| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2308016001045 |
| Дугаар | 2023/ДШМ/894 |
| Огноо | 2023-09-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/894
Б.Пхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Эрдэнэбат,
яллагдагч Б.П, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1665 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.Пхолбогдох 230801605 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.П,
- Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Яллагдагч Б.П нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 3 дугаар байрны эмийн санд иргэн С.Э маргалдаж, улмаар түүний зүүн бугалган тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалганы тараагуур, хураагуур судас, дундын мэдрэл, булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5559 дугаар хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт “2023.04.24-ний Эмчийн тэмдэглэл: хэсэг газрын үзлэгт: Зүүн шууны дотор дээд 1/3 хэсэгт гүн зүсэгдсэн шархтай. Шархаар шалгахад булчин венийн судас гэмтсэн...гэж бичигдсэн байх бөгөөд дүгнэлт нь: “...С.Эы биед бугалганы тараагуур, хураагуур судас, дундын мэдрэл булчинг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх, эмч Л.Т, Б.О нарын дүгнэлтүүдийг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ. Мөн яллагдагч Б.П нь хүнд гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгаа гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байна. Хохирогч С.Э нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан эсэх, гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн эсэх, өвчний түүх, шарханд мэс засал хийсэн эсэх тэмдэглэлийг хавтаст хэрэгт хавсаргах, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр гарсан эсэх, энэ талаар иргэний нэхэмжлэгч томилох эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Дээрх эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзэж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Пхолбогдох эрүүгийн 2308016001045 дугаар хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Павсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5559 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “...С.Эгийн биед зүүн бугалгын тараагуур, хураагуур судас, дундын мэдрэл, булчинг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэж маш тодорхой заасаар байхад шүүх “...шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 дугаар тушаалын хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1.8-д “...Том судасны гэмтэл, Үүнд: гол судас болон гүрээ, суга, бугалга, ташаа, гуя, тахим, эгмийн доорх тараагуур, хураагуур судасны тасрал, урагдал, зүсэгдэлт түүнчлэн гэмтлийн гаралтай цүлхэн хамаарна...” гэж бугалганы тараагуур, хураагуур судасны ... урагдал, зүсэгдэлт гэж тодорхой зааж бичигдсэн байна. Анагаахын шинжлэх ухаанд энгийнээр тайлбарлавал, хүний гарны яс нь бугалга, шуу, сарвууны яс гэсэн дарааллаар бүтэцтэй байдаг ба дал мөртэй холбогдсон тохойны яс хүртэлх хэсгийг бугалга гэж ойлгодог. Эдгээр яснууд нь мэдрэлийн булчингуудтай, бүгд хүний зүрхнээс тархаж буй нэг том гол судсаар дамжин шууны төгсгөл хүрэхдээ салаалж, цусаар хангагдахаас гадна бугалганы артерийн судас буюу тараагуур судас, вений судас буюу хураагуур судас нь бугалгаар дамжин тохойн хонхор хэсэгт ирж, шуугаар дамжин сарвуунд тархдаг байна. Иймд хүний гарын бугалга, шуу хоёр нь тохойны ясаар зааглагдахаас гадна нэг гол том судас дамжиж байдаг нэгээсээ нөгөө нь хамааралтай нэг зүйл гэж ойлгогдож байна. Тэгвэл шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт дурдагдсан “..зүүн шууны дотор дээд 1/3 хэсэгт гүн зүсэгдсэн шарх...” гэдэг нь хэргийн үйл баримттай холбогдох ба яллагдагч хохирогчийн зүүн гарын тохойны хонхроос дээш шуу хэсгийг гурав хуваасны нэгд ногдох дээд хэсэг буюу бугалга ясны төгсгөлтэй ойр байрлах гол судас үргэлжилж тарах хэсэг газарт хутгаар хутгалсан байдлыг тэмдэглэж, тодруулбал хохирогчийн шарх учирсан хэсэг газрыг шинжээч эмч нүдээр үзэж биечлэн үзлэг хийхэд харагдсан нөхцөл байдлыг тэмдэглэснийг ойлгоно. Харин шинжээч эмч үзлэгийн явцад илэрсэн нөхцөл байдалд үндэслэж, хохирогчийн биед учирсан шарх гэмтэл нь хууль зүйн хувьд гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжээр тодорхойлж дүгнэлт өгөгдөнө. Тодруулбал, тухайн хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн “хөнгөн”, “хүндэвтэр”, “хүнд” зэргийн аль ангилалд хамаарч байгааг, цаашлаад тухайн хамаарч байгаа гэмтлийн зэргийг ямар шалгуураар хангаж байгааг тус тус тодорхойлж дүгнэсэн байдлыг тусгадаг бөгөөд дээрх тогтоогдсон үйл баримтын хүрээнд яллагдагчийн зүүн гарын шууны дотор дээд хэсэгт хутгаар 1 удаа хатгасан үйлдлээр хохирогчийн зүүн гарын бугалгын тараагуур, хураагуур судас дайрагдан, дундын мэдрэл, булчинг хамтад нь гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн 5559 дүгээр шинжээчийн дүгнэлтийг бүрэн хийгдсэн, үндэслэл бүхий, ямар нэгэн эргэлзээгүй гарсан гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу үйлдэхээс гадна, “үзлэг, шинжилгээ, дүгнэлт” хэсгүүдэд агуулгын хувьд өөр, өөр зүйлсийг тусгаж тэмдэглэх ба дүгнэлтэд тусгагдсан байдал шинжээчийн дүгнэлтийн бусад хэсэгт агуулгын хувьд зөрүүгүй, харилцан уялдаатай байхаас биш нэршил, үг үсэггүй адил байх ёстой мэтээр хүлээн авч, ойлгох боломжгүй юм. Прокуророос шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй тодорхой бичигдсэн гэж дүгнэж яллагдагчийн гэм бурууг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, хэрэв шүүх “..эргэлзээ бүхий..” гэж шинжээчийн дүгнэлтийг үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “..шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана..” гэж заасан, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно” гэж заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтойг анхаараагүй орхигдуулсан, мөн шинжээчийг гэм буруугийн шүүх хуралдаанд дуудан оролцуулж, гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбарлуулах, оролцогч нараас асуух байдлаар тодруулах боломжтой байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлийг бий болгож байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж сэтгэцийн байдлыг тодорхойлохоор заасан байхад шүүх “..яллагдагч Б.П нь хүнд гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгаа гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байна. ” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, яллагдагч Б.П гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгөх, шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа нэг агуулга бүхий, агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлэг, тайлбарыг гаргаж ярьсан байх тул эргэлзээ төрүүлэх, сэтгэцийн байдлыг тодорхойлох шаардлагагүй байсан болно. Тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд яллагдагч Б.П нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугийн тал дээр маргаж ирсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхийнхээ хүрээнд түүний өгсөн ганц удаагийн мэдүүлгээр яллагдагчийн сэтгэцийн байдалд шууд эргэлзэж, ...зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж заасан хуулийн заалтыг шүүх буруу ойлгож, хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлээр яллагдагчийн сэтгэцийг шалгуулж, магадалгаа гаргуулах нь хуулийг буруу ойлгож тайлбарлажээ.
3. Захирамжийн гуравдахь заалтын тухайд, хэрэгт хохирогч С.Эгийн өвчний түүхийн хуулбарын холбогдох хэсгийг тусгасан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, түүний өмгөөлөгч нараас дээрх асуудлаар хүсэлт гомдол гаргасныг прокуророос шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн байна. Хохирогчийн эмнэлгийн байгууллагад үйлчлүүлж эмчилгээ хийсэнтэй холбоотой баримтуудыг хохирогч шүүх хуралдаанаар нотлох баримтаар гаргаж өгөхөө илэрхийлж байгаа болно. Дээрх гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарсан эсэх, иргэний нэхэмжлэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч нотлох баримтууд хэрэгт хавсаргагдаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор шүүх хуралдаанд оролцохдоо “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтыг гарган өгч, шинжлэн судалсны эцэст нэхэмжлэл гаргах, эсхүл цаашид гэм буруутай этгээдээс прокурор нотлох баримтаа бүрдүүлэн төрийг төлөөлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг ялгалгүй хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүйгээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанчлан хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр 2023/ШЗ/1665 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор П.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь гэж хуульд байхгүй заалтыг барьсан болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.
Яллагдагч Б.Пийн өмгөөлөгч С.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүх 3 үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй гэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
Яллагдагч Б.П тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Яллагдагч Б.П нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 3 дугаар байрны эмийн санд иргэн С.Эмаргалдаж, улмаар түүний зүүн бугалган тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь зүүн бугалганы тараагуур, хураагуур судас, дундын мэдрэл, булчинг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...дахин шинжилгээ хийлгэх, эмч Л.Түмэнжаргал, Б.Олз-Эрдэнэ нарын дүгнэлтүүдийг хэрэгт хавсаргах, ...яллагдагч Б.Пийг шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгаа гаргуулах, ...хохирогч С.Э нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан эсэх, гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн эсэх, өвчний түүх, шарханд мэс засал хийсэн эсэх тэмдэглэлийг хавтаст хэрэгт хавсаргах, ...иргэний нэхэмжлэгч томилох эсэх ...” гэсэн үндэслэл заан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.”, мөн зүйл, хэсгийн 2.4-д “бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох;”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болох хохирогчийн эмчилгээний болон өвчний түүх зэрэг баримтуудыг прокурор анхан шатны шүүх хуралдаанаас өмнө шүүхэд албан ёсоор тавьж, мөн шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж гэм буруугийн асуудлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.
Мөн яллагдагч Б.П нь хүнд гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгаа гаргуулах гэж заасан ба энэ талаар хуульд заасан үндэслэл болон яллагдагчийн сэтгэцийн байдалд ямар нэгэн эргэлзээтэй баримт хэрэгт авагдаагүй, мөн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилох асуудлыг талууд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхийн шатанд ч тогтоож шийдвэрлэх боломжтой ажиллагаа байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1665 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Б.Пурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ