Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/842

 

      2023         08           17                                         2023/ДШМ/842

Ө.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Ө.Б,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/713 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 03864 0727 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн Ө-ийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 314 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1028 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Ө.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 17 дугаар гудамжны 283а тоотод оршин суух хохирогч Д.Сгийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшин руу хууль бусаар нэвтэрч, 1.480.000 төгрөгийн үнэ бүхий гутал, гар утас, цамц, халад, куртка, цайны халуун сав, 10 килограмм гурил, унадаг дугуй, ус цэвэршүүлэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн Ө-ийн Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ө.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолоор Ө.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 2 /хоёр/ жил 27 /хорин долоон/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө.Бын цагдан хоригдсон 31 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ө.Бын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчид хулгайлсан эд зүйлсийг биетээр хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.6-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 71-5 тоотод оршин суугч Ө.Бд шүүхээс хорих ял оногдуулсан ба түүний асран хамгаалалтад байсан 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Бын Дашзэвэг, 2009 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Бын Дашсондор, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Бын Дашсувд, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Бын Батцэцэг нарын эрх ашиг сонирхолыг хамгаалахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ө.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруутайгаа ухамсарлан хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн билээ. Би өөрийн гэм буруугийн улмаас учирсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан. Би 7-16 насны, 1-10 дугаар анги хүртэлх 4 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг хүн билээ. Одоо миний 4 хүүхэд асран хамгаалагч байхгүй ахуй амьдрал нь хүнд бэрхшээлтэй байдалд үлдсэнд маш их санаа зовж шаналж байна. Би өөрийн холбогдсон гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж дахин ийм хэрэг, хууль бус зүйл хийлгүйгээр хуулиа дээдлэн, 4 хүүхдүүддээ сайн аав байж, сайхан элэг бүтэн амьдралыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Иймд та бүхэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Баас гаргасан давж заалдах гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл хэсэгт хамаарахгүй байна. Ийм учраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 713 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Баас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ө.Бын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Ө.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 17 дугаар гудамжны 283а тоотод оршин суух хохирогч Д.Сгийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшин руу хууль бусаар нэвтэрч, 1.480.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

хохирогч Д.Сгийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед гэртээ ирээд хоол ундаа хийж идчихээд байж байсан. Тухайн үед манай хүү Э.Мөнх-Оргил нь 22 цагийн үед ажлаасаа тарж ирээд хоол идчихээд бид хоёр унтах гээд орондоо ороод би зуухандаа нүүрсээ хийчихээд 00 цагийн үед босож нүүрс хийчихээд унтана гэж бодож байгаад нэг мэдсэн унтчихсан байсан. Тэгээд шөнө 03 цагийн үед унтаж байтал хүн гэр дотор явж байгаа чимээ сонсогдохоор нь өндийгөөд хартал манай хүүгийн унадаг дугуйг хулгайлаад авч гарах гэж байхад нь болиулаад гэрээс хөөгөөд гаргасан юм. Тэгэхэд нөгөө хүнийг гэрээс гаргачихаад босож эд зүйлсээ бүртгэтэл хэцэн дээр хатаах гээд тавьсан байсан хувцас болон гутал, халуун сав зэрэг эд зүйлс байхгүй байсныг мэдээд хүүгээ сэрээгээд босгож хамт гэрээс гарч гадуур нөгөө хүнийг хайсан. Тухайн үед хүүтэйгээ хайгаад олохгүй байхаар нь эргэж гэртээ орж ирээд сууж байтал удалгүй гаднаас нөгөө хулгай хийсэн хүн маань эргэж манай гэрт ороод ирсэн юм. Тэгээд манай хүү барьж аваад би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...” /хх 38-41/,

гэрч Э.Мөнх-Оргилын “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн үед гэртээ ажлаасаа тарж ирээд ээжийн хамт унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 02 цагийн үед унтаж байтал ээж Сарантуяа намайг гэнэт сэрээгээд “миний хүү танихгүй хүн гэрт орж ирчихээд гараад явчихлаа, юм хулгайлаад аваад явчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхэд би гэрээс гараад араас нь гарахад ямар нэгэн хүн манай гадаа байхгүй байхаар нь гэртээ буцаж орж ирээд сууж байтал гаднаас хар өнгийн богино куртик, хар өнгийн жинсэн өмд, ажлын гуталтай хар өнгийн хоёр мөртэй цүнх үүрчихсэн залуу манай гэрт орж ирээд ээж “энэ залуу мөн байна, хулгай хийсэн хүн” гэж хэлэхэд би нөгөө залууг барьж аваад цагдаагийн байгууллагад өгсөн. ...” /хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-21/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ө.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.Бын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Сгийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшин руу хууль бусаар нэвтэрч, 1.480.000 төгрөгийн үнэ бүхий гутал, гар утас, цамц, халад, куртка, цайны халуун сав, 10 килограмм гурил, унадаг дугуй, ус цэвэршүүлэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ө.Б “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ө.Бын ар гэрийн байдал, хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэсэн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын доод хэмжээнээс доогуур ял болгон ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/713 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ө.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ө.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны энэ өдрийг хүртэл 66 /жаран зургаан/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/713 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д овогт Ө-ийн Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолоор Ө.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2023/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 1 /нэг/ жил 27 /хорин долоон/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаан/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ