Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/804

 

 

 

 

 

 

 

 

 

 

         2023           8            08                                     2023/ДШМ/804

 

 

С.Б, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.О,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х, түүний өмгөөлөгч Ц.Б,

шүүгдэгч С.Б, С.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ж,

нарийн бичгийн дарга  Д.Т нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х, шүүгдэгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн 2211006471894 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. П овгийн С-ын Б, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Р” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Б дүүргийн ** дугаар хороо, ***, **** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Ч дүүргийн ** дугаар хороо, ***, **** тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:***********/;

 

2. П овгийн С-ын Б, 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн технологийн инженер мэргэжилтэй, “Р” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Б дүүргийн ** дугаар хороо, ***, **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:************/;

 

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 7 дугаар сарын 06-нд “Р” ХХК-ийн компанийн эрх ашгийн төлөө, түүний нэрийн өмнөөс Цагдаагийн ерөнхий газартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах шийдвэр гарган гэрээ байгуулж гэрээний дагуу засвар үйлчилгээг хийж гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна”, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”, 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалт “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй”, 26 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалт “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл”, мөн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна” гэсэн заалтуудыг зөрчиж хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр засварын ажил гүйцэтгэж байсан иргэн Н.Гашиглаж байсан угсардаг шат эвдрэл гэмтэлтэй байсны улмаас гишгүүр нь хугарч өндрөөс унаж баруун зулай яснаас урагш доош чамархай, суурийн дунд хонхор, их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр чамархайн эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун бөөрний урагдал, хальсан доорх цус хуралт, голтын цус хуралт, хүзүүний 5 дугаар нугалмын баруун педикул; баруун эгэмний дунд 1/3, баруун 5,6 дугаар хавирганы суганы арын, зүүн 1 дүгээр хавирга нугалмын хажуугийн шугамаарх зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, баруун 2-5 хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх зөрүүгүй далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэн, баруун мөр, ташаа, гуя, зүүн өвдөгт цус хуралт үүсэж гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан бөгөөд түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт,

 

шүүгдэгч С.Бнь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Р”ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллах гэрээ байгуулан ажиллаж байхдаа Цагдаагийн Ерөнхий газартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар туслан гүйцэтгэх ажилчдаар тааз будах ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,

Өдөр тутмын буюу давтан зааварчилгаа МNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. “Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16 дахь заалт “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө/-ын дагуу ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр засвар хийж байсан иргэн Н.Г ашиглаж байсан угсардаг шат нь эвдрэл гэмтэлтэй байсны улмаас гишгүүр нь хугарч Н.Гнь толгой хэсгээрээ өндрөөс унаж баруун зулай яснаас урагш доош чамархай, суурийн дунд хонхор, их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр чамархайн эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун бөөрний урагдал, хальсан доорх цус хуралт, голтын цус хуралт, хүзүүний 5 дугаар нугалмын баруун педикул, баруун эгэмний дунд 1/3, баруун 5,6 дугаар хавирганы суганы арын, зүүн 1 дүгээр хавирга нугалмын хажуугийн шугамаарх зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, баруун 2-5 хавирганы өвчүүний хажуугийн шугамаарх зөрүүгүй далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун чихний дэлбэнгийн ар талд хөхлөг сэртэн, баруун мөр, ташаа, гуя, зүүн өвдөгт цус хуралт үүсэж гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан бөгөөд түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч П овогт С-ын Б, П овогт С-ын Б нарыг  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч С.Бт мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч С.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Бнь ажил оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 4.034.929 төгрөг, шүүгдэгч С.Б-оос 4.034.929 төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч дүүргийн ** дугаар хороо, булгийн ** гудамжинд оршин суух, Ч ургийн овогт Н-гийн Х /РД:**********/-д олгож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын 10 дугаар нүүрт "Хохирол, хор уршиг төлөгдсөн байдал" гэдэгт миний хэлсэн үгийг дутуу бичсэн байна. Би одоохондоо санал гомдолгүй, талийгаачийн хүүхдүүд ээжийнхээ нас барсныг мэдээгүй, бид хэлж зүрхлээгүй байгаа. Хүүхдүүд нь ухаан орохоороо юу нэхэмжлэхийг би мэдэхгүй байна. гэж хэлсэн. Харин манай өмгөөлөгч миний хэлснийг баталгаажуулж, хүүхдүүдийн зүгээс нэмж нэхэмжлэл гаргах боломжтой үлдээж, шүүхийн шийдвэртээ иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх энэ талаар огт бичээгүй, шүүхийн тогтоолд дурдаагүйд гомдолтой байна. Ер нь бол оршуулгын зардалд 18.000.000 төгрөгийн зардал гаргасан боловч тухайн үед баримтаа бүрдүүлж мэдэхгүй байсан, эгч маань гэнэт л нас барсан болохоор ээж аав 2 маань шоконд ороод бие нь өвдөж, эмчилгээ, дусал тариа хийлгэж, хажуугаар нь оршуулгын ажил гээд баримт бүрдүүлэхтэй манатай байсан. Шүүгдэгч С.Бнь “цаашид 2 хүүхдийг нь харж үзнэ” гэж ярьж байсан боловч сая хүүхдийн баяраар таг чиг байсан. Мөн 7 дугаар сарын 01-ний дотор өгнө гэсэн  мөнгөө өгөөгүй байгаа нь энэ хүмүүс хэлсэн ярьсандаа байдаггүй хүмүүс байна гэж ойлгогдож байна. Дараа жилээс талийгаач эгчийн маань 2 хүүхдийн том нь сургуульд орж нэмэлт зардал гарч асуудал үүсэх нь тодорхой, шүүгдэгч нар баяр ёслол аливаа зүйлд талийгаачийн хүүхдүүдэд сэтгэлээрээ туслаад явна гэж бидэнд ойлгуулсан. Гэвч надаар тэнсэн ял өгчих өө гэж хэлүүлж, хөнгөн ял авчихаад шууд зангаа хувиргаж, ийм зан гаргаж байгаа тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4,  511 дүгээр зүйлд заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний зүгээс гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэл , алдаандаа маш их гэмшиж байгаа бөгөөд амь хохирогчийн ар гэрийнхнээс дахин уучлалт хүсье. Анхан шатны шүүх хуралд орохдоо амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 28.069.859 төгрөгөөс, 20.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8.069.859 төгрөгийг төлөхөө илэрхийлж байсан. Одоо үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Би “Р”ХХК-ийн хөдөлмөр хамгааллын инженерээр ажилладаг, тухайн компанийг ах дүүсээрээ ажиллуулдаг ба компанийн үйл ажиллагаа нэг нутаг дэвсгэр дээр байнга хийгддэггүй, Монгол Улсын аль ч хот, аймаг сумдад барилгын дотор засал, чимэглэлийн ажил хийдэг юм. Хувийн байдлын хувьд эхнэр бага насны 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Ар гэр маань миний цалин хөлсөөр амь амьдарлаа зохицуулж явдаг. Зорчих эрх хязгаарлах ял авснаар эрх чөлөөгөө хязгаарлуулаад зогсохгүй, ажил хөдөлмөр хийх боломжгүй болж ар гэрээ тэжээн тэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, мөн ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангах үүднээс надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Н.Х сандраад сайн тайлбарлаж чадахгүй байх шиг байна. Би анхан шатны шүүх хуралдааны өмнөхөн өмгөөлөгчөөр оролцсон. Хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч аваагүй байсан тул оршуулгын зардлын материалаа бүрдүүлэхээ ч мэдэхгүй нэг жил орчим явсан байсан. Өмгөөлөгчийн хувьд зөвлөгөө өгөхдөө “энэ мөнгө бол та нарт очих мөнгө биш, хүүхдүүдийн ирээдүйд зарцуулагдах мөнгө” гэж тайлбарлаж хэлсэн. Хүүхдүүд нь талийгаачийг одоо хүртэл нас барсан гэдгийг мэдээгүй, цаашид хүүхдүүд нас барсан гэдгийг мэдээд юу хэлж, юу нэхэмжлэхийг мэдэхгүй, сэтгэл санааны хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй  гэж үзсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлсэн. Гэвч үүнийг анхан шатны шүүх шийдвэртээ тусгаагүй. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн ар гэр, үр хүүхдүүдээс нь дахин уучлалт гуйя. Хохирол, төлбөр барагдуулах тал дээр бид хичээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-тай байнга харилцаатай байсан. Гомдлыг хэрхэн барагдуулах тал дээр ярилцсаар ирсэн. Хохирол, төлбөрт 8.069.859 төгрөг төлсөн гэж харагдаж байгаа боловч бидний хоорондоо байгуулсан, нотариатаар баталгаажуулсан гэрээ байгаа. Уг гэрээний дагуу бид урьд нь 5.000.000 төгрөг бэлнээр, 15.000.000 төгрөгийг дансаар өгсөн. Мөн 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр дотор хохирлоо барагдуулах үүрэг хүлээсэн байсан. Гэтэл бид гүйцэтгэж байгаа ажлаа дуусгаж чадаагүй учраас захиалагч талаас гүйцэтгэлээ авч чадалгүй 2 өдрийн дараа буюу 7 дугаар сарын 3-ны өдөр 8.069.859 төгрөгийг төлж хохирол, төлбөрөө барагдуулсан. Ах бид хоёр ярилцаад зөвхөн шүүхийн шийдвэр гэхгүйгээр 2 хүүхдэд нь жил болгон хичээл эхлэхэд тогтмол байдлаар мөнгө өгөх хүсэлтэй байгаа. Үүнийг шүүхийн шийдвэрт хэрхэн тусгахыг бид мэдэхгүй учраас шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлье гэж бодсон. Мөн нэг зүйлийг хэлэхэд бид Э,, Оюунзаяа гэх хоёр хүнтэй аман тохиролцоо хийж ажлаа эхлүүлсэн. Харин тэд талийгаачийг манай ажлын байранд авчирсан байсан. Бид үүнийг мэдээгүй. Өмнөх шүүх хуралдаанаар бид энэ талаар хэлж чадаагүй. Гэхдээ бид анхнаасаа хариуцлагаас зугтах талаар огт яриагүй. Бидний ажлаа хийж байсан талбайд осол гарсан учраас анхнаас нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ гэж мэдүүлж ирсэн. Энэ хэрэг гарахад хамгийн эхэнд Цагдаагийн байгууллагад хүсэлт өгсөн. Нийслэлийн мөрдөн байцаах газрын спорт заалны засварын ажил хийж байхад уг осол гарсан. Цагдаа нарт “...энэ хэрэгт туслалцаа үзүүлнэ гэж ярих хэрэггүй, хууль шударгаар шийдвэрлэнэ гэж найдаж байгаа учраас би ямар нэгэн дэмжлэг хүлээхгүй...” гэдгээ хэлж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-д ч “...танил талын асуудал байхгүй шүү...” гэж хэлсэн байдаг. ...” гэв

 

Шүүгдэгч С.Б, С.Б нарын өмгөөлөгч Н.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч нар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт боломж бололцоогоороо туслалцаа үзүүлж ирсэн. Энэ талаар ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт тодорхой тусгагдсан. С.Б, С.Б нарыг буруутгаж байгаа зүйл, анги нь сонгох санкцитай. Өөрсдөө ажил мэргэжлийнхээ талаар ярьсан. Тогтсон нэг газарт ажилладаггүй, өөр, өөр компаниудтай гэрээ хийж Монгол Улсын хаана л бол хаана очиж барилгын заслын ажил хийдэг. Одоогоор Архангай аймагт ажиллаж байгаа. С.Бт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар ажил хийх боломж нөхцөл нь хангагдахгүй нөхцөл байдал үүсч байгаа. С.Бын тухайд 2-12 насны гурван хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй. С.Бнь тодорхой оршин суух хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол, төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.О тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа ижил төрлийн ял оногдуулах боломжгүй байсан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Бт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Иймд шүүгдэгч С.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хын гаргасан давж заалдах гомдлын тухайд бага насны хүүхдүүдийн асран хамгаалагч нь нас барсан учраас цаашид хүүхэд асран хамгаалах зардалтай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч С.Б, С.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч С.Бнь “Р” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийн эрх ашгийн төлөө, түүний нэрийн өмнөөс 2021 оны 7 дугаар сарын 06-нд Цагдаагийн ерөнхий газартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах шийдвэр гарган гэрээ байгуулж, гэрээний дагуу засвар үйлчилгээг хийж гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 26 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4, 27 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 3.5, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр засварын ажил гүйцэтгэж байсан иргэн Н.Гашиглаж байсан угсардаг шатны гишгүүр нь хугарч өндрөөс унаж гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг,

 

шүүгдэгч С.Бнь “Р” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Цагдаагийн Ерөнхий газартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар туслан гүйцэтгэх ажилчдаар тааз будах ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, өдөр тутмын буюу давтан зааварчилгаг МNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. “Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалтад “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16 дахь заалт “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө/-ын дагуу ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр засвар хийж байсан иргэн Н.Г ашиглаж байсан угсардаг шатны гишгүүр нь хугарч Н.Гнь өндрөөс унаж гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын “...ажлаа дуусгаад шатнаас бууж байхдаа унасан гэж хэлсэн. “Р” ХХК-ийн хувьд ажилчдынхаа аюулгүй аюулгүй байдлыг огт хангаагүй. ...” /1хх 24-25/,

 

гэрч Э.Э-ын “...2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэрийн найз  манай эхнэртэй утсаар ярихдаа би нэг гар утас банкнаас лизендэж авсан юм, шүүхээс бичиг ирсэн, та хоёртой ажиллаад тухайн мөнгийг олох хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Шатан дээр хийж байсан ажлаа дуусгаад манай эхнэр тэр эмэгтэйд наад хөндлөн тушаа чинь хугархай гэж хэлсэн тэгэхэд тэр зөрүүдлээд хугархай хэсгээр бууж байтал хөл тавьдаг холбоос нь хугарсан юм шиг байна лээ. Би өөр шатан дээр юм хийж байтал манай эхнэр, Ганболд гэх залуу хоёр талийгаачийг тэврээд байж байхаар нь очоод хартал хамраас нь цус гоожиж байсан... ямар нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. ...” /1хх 30-31/,

 

гэрч Г.О-гийн “...2022 оны 03 дугаар сарын 27, 28-ны үеэр Н.Г над руу залгаад найз нь шүүхэд 350.000 төгрөгийн өртэй юмаа, тэр мөнгө нэхэгдээд байна, чамтай хамт ажиллая гэхээр нь “за, за тэг тэг” гэж зөвшөөрсөн... Намайг шатнаас буусны дараа миний араас Ганчимэг шатнаас буух гэж байхдаа хөлөөрөө тулж байсан шатны төмөр нь хугараад доошоо унаад ухаан алдсан... хамгаалалтын хувцас болон бусад хэрэгсэл байгаагүй. ...” /1хх 33, 35/,

 

гэрч Б.Г-ын “...спорт зааланд Н.Г болон түүний хоёр найз Заяа, Э, гурав таазны засвар хийж байсан. Уг нь би гар утсаа авчихаад харих гэж байснаа больж туслахаар шийдсэн...Ганчимэг баруун талаараа доошоо харсан байдалтай унасан. Шатны гишгүүр хугарснаас болж унасан. ...”  /1хх 39-40/,

 

 С.Б-ын гэрчээр өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Э.Э,, Б.О гэх хүмүүстэй уулзаад 3.200.000 төгрөгийн хөлсөөр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын спорт заалны тааз болон ханын засварын ажлын хийж гүйцэтгэж дуусгах уу? гэхэд зөвшөөрч байсан. ...Надтай анх уулзахдаа Э.Э,, Б.Оюунзаяа нар хоёулахнаа хийнэ гэж байсан бөгөөд ирэхдээ нэг залуутай хамт ирж байсан ба тэр залуу нь нэг өдөр ажиллаад яваад өгсөн байсан. ...Э, гэх хүн ажлаа хурдан 3 хоногт дуусгана гэхээр нь тийм юм байхгүй, аюулгүй байдал болон чанартай юм хийхийн тулд яаралгүй тайван ажиллах талаар хэлж байсан. ...Бид нар амралтын өдрөөр имүльсний шүршдэг машин түрээслэж аваад авчирч өгөхөд нэг танихгүй шар үстэй эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн хүн нь ажил хийж байгаа харагдаагүй энгийн гадуур хувцастайгаа зааланд Э.Э, Б.О нарт цай дөхүүлж өгч байгаа харагдсан. ...Талийгаач Г.Г-ийг хэзээнээс тус зааланд ажиллах болсон талаар мэдээгүй, мөн Э.Э, гэх хүнд хүнээ нэм, ажлаа хурдлуул гэж ерөөсөө шахаж шаардаагүй.    Талийгаач Н.Ганчимэгтэй нэг удаа уулзаж, ярилцаж байгаагүй. ...Манай компанид Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын ажилтан С.Бгэх хүн байдаг. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа бичгээр өгч байгаагүй бөгөөд өдөр болгон очиж амаар зааварчилга өгдөг. ...” /1хх 47-48/,

 

шинжээч Г.Б-гийн “... “Р” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, эсхүл тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд дотоод хяналтыг өдөр тутамд тавьж байх ёстой байсан үүргээ биелүүлээгүй байна. ...” /1хх 114/,

 

шинжээч Г.Х-ын “... хэргийн материалаас үзэхэд “Р”ХХК нь өдөр тутмын дотоод үйл ажиллагаанд хяналт тавиагүй байсан. ...” /1хх 116/,

 

шинжээч Д.Ганчимэгийн “...сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн зүйл, заалтыг зөрчсөн байна. ...” /1хх 120-121/,

 

яллагдагч С.Бын “... би өөрийн хүлээх ёстой хариуцлагаа хүлээх болно...” /1хх 219/,

яллагдагч С.Бын “... миний хувьд “Р”ХХК-ийн өмнөөс хариуцлагаа хүлээж, хохиролын асуудлыг төлж барагдуулах болно. ...” /хх 230/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...амь хохирогч Н.Гнь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан, нас барах үедээ согтолтгүй байсан...” гэх Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №1099 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх 85-92/,

 

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт,...35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг....зэрэг заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй. ...хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдөөгүй. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй. ...18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан үүргээ тус тус биелүүлээгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 101-103/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-18/, “Р”ХХК болон С.Б нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн хөдөлмөрийн гэрээ /хх 137-146/, хохирол барагдуулах гэрээ /2хх 102/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.Б, С.Б нар ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч С.Б, С.Б нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4,  511 дүгээр зүйлд заасны дагуу хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...”,

шүүгдэгч С.Б“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдал, ар гэр, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангах үүднээс  зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэг, хохирогч шаардах эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан бөгөөд анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 28.069.859 төгрөгнөөс 20.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 8.069.859 төгрөгийг төлөх талаар гэрээ байгуулсан байгааг дурдаж шүүгдэгч нараас тус бүр 4.034.929 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 8.069.859 төгрөгийг шүүгдэгч нар 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байгааг дурдаж, харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сэтгэл санааны гэм хор учруулсны нөхөн төлбөрийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Б-ын гаргасан гомдлын тухайд, анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгч нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэж адилхан дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тодорхой хэмжээний хохирлыг /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн/ нөхөн төлж, цаашид хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэн ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч С.Б-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлүүдээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч С.Б гэж шүүгдэгч нарын нэрийг зөрүүтэй бичсэнийг зөвтгөж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/354  дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын С.Б-т  холбогдох хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. ...” гэж,

4 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б, С.Б нар нь ажил, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. ...” гэж,

5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэл санааны гэм хор учруулсны нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

            4. Шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хд 8.069.859 /найман сая жаран есөн мянга найман зуун тавин ес/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                       

                        ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР

 

           

ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН