| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/08191/И |
| Дугаар | 197/ШШ2025/00409 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00409
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 197/ШШ2025/00409 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ...........тоотод оршин суух, О овогт Ш-йгийн Г-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Гэрэлт-Өргөө хотхонд байрлах, И СӨХ-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: цалин хөлс 6,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов. /хариуцагч И СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Ш.Г нь хариуцагч байгууллагад үйлчлэгчээр ажиллах хугацаанд цалин хөлсөө дутуу олгодог байсан тул 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл дутуу олгосон цалингийн үлдэгдэл 6,960,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч И СӨХ нь Ш.Г-г ажилд авсан тушаал, Хөдөлмөрийн гэрээ байгаагүй, өөрөөс нь өмнөх СӨХ-д ажиллаж байсан гэрээгээ өгөхийг удаа дараа шаардсан боловч өгөөгүй бөгөөд нотлох баримтыг үндэслэж цалин мөнгө өгнө гэж хэлсэн. Одоогийн СӨХ нь 2024 оны 01 сарын 15-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинг нь бүрэн өгсөн. Өмнөх дарга Э.Жавхлан нь ямар нэг цалингийн өр байгаа гэж хэлж байгаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.
3. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Илчит Өргөө сууц өмчлөгдийн холбоо нь Ш.Гэрлээтэй 3 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Ш.Г нь тус сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажиллаж, 800,000 төгрөгийн цалин хөлстэй байхаар харилцан тохиролцсон байна. /хх4-8/
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:
154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;
154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ.
Нэхэмжлэгч Ш.Гэрлээ нь 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл дутуу олгосон цалингийн үлдэгдлийг хариуцагчаас шаардаж байгаа ба урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэхгүйгээр шүүхэд хандсан.
Мөн дээрх хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх байтал уг хугацааг хэтрүүлж, шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд уг хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох талаар нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан үндэслэлээр Илчит Өргөө сууц өмчлөгдийн холбоонд холбогдох 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл дутуу олгосон цалингийн үлдэгдэл 6,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Энэхүү нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс төлсөн 126,310 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Ш.Г-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар И СӨХ-д холбогдох 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл дутуу олгосон цалингийн үлдэгдэл 6,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Гэрлээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 126,310 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Г- олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ