Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/895

 

 

П.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,

яллагдагч П.Б, түүний өмгөөлөгч Б.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1261 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар эсэргүүцэл болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнпэлжээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Бхолбогдох 23030030231 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 П.Б, 

П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун замд “Xiamen” маркийн 21-72 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн гарч яваа явган зорчигчид...зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.А мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба уг үндэслэлээ онооны хязгаарт хүрч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж тайлбарласан. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч болон яллагдагч мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтдээ П.Б нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар жолоодох эрхийн зөрчлийн оноотой байсан. 3 дугаар сарын 12-ны өдөр 5 оноо хасуулсан. Хэрэг болох үед оноотой байсан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзэхээргүй байхад хэргийг хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн, мөн зөрчлийн оноо дууссан талаар баримтгүй гэж маргасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 18.1 дэх хэсэгт дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно. 18.1.3 дахь заалтад “зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн” гэж заажээ. Хэргийн 93 дахь талд авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээллийн “Жолооны үнэмлэхийн төлөв” хэсэгт оноо дууссан гэж тэмдэглэгдсэн, 117 дахь талд авагдсан 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн жолоодох эрхийн лавлагааны бүртгэгдсэн мэдээлэл хэсэгт 10 оноо сэргээв гэж тэмдэглэгдсэн баримт авагджээ. Прокуророос урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн албан бичигт П.Бийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтаар 100.000 төгрөгөөр торгож, 5 оноо хассан, 5 оноо үлдсэн, мөн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгож, 5 оноо хасаж “0” оноотой болсон гэх лавлагаа болон албан бичиг авагджээ. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас харахад гэмт хэрэг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун замд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 35 минутын орчимд гарсан байх бөгөөд дээр дурдсан баримтыг харьцуулан үзэхэд хоорондоо зөрүүтэй, П.Б нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй байсан уу гэдгийг эргэлзээгүй нотлон тогтоож чадаагүй байна. Учир нь, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн жолоодох эрхийн лавлагаанд бичигдсэн, сэргээсэн 10 оноо хэзээ хэрхэн дууссан нь ойлгомжгүй, энэ талаар шийдвэр хэрэгт байхгүй, тодорхойгүй байхад Зам тээврийн осол 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарах үед буюу 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэлд үндэслэн оноо дуусаж, онооны хязгаарт хүрч жолоодох эрхгүй байсан гэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, аль лавлагаа мэдээлэл нь үнэн зөв эсэх нөхцөл байдлыг нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай.

Нөгөө талаар Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмын 2.1-д “Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна”, мөн 2.5-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах хэмжээгээр хасна” гэж тус тус заасан байх ба оноо хасах хэмжээг харгалзан үзэхэд, 1, 2, 3 оноогоор хасахаар заасан байна. Гэтэл прокуророос яллагдагчийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтаар 100.000 төгрөгөөр торгож, 5 оноо хасагдсан гэж тайлбарлах ба дээрх журмаар шууд 5 оноогоор хасах зохицуулалтгүй байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж заасан ба энэхүү заалтад оноо хасах талаар зохицуулалтгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг шалгах нь хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай ба шүүхийн шатанд нотлох баримт цуглуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй болно.

2. Өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан гэрлэн дохионы лавлагаа болон бодит байдал дээр гэрлэн дохио хоёр зөрж байгаа ба очиж үзэхэд зөвхөн баруун эргэхийг зөвшөөрч байгаа, гэрэл асахад явган зорчигчийн гэрэл улаан байна. Ийм нөхцөл байхад явган зорчигчид зам тавьж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр буруутгагдсан гэж маргасан. Прокуророос осол болсон газрын лавлагааг гаргуулж авахад явган зорчигчийн явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асахад яллагдагчийн ирж байсан зүгээс баруун гар тийш эргэх гэрлэн дохио зэрэг асдаг гэсэн лавлагаа ирсэн гэсэн тайлбар гаргасан. Яллах дүгнэлтэд яллагдагчийг Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн гарч яваа явган зорчигчид...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Иймд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун замд тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн гэрэл дохиогоор нэвтрэх горим хэрхэн ажилладаг, тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хэвийн ажиллаж байсан эсэх, эсхүл саатал байсан уу, түүнчлэн ажилладаг горим, явган зорчигчийн гарц хэсгийн мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хариуцдаг эрх бүхий албан тушаалтнаас тодруулан, улмаар бодит байдлаар үзлэг хийж бэхжүүлж тогтоох нь гэмт хэрэг гарсан эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхөд шууд хамааралтай нөхцөл байдал байна. Дээрх зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг зөв, бүрэн тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх шаардлагатай гэж үзэж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч Хар чулуут овгийн Пүрэвсүрэнгийн П.Бт холбогдох эрүүгийн 2310011890708 дугаар хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Яллагдагч П.Б нь зам тээврийн осол гарахад буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэх талаар жолоодох эрхийн лавлагааг гаргуулан авсан ба хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан бөгөөд жолоодох эрхийн лавлагаагаар П.Б нь осол гарахад буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийн оноо 0 буюу Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дэх хэсэгт “зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн” байсан тул түүнд холбогдох хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас ирүүлсэн албан бичгээр П.Б нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс, 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгож, жолоочийн зөрчлийн бүртгэлийн 5 оноо тус тус хасаж 0 оноотой болсон байна. Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ын 2.4-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна” гэж заасны дагуу 2023 оны 2, 3 дугаар саруудад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 5, 5 оноо хасуулж, нийт 10 оноо хасуулж жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан болох нь тогтоогдож байна. Харин оноо сэргээх талаар дээрх журмын 3.4-т “Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно” гэж заасны дагуу жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан буюу 0 болсон тохиолдолд хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээж авахаар зохицуулсан тул оноо дуусаагүй буюу 5 оноо үлдсэн тохиолдолд оноог сэргээж авахаар зохицуулаагүй тул 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дахин оноо сэргээж авсан гэж үзэх боломжгүй юм.

2. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлсэн “Гэрлэн дохионы горим” хавтаст хэргийн 211 дүгээр хуудсанд авагдсан бөгөөд уг горимоор зам тээврийн осол үйлдэгдсэн замын уулзвар дахь гэрлэн дохио хэрхэн ажилладаг болохыг харуулсан ба осол гарах үед яллагдагч П.Б, насанд хүрээгүй хохирогч Б.А нар өөрсдийн зүгээс зөвшөөрөгдсөн буюу ногоон гэрлээр хөдөлгөөнд оролцсон талаар мэдүүлдэг. Горимын 1-р үед тээврийн хэрэгсэл болон явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл зэрэг асдаг болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул бодит байдлаар үзлэг хийх шаардлагагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1261 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнпэлжээ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эрүүгийн 2310011890708 дугаар хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.Аын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1261 дүгээр захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх П.Бхолбогдох хэргийг хууль зүйн үндэслэлгүй прокурорт буцааж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар П.Б нь хэрэг гардаг өдөр зөрчил удаа дараа гаргасан учраас жолоочийн 10 оноо хасагдаж жолоо барих эрхгүй болсон байхдаа автомашин жолоодож осол гаргасан байна. Осол болсон уулзварын гарц хэсгийн мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс лавлагаа авахад явган зорчигчийн явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асахад жолоочийн ирж байсан зүгээс баруун гар тийш эргэх гэрлэн дохио зэрэг асдаг гэсэн лавлагаа гарсан байдаг. Энэ тохиолдолд явган зорчигчид зам тавьж өгөх буюу явган зорчигч давуу эрхтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар П.Бхолбогдох хэргийг шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1261 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Миний хувьд эрүүл саруул явж байсан 13 настай охиныг маань гарцаар, гэрлэн дохиогоор явж байхад нь эрүүл мэнд, сэтгэл санаанд нь хохирол учруулсан П.Б болон одоо хүртэл холбоо бариагүй автобус компанид гомдолтой байгаагаа хэлмээр байна. Энэ асуудлыг шат шатанд нь шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнпэлжээгийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийн газрын үзлэгийг зөв хийж бүрдүүлсэн, хойшлуулшгүй ажиллагааг хийсэн. 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 35 минутад осол гарсан ба маргааш нь жолоодох эрхийн лавлагаа авахад П.Бийн зөрчлийн үлдэгдэл оноо 0 байсан. Энэхүү лавлагаа хууль ёсны бөгөөд үндэслэлтэй баримт мөн. Цагдаагийн байгууллага П.Бтэй холбоотой ажиллагаа хийх учир шүүгдэгч нь осол гаргаснаас хойш жолоо барих болон ажлаа хийх ямар ч боломжгүй. Тиймээс шүүгдэгч жолоодох эрхийн оноогүй байсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн лавлагаанаас харагдаж байна. Мөн хэргийн 213 дахь талд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл авагдсан байх бөгөөд уг лавлагаанд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн төлөвөөр 10 оноог сэргээв гэсэн  байна. Эндээс шүүгдэгч нь осол гаргах үедээ оноогүй байсан учраас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр оноогоо сэргээлгэсэн болох нь харагдана. Үүнийг шүүх эргэлзээтэй гэж үзэх боломжгүй. Хэрвээ осол гаргах үедээ жолооч оноотой байсан бол 5 дугаар сарын 04-ний өдөр оноогоо сэргээлгэхээр сургалтад хамрагдах ёсгүй. Тиймээс оноо нь дууссан байсан учраас гэмт хэрэгт холбогдсоноосоо хойш сургалтад хамрагдаж, оноогоо сэргээлгэсэн нөхцөл байдал байна. Мөн оноотой холбоотой асуудлын тухайд Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ын 2.4-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна” гэж заасны дагуу 2023 оны 2, 3 дугаар саруудад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 5, 5 оноо хасагдсан байна. Энэ нь хэрэгт авагдсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс, 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгуулж, жолоочийн зөрчлийн бүртгэлийн 5 оноо тус тус хасаж 0 оноотой үлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Шүүгч “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмын дагуу 1-3 оноо хасах ёстой байтал 5 оноо хассан нь эргэлзээтэй” гэж дүгнэсэн ч энэ нь эргэлзээтэй зүйл биш. Учир нь, жолооч Зөрчлийн тухай хуулиар 5, 5 оноо хасуулахдаа тус бүр 100.000 төгрөгөөр торгуулсан баримт нь хэрэгт байна. Хэрэв 3 оноо хасуулах ёстой гэж үзсэн бол удаа дараагийн зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хуудсанд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл эдгээр зөрчлүүд үйлдэгдсэн бөгөөд энэ талаарх шийдвэр нь хэрэгт баримтаар авагдсан. Гэрлэн дохионы асуудлын хувьд, хэргийн 211-212 дахь талд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун урд уулзвар дахь гэрлэн дохионы ажиллах горимын лавлагаа авагдсан байх бөгөөд уг горимд зүүн талаас ирж буй тээврийн хэрэгслийг хойшоо буюу баруун эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна, энэ үед уулзварын баруун талаас зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөний зөвшөөрсөн ногоон гэрэл асна гэдэг. Энэ мэт нотлох баримт хангалттай авагдсан байхад шүүгч үндэслэлгүйгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч П.Бийн өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйлчлүүлэгчийн хувьд огт буруугүй, эсхүл цагаатгуулах гэсэн хандлага байхгүй. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчдээ холбогдох маргааны үнэнийг хөдөлбөргүй тогтоолгох хүсэлт гаргасан. Учир нь, миний бие осол болсон гэрлэн дохионы уулзварт хоёр удаа очиход хэрэгт авагдсан гэрлэн дохионы лавлагаа худал байсан. Баруун эргэхийг зөвшөөрсөн гэрлэн дохио асахад баруун гар талын зам хөндлөн гарч байгаа явган зорчигчийн зөвшөөрөгдсөн ногоон гэрэл асахгүй байсан. Гэтэл энэ нь лавлагаатай таарахгүй байх тул үзлэгээр тогтоож, тэмдэглэлээр баталгаажуулж өгөхийг хүссэн. Яллах дүгнэлтэд зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарч явсан хүнийг мөргөсөн гэж бичсэн нь манай үйлчлүүлэгчийг буруутгах үндэслэлд хамаарахгүй байх боломжтой. Нөгөө талаар, жолоодох эрхийн оноотой холбоотой асуудал нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүгдэгчийн өөрийн гаргаж өгсөн лавлагаагаар “10 оноо сэргээв” гэсэн байдаг. Гэхдээ уг тодорхойлолтын маргааш нь 100.000 төгрөгөөр торгож, 5 оноог нь хассан. П.Б нь нийтийн тээврийн жолооч хүн бөгөөд оноотой, үнэмлэх хүчинтэй байснаар ажил, амьдралаа залгуулдаг. Тухайн үедээ оноогүй байсан бол сургалтад сууж оноогоо сэргээлгэх үйлдлийг 3 дугаар сард хийх байсан. Гэтэл оноотой гэж бодож байсан, оноо нь байсан учраас ийм үйлдэл хийгээгүй байтал 4 дүгээр сард гарсан ослын дараах лавлагаагаар оноогүй гэж гарсан. Үүнийг тодруулахаар холбогдох бүхий л газруудад очиж уулзахад “Бид нар мэдэхгүй байна, тэндээс асуу” гээд ямар ч хариу өгөөгүй. Гэсэн хэрнээ прокуророос ирүүлсэн албан бичгийн дагуу хариуг өгсөн. Манай үйлчлүүлэгч очиж уулзахад хариу өгдөггүй байж прокурорын албан бичгийн дагуу хүссэн хариултыг нь тэр дор нь өгснийг эргэлзээтэй гэж үзэж байна. Иймд энэ асуудлыг нэг мөр шалгуулж тодруулах хүсэлтэй байна.” гэв.

Яллагдагч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2023 оны 2 дугаар сард осол гаргасны улмаас оноогүй болж, ажил дээрээ сургалтад хамрагдаж 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн лавлагаагаар “10 оноо сэргээгдэв” гэсэн байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнпэлжээгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Яллагдагч П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун замд “Xiamen” маркийн 21-72 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн гарч яваа явган зорчигчид...зам тавьж өгнө” гэж тус тус заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.А/13 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй байсан уу гэдгийг эргэлзээгүй нотлон тогтоож чадаагүй..., ...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун замд тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн гэрэл дохиогоор нэвтрэх горим хэрхэн ажилладаг, тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хэвийн ажиллаж байсан эсэх, эсхүл саатал байсан уу, түүнчлэн ажилладаг горим, явган зорчигчийн гарц хэсгийн мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хариуцдаг эрх бүхий албан тушаалтнаас тодруулан, улмаар бодит байдлаар үзлэг хийж бэхжүүлж тогтоох...” гэсэн үндэслэл заан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байх ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу яллагдагч П.Бийн жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас ирүүлсэн мэдээлэл /1хх 242/, мөн хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 хотхоны баруун урд уулзвар дахь гэрлэн дохионы ажиллах горимын лавлагаа /1хх 212/ зэрэг нь хэрэгт авагдсан байх бөгөөд дээрх баримтуудыг хянаж үзсэний үндсэн дээр дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэвэл зохино. 

Иймд прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэнпэлжээгийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч П.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1261 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч П.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ