| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0047/э/ |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Иргэний нэхэмжлэгч: А.Ганхүү,
Иргэний нэхэмжлэгч: Б.Цэвэлмаа,
Шүүгдэгч: С.Ж /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туслагч овгийн Сүхбаатарын Жавхлантөгсөд холбогдох 1828000000021 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.Жавхлантөгс нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Нисэхийн 6-20 тоотод оршин суух хохирогч Ж.Мөнхцэцэгийн гэрээс Монел маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 5-16 тоотод оршин оршин суух хохирогч П.Батмөнхийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.Жавхлантөгсөд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Жавхлантөгс нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Жавхлантөгс нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Нисэхийн 6-20 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхцэцэгийн гэрээс монел маркийн 42 инчийн LCD зурагт хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 5-16 тоотод оршин оршин суух иргэн П.Батмөнхийн гэрээс 1 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
“Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч С.Жавхлантөгс нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч А.Мөнхбуянгийн... “Манай хүн хөдөө ажилтай явж байгаа болохоор би ирсэн юм. Манай хүргэн хүү болж байсан. Манай охин Ербиштэй хамт тусдаа хэсэг хугацаанд байр хөлслөөд амьдарч байсан. Одоо ямар нэгэн гомдол байхгүй хулгайд алдсан зурагтаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан. Энэ зурагт эхнэр бид хоёрын дундын хөрөнгө байгаа юм. Тухайн үед би ажил дээрээ байсан. Өдөр нь согтуу хүрч ирэхээр манай эхнэр Мөнхцэцэг “унт амар” гэж хэлээд гэртээ унтуулчихаад Мөнхцэцэг эмнэлэг рүү хүн эргэх гээд явсан хойгуур нь гэрт байсан хар өнгийн 42 инчийн өнгөт зурагтыг авчихсан байсан. Тэгээд хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан байсан. Санал хүсэлт байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Ганхүүгийн... “2018 оны 01 дүгээр сарын 12-нд намайг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Тод баян” дэлгүүрийн гадаа нь зогсож байхад нэг танихгүй хүн над руу утсаар залгаад та зурагт авах уу, ломбарданд тавих гэсэн гэж хэлсэн. Би тэгээд хүү Ариунболд руу залгаад нэг хямдхан зурагт хүн зарах гээд байна гээд нөгөө хүний дугаарыг нь өгсөн. Тэгээд удалгүй манай хүү хоёулаа хамт очъё гээд бид хоёр тэр Нисэхийн 6-20 тоот хашааны гадаа очиход нэг залуу утсаар яриад зогсож байсан. Би тэгээд Ариунболдыг тэр хашааны гадаа буулгаад явсан. Тэгээд маргааш өдөр манай хүү над руу залгаад нөгөө зурагт хулгайн зурагт байна цагдаагийн хүмүүс ирээд гэрт байсан зурагтыг аваад явлаа гэж хэлсэн. Тэр хүнээс бид нар 200.000 төгрөгөөр бэлэн худалдаж авсан. Одоо тэр хүнд өгсөн 200.000 төгрөгийг нэхэмжилж байна өөр гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч Ж.Мөнцэцэгийн... “Тухайн өдөр гэртээ байж байхад 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн үед манайд хүргэн болох Жавхлантөгс хашааны хаалга цоожтой байхад хашаан дээгүүр даваад гэрт согтуу орж ирэхээр нь би Жавхлантөгсийг унтаж амар гэж хэлэхэд юм дугааргүй унтаад өгсөн. Өдөр 13 цагийн үед Жавхлантөгс сэрээд миний гар утсаар охин Ербиш рүү яриад төд удалгүй, эргээд унтаад өгсөн. Манай охин Ербиш эмнэлэгт хэвтэж байгаа болохоор хоол цай хийж аваад 15 цаг 20 минутын үед гэрээсээ гараад Жавхлантөгсийг гэрт үлдээгээд явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод нэлээн байж байгаад, манай нөхөр Мөнхбуян 17 цагт ажлаасаа тардаг болохоор хүлээгээд эмнэлэг дээр байж байхад 17 цаг өнгөрч байхад Жавхлантөгс над руу гар утсаар залгаад та хаана байгаа юм би унтаж байгаад сэрлээ, одоо хоол хийх гэж байна гэхээр нь би одоо очлоо гэж хэлээд 17 цаг 40 минутанд гэрт очиход гэр цоожтой түлхүүрийг гэрийн үүдний гишгүүр доогуур хийчихсэн байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн том өрөөнд байсан LCD зурагт байхгүй болчихсон байсан. Манай хүргэн Жавхлантөгсийг хардаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
Гэрч Б.Ариунболдын ...” 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед манай хойд аав Ганхүү миний гар утас руу залгаад, банкны мөнгөний асуудалдтай гээд нэг хүн яриад байна гэсэн. Яаралтай 18 цагаас өмнө 200.000 төгрөгөөр зарчихмаар гээд нэг хүн яриад байна хэхээр нь би 200.000 төгрөгөөр зарах юм бол худалдаад авъя гэж хэлээд Ганхүү ахыг хаягийг заагаад өг гээд бид хоёр машинаараа дагаад араас нь хамт яваад Нисэхийн 6-20 тоотод хаяган дээр ирэхэд, нэг залуу хашааныхаа гадаа хүлээж байсан. Ганхүү ах, эхнэр бид хоёрыг тэр залуутай уулзуулаад буцаад явсан. Би эхнэр Оюунтуяагийн хамт байшинд орж зурагтыг нь асааж шалгаж үзээд бэлэн 180.000 төгрөг өгөөд үлдэгдэл 20.000 төгрөгийг дансруу нь шүлжүүлсэн. Нийт 200.000 төгрөгөөр 42 инчийн Монел нэртэй LCD зурагтыг аваад машиндаа ачаад шууд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Гэрч П.Цогбаярын ... “2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө эрт 09 цагийн үед байхаа гар утас руу залгаад дэлгэц нь хагархай зурагт, тал гардаг зурагт байгаа авах уу? гэж асуухаар нь манай ажил онгойх болоогүй байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд өдөр 13 цагийн үед байхаа хэдэн цагт байснаа санахгүй байна нэг залуу зурагт тэврээд ороод ирээд энийг зарах гэсэн юм гэхээр нь би зурагтыг нь асааж үзэхэд дэлгэц нь тал гардаг 42 инчийн LCD зурагт мөн удирдлагатай байсан. Би 20.000 төгрөгөөр өгвөл авъя гэж хэлэхэд нөгөө залуу 20.000 төгрөгөөр надад өгөөд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/
Хохирогч П.Батмөнхийн ... “Надад ямар нэгэн гомдол байхгүй алдсан аягаа буцаагаад авсан ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй Жавхлантөгс манай гэрт ирж хоночихоод маргааш нь 2018 оны 01 дүгээр сарын 18-нд миний цай уудаг том гарын хуучний мөнгөн аягыг надад хэлээгүй хулгайлж аваад явсан байсан. Тэгээд тэр өдөр нь би аягаа буцаагаад авсан юм. Миний аягыг ломбарданд тавьчихсан байсан. Хуучин цагийн Сэврэй хийцийн том гарын мөнгөн аяга байсан би энэ аягыг 1970 оны үед дархан Дондог гэдэг хүнээр хийлгүүлж байсан юм. Ер нь бол манайхаар орж гардаг юм. Би урьд өдөр нь хот явна гээд байхаар би зардлын мөнгө 20000 төгрөг өгөөд хот явдаг зогсоол дээр хүргэж өгсөн. Тэгтэл тэр орой архи уучихсан согтуу манайд хүрч ирээд хоносон. Тэгээд өглөө нь манайхаас явахдаа миний хэрэглэж байсан том гарын мөнгөн 75 аягыг минь хулгайлж аваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Цэвэлмаагийн ... “2018 оны 01 дүгээр сарын 18-нд намайг 11 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Баруун сайханы 7-1 тоот хашаанд байдаг барьцаалан зээлдүүлэх “Өргөлийн ач” нэртэй ломбардан дээрээ сууж байхад нэг эрэгтэй хүн орж ирээд нэг аяга тавъя гэж хэлсэн. Би тэгээд тэр залуугийн гаргаж өгсөн аягыг нь үзэхэд том гарын хуучны Сэврэй сумын хийцтэй аяга байсан. Тэгээд тэр танихгүй залуугаас хэдэн төгрөгөнд тавих юм гэхэд би 150.000 төгрөгөөр тавина гэж хэлсэн. Тэгээд би аягыг барьцаалан зээлдэж аваад 150.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу мөнгөө аваад явсан удалгүй араас нь настай өвгөн ирээд танай дээр хүн аяга тавьсан уу гэхэд би сая нэг залуу хүрч ирээд нэг том гарын мөнгөн аяга өгөөд 150.000 төгрөгөөр тавиад явсан гэж хэлсэн. Тэгээд тэр настай ахад барьцаалсан аягаа үзүүлэхэд тэр ах миний алдсан аяга мөн байна гэж хэлсэн. Тэр залуугийн нэрийг нь Жавхлантөгс гэдгийг нь тэр настай ахаас мэдэж авсан. Тэр настай ах Жавхлантөсгийг манай хамаатны хүүхэд байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/
Яллагдагч С.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох Нисэхийн 6-20 тоот хашаанд байдаг хадам аав ээжийн гэрт нь архи уучихаад согтуу очиход хадмын гэрт нь хадам ээж Мөнхцэцэг ганцаараа байсан. Би тэгээд хадмын гэрт очоод унтаж байгаад үдээс хойш сэрэхэд гэрт нь хүн байхгүй би ганцаараа унтаж байсан. Тэгээд би босоод том өрөөний зурагтны тавиур дээр байсан 42 инчийн хар өнгийн Монел маркийн зурагтыг нь аваад хүнд зараад архи авч ууя гэж бодоод нэг таньдаг таксины жолооч ах руу залгаад таньд зурагт авчих хүн байна уу гэхэд нэг хүн байгаа гэхээр би Нисэхийн 6-20 тоо хашаанд байна хүрээд ирээ гэж хэлсэн. Удалгүй таксины ах гадаа ирээд намайг дуудахаар би гэрээс гарахад тэр таксины ах бас машинтай 2 хүн дагуулчихсан ирсэн. Тэгээд нөгөө 2 хүнийг дагуулаад гэрт орж нөгөө зурагтыг үзүүлэхэд тэр хоёр хүн 200.000 төгрөгөөр авъя гээд надад мөнгийг нь өгөөд тэр хоёр хүн зурагтыг аваад явсан. Тэгээд би хадмын гэрээс нь гарч гэрийг нь цоожилчихоод такси аваад Онги караокед ганцаараа ороод нэг шил 0.5 граммын Соёрхол архийг уучихаад тэндээсээ гараад тасарчихсан байсан. Нэг сэрээд харсан чинь би Оюут буудалд ганцаараа байж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Дундсайханы 5-16 тоот хашаанд байдаг манай эмээгийн төрсөн эгч Догоогийн гэрт очиж хоноход гэрт нь Батмөнх өвөө, Догоо эмээ хоёр байсан. Тэгээд тэднийд хоночихоод өглөө нь 11 цагийн үед гэрийн ширээн дээр байсан том гарын мөнгөн аягыг аваад энгэртээ нуучихаад гэрээс авч гарсан. Тэгээд гудамжаар явж байгаад замд явж байсан нэг такси явж байхаар нь зогсоогоод Өлзийт 2 дэлгүүрийн хажуу талд нь байдаг ломбарданд 150.000 төгрөгөөр тавьчихаад тэгээд такси аваад Худалдааны төв орж Улаанбаатар хот руу явах унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 22 цагийн үед Улаанбаатар хотод ирээд Шар хад руу явж эгч Цэрэндуламын гэрт нь очиж хоносон. Тэгээд хотод хоёр хоног архи ууж нөгөө зарсан мөнгөн аяганы мөнгийг нь үрээгээд дуусгасан. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 21-нд буцаад Өмнөговь аймаг дээр ирсэн. Энхий удаа хулгай хийхэд хадам ээж гэртээ байгаагүй эзгүй байсан. Дараагийн удаа Батмөнх өвөөгийн гэрт нь байсан мөнгөн аягыг хулгайлж авахад гэрт нь Батмөнх өвөө ганцаараа байсан. ...Цагдаа нар намайг сураад байхаар нь зугатаагаад Улаанбаатар хот руу явсан юм. Замын зардал мөнгө байхгүй болохоор нь Батмөнх өвөөгийн гэрт байсан мөнгөн аягыг нь хулгайлж аваад ломбарданд тавьсан. Би хулгай хийхдээ архи уусан байсан. ...Би архи уух гээд гэртээ байсан зурагтыг зурагт засдаг ахад 20000 төгрөгөөр өгсөн. Эхнэр бид хоёрын дундын өмч байгаа юм. Надад энэ зурагтыг зарах эрх байгаа. Би 2013 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг хадам ахын 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлж аваад ломбарданд зараад 2013 онд шүүхээр торгуулж байсан. Би дараа нь дахиад 2015 онд Говьсүмбэр аймагт байдаг өвөө Гүнсэнгийн хэрэглэж байсан дунд гарын мөнгөн аягыг хулгайлж аваад ломбарданд тавиад архи авч уусан. Тэгээд 2017 онд Говьсүмбэр аймгийн шүүхээр ороод торгуулийн арга хэмжээ авхуулж байсан. Би хулгай хийсэндээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Жавхлантөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Бүх мэдүүлэг үнэн зөв байгаа“ гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04, 58 дугаар хуудас/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол/хх-ийн 05-09, 13-20, 24-26, 59-70 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл 2018.01.15-ны өдөр “Хар өнгийн 42 инчийн Монил маркийн LCD зурагт Le421916070509”, 2018.01.16-ны өдөр “Хар өнгийн 42 инчийн Монил маркийн LCD зурагт Olh117377е-0091” /хх-ийн 12, 26 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2018.01.18-ны өдөр Хар өнгийн 42 инчийн Монил маркийн LCD зурагт Le421916070509”, 2018.01.16-ны өдөр “Хар өнгийн 42 инчийн Монил маркийн LCD зурагт Olh117377е-0091” хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв./хх-ийн 27 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2018.01.22-ны өдөр “1 ширхэг түрүү үеийн хийцтэй, их гарын мөнгөн аягыг хүлээлгэн өгөв” /хх-ийн 71 дүгээр хуудас/
Яллагдагч С.Жавхлантөгсийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2018.01.24-ний өдрийн шүүгчийн захирамж /хх-ийн 97 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт №165: “42 инчийн Монил маркийн LCD зурагт 1 ширхэг 350000, 42 инчийн Монил маркийн /дэлгэц хагарсан хуучин/ LCD зурагт 1 ширхэг нь зах зээлийн дундаж үнэ 180000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” /хх-ийн 52 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт №168 “Сэврэй хийцийн 18-н лангийн 17 сантиметр диаметртэй үндсэн тагштай мөнгөн аяга 1 ширхэг нь 2.500.000 төгрөг” зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч С.Жавхлантөгс нь хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлджээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Мөнхбуянд 350000 төгрөгийн, П.Батмөнхөд 2500000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн иргэний нэхэмжлэгч А.Ганхүүд 200000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цэвэлмаад 150000 төгрөгийг тус тус шүүгдэгч С.Жавхлантөгсөөс гаргуулж олгох нь зүйтэй.
Шүүгдэгч С.Жавхлантөгсийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн 1828000000021 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагын тодорхойлолт /хх-ийн 101-108дугаар хуудас/
Шүүгдэгч С.Жавхлантөгсийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Хүрмэн багийн Засаг дарга А.Хүрэлбаатарын тодорхойлолт /хх-ийн 112 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Жавхлантөгсийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 120 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.Жавхлантөгсийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч С.Жавхлантөгсийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Жавхлантөгс 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 20 /хорь/ хоног урьдчилан хоригдсон тул ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцоход 20 хоног х8 цаг=160 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлэх ялаас хасч тооцоход биечлэн эдлэх ялыг 240 цагаар тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жавхлантөгс нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.