Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/841

 

      2023         08           17                                         2023/ДШМ/841

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

яллагдагч Б.Г,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1065 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Батзаяагийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр Б.Гд холбогдох 2205 03578 0217 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-ы Г, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1333 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 1.500.000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3.500.000 төгрөгийн торгуулийн ялаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/477 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Б.Г нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Чийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “МВG” эмнэлгийн байранд байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.772.000 төгрөг,

2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Х.Дг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “МВG” эмнэлгийн байранд байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.584.000 төгрөг,

2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Огоос Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 47 тоотод байхад нь “Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн эрх олгох сургалтад хамруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 1.592.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүх яллагдагч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас 689 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан. Яллагдагч Б.Гд холбогдох хэргээс үзэхэд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч Б.Г “...хохирогчийн хамгийн сүүлийн шилжүүлэг нь намайг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн урд талын усан оргилуур дээр байхад миний дансанд орж ирсэн.” гэжээ. Энэхүү тайлбарыг шүүх нотлох баримтаар шууд үнэлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал буюу /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/-ийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн хувьд хохирогч эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ хаанаас хэрхэн яаж шилжүүлсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар биш бөгөөд шилжүүлэн авагч этгээд хохирогчийн эд хөрөнгийн эрхийг хаана байхдаа шилжүүлэн авсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллыг тодорхойлохоор байна.

Иймд хяналтын прокурор нь гэмт хэрэг үйлдэгдсэн, төгссөн, сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал гэж үзэж, хэргийг шалгах явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх учиртай гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан.

Гэтэл шүүхээс Б.Гд холбогдох хэрэг прокурорт буцсанаас хойш /хавтаст хэргийн 192 дахь тал/-д яллагдагчаас хэдний өдөр нь тодорхойгүй дахин мэдүүлэг авахдаа гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө юунд захиран зарцуулсныг асуусан байна.

Энэ байдал нь яллагдагч Б.Гд холбогдох хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан 689 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагаа биелэгдээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн яллагдагч дахин мэдүүлэгтээ “2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орсон орлогын гүйлгээ.” гэж мэдүүлснийг анхаарах нь зүйтэй. Яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд гэж хэт ерөнхийлөн тодорхойлсныг хохирогч тус бүрд учруулсан хохирол тус бүрийг он, сар, өдрөөр нь бичвэл зохино.

Эдгээр нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарах тул яллагдагч Г овгийн Б-ы Г-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Ггийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Батзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос яллагдагчийн залилах үйлдлийн эхэлсэн, төгссөн цаг хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хохирогч Х.Д 300.000 төгрөгийг хохирогч Э.Огийн дансаар дамжуулан шилжүүлэн өгснөөр хохирогчийн эд хөрөнгийн эрх яллагдагчид шилжсэн буюу гэмт үйлдэл дуусгавар болсон цаг хугацаа гэж дүгнэсэн.

Учир нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д өмчлөх эрх шилжихийг “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэсэн заалтын дагуу прокурор авч үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.” мөн хуулийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил тэгш эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан. Энэ нь хавтаст хэргийг хүлээн авсан шүүх, шүүгч тухайн хянан шийдвэрлэх хэрэг нь нутаг дэвсгэрийн хувьд харьяалалд нь хамаарахгүй бол ижил эрх бүхий шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэх, эсхүл өөрөө хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжийг хуульчлан тогтоосон зохицуулалт юм.

Хэргийн материалд авагдсан дансны хуулгаар тогтоогдсноор 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сүүлийн гүйлгээ буюу 300.000 төгрөг шилжүүлж өгсөн үйл баримт байдаг. Үүнд прокурорын зүгээс яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэж буруу бичсэн байсан. Үүнийг шүүх хуралдаанд засаад шийдвэрлэх боломжтой.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1065 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Б.Г тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.Гд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

            Прокуророос яллагдагч Б.Ггийн гэмт хэрэг төгссөн цаг хугацааг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэж тодорхойлсон атал яллагдагчийн мэдүүлгээр 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэж мэдүүлсэн зөрүүтэй байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хавтаст хэргийн 57-61 дүгээр хуудсанд авагдсан дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судалж, прокурорыг шүүх хуралдаанд оролцуулан асууж тодруулах замаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөвтгөн тогтоож шийдвэрлэх боломжтой байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байна.

            Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүхэд дээрх хүсэлтийг гарган шийдвэрлүүлэх, хэргийн нөхцөл байдлыг мэтгэлцээн явуулж үндэслэлтэй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн тус тус зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-д “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүхийн харьяалал зөрчигдсөн гэж үзвэл харьяалах шүүхэд шилжүүлэх эрх нээлттэй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.Ггийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1065 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1065 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ