Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Р.Н /өөрийгөө өмгөөлсөн/

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далайхан овгийн Рэнцэн-Очирын Нэргүйд холбогдох 1828000000031 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                       Шүүгдэгч Р.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт БНХАУ-ын иргэн Ян овогтой Чингэрэл /Yng Qinggerile/-ийн “Их Монгол” зоогийн газрын текэн дээр мартаж орхисон гар утсыг завшин авч 969.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Р.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт БНХАУ-ын иргэн Ян овогтой Чингэрэл /Yng Qinggerile/-ийн “Их Монгол” зоогийн газрын текэн дээр мартаж орхисон гар утсыг завшин авч 969.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Р.Н холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Р.Нэргүйд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Р.Нэргүй нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна.

Шүүгдэгч  Р.Нэргүй нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт БНХАУ-ын иргэн Ян овогтой Чингэрэл /Yng Qinggerile/-ийн “Их Монгол” зоогийн газрын текэн дээр мартаж орхисон гээгдэл эд хөрөнгө /гар утас/ бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 969.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Нэргүйн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ян Чингэрэл мөрдөн байцаалтын шатан өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед байх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг “Их Монгол” зоог дээр Алтанхуяг бид нар очоод заалны ширээн дээр сууцгаагаад хоол захиалж идчихээд би хоолны тооцоогоо хийх гээд заалны текэн дээр нь очоод тооцоогоо хийчихээд барьж байсан хар өнгийн ОРРО маркийн гар утсаа мартаад явчихсан байсан. Тэгээд машиндаа суучихаад уурхай руугаа явах гээд гар утсаараа хүнтэй ярих гэтэл гар утас байхгүй байсан. Тэгээд буцаж яваад “Их Монгол” зоогийн газарт очоод хоолны тооцоо хийсэн эмэгтэй хүнээс гар утас харагдсан уу гэж асуухад тэр эмэгтэй та гар утсаа аваад явсан шүү дээ гэхээр би танай энэ камерыг шалгаж үзье, текэн дээр чинь мартаад явсан байна гэж хэлээд камерыг нь шүүж үзэхэд нэг монгол залуу миний текэн дээр байсан гар утсыг аваад кармаандаа хийж байгаа бичлэг байсан. Тэгээд энэ тухайгаа сумын цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед текэн дээр нь гар утсаа мартаад явчихсан байсан бусдаар бол хулгайд алдсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гар утсаа бүрэн бүтэн олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Ч.Эрдэнэ-Ундрах мөрдөн байцаалтын шатан өгсөн: “Ян овогтой Чингэрэл нь 21 цаг 45 минутын үед гар утсаар залгаад Их монгол зоогийн газарт хүрээд ир хамт хоолонд ороод, хамт уурхай руугаа буцъя гэж хэлсэн. Би Их монгол зоогийн газарт яваад очсон чинь Ян овогтой Чингэрэл болон Б.Алтанхуяг ах байсан бид гурав хоолоо захиалж идчихээд үүдний сандал дээр суугаад хүлээж байхад Б.Алтанхуяг ах болон Ян овогтой Чингэрэл нар нь текэн дээр тооцоогоо хийгээд зогсож байсан. Алтанхуяг ах түрүүлээд автомашинаа халааж байя гээд түрүүлээд гараад явсан. Би араас нь гараад автомашиндаа суусан. Удалгүй Ян овогтой Чингэрэл нь орж ирсэн. Тэгээд бид гурав уурхай руугаа явж байхад Ян овогтой Чингэрэл нь өөрийнхөө гар утсаа үлдээсэн байна гээд буцаж очсон. Тэгээд зөөгчөөс Ян овогтой Чингэрэл нь гap утсаа энд үлдээсэн байна гэхэд зөөгч нь би өөрт чинь өгөөд гаргасан шдээ гэж хэлсэн. Ян овогтой Чингэрэл болон Б.Алтанхуяг ах тэр хоёр цагдаа дуудаад ирье гээд намайг Их монгол зоогийн газарт орхичоод явсан. Ян овогтой Чингэрэл болон Алтанхуяг ахын текний хажууд орж, гараад зогсож байсан залуу гараад явахад нь араас нь гарч очоод текэн дээр байсан хар өнгийн гар утас үзсэн үү? гэж асуухад үгүй мэдэхгүй, гэж хариулаад автомашиндаа суугаад яваад өгсөн. Удалгүй Ян овогтой Чингэрэл болон Алтанхуяг ах ирээд, бас камер шүүдэг хүн нь ирээд бид хэд камер шүүхэд, миний түрүүнд хар өнгийн гар утас харсан уу гэж асуусан хүн нь камерт Ян овогтой Чингэрэлийн хар өнгийн гар утсыг халаасандаа хийж байгаа нь тодоос тод бичигдсэн. Тэгээд цагдаа нар ирсэн юм аа.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Б.Алтанхуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ян овогтой Чингэрэл бид хоёр Гурвантэс сумын төвд 20 цаг 30 минутын үед орж ирсэн. Тэгээд цагдаагийн тасаг дээр ажилтай байж байгаад 22 цагийн үед Их монгол зоогийн газарт ирээд Ян овогтой Чингэрэл нь Эрдэнэ-Ундрах нарын хамт хоол идээд 23 цагийн үед тооцоогоо хийх гээд текний хажууд зогсож байгаад Ян овогтой Чингэрэл нь мөнгөө өгөөд хариултаа хүлээх хооронд түрүүлээд машинаа халааж байя гээд гарсан. Тэгээд дараа нь эмч Эрдэнэ-Ундрах нь гарч ирсэн. Жоохон байж байгаад Ян овогтой Чингэрэл нь гарч ирсэн. Тэгээд бид гурав хөдлөөд 300 метрт яваад Ян овогтой Чингэрэл нь гap утас нь байхгүй, мартсан байна гээд бид гурав очиж үзсэн. Их монгол зоогийн газарт ирээд би сууж байсан ширээнийхээ ойр орчим болон сандалны наагуур, цаагуур үзэхэд байхгүй байсан. Залгаж үзэхэд гар утас нь дуудаад байсан. Тэгээд бид хэдийг тооцоогоо хийгээд гарах үед тооцоогоо хийх гээд хүлээж байсан хоёр залуу буцаж ирэхэд яг л байсан байрандаа зогсож байсан. Гар утсаа асуухад мэдэхгүй ээ гэж хэлээд бид хоёр аваагүй цагдаа дуудаж шалгуул гэж хэлсэн. Ян овогтой Чингэрэл бид хоёр нь цагдаагийн тасаг орж цагдаад мэдэгдчихээд эргээд ирэхэд камер ажиллуулдаг залуу ирсэн үзэж байхаар нь бид хэд камерны бичлэг үзэж байхад Ян овогтой Чингэрэл нь текен дээр тооцоогоо хийгээд гар утсаа орхиод гарсан байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирээд текэн дээр байсан хар өнгийн гар утсыг аваад халаасандаа хийгээд гараад явсан бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Н.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн үед Гурвантэс сумын Их монгол зоогийн газарт Б.Жанцанхорол, Р.Нэргүй, Т.Нансалмаа нарын хамт бид дөрөв орж кароакед суусан. 0.75 литрийн соёрхол нэртэй архи нэг ширхэг, 500 грамын нийслэл нэртэй пиво 10 ширхэг, тэгээд хоол захиалаад хоёр цаг кароакед нь дуулсан. Тэгээд цаг дуусаад араас нь хүмүүс захиалсан гээд хажуу VIP өрөөнд нь ороод бас 0.75 литрийн соёрхол нэртэй архи уусан. Тэрийгээ ууж дуусгачаад 23 цагийн үед тооцоогоо хийх гээд текэн дээр очиход тооцоо нь 186.000 мянган төгрөг болоод Б.Жанцанхорол бид хоёр тооцоогоо хийх гээд зогсож байхад бид хоёрын урд Нарийн сухайт гэсэн шар, цэнхэр өнгийн хувцастай хоёр залуу тооцоогоо юаниар хийгээд зогсож байсан. Бид хоёр мобиалаар мөнгө шилжүүлэх гээд зогсож байхад Нарийн сухайт хувцастай хоёр залуу тооцоогоо хийчихээд гараад явсан. Зөрөөд Р.Нэргүй орж ирээд агаа би явлаа гэхээр нь за за яв яв гэж хэлсэн. Удалгүй Р.Нэргүй гараад явсан чинь Нарийн сухайт гэсэн хувцастай хоёр залуу орж ирсэнээ зөөгчөө миний гар утас энд байсан уу гээд яриад байсан. Бид хоёр тооцоогоо хийж дуусаад гарах гэсэн чинь бид хоёр байж байя цагдаагаа дуудчих бид хоёр бол аваагүй гээд текний хажууд цагдаа хүлээгээд байж байхад гаднаас камер ажиллуулдаг залуу орж ирээд камер шүүж үзэхэд Нарийн сухайт хувцастай хоёр залуу нь гарахдаа гар утасаа текэн дээр тавиад гарсан байсан. Тэрийг гаднаас Р.Нэргүй орж ирээд халаасандаа хийж байсан бичлэг нь дот харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Б.Жанцанхорол мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн үед Гурвантэс сумын Их монгол зоогийн газарт Н.Энхбаяр, Р.Нэргүй, Т.Нансалмаа нарын хамт бид дөрөв орж кароакед суусан. 0.75 литрийн соёрхол нэртэй архи нэг ширхэг, 500 грамын нийслэл нэртэй пиво 10 ширхэг, тэгээд хоол захиалаад хоёр цаг кароакед нь дуулсан. Тэгээд цаг дуусаад араас нь хүмүүс захиалсан гээд хажуу VIP өрөөнд нь ороод бас 0.75 литрийн соёрхол нэртэй архи уусан. Тэрийгээ ууж дуусгачаад 23 цагийн үед тооцоогоо хийх гээд текэн дээр очиход тооцоо нь 186.000 мянган төгрөг болоод Н.Энхбаяр бид хоёр тооцоогоо хийх гээд зогсож байхад бид хоёрын урд Нарийн сухайт гэсэн шар, цэнхэр өнгийн хувцастай хоёр залуу тооцоогоо юаниар хийгээд зогсож байсан. Бид хоёр мобайлаар мөнгө шилжүүлэх гээд зогсож байхад Нарийн сухайт хувцастай хоёр залуу тооцоогоо хийчихээд гараад явсан. Бид хоёр тооцоогоо хийчихээд гарах гэсэн чинь Нарийн сухайт уурхайн хоёр залуу орж ирээд манай найз Н.Энхбаяраас гар утсаа асуусан. Би тухайн үед нилээн муудсан байсан болохоор сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Б.Дүүрэнбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би Их монгол зоогийн газарт кассчин хийж байсан. 22 цагийн үед уурхайн ажилтан юм шиг хоёр ах, нэг эгч орж ирээд хоол захиалж идчихээд 23 цаг 10 минутын үед нэг өвөр монгол ах юаниар хоолныхоо тооцоогоо хийх гээд зогсож байсан. Би тэгэхээр нь хоолныхоо тооцоогоо хийж байхад нь гар утсыг нь аваад өөрт нь өгсөн. Тэгээд тооцоогоо хийж дуусгачихаад гараад явсан. Тэрний дараа хоёр ах бас тооцоогоо хийж байхад гаднаас нэг хамт явж байсан залуу орж ирээд би явлаа гэхэд явж бай гэж байсан. Тэгээд тэр ах явсны дараахан нөгөө өвөрмонгол ах орж ирээд гар утсаа орхиод явчихсан байна гэхэд би таны гар утсыг чинь өгсөн шдээ гэж хэлэхэд өвөр монгол ах камераа шүү, цагдаа дууд гэж хэлсэн. Манай Их монгол зоогийн газрын эгч болох Нэмэр нь цагдаа дуудаж, бас камер шүүдэг хүнийг дуудсан. Удалгүй камер шүүдэг хүн ирээд камер шүүхэд 23 цаг 30 минутын үед орж, гарч яваад байсан нэг ах, өвөр монгол ах тооцоогоо хийхэд зөрж ороод текэн дээр байсан хар өнгийн том гар утсыг өөрийнхөө халаасандаа хийж байх нь камерт дот харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Р.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох “Өсөх зоос” ХХК-нь дээр ажиллаж байгаад хамт ажилладаг Энхбаяр, Жанцанхорол, Нансалмаа бид дөрөв 19 цагийн үед сумын төвд байдаг “Их Монгол” зоог нэртэй газарт очоод хоол идэх зуураа 0.75 граммын Соёрхол нэртэй нэг шил архи, 10 ширхэг лаазтай Нийслэл пивийг манай гурав хувааж уусан. Би архи уугаагүй тухайн үед автомашин барьж явсан. Тэгээд тусгай өрөөнөөс гараад зааланд ороод тэр гурав дахиад нэг шил 0.75 граммын архийг хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед тооцоогоо хийх гэж Энхбаяр текэн дээр очиж байхад хоёр танихгүй эрэгтэй хүн тооцоогоо хийчихээд түрүүлээд гараад явж байгаа харагдсан. Би тэгээд гарч тамхи татчихаад эргээд ороод ирэхэд заалны текэн дээр Энхбаяр ах тооцоогоо хийж байсан. Тэгээд би тэр гурваас түрүүлж гарахдаа текэн дээр нь том хар өнгийн гар утас байхаар аваад куртекнийхээ халаасанд нь хийгээд гадаа байгаа машиндаа ороод суутал нөгөө хоёр танихгүй залуу нэг эмэгтэйтээ хүрч ирээд тэр эмэгтэй нь надаас “заалны текэн дээр байсан гар утсыг харсан уу” гэхэд би “хараагүй” гэж хэлсэн. Тэгээд бид нар сумаас гарч кемпрүүгээ очоод байж байтал араас сумын цагдаагийн хүмүүс ирээд намайг сумын цагдаагийн хэсэг дээр авчирсан. Би хүний эзэмшлийн гар утас гэдгийг нь мэдэж байсан. Тухайн үед текний хажууд хүн байхгүй байхаар тэр гар утсыг авчихсан юм. Би буцаагаад эзэнд нь хүлээлгэж өгсөн тэр гар утасны хүнээс нь уучлалт гуйсан тэр хүн хятад эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Нэргүй мэдүүлэхдээ... “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай 2018.01.27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 05 дугаар хуудас/

Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт 2018..01.27-ны өдөр /хх-ийн 07-08 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 2018.01.27-ны өдөр /хх-ийн 09 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2018.01.30-ны өдрийн №ӨМА169 дүгээр хөрөнгө үнэлгээний дүгнэлт “ОРРО R9 PLAS маркийн гар утас /хуучин хэрэглэж байсан/ 1 ширхэг нь 969.000 төгрөг” /хх-ийн 28 дугаар хуудас/

 Шүүгдэгч Р.Нэргүйн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Р.Нэргүйн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ян Чингэрэлд 969.000 төгрөгийн хохирол учирсан учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч Р.Нэргүйг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1828000000031 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлав:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38, 51 дүгээр хуудас/

Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 13 дугаар хорооны Засаг дарга Я.Аюурсэдийн 2018.02.02-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/

Шүүгдэгч Р.Нэргүйгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/

“Гом Илч” ХХК-ний захирал Н.Ганболдын 2018.02.05-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 43-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Нэргүй нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.