| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2017/0027/э/ |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Шүүгдэгч: Ш. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Б холбогдох 1728000000048 дугаартай хоёр хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 08 дугаар сарын 27-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Мөнхжаргалын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Ганбаярын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ш.Б холбогдох Эрүүгийн 1728000000046 дугаартай хэрэг, эрүүгийн 1728000000048 дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг байх бөгөөд тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг тооцно” гэснээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Шүүгчийн захирамжаар Эрүүгийн 1728000000046 дугаартай хэргийг Эрүүгийн 1728000000048 дугаартай хэрэгт нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Бат-Өлзий, өмгөөлөгч Э.Наранцацрал нар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Ганбаяр, Д.Мөнхжаргал нарын эрх чөлөөнд халдаж хууль бус үйлдэл хийгээгүй, гэмт хэрэгт гүтгэгдсэн гэж улсын яллагчтай мэтгэлцэж байх боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Бат-Өлзий нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 27-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Мөнхжаргалын гэрт “түүний хүү Ганбаяр луу чулуу шидэж, чулуу шидэхийг хориглосон Д.Мөнхжаргалын бие эрх чөлөөнд халдаж тогоо антенны дурангийн төмрөөр цохих, хойш нь дагзаар нь савуулж унагаж эрүүл мэндэд нь тархины доргилт гэмтэл учруулсан,
2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрээс болж М.Ганбаярын бие эрх чөлөөнд халдан зодож, тархины доргилт учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч М.Ганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө хөдөө гэртээ цайгаа уугаад сууж байтал Ш.Идэрзаяа манай хонийг хөөгөөд байхыг харсан. Тэгтэл дахиад хонь илдээд туугаад гэрийн ойрхон аваад ирэхээр нь аав бид хоёр очсон. Очоод аав “Сайн байна уу?” гэхэд аавын өмнөөс учир зүггүй хараагаад том том дуугараад орилж хашгираад байсан. Ш.Идэрзаяа мотоциклио хажуугаар нь тавиад аавыг заамдаад түлхээд яваад байсан. Тэгэж байтал Ш.Бат-Өлзий “Та нар муу сайн юу юм ална” гээд нэг л их уурласан хүн мотоцикльтой хүрч ирсэн. Мотоциклио данхраадаад бууж ирээд аавыг шанаадаж цохисон. Би Ш.Бат-Өлзийг “Болиоч, та юунаас болж бид нарыг зодох гээд байгаа юм бэ? Та энэ дүүгээ аваад яв” гээд тэр хоёрыг салгаад Ш.Бат-Өлзийг жаахан тайвшруулсан. Би аав Д.Мөнхжаргалыг Ш.Идэрзаяагаас салгаж авсан. Ш.Бат-Өлзий хажуугаас орж ирээд намайг 2 удаа гараараа шанаадаад элэг рүү 1 удаа цохисон, бас гуя руу 1 удаа өшиглөсөн. Би Ш.Бат-Өлзийгөөс зугтаагаад салсан. Тухайн үед манай ээж хүрч ирээд боль гэж хэлсэн, тэгээд л дахиж зодоон болоогүй. Тухайн үед Идэрзаяа газарт суугаад өгсөн. Миний толгой өвдөөд байгаа эм тарианы мөнгө гэж 500.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Нэхэмжилж байгаа мөнгө хагас нь зарцуулсан мөнгө, хагас нь цаашид зарцуулах мөнгийг нэхэж байгаа, баримт байхгүй.” гэх мэдүүлэг /1-хх-10/,
Шинжээч эмч Б.Ганшагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ганбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн их эмч Д.Гансүхэд үзүүлсэн байсан, мөн толгойн компьютер томограф хийлгэсэн байсан. Тухайн томографийн шинжилгээгээр тархины доргилтын шинж гарсан байсан. Мөн Гансүх эмч нь тархины доргилт гэсэн онош тавьсан байсан. Үүнийг үндэслэж тархины доргилт гэмтэл тогтоогдож хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн гэмтлийг цаг хугацааны хувьд хэзээ учирсан гэдгийг үзлэг шинжилгээгээр тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд хөнгөн зэргийн гэмтлийг 28 хоногийн дотор эдгэрнэ гэж үздэг, гэхдээ тархины доргилт гэмтлийг яг 28 хоногийн дотор бүрэн эдгэрнэ гэсэн шинжлэх ухааны онол байхгүй. Тэгэхээр 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бусдад зодуулснаас болж үүссэн байх болможтой. Тархины доргилт гэмтэл авсан хүн нь эмчилгээ хийлгэхгүй бол тухайн гэмтэл нь эдгэрэхгүй явж байгаад шинжилгээгээр илрэх боломжтой.” гэх мэдүүлэг /1-хх-37/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 450 дугаартай дүгнэлтэд: М.Ганбаярын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1-хх-28/,
Шүүгдэгч Ш.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө малдаа явж байгаад овоон дээр зогсоод мал дурандаж байгаад манай дүү Идэрзаяагийн өвөлжөөнөөс зүүн хойш 1 км гаруй газар малын бэлчээрт Идэрзаяа Мөнхжаргалын малыг зүүн тийш нь мотоциклоос тууж байгаад орхиод явсан. Мөнхжаргал хүүтэйгээ хамт мотоциклиор Идэрзаяа руу очоод ярилцаад зогсож байснаа барилцаад авахаар нь би тэд нар руу очсон. Намайг очиход Идэрзаяагийн мотоцикль нь хажуугаараа уначихсан. Идэрзаяаг Мөнхжаргал, түүний хүү Ганбаяр хоёр 2 талаас нь бариад маргалдаж байсан. Би очоод салгах гэж байтал Ганбаяр Идэрзаяагийн толгой руу гараараа 3 удаа цохиход Идэрзаяа тэднээс салаад газар хэвтээд өгсөн. Би Идэрзаяаг өмөөрч хэдэн үг хэлэхэд Ганбаяр “Та нар ямар дээрэлхүү хүмүүс вэ?” гээд намайг зодох гээд дайраад байсан. Мөнхжаргал надтай маргалдаж муудалцаагүй. Би Ганбаяраас салаад Өлзийдэлгэр ах дээр очоод машинаар нь яваад Идэрзаяаг аваад гэрт авч очсон. Идэрзаяагийнд байж байтал эмнэлэг ирээд аваад явсан. Идэрзаяад ил харагдах шарх сорви байгаагүй. Урьд нь Идэрзаяа нь Ганбаяр, Мөнхжаргал нартай маргалдаж муудалцаж байгаагүй. Тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Ганбаярыг цохиогүй. Ганбаяр намайг зүүн шанаанд гараараа 1 удаа цохисон. Тухайн үед шанаа хавдсан, одоо зүгээр болсон. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /1-хх-17/, ...дахин өгсөн ....“Манай дүү Идэрзаяагийн “Ява” мотоцикль хажуугаараа байдалтай Идэрзаяа, Мөнхжаргал, хүү гурав маргалдаад байж байсан. “Яаж байна юу болж байна” гэхэд хоорондоо маргалдаад намайг анхаарахгүй байсан. Ганбаяр манай дүү Идэрзаяагийн толгой руу 2 удаа цохиход Идэрзаяа унаад өгсөн. Би дүү рүүгээ очиход Ганбаяр намайг бас цохиж авсан. Идэрзаяа ухаан алдчих шиг болсон. Би мотоциклоо унаад ах Өлзийдэлгэр рүү очиж Идэрзаяа зодуулчихлаа гэж хэлээд ахын машинаар очиж Өлзийдэлгэрийг аваад гэрт нь хүргэсэн. Түргэн ирж үзээд тариа хийгээд сум руу авч яваад цааш нь аймагт аваачиж эмнэлэгт хэвтүүлсэн. Мөнхжаргалын гэрээс 300-400 метрт байсан байх. Намайг очиход Мөнхжаргал, Идэрзаяа, Ганбаяр нар байсан. Манай дүү Идэрзаяа цохиулаад унасаны дараа Мөнхжаргалын эхнэр Эрдэнэчулуун ирчихсэн байсан. Би тэр хоёрын хэнд ч гар хүрээгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Идэрзаяа толгойдоо гэмтэл авсан толгой нь эргээд явж чадахгүй, юм идэж уухгүй огиод байдаг болсон. Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтсэн. Миний дүү алсдаа тархи толгойдоо янз бүрийн өвчтэй болвол гомдолтой өөр санал хүсэлт байхгүй.” гэжээ. /1-хх-18-19/, ... “Гэхдээ би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ганбаярын биед ямар нэгэн гэмтэл учруулсан асуудал гаргаагүй. Өмнө би энэ хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгчихсөн учраас надад дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /1-хх-ийн 42/ зэргээр,
Хохирогч Д.Мөнхжаргалын халдашгүй байдал, эрх эрх чөлөөнд санаатай халдсан үйл баримтыг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ. Үүнд:
Хохирогч Д.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Эрдэнэчулуун, хүү Ганбаяр нарын хамт гэртээ байж байтал гадаа мотоцикль дуугарсан. Тэгэхээр нь би түрүүлээд нохой хорихоор гартал гэрийн баруун хойноос Бат-Өлзий гэж манай багийн хүн мотоцикльтойгоо ирсэн. Бат-Өлзий нь ганзаганаасаа шилтэй архи гаргаж ирээд над руу далайгаад чи энэнээс уу архи уу гэхээр нь би хойшоо зайлаад холдсон. Тэгээд гэрээс манай хоёр гараад ирсэн. Тэгтэл Бат-Өлзий нь манай хүүг харчихаад чулуу шидээд туулгаад явсан. Тэгэхээр нь би хөөе чи болиоч яагаад хүүхэд туулгаад байгаа юм бэ гэхэд Бат-Өлзий нь шууд над руу хандаж чи муу юу гээд байгаа юм гээд манай гэрийн зүүн талд байсан тогоо антений доод талд эвсэн байсан хуучин тогоо антений дурангийн төмрийг аваад миний зүүн чихний дээхэн талд ар дагз руу цохиод авсан. Тэгэхэд нь манай эхнэр төмрийг нь араас нь булаагаад авсан. Тэгсэн чинь шууд над руу дайраад хувцасны захаар боогоод арагш нь түрж яваад намайг дараад газар унагаасан. Унахдаа мөн ар дагзаараа савж унасан. Бат-Өлзий босож ирэхэд нь нүдний шилнийх нь гар нь хугарсан байсан. Тэгээд эхнэрийг татаад босгоход эхнэрээс барьж аваад хувцас хунараас нь дугтчаад байсан. Тэгэхээр нь манай хүүхэд Бат-Өлзийг та чинь эмэгтэй хүн зодох нь уу болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хүүхдийг бас л чулуугаар туулгаад явсан. Тэгж байтал гэрийнх нь буюу ахынх нь эхнэр Оюун, дүүгийнх нь 2 хүүхэд, 2 мотоцикльтой ирсэн. Тэгээд ирээд Бат-Өлзийг авч явах гэхэд нь явахгүй дүү нараа архи аваад ир аяга аваад ир гэж хэлж нэг дүү нь манайхаас аяга авч өгсөн. Тэр аяганд архи хийж өгчихөөд уу гээд шахаад байсан. Тун болохгүй шахаад байхаар нь би аягатай архинд нь хуруугаа дүрж сэржим өргөчихөөд өгсөн. Тэгээд явцгаасан. Өмнө нь буюу 7-8 хоногийн өмнө манай хүүг Бат-Өлзийгийн дүү Идэрзаяа зодсон гээд цагдаад өгчихсөн юм. Манай хүү бол тэр Идэрзаяаг нь зодоогүй юм. Учиргүй их согтоогүй байсан. Ш.Бат-Өлзий болон манай эхнэр Эрдэнэчулуун, хүү Ганбаяр бид нар л байсан. Би гомдолтой байна. Тархи толгой өвддөггүй байсан. Одоо тархи толгой өвддөг болсон. Эмчилгээний зардалд 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Д.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Бат-Өлзий гэж манай багийн малчин хүн ирсэн. Ирэхдээ ганцаараа мотоцикльтойгоо согтуу ирсэн. Нохой хуцаад байхаар нь манай нөхөр Мөнхжаргал гарсан. Тэгсэн чинь Бат-Өлзий юу яриад байгаа нь мэдэгдэхгүй чанга чанга дуугараад байхаар нь би гараад очсон чинь Бат-Өлзий халааснаасаа 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаад архи уу муу пизда минь гээд далайсан. Тэгж далайх үед данхраадсан мотоцикль нь элсэнд шигдээд унасан. Тэгэхээр нь манай нөхөр мотоциклийг нь босгож өгсөн. Тэгтэл Бат-Өлзий нь тэр үед миний араас гэрээс гарч ирсэн хүү Ганбаяр руу чулуу шидээд гэрийн зүүн тал руу явсан. Тэгэхээр нь манай нөхөр Мөнхжаргал хөөе болиоч гэж хэлсэн. Тэгтэл манай гэрийн зүүн талд байх тогоо антений доод талд эвээтэй байсан тогоо антений дурангийн хуучин сул төмөр байсныг аваад Мөнхжаргалын баруун чихний ар хэсэгт дагз руу нь нэг цохиод авсан. Тэгээд дахиад цохих гэхээр нь би араас нөгөө барьж байсан төмрийг нь булаагаад авсан. Тэгсэн чинь Бат-Өлзий тэр чигтээ манай нөхөр Мөнхжаргал заамдаж хойш нь дарж газар унагасан. Тэгэхдээ манай нөхөр ар дагз хэсгээрээ газар савж унасан. Тэгж давхралдаж унахдаа Бат-Өлзий нүдний шилнийхээ гарыг хугалчихсан. Хугарсан шилний гар нь баруун талын нүдний хажуу талд шалбарчихсан. Тэгэхээр нь би Бат-Өлзийг татаад босгосон чинь намайг зуураад бариад авсан. Тэгсэн чинь Ганбаяр хажуунаас нь болиоч эмэгтэй хүн зодох нь уу гэж хэлсэн. Тэгсэн чинь Бат-Өлзий намайг тавьчихаад Ганбаярыг хөөгөөд чулуугаар шидээд хөөгөөд явсан. Тэгж байтал Бат-Өлзийгийн ахынх нь эхнэр Оюун дүүгийнх нь хоёр хүүхэдтэй мотоцикльтой ирж аваад явсан” гэх мэдүүлэг /2-хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч М.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртээ буюу Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг Гүн улаан гэх газарт аав, ээж нарын хамт байж байтал үдээс хойш би цагийг нь нарийн мэдэхгүй байна. Гадаа мотоцикльтой хүн ирсэн. Аав нохой хорих гээд гарсан. Тэгсэн гадаа хүн орилоод агсраад байсан. Тэгээд би аавын араас ээжтэй хамт гараад очсон. Тэгсэн чинь Бат-Өлзий ах ирчихсэн байсан. Тэгээд намайг харчихаад зодох гээд хөөсөн. Тэгсэн аав цаанаас нь яагаад хүүхэд зодох гээд хөөгөөд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Бат-Өлзий гэрийн зүүн талд байсан тогоо антений доогуур эвчихсэн байсан өөр илүү тогоо антений дурангийн төмрийг бариад аавын толгойн ар хэсэг рүү цохисон. Тэгсэн ээж Бат-Өлзий ахын араас барьчихсан байсан дурангийн төмрийг булаагаад авсан. Тэгсэн чинь Бат-Өлзий ах аав руу шууд дайраад багалзуурдаад хойш нь савуулаад дээрээс нь дараад газар давхаралдан унасан. Тэгэхээр нь ээж Бат-Өлзийг дээрээс нь татаад босгосон. Босох үед нь харахад Бат-Өлзий ахын нүдний шилний гар нь хугарчихсан нүүрний аль хэсэг нь билээ шороо болчихсон байдалтай байсан. Тэгээд Бат-Өлзий ээж рүү агсраад цамцаар нь боогоод бариад авсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм болиоч гэж хэлсэн чинь ээжийг тавьчихаад над руу дөхсөн. Тэгэхээр нь би хол гүйгээд зугтаагаад явчихсан. Тэгтэл миний араас чулуу шидээд байсан. Хоёр ч удаа чулуу нь миний бөөр хавьд оносон. Тэгтэл дүүгийнх хоёр хүүхэд бэр эгчтэйгээ хүрээд ирсэн. Тэгээд Бат-Өлзий ахыг бариад хорьсон. Бат-Өлзий нь агсраад тэр ганзаганд байгаа архи аваад ир гээд байсан. Тэгсэн чинь Хүдэр-Эрдэнэ архийг нь авч өгсөн чинь аяга аваад ир гэж хэлсэн. Тэгээд аяга авахуулаад архи аягалж хийчихээд уу гээд бид нарт өгөх гэхээр нь хэн нь ч аваагүй. Тэгээд би ч тэд нараас холдоод яваад өгсөн. Тэгсэн чинь төд удалгүй Бат-Өлзий ахыг аваад яваад өгсөн.Тийм их согтуу байгаагүй байх. Жаахан халамцуухан байсан.” гэх мэдүүлэг /2-хх-ийн 25-26-р хуудас/,
Шүүгдэгч Ш.Бат-Өлзий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манайх Бумбат гэдэг газар хоньтойгоо байсан. Тэгээд 27-ны өглөө хонио бэлчээчихээд Авзага гэдэг газар манай саалийн ямаа үхэр байсан. Тэнд манай эхнэр, хүү 2 байдаг байсан. Тэгээд би тэр өдөр эхнэр хүү хоёр дээрээ очиж цай унд уучихаад байж байсан. Манай эхнэр тогоо нэрж архи гарсан байсан. Түүнийг уучихаад явахдаа 0.5 литрийн Ерөөл нэртэй архи бүтнээр нь авч хонь руугаа явсан. Хонио эргүүлчихээд архи задалж дээрээс нь гурван хуруу орчмыг уучихаад Мөнхжаргал гэдэг айл руу явсан. Намайг очиход тэр айлын улсууд болох Мөнхжаргал, Эрдэнэчулуун, Ганбаяр нар гаднаа байж байсан. Очоод би тэр улсуудтай шууд хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Учир нь өмнө нь Мөнхжаргалын хүү Ганбаяр нь манай дүүг зодож гэмтээсэн. Тэгээд дүүг эмнэлэгт байхад мөнгө төгрөг өгсөн гомдолгүй гэж хэлүүлсэн байсан. Тэрэнд уур хүрээд та нар хүний амьдралыг яасан их мөнгөөр шийддэг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс хүүгээ өмөөрөөд янз бүрээр загинаад байсан. Би мөн дүүгийн өвөлжөөний дэргэд буучихаад гэж хүртэл хэлсэн. Манай дүүгийн өвөлжөөний зүүн хойно 2, 3 дахиж бууж байсан. Тэгээд би тэнд жаахан уурлаж маргалдсан болохоос хэн нэгнийг цохиж бариагүй. Тэгээд бид хэсэг маргалдаж байгаад буцаж эвлэрээд ярилцсан. Ганзаганд байсан 0.5 литрийн Ерөөл архийг гаргаад Мөнхжаргалтай хувааж ууж эхэлтэл манай бэр эгч Оюунчимэг, дүү Хүдэр-эрдэнэ Бат-Эрдэнэ хоёрын хамт ирж намайг авч явсан. Би Мөнхжаргалыг төмрөөр цохиж гэмтээсэн зүйл байхгүй. Мөнхжаргал, Эрдэнэчулуун, Ганбаяр бид нараас өөр хүн байгаагүй. Сүүлд нь бэр эгч Оюунчимэг, Дүү Хүдэр-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нар ирж намайг авсан. Ямар ч байсан юмаа мэдэж байсан” гэх мэдүүлэг /2-хх-ийн 42-43-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бат-Өлзий мэдүүлэхдээ... “Сая яллах дүгнэлтэнд бүгдийг бичсэн байна. Ганбаярыг би зодсон зүйл байхгүй. Салгах гэж л очсон. Хөл гар луу нь өшиглөсөн, толгойруу нь цохьсон зүйл байхгүй. Манай дүүг Ганбаяр цохиж унагасан. Ухаан алдаж унасан байсан. Мөнхжаргал эхнэр хүүхэдтэйгээ байсан. Би ганцаараа байсан. Намайг гүтгээд байгаа. Мөнхжаргалынд очиж амгалан тайван байдал алдагдуулснаа зөвшөөрч байгаа. Ногоон төмрөөр цохьсон гээд байгааг мэдэхгүй байгаа. Очиж хэрэлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Зодож цохьсон зүйл байхгүй” гэжээ.
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.11-ний өдрийн 433 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Мөнхжаргалын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /2-хх-ийн 37/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/
Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн компьютер томографын шинжилгээ /хх-34/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүгдэгч Ш.Бат-Өлзийгийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Ганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Д.Мөнхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт №433, 450 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэдэг нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан байхыг хэлнэ. Шүүгдэгч Ш.Бат-Өлзийгийн нийгэмд аюултай үйлдлийн улмаас хүний бие мах бодид хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг хохирогч М.Ганбаяр, Д.Мөнхжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Бат-Өлзийгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Бат-Өлзийд үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Бат-Өлзий торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ш.Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хохирогч М.Ганбаярт хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөг, хохирогч Д.Мөнхжаргалд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх буюу 900000 төгрөгөөр торгох санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг тооцно гэсэнтэй харшилсан гэж үзлээ.
Эрүүгийн 1728000000048 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-43-48-54/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44 дүгээр хуудас/,
Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №1/1041 тоот албан бичиг, Ш.Бат-Өлзийгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45, 49/,
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын орлогчийн тодорхойлолт /хх-46-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /1хх-3ху/, мөрдөгчийн санал /1хх-4ху/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1хх-5 ху/, өргөдөл /1хх-6ху/,хохирогчоор татах тогтоол Ш.Идэрзаяа /1хх11ху/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-12-13ху/, гэрч Ш.Идэрзаяагийн мэдүүлэг /1хх-14ху/, гэрч Т.Отгончулууны мэдүүлэг /1хх-15ху/, гэрч Ш.Өлзийдэлгэрийн мэдүүлэг /1хх-16ху/, гэрч Ш.Бат-Өлзийгийн мэдүүлэг /1хх-17ху, 18-19 ху/, гэрч М.Ганбаярын мэдүүлэг /1хх-19-20ху/, гэрч Д.Эрдэнэчулууны мэдүүлэг /1хх-22-23ху/, гэрч Д.Мөнхжаргалын мэдүүлэг /1хх-24-25 ху, 26-27ху/, яллагдагч М.Ганбаярын мэдүүлэг /1хх-28-30 ху/ зэрэг нотлох баримтыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Хохирогч М.Ганбаяр эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөг, хохирогч Д.Мөнхжаргал эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 см урттай, 6 сантиметрийн радиустай, конусан хэлбэртэй хажуу бөөрөн дээрээ 8смх6см хэмжээтэй бичил схем бүхий суурьтай саарал өнгийн антенны төмөр нь хохирогч Д.Мөнхжаргалынх байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Бат-Өлзий цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.