Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.Э /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнн Э холбогдох 1828000070029 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Далайтай маргалдаж түүний толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Энхмандах нь 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Далайтай маргалдаж түүний толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Энхмандахад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Энхмандахад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч  Б.Энхмандах нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Далайгийн биед шалтаг шалтгаангүйгээр, санаатай халдаж, тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн шанааны зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт хавтаст тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Энхмандахын гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Энхмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогч Б.Далайгийн... “2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагийн үед байсан санагдаж байна. Алтаншагай бид хоёр Дэлгэрэхээс такси аваад Шинэ Даланзадгад орчихоод буцаад “Гандирас” худалдааны төвийн өмнө талд буугаад Хот айл чиглээд алхсан таксины жолоочтой хамтдаа алхсан. Бид гурав маргалдсан чинь таксины жолооч нь цагдаа дуудсан. 2 машинтай цагдаа нар ирсэн. Араас нь дахиад цагдаагийн машин ирсэн. Цагдаа нартай юм яриад таксины жолоочид мөнгө өгөх гээд зогсож байхад жолооч илүү мөнгө нэхээд байсан. Тэр надаас 5000 төгрөг нэхээд байсан. Би 2500 төгрөг өгөх гэхэд авахгүй байсан. Хоёр танихгүй залуу хүрч ирээд өндөр нь миний хажууд зогсож байгаад “Чи яах гэж цагдаа нартай маргаад байгаа юм бэ” гэж хэлээд над руу тулж ирээд намайг хойш нь түлхсэнээ намайг цохих шиг болсон. Бид хоёр хоорондоо зууралдаж байхад нөгөө хамт явсан залуу нь хажуунаас орж ирээд бас зууралдсан. Намхан залууг нь цааш нь цагдаа салгаад аваад явсан, би араас нь очиж өшиглөх гэж байхад нөгөө залуу миний толгойруу юмаар цохьсон. Тухайн үед тэр намайг юугаар цохьсоныг нь мэдээгүй. Би манараад толгойноос цус гарсан. Тэнд байсан цагдаа нар намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Би тухайн үед ухаан алдсан байсан. Би тухайн үед 2 пиво уусан согтуу байсан.  Гэхдээ болсон асуудлыг санаж байна. Алтаншагай бас согтуу байсан, Хоёр танихгүй залуу согтуу байсан байх. Таксины жолооч бид хоёр хэлсэн газарт буулгаж өгөөгүй өөр газар буулгасан юм билээ. Тэгээд л тийм зүйл болсон. Би хойшоогоо явж байгаад таксинд унтсан байсан. Алтаншагай гэрийн гадаагаа бууна гэж байсан. Тэгсэн буруу газар буулгаад мөнгөө нэхээд буу гэж хэлээд байсан юм. Би хүн цохиогүй зүгээр зууралдсан. Тойроод баахан цагдаа нар байсан болохоор цохих ч асуудал болоогүй. Тэр залуу намайг түрүүлээд цохьсон болохоор уур хүрээд түүний араас нь очиж өшиглөх гэж байсан юм. Цагдаа нар тэр залууг цааш нь салгаад аваад явсан. Би араас нь очиж өшиглөх гэж байгаад цохиулсан. Гэхдээ энэ явдал маш богино хугацаанд болоод өнгөрсөн. Эмчилгээний зардал болон Улаанбаатар хотод очиж томографик хийлгэсэн зардал өөрийнхөө унаагаар явсан зардал нийлээд 1.133.000 төгрөг үүн дээр ажлаас чөлөө авсан учраас 14 хоногийн цалин 1.500.000 орчим төгрөг нийтдээ 2.633.000 төгрөгний зардал гараад байна. Үүнийг нөхөн төлүүлнө, гомдолтой байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч Б.Алтаншагайгийн... “2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын шинэ жил болсон. Шинэ жилийн арга хэмжээ тараад Далай бид хоёр такси аваад явж байхдаа жолоочтой нь маргалдсан юунаас болсон бэ гэхээр Далай бид хоёрыг буруу газар буулгасан болохоор нь түүнтэй маргалдсан. Жолооч нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар хүрч ирээд учрыг нь олох гээд байж байхад хаанаас ч гарч ирсэнийг нь мэдээгүй Далайг нэг залуу цохиод унагаж байгаа харагдсан. Би найз руугаа очиход Далайгийн толгойноос цус гарч байсан сандраад хурдхан шиг Далайг эмнэлэгт хүргэж өгсөн. Далай бид хоёр шинэ жилд орсон байсан болохоор согтуу байсан. Гэхдээ болсон асуудлыг мэдэж байсан. Далайг цохисон хүнийг танихгүй намайг харахад Далайг нэг залуу цохьсон. Харин юугаар цохьсоныг нь хараагүй, цолхиулаад унаж байхыг нь харсан. Энэ үйл явдал маш богино хугацаанд болоод өнгөрсөн. Би Далайг цохиулаад унасан дараа түүн рүү очиход Далайгийн толгой нь нойтон болсон байсан. Би бодохдоо Далайг пивоны шилээр цохьсон гэж бодсон. Далайг цохьсон залууг цагдаа нартай явж байсан юм болов уу гэж би бодсон. Далай бид хоёр машины хоёр талд зогсож байсан болохоор Далайг хүн цохисоныг нь мэдээгүй. Би хүн цохиогүй, намайг хүн цохиогүй, Далайг хүн цохиогүй байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Ж.Мөнхмандахын... “2017 оны 12 дугаар сарын 30-ны орой “Марвел” зоогийн газраас Энхмандахын хамт гараад эмнэлэг рүү явж байсан. “Хот айл”-ын өмнө талын засмал зам дээр 7, 8 цагдаа 2 залууг машинд суулгах гээд нөгөө хоёр нь суухгүй гээд маралдаж байсан. Нэг нь машины хаалган дээр зогсчихсон, нөгөөтөх нь өмнө талд нь хөндөлсөөд байгаа харагдсан. Би хажуугаар нь өнгөрөхдөө нөгөө хоёр залууд “Яах гэж цагдаа нартай муудалцаад байгаа юм бэ, наана чинь цагдаа шаардлага тавиад байна” гэж хэлсэн. Нөгөө 2 залуугийн нэг нь чамд хамаагүй шүү гээд хажуугаар гараад манай найз Энхмандахтай мөргөлдсөн. Энхмандахыг 2, 3 удаа шанаа руу нь цохиод авсан. Энхмандах хойшоогоо ухарсан чинь өөдөөс нь алхаж байснаа 2 цагдаагийн хажуугаар гарч гүйж очоод Энхмандахыг тийрсэн. Би наанаас нь нөгөө хоёр цагдаад наадахаа бариад аваач гэж хэлж амжаагүй байхад “түс” хийсэн дуу гарсан чинь Энхмандах байсан. Шилтэй пивоор нөгөө залуугийн толгой руу цохьсон. Миний харсанаас Идэрболд цагдаа, Төмөрчөдөр хоёр байсан. Бусад нь сонсогч нар байсан. Миний гар хугархай болохоор хүн цохиогүй. Би энэ асуудлаас өмнө нь баруун гараа гэмтээсэн байсан. Тэр залуу нэлээд их согтуу байсан. Хамт байсан залуу нь ч гэсэн согтуу байсан. Би тухайн үед бас согтуу байсан, гэхдээ болсон асуудлыг мэдэж байсан. Энхмандах эрүүл шахуу байсан. Би тэр хүнийг огт мөргөөгүй, цохиогүй тэр залуу шал согтуу байсан болохоор намайг цохьсон гэж хэлээд байгаа юм. Би тэр залууг огт цохиогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Идэрболдын ... “2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад би Лхагва, сонсогч Батдорж нарын хамтаар эргүүлд явж байсан. 102-оос “Хот айл”-ын өмнө талд таксинд суугаад мөнгөө өгөхгүй хүн хэрүүл маргаан хийгээд байна гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу хэлсэн газар нь очиход хоёр согтуу залуу байсан. Би таксины жолоочтой уулзахад тэр энэ хоёр согтуу залуус Дэлгэрэхээс суугаад гурвансайхан хороолол ороод буцаад Хот айлын гадаа ирсэн. Төлбөр 5000 гарсан. Энэ хоёр согтуу залуу мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн. Нөгөө хоёр залуу дээр нь очоод таксинд суусан мөнгөө жолоочид өг гэж хэлэхэд нөгөө хоёр залуугийн туранхай нь надад 2000 төгрөг байна гэж хэлээд гаргаж ирсэн чинь хамт явсан бүдүүн залуу нь наад мөнгөө далд хий мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Би нөгөө бүдүүн залууг нь тэндээс холдуулаад та нар такси барьсан юм бол мөнгөө өг гэж хэлж байх үед Мөнхмандах хаанаас ч юм бэ гарч ирээд бүдүүн залуутай хамт явсан залуутай нь маргалдаад байж байсан. Мөнхмандах нөгөө залууд “Та нар яахаараа цагдаагийн тавьсан шаардлага биелүүлдэггүй юм бэ?” гэж хэлээд зогсож байсан. Төмөрчөдөр, олон нийтийн цагдаа Цэвээнжав, Ганжамъян нар ирцгээсэн байсан. Би Мөнхмандахыг боль гэж хэлээд зогсож байхад нөгөө туранхай залуу нь Мөнхмандахтай хамт явсан залууг өшиглөсөн юм билээ, бүдүүн залуу нь Мөнхмандахтай хамт явсан залуутай нь маргалдсан. Тэгтэл гэнэт “тар” хийсэн дуу гарахаар нь дуу гарсан зүг рүү харахад Мөнхмандахтай хамт явсан залуу нь нөгөө туранхай залуугийн толгой руу цохьсон. Нөгөө залуугийн толгойноос нь цус гарч байхаар нь нөгөө толгойруугаа цохиулсан залууг нь бид нар эмнэлэг хүргэж өгсөн. Нөгөө цохьсон залууг нь цагдаа руу аваад явсан. Мөнхмандах хэн гэдэг залуутай хамт явсаныг нь мэдэхгүй, тэр залууг нь танихгүй. Тэр хоёр хаанаас ч юм гэнэт л гараад ирсэн. Мөнхмандахтай хамт явсан залуу нь туранхай залууг пивоны шилээр толгой руу цохьсон гэж Лхагва надад хэлж байсан. Лхагва бүх зүйлийг харсан юм билээ. Яг тухайн үеийг нь би хараагүй. Таксинд мөнгөө өгөхгүй байсан хоёр залуу нэлээд согтуу байсан. Мөнхмандах согтуу байсан. Харин түүнтэй хамт явсан залууг хэр согтуу байсныг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Б.Лхагвын ... “2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад би ахлагч Идэрболд, сонсогч Батдорж нарын хамтаар эргүүлд явж байсан, явж байх хугацаанд 102-оос бид нарыг Хот айлын өмнө талын уулзварт хүрээд оч хүн таксинд суугаад мөнгөө төлөхгүй хэрүүл маргаан хийгээд байна гэсэн дуудлага ирсэн гэж хэлсэн. Бид гурав дуудлага өгсөн газарт нь яваад очиход хоёр согтуу залуугаас таксины жолооч нь 5000 төгрөг гарсан чинь энэ хоёр согтуу залуус мөнгөө төлөхгүй байсан гэж хэлээд зогсож байсан, бид нар очоод такси авч явсан юм бол мөнгөө төлөөч гэж хэлэхэд нөгөө хоёр залуугийн нэг нь бүдүүн нөгөө нь туранхай залуус байсан. Туранхай нь 2000 төгрөг байна гэж хэлэхэд бүдүүн залуу нь мөнгө өгч яадаг юм 100 төгрөг өг гэж хэлсэн. Мөнгө өгнө өгөхгүй гэж хэрүүл хийж байгаад сүүлдээ нөгөө бүдүүн залуу нь мөнгө өгч яадаг юм гэж хэлсэн. Тэгтэл ахлагч Идэрболд нөгөө бүдүүн залууг тэндээс холдуулаад таксинд суусан юм бол мөнгөө төл гэж хэлэхэд нөгөө бүдүүн залуу нь “Би яахаараа мөнгө төлдөг юм бэ? Ер нь чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлж байсан. Таксины залуу нь нөгөө туранхай залуутай мөнгөө өг гэж хэлээд үлдсэн. Цаанаас нь Мөнхмандах найзтайгаа хүрч ирээд цагдаагийн тавьсан шаардлага биелүүлсэнгүй гээд нөгөө туранхай залууд хэлэхэд нөгөө залуу нь “Чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд Мөнхмандахыг бариад авсан. Би тэр хоёр дээр очоод салгасан чинь Мөнхмандахтай хамт явсан залуу нь нөгөө туранхай залууг бариад авсан чинь нөгөө залуу Мөнхмандахтай хамт явсан залууг мөргөчихөөр нь би тэр хоёрыг боль гээд салгасан. Туранхай залуутай хамт явсан бүдүүн залуу нь гүйгээд ирэхээр нь Идэрболд түүнийг хориод цааш нь болгож байсан. Мөнхмандахтай хамт явсан залуу нь таксинд суусан туранхай залууг халааснаас шилтай пиво гаргаж ирээд толгой руу цохьчихсон чинь толгойноос нь цус гарсан. Замын цагдаа Төмөрчөдөр ирээд Мөнхманхадтай хамт явсан залууг нь цагдаа руу аваад явсан. Толгойгоо цохиулсан залууг ухаан алдахаар нь эмнэлэгт хүргэж өгсөн. Бид нар тухайн газарт очоод тэр хүмүүсийг хооронд нь зохицуулах гэж байсан. Би өөрөө дотоодын цэрэг болхоор тэр хүмүүст юм хэлж чадахгүй байсан би Идэрболдыг л хараад байсан. Бүдүүн залуу нь Идэрболдын үгэнд орохгүй өөдөөс нь хэрэлдээд байсан. Мөнхмандах ирсэн. Мөнхмандах нэлээд согтуу байсан, хамт явсан залуу нь согтуу байсан, таксинд суугаад мөнгөө өгөхгүй байсан. Мөнхмандах хүн цохиогүй. Тухайн үед туранхай залуу нь Мөнхмандахын найзыг мөргөсөн тэгсэн нөгөөтөх нь зөрүүлээд халааснаасаа шилтэй пиво гаргаж ирээд толгой руу нь цохьчихсон.” гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Б.Ганжамъяны ... “2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би дэд ахлагч Лхагва, ахлагч Идэрболд нарын хамтаар төвөөр эргүүлд гарсан. Явж байхад 102-оос таксины хүнд сууж яваад мөнгөө өгөхгүй байна гэсэн дуудлага ирсэн дагуу дуудлага өгсөн Хот айлын өмнө талд уулзвар дээр таксины жолоочтой хоёр залуу мөнгөнөөс болоод хэрэлдээд зогсож байсан. Идэрболд очоод юу болсон талаар асуухад таксины жолооч энэ хоёр таксигаар явж явчихаад мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн. Идэрболд нөгөө хоёр залуутай уулзахад нөгөө хоёр согтуу нөхөр архи уусан, согтуу мөнгө өгөхгүй өгвөл 100 төгрөг өгнө гэж хэлээд хашгираад байсан. Мөнхмандах нэг залуутай гарч ирээд цагдаа нарын үгэнд орохгүй байна гэхэд согтуу хоёр залуугийн өндөр нь /дараа тэр өндөр туранхай залуугийн нэрийг нь мэдэхэд Далай гэж байсан. Харин хамт явсан намхан бүдүүн залууг нь Алтаншагай гэж байсан/ Мөнхмандахын хамт явсан намхан залууг нь мөргөсөн. Бид нар тэд нарыг хооронд салгаж байхад гэнэт мөргүүлсэн. Мөнхмандахтай хамт явсан залуу нь халааснаасаа шилтэй пиво гаргаж ирээд Далайгийн толгой дундуур нь цохиход Далай газар унасан шилээр цохьсон залууг Төмөрчөдөр цагдаа руу авч явна гэж хэлээд аваад явсан. Лхагва, Идэрболд бид гурав шилээр цохиулсан залууг эмнэлэгт хүргэж өгсөн. Далай болон хамт явсан залуу хоёр нэлээд согтуу байсан. Харин тэр хоёрын согтуурлын зэргийг нь шалгаагүй, харин пивоны шилээр цохьсон залууг цагдаа дээр авчирч эрүүлжүүлсэн. Цагдаа дээр авчирсан залуу нэлээд согтуу байсан. Далай Мөнхмандахтай хамт явсан залууг мөргөчих шиг болсон. Тэр хоёрыг салгаад удаагүй байтал Мөнхмандахтай хамт явсан залуу нь гэнэт өврөөсөө шилтэй пиво гаргаж ирээд Далайгийн толгой руу нь цохьсон.” гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Т.Төмөрчөдөрийн ... “2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн үед байсан санагдаж байна. Би Цэвээнжавын хамтаар эргүүлд явж байгаад Хот айл     зоогийн газрын өмнө талын уулзвар дээр явж байхад хэдэн цагдаа нар хүмүүстэй маргалдаад зогсож байхаар нь хүрээд очсон. Идэрболд, Лхагва, хоёр гурван сонсогч нар байсан. Би нөгөө хэдээс юу болсон талаар асуухад таксиний мөнгө өгсөнгүй гэсэн маргаан болсон юм шиг байсан. Зогсож байхад баруун талаас Мөнхмандах нэг залуугийн хамтаар хүрч ирээд та нар цагдаагийн үгэнд орсонгүй гэж хэлсэн. Хэрүүл хийгээд байсан Далай гэдэг залуу нь /дараа нь нэрийг нь Далай гэдгийг нь мэдсэн/ Мөнхмандахын хамт ирсэн залуутай хэрэлдээд байх шиг байсан. Эхлээд Далай нь нөгөө залууг өшиглөсөн билүү яалаа мөргөсөн ч билүү нэг үйлдэл болсон. Тэгсэн хажуунаас нь цагдаа нар барьж аваад салгаад “Та нар яаж байгаа юм бэ?” гээд байж байтал гэнэт нөгөө Мөнхмандахтай хамт явсан залуу нь Далайгийн толгой руу пивотой шилээр цохьсон чинь нөгөө цохиулсан Далай нь газар унахаар нь наад хүнээ эмнэлэгт хүргэж өг гэж хэлээд хүний толгой цохьсон залууг аваад цагдаа руу очсон. Намайг Хот айлын өмнө ирэхэд Идэрболд хоёр залуутай нь уулзаад зогсож байсан тэр хоёр залуу нь нэлээд их согтуу байсан. Мөнхмандах баруун талаас нэг залуутай хамт гараад ирсэн, Тэр хоёр уг нь гайгүй байсан. Далай эхлээд шилээр цохиулсан залууг мөргөсөн билүү өшиглөсөн билүү ямар ч байсан эхлээд үйлдэл гаргасан. Цагдаа нар тэр хоёрыг салгахад гэнэт нөгөө залуу нь Далайгийн толгой руу өврөөсөө шилтэй пиво гаргаж ирээд цохьсон. Тэр үйл явдал маш богино хугацаанд болоод өнгөрсөнүйл явдал.” гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч О.Батдоржийн ... “Би оны өмнө Цагдаагийн газарт дадлагажигч ажилтнаар үүрэг гүйцэтгэж байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед дэд ахлагч Идэрболд, Лхагва нарын хамт аймгийн төвийн 3-р багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал жижүүрээс “48-р байрны хойд зам дээр таксигаар үйлчлүүлсэн хүн мөнгөө өгөхгүй байна” гэсэн дуудлага ирээд бид гурав 48-р байрны арын зам дээр зогсож байсан суудлын автомашин руу очиход тэр машины жолооч нь эхнэрийн хамт таксинд явж тэр байр луу хүн хүргэж өгсөн. Тэр хүн нь мөнгөө дутуу өгснөөс болж маргаан үүссэн гээд машины гадна жолооч нь эхнэрийн хамт мөн хоёр залуу хэрүүл хийгээд байж байсан, бид гурав учир зүйгээ олцгоо гээд тэдгээр хүмүүстэй уулзаад байж байтал байрны баруун талаас хоёр залуу бид нар луу ирсэн. Тэр хоёр залуу ирсэнээ “Та нар цагдаа руу томордог болчихсон юм уу?” гэсэн нөгөө таксигаар явж байсан хоёр залуугийн Далай гэдэг залуу нь байрны гаднаас хүрч ирсэн хоёрын нэг нь болох Энхмандах гэх залууг мөргөчихсөн. Ыагдаа Лхагва тэр хоёрыг салгаад хоёр тийш нь болгосон. Тэр хоёр дахин маргалдаж байсанаа Энхмандах пивоны шилээр Далайгийн толгой руу нь нэг удаа цохьсон. Далайгийн толгойноос нь цус гараад муужираад уначихсан. Лхвага бид хоёр Далайг тэндээс эмнэлэг рүү хүргэж өгсөн. Идэрболд Энхмандахыг аваад цагдаагийн газар луу явсан юм. Энхмандах пивоны шилээр Далайгийн толгой руу нь нэг удаа цохьсон, өөрөөр бол зодож цохиогүй.” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Энхмандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... “2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилих шөнө 00 цаг өнгөрч байхад би найз Мөнхмандахын хамтаар найзын эхнэр төрсөн гэхээр нь “Марвел” зоогийн газраас эмнэлэг рүү гараад явсан. Замд Хот айл зоогийн газрын өмнө талын засмал зам дээр 7, 8 цагдаатай 2 нөхөр муудалцаж байсан. Бид хоёр нөгөө хоёр залууд та хоёр яагаад цагдаа нартай муудалцаад байгаа юм бэ гэж хэлсэн. Нэг хар хувцастай нөхөр нь чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд намайг цохиод авсан. Би өөдөөс нь нөгөө нөхөртэй маргалдсан. Нөгөө хоёр залуугийн өндөр залуугийн толгой дундуур нь өвөртөө байсан шилтэй пивыг гаргаж ирээд цохьсон. Нөгөө хүнийг цагдаа нар эмнэлэг рүү авч яваад намайг цагдаа дээр авчирсан. Намайг цагдаа дээр ирээд согтуурал хэмждэг багажаар үлээлгэхэд 0.84 хувьтай гарч байсан. Намайг хоёр залуугийн өндөр нь миний шанаа руу нэг удаа цохьсон. Хоёр цагдаа намайг бариад авсан чинь нөгөө нөхөр цагдаа нарын дундуур шилжиж ирээд дахиад шанаа руу цохихоор нь би цагдаа нарын гараас мултараад өвөртэй байсан шилтэй пивоор нөгөө нөхрийн толгой дундуур нь цохиод авсан. Би хохирогчид хохирлыг бүрэн барагдуулж дуусгаад эвлэрлийн гэрээ хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.01.05-ны өдрийн №47 дугаар дүгнэлт: 1. Б.Энхмандахын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 19 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.01.09-ний өдрийн №31 дүгээр шинжээчийн дүгнэлт: 1. Б.Далайгийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Б.Энхмандахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Энхмандахын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Энхмандах нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхмандахыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.Энхмандах торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Далай, шүүгдэгч Б.Энхмандах нарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 32 дугаар хуудас/ болон хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Энхмандахыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн 1828000070029 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч Б.Энхмандахын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 37-43 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.Энхмандах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.