| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0627/З |
| Дугаар | 128/ШШ2024/0993 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0993
2024 12 03 128/ШШ2024/0993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч XXX даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дн Г /РД:ЧЕ*******/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: “Д” ТӨХК нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, гуравдагч этгээд “Д” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Иргэн Д.Гт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/118 дугаар захирамжаар Х дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт 6745 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, агуулахын зориулалтаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунган шийдвэрлэжээ.
1.2. Д.Гөөс 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус тус Нийслэлийн Газрын албанд хандан эзэмшиж буй газрынхаа талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргаж байснаа нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа дурджээ.
1.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/2214 дүгээр албан бичгээр иргэн Д.Гт “...17******* нэгж талбарын дугаар бүхий газрын талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргасан газар нь ...бусдын эзэмшил газартай давхцалтай байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг хүргүүлжээ.
1.4. Нэхэмжлэгчийн нэмж эзэмшихийг хүссэн газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/1478 дугаар захирамжаар “Д” ТӨХК-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
1.5. Улмаар иргэн Д.Гөөс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газартаа нэмж, нэмэгдүүлэхийг хүссэн 2000.1 м.кв газар нь “Д”-д Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/147 дугаар захирамжаар олгосон газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд шүүх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 6271 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.
1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхээс шаардсаны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1478 дугаар захирамжаар “Д” ТӨХК-д талбайн хэмжээг 2027 м.кв-аар нэмж олгосоныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн хүсэлт болгосон 2000,1 м.кв газрыг нэмж эзэмшүүлэхийг даалгуулах...” гэж тодруулан ирүүлсэн.
1.7. Улмаар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшлийн 6745 м.кв газрын хэмжээг нэмж, томруулах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох...” гэх шаардлагаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл.
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... Д.Г миний бие Х дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын 2017 оны 10 сарын 18-ны өдрийн А/797 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 17 18 дугаар бүхий 6745 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр 00 дугаартай гэрчилгээ олгогдож үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.
Миний эзэмшил газрын зэргэлдээх газар болох Х дүүрэг, 3-р хороо, 3-ын баруун талд байрлах 2000,1 м.кв газрыг өөрийн эзэмшлийн газар дээр нэмж талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг 2016 оноос хойш Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа гаргаж байсан бөгөөд 2021 оны 05 сарын 21-ний өдөр тус 2000,1 м.кв газрын байршлын кадастрын зургийг өөрийн нэр дээр гаргуулсан. Харин газрын албаны холбогдох албан хаагчийн зүгээс уг газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулах журмаар олгох газар тул олгох боломжгүй гэх мэт татгалзсан тайлбарыг амаар гаргасан билээ.
Улмаар миний бие 2023 оны 04 сарын 20-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан Х дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын талбайн хэмжээг 2000,1 м.кв газраар нэмэгдүүлэх хүсэлтийг гаргасан боловч тус албанаас “тухайн хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах заалтыг зөрчиж бусдын эзэмшил газартай давхцалтай байх тул хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд иргэн, хуулийн этгээдтэй холбоотой кадастрын мэдээллийг https://egazar gov.mn/ цахим хуудсанд хандаж авна уу” гэх хариуг 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 01-08/2214 тоот албан бичгээр хариу өгсөн.
Харин https://egazar.gov mn/ цахим хуудсанд хандан иргэн хуулийн этгээдтэй холбоотой кадастрын мэдээллийг хартал Д ТӨХК-д Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 сарын 22-ны өдрийн А/147 тоот шийдвэрийг үндэслэн олгосон гэх мэдээлэл байсан.
Миний бие өөрийн эзэмшлийн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж, нэмэгдүүлэхийг хүссэн газар дээр 2021 онд кадастрын зураг гаргуулсан байхад 2022 онд өөр этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч миний эрх ашгийг хөндөөд байгаа билээ.
Нийслэлийн Засаг дарга нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу Засаг даргын аливаа шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү хууль дээдлэх зарчмын дагуу хуульд үндэслэсэн байх учиртай бөгөөд төрөөс үндэслэлгүйгээр иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байх баталгаа болох учиртай.
Гэтэл Нийслэлийн засаг дарга нь А/1478 дугаар захирамжийг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарчмыг зөрчсөн. Тодруулбал:
1. Судлан тогтоох зарчим: Захиргаа нь гарч болох гомдол шаардлагыг урьдчилан тооцоолон аль болох боломжит судалгааг хийж нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой бөгөөд тухайн тохиолдолд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг нарийвчлан судалсан байх ёстой. Гэтэл Нийслэлийн засаг даргын А/147 дугаартай захирамж гаргахдаа нөхцөл байдлыг нарийвчлан судлан тогтоогоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг нарийвчлан судлахдаа өөрт байгаа нотлох баримтыг болон оролцогчдын гаргасан баримтыг үндэслэн шийдвэр гаргаагүй.
2. Сонсох ажиллагаа: Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Гэтэл Нийслэлийн засаг даргын А/147 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчээс тайлбар мэдээлэл аваагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй, сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Иймээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1478 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: “...нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зэргэлдээх газар болох Х дүүрэг, 3-р хороо, 3-ын баруун талд байрлах 2000,1 м.кв бүхий эзэнгүй, өмхий үнэртсэн, хогийн цэг болсон байсан жалганы хог, шороог цэвэрлэж, хувиасаа их хэмжээний зардал гаргаж нийт 21 удаа машинаар хог хаягдлыг цэвэрлэж зайлуулж, шороо асгаж тэгшилсэн. Улмаар дээрх газрыг өөрийн эзэмшлийн 6745 м.кв газар дээр нэмж, талбайн хэмжээгээ томруулах хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу эрх бүхий байгууллага буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл өгөх эрхийн хүрээнд 2016 оноос хойш хэд хэдэн удаа гаргаж байсан ч шийдвэрлээгүй.
Мөн тухайн газрыг эзэмших урьдчилсан нөхцөлөө хангаж, 2021 оны 05 сарын 21- ний өдөр тус 2000,1 м.кв газрын байршлын кадастрын зургийг өөрийн нэр дээр гаргуулж, иргэн Д.Г 2023 оны 04 сарын 20-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшлийн газрын талбайн хэмжээг 2000,1 м.кв газраар нэмэгдүүлэх хүсэлтийг дахин гаргасан боловч тус албанаас “тухайн хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах заалтыг зөрчиж бусдын эзэмшил газартай давхцалтай” гэх хариуг 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 01-08/2214 тоот албан бичгээр хариу өгсөн.
Харин https://egazar.gov.mn/ цахим хуудсанд хандан иргэн, хуулийн этгээдтэй холбоотой кадастрын мэдээллийг хартал Д ТӨХК-д Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 сарын 22-ны өдрийн А/1478 тоот шийдвэрийг үндэслэн олгосон гэх мэдээлэл байсан. Нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтанд газар эзэмших хүсэлтээ уламжлуулахаар гаргахад шийдвэрлээгүй атлаа гуравдагч этгээдийн хүсэлтийг уламжилсны улмаас түүнд хууль бусаар маргаан бүхий газрыг олгосон гэж үзэж байна.
Миний бие өөрийн эзэмшлийн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж, нэмэгдүүлэхийг хүссэн эзэнгүй хүн ашиглахын аргагүй болсон газрыг арчлан сэргээж, 2021 онд кадастрын зураг гаргуулсан байхад огт шийдвэрлээгүй байтлаа 2022 онд өөр этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч миний эрх ашгийг хөндөөд байгаа билээ.
Иймээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшлийн 6745 м.кв. газрын хэмжээг нэмж, томруулах хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Г нь Х дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/797 тоот шийдвэрээр нэгж талбарын 18 дугаартай 6745 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж гэрчилгээ олгогдсон. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зэргэлдээх газар болох Хан-уул дүүргийн -3-ын зүүн талд байрлах 2000,1 м.кв газар бүхий эзэнгүй, өмхий үнэртсэн, хогийн цэг болсон байсан жалганы хогийг цэвэрлэж, газрыг тэгшилж, хувиасаа 21 машинаар тухайн гуу жалганд хурсан их хогийг нүүлгэж, шороо асгаж, тэгшилснээр хүн ашиглах боломжтой болгож засаж, тохируулсан. Улмаар дээрх газрыг нэхэмжлэгч өөрийнхөө эзэмшлийн газар дээр нэмж нэгтгүүлэх хүсэлтээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу эрх бүхий этгээд болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл өгөх эрхийнхээ хүрээнд хэд хэдэн удаа гаргаж байсан ч шийдвэрлэгдээгүй. Улмаар нэхэмжлэгч Д.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дахин хүсэлт гаргадаг. Тухайн хүсэлтэд маргаан бүхий газрыг нэмж нэгтгэж, талбайн хэмжээгээ томруулах тухай хүсэлтийг гаргадаг. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариу ирэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар бусдад эзэмшүүлсэн газартай давхцалтай байгаа тул боломжгүй байна. Эзэмшүүлсэн мэдээллийг цахимаар хандаж аваарай гэх агуулгаар хариу ирсэн. Цахимаар хандтал 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1478 тоот шийдвэрийг үндэслэн Д ТӨХК-д эзэмших эрх олгосон байдаг.
Нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтанд газар эзэмших хүсэлтээ уламжлуулахаар гаргаж шийдвэрлээгүй буюу уламжлаагүй атлаа гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэж, хүсэлтийг уламжилсны улмаас гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгогдсон нь хууль бус гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээс түрүүлээд нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ өгч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мөн тухайн газарт хэд хэдэн удаа кадастрын зураг гаргуулсан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал аймаг, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба нягталж, хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдээлэл өгч, бүртгэлээс хасна гэж зааснаар Газар зохион байгуулалтын алба нь тухайн үед гуравдагч этгээдээс гаргасан газар эзэмших хүсэлтийг судлахдаа хээрийн судалгааг хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тухайн газартай холбоотой түүх, тухайн газар дээр иргэн, хуулийн этгээдээс гаргаж байсан хүсэлт, мэдээлэл, баримтыг судалж, тухайн газар хэн нэгний эзэмшил, ашиглалтад байгаа эсэх талаарх хээрийн судалгааг хийх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүйгээс гуравдагч этгээдэд тухайн газрыг эзэмшүүлсэн гэж үзэж байгаа.
Хэрвээ хээрийн судалгааг хийж үүргээ биелүүлсэн бол тухайн газар дээр нэхэмжлэгч нь хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан талаар болон тухайн хүсэлт нь шийдвэрлэгдээгүй одоо болтол байгаа, тухайн газрыг нэхэмжлэгч өөрийнхөө хөрөнгөөр засаж тохижуулсан, хэд хэдэн шугам сүлжээ байгаа юм байна гэдгийг судалж тогтоох байсан. Захиргааны байгууллага буюу хариуцагч нар нь маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сая дурдсан хээрийн судалгааг хийгээгүй, шаардлагатай баримт, мэдээллийг судлаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаар Эрчим хүчний сайдын албан тоотыг үндэслээд л олгочихсон юм шиг харагдаад байгаа юм. Гэвч тухайн газрын үүх түүхийг судлаагүй 3 цэгт олгох боломжтой байна. Энэ гурвыг судлаад манайд хариу ирүүлнэ үү гэх хүсэлтийг гуравдагч этгээдээс хариуцагч уруу явуулдаг. Гэтэл тухайн 3 цэг боломжтой эсэхийг нарийвчлан судлаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэж үзэж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт дээр үндэслэл болгосон эрх зүйн хэм хэмжээ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэг юм. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын аргаар бус шууд олгох боломжтой энэ зохицуулалтуудыг хэрэглэсэн. Тухайн заалтад газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж заасан байдаг. Тиймээс маргаан бүхий 2000,1 м.кв газрыг олгох болсон нь төлөвлөгөөтэй нийцэж байгаа гэдэг нь тодорхой биш. Засаг дарга газрыг олгох бүрэн эрхтэй. Гэхдээ эрх зүйн хэм хэмжээнд заасан 3 урьдчилсан нөхцөлд бүрэн хамрагдсанаар олгох боломжтой. Нэгдүгээрт, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй болсон байх. Хоёрдугаарт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байх. Гуравдугаарт, нийслэлийн юм уу, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн жилийн буюу 2021, 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхийнхээ хүрээнд газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Гэтэл ийм үйл баримт байхгүй. Шууд 2000 м.кв нэмэгдүүлчихсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр захиргааны акт нь аливаа нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодорхой хэмжээгээр хязгаарладаг гэдэг агуулгаараа захиргааны акт гаргахаас өмнө тодорхой нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдсэн байх ёстой. Энэ хүрээнд хэрвээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг дарга энэхүү чиг үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд газрыг шууд нэмэгдүүлэхгүй байсан. Тодруулбал, давхцаж байгаа талбай дээр нэхэмжлэгч Д.Г, түүний хувьцааг нь эзэмшдэг “Ө*******” ХХК-ийн шугам хоолой, сүлжээнд байдаг. Мөн цахилгааны ЦТП болон КТП гэх байгууламжууд байдаг. Тэгэхээр үүнийг нь Д ТӨХК 2011, 2013 онд техникийн нөхцөлийг нь өгөөд, үүнийх нь дагуу 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд цахилгааны эрчим хүч, дулааны эрчим хүч, хэрэглээний ус аваад явж байсан. Ийм шугам хоолой буюу байгууламж байрладаг газар дээр газрыг нь нэмэгдүүлээд өгчхөж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшдэг “Ө*******” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь шууд зөрчиж байна...” гэв.
Гурав. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ: “...Д.Гт Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/118 дугаар захирамжаар Х дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17 нэгж талбарын дугаар бүхий 6745 м.кв газрыг агуулахын зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Үүний дараа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 тоот захирамжаар 6745 м.кв газрыг 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, мөн зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” нь аймаг нийслэл, сум дүүргийн Засar даргын бүрэн эрх байхаар, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, мөн Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Г нь өөрийн эзэмшлийн газраа сунгах тухай хүсэлтэд дурдсан газар нь бусдын эзэмшил газартай давхцаж байх тул газар эзэмшүүлэх боломжгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.2. Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Иргэн Д.Г нь өөрийн эзэмшлийн 6745 м.кв газрын хэмжээг нэмж, нэмэгдүүлэхийг хүссэн бөгөөд Дад Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1478 дугаар захирамжаар олгосон газартай давхардсан байна.
Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Г нь өөрийн эзэмшлийн газраа сунгах тухай хүсэлтэд дурдсан газар нь бусдын эзэмшил газартай давхцаж байх тул газар эзэмшүүлэх боломжгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... нэхэмжлэгч Д.Гөөс Газрын албанд газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт 2016 оноос хойш удаа дараа гаргасан гэдэг тайлбарыг ирүүлдэг. 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбар болон кадастрын зургийг харвал тус газрыг 21 машин хог хаягдлыг цэвэрлэсэн. Мод үржүүлгийн зориулалтаар 11200 м.кв газрыг нэмж эзэмших хүсэлтэй байна гэсэн агуулга бүхий өргөдлийг “Н” ХХК-ийн кадастрын зурагтай хамт ирүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөн адил агуулга бүхий өргөдлийг “Б” ХХК-ийн үйлдсэн 10942 м.кв кадастрын зургийн хамт ирүүлсэн байдаг. Үүний дараа 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 6745 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг. Эзэмшил газрын кадастрын цэгүүдэд өөрчлөлт хийж өгнө үү. Газрын талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй болно. Мөн гэрчилгээг шинэчилж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн. Хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшил газрын зэргэлдээх 2000,1 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гаргаж байна гэсэн агуулга бүхий өргөдлийг 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн “Э” ХХК-ийн үйлдсэн 2000,1 м.кв кадастрын зургийг авч ирүүлсэн. Өмнөх 2016, 2017 оны хүсэлтүүдийг кадастрын зургийн хамт судлаад үзэхээр тус хүсэлт гаргасан газруудыг иргэн Д.Г Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 797 дугаар захирамжийн 29 дэх хэсгээр эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Тус газрын хувийн хэрэг хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Маргаан бүхий газрыг эзэмшигчийн зүгээс хамгийн анх хүсэлт гаргасан огноог нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байдаг. Тухайн үед хүсэлт гаргасан газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1478 дугаар захирамжаар Д ТӨХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ гэдгийг үндэслэж олгосон. Тус хуулийн зүйл заалтыг үндэслэсэн шалтгаан нь Д ТӨХК-д 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан тоотоор Монгол Улсын Засгийн газрын тогтоол эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх тухай арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллага учраас тус газрын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэсэн албан хүсэлтийг ирүүлсний дагуу тус газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хүсэлт гаргах үед тус газрыг бусад иргэдэд эзэмшүүлж, ашиглуулчихсан байсан учраас Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан байршил бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцах ёсгүй гэх хуулийн зүйл заалтаар зөвтгөгдөж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийг хууль бус гэдэг нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн татгалзал хариу, тайлбар:
4.1 Гуравдагч этгээд “Д ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: “...Д ТӨХК нь цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг улсын онц чухал объект бөгөөд 100% төрийн өмчит компани юм. Тус станц нь 1968 онд ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж энэ хугацаанд газраа эзэмшиж байгаа бөгөөд тоног төхөөрөмжүүд нь 220 мянган цаг буюу 25 жилийн хугацаатай ажиллах ёстой ч өнөөдөр тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүй 55 жил засварлаад явж байна. Станцын үйл ажиллагаа хэзээ ч зогсоход бэлэн байгаа юм. Тийм ч учраас 2018 оноос хойш Гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх асуудал улсын хэмжээнд эрчимтэй яригдаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж /2018.06.14-ний 32/20, 2020.11.03-ны өдрийн 20/14/ Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд /2018.01.03-ны 01, 2018.10.17-ны 309, 2021.05.1-ний 146/ гарсан.
Энэхүү Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудын дагуу *******-3 ТӨХК-ийн хүчин чадлыг үе шаттайгаар /1-р үе шат 75 МВт, 2-р үе шат 250 МВт/ нэмэгдүүлэхээр ТЭЗҮ-ээ боловсруулаад төслийн бэлтгэл ажлыг эхлүүлээд явж байна. Төслийн ажлын хүрээнд гүйцэтгэгч талаас өгсөн мэдээллийн дагуу шинээр баригдах барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн өргөтгөл, ажилчид байрлан ажиллах оффис, тоног төхөөрөмж хадгалах агуулах барихад нийт 8 га газар шаардлагатай байгаа бөгөөд станцын одоо байгаа газрын зай талбай хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс холбогдох эрх бүхий байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргасны газар эзэмших зөвшөөрөл авсан.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Нөхцөл байдлыг тогтоохдоо захиргааны байгууллага оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга шийдвэрээ гаргасан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 1478 дугаар захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх бүхий шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
4.2. Гуравдагч этгээд “Д ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... “Д” ТӨХК-ийн ашиглах хүчин чадлыг өнөөдрийг хүртэл нэг ч тоног төхөөрөмжөөр шинэчилж чадаагүй. Хоёр дахин их цаг хугацаагаар ажиллаад явж байгаа. Станцын үйл ажиллагаа нь хэзээд зогсоход бэлэн нөхцөл байдалд хүрчихсэн байна. Тиймээс улсын хэрэгцээний цахилгаан, дулаан үйлдвэрлэл үйл ажиллагаа нь хангалтгүй байгаа учраас 2018 оноос хойш Д******* III дээр түшиглээд V дугаар цахилгаан станцыг барих асуудал яригдаж эхэлсэн. Үүнээс хойш Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж 2018 онд гарч, Засгийн газрын тогтоол мөн онд гарч байсан. Тухайн зөвлөмжүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд Оросын Холбооны Улсын “И” гэдэг компанитай төслийн үйл ажиллагааг эхлүүлээд явж байгаа боловч дайны байдалтай холбоотой түр зуур зогсонги байдалд орсон байсан. Энэ жил Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.П Монгол Улсад айлчлал хийж уг төслийн ажлыг хэрэгжүүлэхээр гарын үсэг зураад явсан. Үүний дагуу уг төслийн ажил хэрэгжүүлэхэд 8 га газар шаардлагатай байна гэсэн Оросын Холбооны Улсын бичгүүд хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Энэ газар хаа ч хүрэхгүй. Тийм учраас удаа дараа газраа нэмэгдүүлэх асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга зэрэг хандах ёстой бүх газруудад хандаж байсан. Үүний дагуу тодотгосон төлөвлөгөө гараад, хуулийн дагуу газар эзэмших эрх маань олгогдсон.
Хэдийгээр Д.Г нь 2016, 2018 онд газар эзэмших өргөдөл гаргаж байсан гэх боловч ямар ч баримт харагддаггүй. Д.Г нь хувийн ашиг сонирхлоо төрийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж, зөвшөөрөлгүй хоосон газрыг хашаалаад авчихсан. Бидний зүгээс газар чөлөөлөөд өгөөч ээ гэхээр өгдөггүй. Цахилгаан техникийн нөхцөл олгогдчихсон. Шугам, сүлжээ байрласан гээд байгаа юм. Энэ нь 2019 онд 2 жилийн хугацаатай олгогдсон техникийн нөхцөл байдаг. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй учраас хүчингүй болчихсон гэж үзэж болно. Захиргааны ерөнхий хуулиар захиргаанаас сонсох ажиллагаа явагдаагүй шийдвэр гаргачихлаа гэж үзээд байх шиг байна. Сонсох ажиллагаа явагдахгүй байх нөхцөлүүд байдаг. Үүнд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлах гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан боловч гарцаагүй байдлын улмаас эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэж байгаа.
Иймд Нийслэлийн Засаг даргын А/1478 дугаар захирамжийг зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий шаардлагыг хангасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
1.1. Шүүх, төлөөлөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.2. Хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэнийг тэмдэглэв.
2. Нэхэмжлэгчийн газрын эрхтэй холбоотой үйл баримтаас үзвэл,
2.1. Нэхэмжлэгч Дн Гт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/118 дугаар захирамжийн хавсралт ёсоор Х дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6745 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 03 дүгээр гэрчилгээ олгож, мөн өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан.
2.2. Нэхэмжлэгч Д. Гт Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/797 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 17, 18 дугаарт, 6745 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар, үйлдвэрлэлийн зориулалтаар Х дүүргийн 3 дугаар хороонд эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 00 дугаар гэрчилгээ олгож, мөн өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан. Энэ захирамж гарсантай холбоотойгоор 2022 оны А/118 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон.
3. Гуравдагч этгээдэд хамаарах үйл баримтыг түүвэрлэн үзвэл,
3.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/824 дугаар захирамжаар /хавсралтын 14/ “Д” ТӨХК-д Х дүүргийн нутаг дэвсгэрт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар, нэгж талбарын 17 дугаар бүхий 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 417470 м.кв газрын хэмжээг 421059 м.кв болгон өөрчлөлт оруулснаар эзэмших эрхийг Э-22 дугаарт бүртгэж, Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01122- дугаартай гэрээг байгуулсан.
3.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/1116 дугаар захирамжаар /хавсралтын 17/ “Д” ТӨХК-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нэгж талбарын 17 дугаар бүхий 417470 м.кв газрыг 421060 м.кв болгон өөрчлөлт оруулсан. Энэ захирамжийн 3 дахь заалтаар 2021 оны А/824 дугаар захирамжийн “Д” ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон.
3.3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/1478 дугаар захирамжаар “Д” ТӨХК-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, нэгж талбарын 17 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, 421060 м.кв газрын хэмжээг 423068 м.кв болгон өөрчлөлт оруулсан. Энэ захирамжийн 3 дахь заалтаар 2022 оны А/1116 дугаар захирамжийн хавсралтын “Д” ТӨХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон.
3.4. Харин одоо гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/824 болон 2022 оны А/1116 дугаар захирамжийн дагуу 00******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ ёсоор нэгж талбарын 17 дугаарт, улсын бүртгэлийн Э-22 дугаарт бүртгэлтэй байгааг тэмдэглэж байна.
4. Бусад үйл баримтын талаар.
4.1. Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Баримт гаргуулах тухай” 1/860 дугаар албан бичгээр хандсаны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” 32/20 дугаартай зөвлөмж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Дулааны III цахилгааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг эрчимжүүлэх тухай” 10/14 дугаартай зөвлөмж”-ийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5/46 дугаар албан бичгээр ирүүлсэн.
4.2. Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2825 дугаар албан бичгээр “...иргэн Д.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын зүгээс маргаан бүхий газар дээр газар эзэмших эрх авахын тулд гаргасан бүхий л хүсэлтийг, холбогдох баримтыг гаргуулах”-аар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шаардсаны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01-05/2007 дугаар албан бичгээр хариуг ирүүлэхдээ: “...Д.Гөөс тус албанд хандан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эзэмшил газрын эргэлтийн цэгийг өөрчлүүлэх, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр талбайн хэмжээ нэмэгдүүлэхээр өргөдөл гаргасан байх бөгөөд тус албаны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/2575 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн болно...” гэж ирүүлсэн.
4.3. Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 01/4898 дугаар албан бичгийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/4898 дугаартай албан бичгээр ирүүлэхдээ: “...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зурган мэдээлэлд бүртгэлтэй нэгж талбарын 17*******, 17******* дугаартай газрууд нь 2011-2012, 2022 онуудын сансрын зургийн хил заагт хамаарч байх тул давхцуулан хүргүүлж байна...” гэх хариуг ирүүлсэн.
4.4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 66 дугаар тогтоолоор Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд хавсралтын 28-д Х дүүргийн 3 дугаар хороо, Д*******ын ард талд 0.2 га газрыг төрийн захиргааны байгууллага зориулалтаар III-IV улиралд олгохоор баталсан.
4.5. Д.Гт, Нийслэлийн Газрын албаны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/549 дүгээр албан бичгээр “...ноцтой зөрчин зохих зөвшөөрөлгүй талбайн хэмжээг нэмэгдүүлсэн байх тул ...гэрээний үүргээ биелүүлэн кадастрын зургийн дагуу хашаагаа татаж, зөрчлөө арилгахыг үүгээр мэдэгдье...” гэх мэдэгдлийг хүргүүлснээр,
Иргэн Д.Гөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр танай байгууллагаас 03/549 тоот мэдэгдэх хуудсыг хүлээн авсан ...эрүүл орчныг бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд зохих дүрэм журмын дагуу бидэнд олгож өгнө үү...” гэх өргөдлийг Нийслэлийн Газрын албанд хандан гаргасан ба,
Дээрх Газрын албаны мэдэгдэл болон мэдэгдлийг хүлээн авснаар нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл бүхий энэхүү үйл баримт нь маргааны зүйлд хамааралгүй болохыг, түүнчлэн нэхэмжлэгч Д. Гт газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/797 дугаар захирамжийг гарахаас өмнөх үйл баримт болохыг дурдахаар байна.
4.6. Харин өнөөдөр яригдаж байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж байгаа гэх газрын эрхийн зөрчил энэ үед байсан болохыг, дээрх 6745 м.кв газраас тусдаа, ЧЕ******* регистртэй Ө******* овгийн Д.Гт Х дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ногоон байгууламжийн зориулалтаар 10942 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” А/797 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, нийт газар эзэмшлийн хэмжээ 17687 м.кв байгааг тэмдэглэв.
5. Маргаан бүхий захирамжийн газрын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага, захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.
5.1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналын дагуу нийт арван иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” А/1478 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл. “Захиргааны актын илэрхий алдааг засах” гэж заасныг тус тус үндэслэн гарсан.
5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий А/1478 дугаар захирамжийн маргаж буй газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар “өөрийн эзэмшлийн 6745 м.кв газрын зэргэлдээх газрын хогийг цэвэрлэж, газрыг тэгшилснээр гуравдагч этгээдээс түрүүлээд 2000,1 м.кв газрыг нэмж эзэмших хүсэлтээ өгснийг шийдвэрлээгүй нь хууль бус, хээрийн судалгаа хийгээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцээгүй” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “эзэмшиж буй газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг 2016 оноос хойш удаа дараа гаргасан гэдэг авч өөр, өөр хэмжээтэй газрын кадастрын зургийг өөр, өөр компаниар хийлгүүлж хүсэлтээ гаргасан, одоо маргаж буй газрын талаар 2021 онд хийлгүүлсэн зургийг хавсарган 2023 онд хүсэлтээ ирүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5-д зааснаар зөвтгөгдөж, маргаан бүхий захирамж хууль бус гэсэн нь үндэслэлгүй байна” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн зүгээс “Д.Г нь зөвшөөрөлгүй хоосон газрыг хашаалж авсан, газрыг чөлөөлж өгдөггүй, газар зохион байгуулалтын тодотгосон төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргаас хуулийн хүрээнд гаргасан А/1478 дугаар захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа энэ тохиолдолд шүүхийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиас өмнө үйлчилж байсан Газрын тухай хуулийн 20.2.1, 21.2.4, 27.1, 27.4, 31.3, 32.1, 35.1.1, 35.1.5-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.
6. Хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олгох, шилжүүлэх тухай шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаар хяналт тавих зэргээр Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулахаар тухайлбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 20.2.2. “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 21 дүгээр зүйлийн 21.2. “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.4. “... нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” бүрэн эрхтэй, уг эрхийг хэрэгжүүлэхдээ, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3. “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4. “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3. “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх”, 33 дугаар зүйлийн 33.1.1. “...заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээт газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ...төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргах” зохицуулалтыг зөв хэрэгжүүлж, гаргасан захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нийцсэн байна.
7. Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр явуулсан маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч Д.Г нь маргаж буй 2000,1 м.кв газрыг 2011 онд хашаалж авсан талаар хэлж, үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр Газрын тухай хуулийн 27.3, 27.4-д заасныг зөрчиж өөрийн мэдэлд байлгаж буй нь хуульд нийцээгүй,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/4898 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын агаар сансрын зураг, нэгж талбарын давхцалыг харуулсан хавсралтаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшилд бүртгэлтэй байгаа газрууд нь хоорондоо болон өөр бусад этгээдийн өмчлөл болон эзэмшилд байгаа газартай давхцалгүй болох нь нотлогдож, хариуцагчаас маргаан бүхий А/1478 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31.3-д зааснаар давхцалгүй газар дээр шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй, үүгээрээ нэхэмжлэгч талын “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдах ёстой, захиргаа хангаагүй” гэх тайлбар няцаагдана.
Түүнчлэн маргаан бүхий А/1478 дугаар захирамж нь нэхэмжлэгч иргэнд чиглэн гараагүй тул сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр маргах эрхгүй, нэхэмжлэгчийн маргасан үндэслэл, тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
8. Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “өөрийн эзэмшлийн 6745 м.кв газрын хэмжээг нэмж, томруулах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгох” шаардлагын тухайд.
8.1. Нэхэмжлэгч Д.Гөөс 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр огноолон “...11200 м.кв газрыг нэмж эзэмших тухай...” хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр огноолон “...3227 м.кв газрыг нэмж эзэмших тухай..” хүсэлт, Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгаас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “...2000,1 м.кв газрыг нэмж эзэмших тухай...” хүсэлтийг тус тус Нийслэлийн Газрын албанд хандан гаргасан гээд 1-р хх-ийн 14-16-д авагдсан хүсэлтүүдийг гаргаж өгсөн бол,
8.2. Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01-05/2007 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад “иргэн Д.Гөөс тус албанд хандан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эзэмшил газрын кадастрын цэгүүдэд өөрчлөлт хийлгэх, гэрээ гэрчилгээг шинэчилж авах, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр талбайн хэмжээгээ нэмэгдүүлэхээр өргөдөл гаргасан ба тус албаны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/2575 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн” гэжээ.
8.3. Тодруулбал, энэхүү 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/2575 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу шийдвэрлэдэг бөгөөд хүсэлт талбайн хэмжээ нэмэгдүүлэхээр гаргасан байршил нь 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна...” гэх хариуг иргэн Д.Гт хүргүүлжээ.
8.4. Тэгвэл, Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгаас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “...2000,1 м.кв газрыг нэмж эзэмших тухай...” хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/2214 дүгээр албан бичгээр “...17******* нэгж талбарын дугаар бүхий газрын талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж бусдын эзэмшил газартай давхцалтай байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг хүргүүлжээ.
9. Ийнхүү дээр дурдсан үйл баримтууд, хэрэгт цугласан бусад нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгчийн 2016 оноос хойш удаа дараа эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болон 28-ны өдөр гаргасан өргөдөлд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/2214 дүгээр, 06 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/2575 дугаар албан бичгээр тус тус хариуг өгсөн нь тогтоогдож байна.
10. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “маргаан бүхий 2000,1 м.кв газрыг эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан байхад Нийслэлийн Засаг даргад уламжлуулахаар шийдвэрлээгүй атлаа гуравдагч этгээдийн хүсэлтийг уламжилж түүнд хууль бусаар марган бүхий газрыг эзэмшүүлсэн, эс үйлдэхүй хууль бус” гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй, хүсэж буй газрыг гуравдагч этгээд “Д” ТӨХК-д олгосныг буруутгах үндэслэлгүй.
11. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. “аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна” гэж заасны дагуу хариуцагчаас мөн хуулийн 23.3.1-23.3.9-д заасан ямар бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх нөхцөл болов гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчид шүүхээр хамгаалагдах, сэргэх эрх байхгүй байна.
12. Нөгөөтээгүүр, газар эзэмшихэд тавигдах шаардлага нэхэмжлэгчийн хувьд бий болоогүй, тодруулбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2. “Хүсэлт гаргасан газрын байршил нь ...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 66 дугаар тогтоолоор “Нийслэлийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд хавсралтын 28-д Х дүүргийн 3 дугаар хороо, Д*******ын ард талд 0.2 га газрыг төрийн захиргааны байгууллага зориулалтаар III-IV улиралд олгохоор баталсан” байгаа нь маргаан бүхий 2000 м.кв газрыг “иргэн”-д олгохоор заагаагүй болохыг харуулж байна.
13. Бодит байдал дээр гуравдагч этгээд нь уг маргаан бүхий газрыг эзэмшихээр мөн олон удаагийн хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргад гаргадаг ба энэ байдал хэрэгт авагдсан Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01-08/4818 дугаар албан бичгээр ирүүлсэн 151 хуудас баримтаар нотлогддог.
14. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч талаас маргасан үндэслэлийг хэрэгт цугласан баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхэд, хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшүүлсэн маргаан бүхий 2000,1 м.кв газар эзэмших эрх нэгж талбарын болон зориулалтын хувьд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1.3. “аж ахуйн нэгж, байгууллагын”, 30 дугаар зүйлийн 30.1. “газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад... эзэмшүүлж болно”, 31 дүгээр зүйлийн 31.1. “газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.3. “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 34 дүгээр зүйлийн 34.1. “... газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 37 дугаар зүйлийн 37.2. “...эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж,... гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” зэрэгт заасан зохицуулалтын хүрээнд хэрэгжиж байгаа болох нь нотлогдож, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.4. “...нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 33 дугаар зүйлийн 33.1.2. “...заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг ... шийдвэрлэнэ” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хариуцагч Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргасан, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” талаарх газар эзэмшигч гуравдагч этгээдийн эрхийг маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхгүй болон газрын давхцалгүй байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралдаан дээр тайлбарласан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
15. Шүүх, нэхэмжлэгчийн газрын давхцалыг тогтоолгож хүчингүй болгуулах, газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул даалгах шаардлагыг мөн хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 23 дугаар зүйлийн 23.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгаас, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1478 дугаар захирамжаар “Д” ТӨХК-д талбайн хэмжээг 2027 м.кв-аар нэмж олгосоныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшлийн 6745 м.кв газрын хэмжээг нэмж, томруулах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн хүсэлт болгосон 2000,1 м.кв газрыг нэмж эзэмшүүлэхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН