсийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх учиртай. Т.Д нь "Блүфин катеринг сервис" ХХК-д тооцооны нягтлан бодогч тул ажил үүргийн хуваарийн дагуу сар бүр ажилчдын цалин хөлсний тооцоолол гаргахдаа өөрийнхөө эрхийг зөрчигдөж байсныг мэдэх боломжтой. Т.Д нь өнгөрсөн хугацаанд өөрийн ажлын цаг, цалин хөлстэй холбоотой гомдол саналыг өөрийн шууд удирдлага болон байгууллагын хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан таслах комисст хандан гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяаллын маргаа биш. Иймд нэхэмжлэгч нь уг асуудлаар "Б К С" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20/49 тоот тушаалаар байгуулагдсан. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэх орон тооны бус комисст хандан шийдвэрлүүлэх учиртай. Шүүхээс нэхэмжлэгчийг 2020 оны 5 дугаар сард 9 цаг 4 минут, 6 дугаар сард 12 цаг 58 минут, 7 дугаар сард18 цаг 12 минут тус тус ажилласан тул илүү цаг ажилласан гэж тооцон 40 цагийн нэмэгдэл хөлсийг нэг цагт ногдох илүү цагийн хөлсийн 10 714 төгрөгөөр бодож, нийт 428 560 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан ундэслэлийг дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж заасан. Ажил олгогчийн зүгээс Т.Д О-т илүү цагаар ажиллахыг санал болон үүрэг даалгавар өгч байгаагүй. Анхан шатны шүүхээс хариуцагч нь ажил олгогчийн санаачилгаар ажиллуулаагүй гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн. Гэтэл ажилтны цалин хөлстэй холбоотой маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарахгүй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Б К С ХХК-д холбогдуулан тус компанийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 382 420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, илүү цагийн хөлс 1 379 716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажиллаагүй гэж маргажээ.

 

Т.Д нь Б К С ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 20/120 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас халсан байна. /хх-6-8х/

 

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд нягтлан бодогч Т.Д нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ажилтнуудын цалингийн мэдээллийг хамтран ажиллагч компанийн групп и-мэйл хаяг руу явуулж байгууллагын нууцад хамаарах мэдээллийг задруулсан ноцтой зөрчил гаргасан, урьд нь сахилгын шийтгэл авагдсан боловч сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 41.12.13, хөдөлмөрийн гэрээний 7.2.12, 7.2.13-т заасныг үндэслэл болгожээ.

 

Ажил олгогч Б К С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20/073 дугаар тушаалаар ажилтан Т.Д О-т сануулах сахилгын шийтгэл, мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20/88 дугаар тушаалаар 6 дугаар сарын цалинг нэг сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба эдгээр тушаалд ажилтан Т.Д нь гомдол гаргаагүй байна. /хх-48-49/

 

Ажилтан Т.Д нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн байгууллагын ажилтнуудын цалингийн мэдээллийг харилцагч Баян-Айраг ХХК-ийн цахим хаяг руу явуулсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй. /хх-77-87/

 

Талууд хөдөлмөрийн гэрээний 7.2.13-т Компанийн нууцад хамаарах мэдээллийг шууд болон шууд бус байдлаар бусдад задруулсан нь ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т Хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэгэн адил хамгаална гэж, 8.5.3-т ажилтны цалин хөлстэй холбоотой мэдээлэл байгууллагын нууцын төрөлд хамаарахаар заасан. /хх-28-30, 35-45/

 

Иймд ажилтнуудын цалингийн мэдээллийг хамтран ажиллагч компанийн групп и-мэйл хаяг руу явуулсан нь байгууллагын нууцад хамаарах мэдээлэл тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

 

Мөн ажил олгогч Б К С ХХК-ийн ажилтан Т.Д О-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасантай нийцсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Блүфин катеринг сервис ХХК-аас тус компанийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 382 420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардах эрхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулах дараалал зөрчсөн гэж гомдол гаргасан боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчилд хариуцлага тооцохгүй байх үндэслэл болохгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Хариуцагч Б К С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20/106-1 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Д О-т 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын 12 хоног ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг хугацааг хуанлийн хоногоор тооцвол нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг ээлжийн амралтын өдөр гэж үзэхгүй тул ээлжийн амралтын хугацаанд ажлаас халсан гэх нэхэмжлэгчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй. /хх-47/

 

Хөдөлмөрийн гэрээний 3.1-т Ажилтны ажил, амралтын цагийг Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд зааснаар зохицуулна гэж, хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2-т ажлын шаардлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн ажилтныг илүү цагаар ажиллуулах, илүү цагийн хөлсийг хуульд заасны дагуу олгохоор заасан. /хх-28-29,35-45/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сараас мөн оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлс шаардсан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул шаардах эрхээ алдсан гэж шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзэхээр заасан бөгөөд уг хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажил олгогчийн санаачлагаар илүү цаг ажиллуулахаар тус компанийн хөдөлмөрийн дотоод журамд зохицуулжээ. Хэргийн баримтаар тооцооны нягтлан бодогч нь ээлжээр ажиллах ажилтанд хамаарахгүйгээс гадна хэрэв ажилтан илүү цаг ажилласан нөхцөлд удирдлагаас зөвшөөрөл авахаар зохицуулагдсан байна. Ажлын шаардлагын дагуу илүү цаг ажиллуулж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл хөлс олгохоор заасан. Ажил олгогч нь 2020 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Т.Д О-т илүү цаг ажиллуулах талаар үүрэг даалгавар өгсөн байдал тогтоогдоогүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажилласан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Т.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Блүфин катеринг сервис ХХК-аас илүү цагийн хөлс 1 379 716 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн илүү цагийн хөлс шаардсан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Т.Д О-ын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлдөх тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 37 100 төгрөг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02772 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д О-ын хариуцагч Б К С ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 382 420 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нэмэгдэл хөлс 1 379 716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 100 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 13 506 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА