Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/807

 

      2023         08           10                                         2023/ДШМ/807

Э.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ж.Давааням,

хохирогч “ТБК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “ТБК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Уд холбогдох 2209 01621 1250 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Э-ийн У, 19... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Булган аймагт төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, .... мэргэжилтэй, ам бүл .... хамт .... дүүргийн ... дүгээр хороо, .... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...../;

            Э.У нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардад тооцооны ажилтнаар ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нэр бүхий харилцагч буюу иргэн Г.Төмөрхуяг, Д.Мөнхтуяа, Л.Пүрэвтогтох нарын зээлийн мэдээллийг ашиглаж, бүртгэлийн программд тэдний нэр дээр нэмэлт зээл авсан бүртгэл, хүү, үндсэн зээл төлсөн бүртгэлийг хийх, тэдний мэдээллийг засварлах зэргээр албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох касс дахь бэлэн 63.622.114 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн Э-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван тав сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Уд оногдуулсан 15.000.000 /арван тав сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Угаас 37.579.204 төгрөгийг гаргуулж хохирогч “Тайган булаг кредит” ББСБ-д олгож, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Уд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч “ТБК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Э.У нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардад тооцооны ажилтнаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдал болон ажил олгогчоос олгосон бүрэн эрх, итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий иргэдийн зээлийн мэдээлэлд халдах замаар ашиглаж, зээлдэгч нарын нэр дээр бүртгэлийн программд нэмэлт зээл авсан бүртгэл хийж нийт 63.622.114 төгрөгийн зээлийг хувьдаа авч ашигласан. Мөн шүүгдэгч Э.У нь шунахайн сэдлээр өөрийн үйлдсэн дээрх гэмт үйлдлийг нуун далдлах, дахин гэмт хэрэг үйлдэх зорилгоор зээлдэгч нарын нэр дээр зээл үүсгэж өөртөө авч ашигласан зээлийн хүү болон зээл төлөлтийн бүртгэлт хийх, зээлийн мэдээллийг засварлах зэргээр гэмт хэргээ үйлдсэн байдаг.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Угийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргээ нуун далдалсан үйлдэл, учруулсан хохирол, цаашид бий болох үр дагавар буюу хор уршиг зэргийг харгалзан үзэлгүйгээр 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл /шударга ёсны зарчим/-ийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйл /Эрүүгийн хариуцлагын зорилго/-ийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйл /Эрүүгийн хариуцлага хүлээлгэх/-ийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх/-ийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан.

Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгыг зөрчиж Э.Уг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Э.У нь хохирогч байгууллагад нийт 63.622.114 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 37.579.204 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй, дээрх хохирлыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөөгүй атал торгуулийн ял оногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Уг хохирогч байгууллагаас гэмт хэргийн замаар үйлдэж олсон орлого буюу төлөгдөөгүй 37.579.204 төгрөгөөсөө 15.000.000 төгрөгийг торгуулийн ялыг төлөөд ял шийтгэл завших боломжийг бүрдүүлсэн тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Э.У нь нийт 27 удаагийн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жил 7 сарын хугацаанд дээрх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон бөгөөд гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хувьдаа ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог.

Шүүгдэгч Э.Угийн дээрх гэмт үйлдлийн улмаас хохирогч байгууллагад ажиллаж буй эд хөрөнгө итгэмжлэн хариуцаж буй ажилтнуудын дунд олон зуун сая төгрөг завшаад 15.000.000 төгрөгийн торгуулийн ял авч болдог гэх ойлголт, нөхцөл бүрдээд байх ба үүний улмаас хохирогч байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болох нөхцөл бүрдээд байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Угийн үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршгийг тооцон үзэлгүйгээр эд хөрөнгө завшсан этгээдэд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн ба ийнхүү оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл /Хөрөнгө завших/-ийн ялын бодлогод нийцэхгүй юм.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх шүүгдэгч Э.Уд торгуулийн ял оногдуулан шийдвэрлэснээрээ Эрүүгийн хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн бөгөөд хохирогч байгууллагад дахин энэ төрлийн гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг хөрөнгө итгэмжлэн хариуцаж буй ажилтнуудад олгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өөгшүүлсэн шийдвэр гаргаад байна. Иймд энэхүү давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Э.Угийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршигт нийцсэн ял оногдуулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч “ТБК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжингийн өмгөөлөгч А.Зоригтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Уд торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, шүүгдэгч Э.У нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардад тооцооны ажилтнаар ажиллах хугацаандаа албан тушаалын байдал болон ажил олгогчоос олгосон бүрэн эрх, итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий иргэдийн зээлийн мэдээлэлд халдах замаар ашиглаж, зээлдэгч нарын нэр дээр бүртгэлийн программд нэмэлт зээл авсан бүртгэл хийж, нийт 63.622.114 төгрөгийн зээлийг хувьдаа авч ашигласан. Мөн шүүгдэгч Э.У нь шунахайн сэдлээр өөрийн үйлдсэн дээрх гэмт үйлдлийг нуун далдлах, дахин гэмт хэрэг үйлдэх зорилгоор зээлдэгч нарын нэр дээр зээл үүсгэж өөртөө авч ашигласан зээлийн хүү болон зээл төлөлтийн бүртгэлт хийж, зээлийн мэдээллийг засварласан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Уд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Уд торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.У нь торгох ялыг биелүүлэх чадвартай эсэх нь эргэлзээтэй юм. Иймд давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч “ТБК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Угийн нийт авсан мөнгө нь 63.622.114 төгрөг юм. Уг 63.622.114 төгрөг нь хүү, алданги тооцоогүй дүн болох нь үзлэгээр тогтоогдсон. Уг үзлэгийн баримттай шүүгдэгч Э.У танилцсан. Шүүгдэгч Э.У нь зээлдэгч Л.Пүрэвтогтохын нэр дээр нийт 18 удаагийн гүйлгээгээр 61.839.114 төгрөг, зээлдэгч Д.Мөнхтуяагийн нэр дээр нийт 8 удаагийн гүйлгээгээр 1.533.000 төгрөг, зээлдэгч Г.Төмөрхуягийн нэр дээр 1 удаагийн гүйлгээгээр 250.000 төгрөгийг тус тус авсан болох нь мөрдөгчийн үзлэгээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Э.У нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд огт хохирол төлбөр төлөөгүй.” гэв.

Шүүгдэгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Э.Угийн өмгөөлөгч Ж.Давааням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Э.У нь гэм буруу дээрээ болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар талд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “ТБК” ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл авагдсан. Уг мөрдөгчийн тэмдэглэлд “2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд уг хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй” гэж тэмдэглэл үйлдсэн байдаг. Санхүүгийн байгууллага учраас хяналтын камерууд нь 360 градус эргэдэг. Өөрөөр хэлбэл, уг хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй нөхцөл байдал нь шүүгдэгчийг хөрөнгө завшсан буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 3.500.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 3.700.000 төгрөг буюу нийт 7.200.000 төгрөгийг хувьдаа авсан болох нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Энэ талаар улсын яллагч маргадаггүй. Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 37.000.000 төгрөгөөс 7.200.000 төгрөгийг хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.У нь 16 удаагийн гүйлгээгээр нийт 11.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бичгээр гарах хүртэл хохирол, төлбөрөө төлөхгүй байж болно” гэж шүүгдэгчид хэлсэн учраас өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирол төлбөр төлөөгүй. Хэдийгээр шүүгдэгчийн эцэг, эх, гэр бүлд нь эрүүгийн хариуцлага оногдуулаагүй боловч түүний ар гэрээс шүүгдэгчид санаа зовж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс 15.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд төлөх боломжтой. Хохирогч талаас “шүүгдэгч Э.Уг маш олон ажилчид харж байна. Хэрэв шүүгдэгч Э.Уд торгох шийтгэл оногдуулсан тохиолдолд бусад ажилтнууд байгууллагад дахин хохирол учруулж болзошгүй” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Угийн үйлдсэн үйлдэл нь Э.Уд л холбоотой байх ёстой хуулийн зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр бусад ажилтныг Э.Угийн гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн шийтгэх тогтоолоор далайлган сүрдүүлж байна. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Э.У нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа бөгөөд ажил хөдөлмөр эрхэлж, тогтвортой цалин хөлс авч байгаа. Хэрэв давж заалдах шатны шүүх нийт хохирол төлбөрөөс дээр тайлбарласан 7.200.000 төгрөгийг хасаж тооцсон тохиолдолд үлдэх 30.000.000 төгрөгийн хохирол, торгуулийн 15.000.000 төгрөгүүдийг бүрэн төлж барагдуулах боломжтой.” гэв.

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах бол хэргийн зүйлчлэл болон ял хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах боломжтой. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчид 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал болон бусад байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсны гадна, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хавтаст хэргээс үзэхэд, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч Э.Угийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг тогтоох зорилготой эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр /1хх 164-171/ хохирлын хэмжээг тогтоосон нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж заасан бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээч томилж, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох шаардлагатай.

Ингэснээр гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан хохирогч “ТБК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүгдэгч Э.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ