| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 101/2024/09670/И |
| Дугаар | 197/ШШ2025/00628 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2025/00628
2025 02 03 197/ШШ2025/00628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............ тоотод оршин суух, Б овогт О-гийн Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ...... байрлах, М ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин, илүү цагийн хөлс нийт 11,821,146 төгрөг гаргуулах тухай,
сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10,638,369.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.Н-ын М ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин, илүү цагийн хөлс нийт 11,821,146 төгрөг гаргуулах тухай шаардлага,
хариуцагч М ХХК-ийн О.Н-т холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 10,638,369.59 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.О.Н нь ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг ажил олгогч хүлээн зөвшөөрч, ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан. Ингээд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул ажилгүй байсан хугацааны цалин 7,500,000 төгрөг, мөн ээлжээр ажиллуулж байгаа бол 8 цагаар ажиллах байтал 4 цагаар илүү ажиллуулсан ба илүү цагийн хөлсийг нэмж олгох хуулийн зохицуулалттай тул сүүлийн 3 сарын илүү цагийн хөлс 4,321,146 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Харин өөр ажилтныг ажиллуулсанд нэхэмжлэгчийн гэм буруу байхгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
3.Хариуцагч М ХХК нь Уул уурхайн олборлолт салбарын ажилд бүтэн ээлжээр 14 хоног ажиллуулж, 14 хоног амардаг ба 11 цагаар ажиллуулна гэх нөхцөлтэй байдаг. Хөдөлмөрийн харилцаа үндэслэлгүй цуцлагдсан талаар Гурван талт хороо шийдвэр гаргаагүй, харилцан тохиролцож шийдвэр гаргасан тул түүнийг ажилд эргүүлэн томилохдоо цалинг нөхөн олгоогүй. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.
Харин О.Ннь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг цахимаар гаргасан тул түүний ажиллах ажлын байранд ажиллах ажилтангүй болсон. Иймд өөр ажилтны уртын ээлжийг сунган ажиллуулж, цалинжуулсан тул байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг О.Н-аас гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
4. Нэхэмжлэгч О.Ннь СОС М Улаанбаатар Олон Улсын эмнэлгийн Оюу толгой дахь уурхайн салбар эмнэлгийн клиник менежерээр ажиллаж байгаад 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, М ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/147 дугаартай тушаалаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн томилогдсон үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 154 дүгээр зүйлийн 154.4, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус удирдлага болгон 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс Клиник менежерээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
5. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:
154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;
154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заажээ.
Нэхэмжлэгч О.Нямбаяр нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эс зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан гэх бөгөөд уг хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай тэмдэглэлд талууд харилцан тохиролцсон гэх агуулгаар маргааныг шийдвэрлэж, энэхүү тэмдэглэлийг үндэслэн ажил олгогч байгууллага О.Н-ыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
О.Н нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах талаар гомдол гаргасан гэх боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, энэхүү тайлбараа нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй.
Гэвч 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотой ажилгүй байсан хугацааны цалин 7,500,000 төгрөг гаргуулах тухай гомдлыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан болох нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байх ба Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоног хэтрүүлээгүй.
Уг тэмдэглэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул дуусгавар болгож байна гэснээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8.-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тэмдэглэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-нд хүлээн авч, гарын үсэг зурсан байх ба энэ өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар 10 өдрийн дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цалин хөлс нэхэмжлэх талаар нэхэмжлэлээ гаргасныг шүүх 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/0000 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зааснаас үзэхэд О.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр гомдол гаргах 10 хоногийг тооцвол 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан байна. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд уг хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох талаар нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
6. Илүү цагийн хөлс 4,321,146 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Энэхүү шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2.-т заасан хугацаа хэтрээгүй бөгөөд харин илүү цаг ажилласан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд илүү цагийн хөлс 4,321,146 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, илүү цагийн хөлс гаргуулах шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй үндэслэлээр О.Н-ын М ХХК-иас 11,821,146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч О.Н-ыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор бусдыг ажиллуулсанд О.Н буруутай болох нь нотлох баримтаар нотлогдоогүй, энэ талаарх нотлох баримтыг хариуцагчаас хэрэгт гаргаж өгөөгүй, нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.
Хэргийн 38 дугаар хуудаст 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч О.Н нь М ХХК-ийн Ерөнхий захиралд хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийн агуулгаас харахад ...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ерөнхий захиралтай уулзсан уулзалтаар ажилчдаас ирсэн гомдлын улмаас цаашид Улаанбаатар хотод СОСММ салбар эмнэлэгт эмчээр ажиллах санал тавьсан билээ. Энэхүү санал нь миний хөдөлмөрийн нөхцлийг дордуулж байгаа бөгөөд миний бие албан ёсоор амаар татгалзсан, холбогдох хууль, Хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж буй тушаалыг авах хүсэлтэй байна гэсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлөх гэх бичилт, гарын үсгээс үзэхэд О.Н өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх агуулгагүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хариуцагчид 10,638,369.59 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Үндсэн нэхэмжлэлийн хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс төлсөн 204,089 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, О.Н-т олгож,
сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Медика Монголиа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар М ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, илүү цагийн хөлс нийт 11,821,146 төгрөг гаргуулах тухай О.Н-ын нэхэмжлэл,
О.Н-т холбогдох гэм хорын хохирол 10,638,369.59 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Н-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ