Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0859

 

2024 10 31 128/ШШ2024/0859

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* Ц******* ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О /РД:ТГ/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ж /РД:*******/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.О нар,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А*******,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б, Я.А нар,

Тус шүүх хуралдаанаар: Татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг /актын хавсралтын 4 дүгээр/-ийг хүчингүй болгуулах буюу 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Т.Ж, хариуцагч Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Я.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. М******* Ц******* ХХК-ийн 2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын татварын хяналт шалгалт хийх 21 дугаартай томилолтын дагуу Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Н.Х, У.О нар татварын хяналт шалгалт хийж, 235,954,989,417.96 төгрөгийн зөрчилд 4,163,194,090.06 төгрөгийн төлбөр ногдуулж, татварын улсын байцаагчийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн №НА- дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

1.2. М******* Ц******* ХХК нь татварын улсын байцаагчийн №НА- дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсгийн 2,155,215,247.36 төгрөгийн зөрчилд ногдуулсан 969,846,861.31 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гомдлоо Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан.

1.3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн HA- дугаар нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б, О.Б нарт татварын хяналт шалгалт хийх 36******* дугаартай томилолт олгогдсон байна.

1.4. Нэхэмжлэгч М******* Ц******* ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.О нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг /актын хавсралтын 4 дүгээр/-ийг хүчингүй болгуулах буюу 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах-аар захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч М******* Ц******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.О нар манай компанийн 2019 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс хийж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Манай компани нь тус актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 1 дүгээр хэсэгт заасан 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги нийт 969,846,861.31 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч байгаа болно.

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр М******* Ц******* ХХК нь П******* ХХК-ийн охин компани П // ХХК-ийн шинээр гаргах хувьцааг худалдан авах замаар 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохирч, холбогдох гэрээнүүдийг байгуулсан. Үүний дагуу М******* Ц******* ХХК нь ХХК-д хөрөнгө оруулалт хийж, түүнд зориулж хувьцаа гаргасныг үе шаттайгаар эзэмшсэн. Өөрөөр хэлбэл, ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох П******* ХХК-аас хувьцаа худалдаж аваагүй буюу М******* Ц******* ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтаар ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Тодруулбал, энэхүү харилцаанд эрх борлуулаагүй, ийм төрлийн орлого олоогүй учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.2, 16.3-д заасанд хамаарахгүй. Тиймээс энэ тохиолдолд ямарваа нэгэн татвар төлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй.

Тухайн үед мөрдөж байсан 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.2.2, 16.12, 21.7-д заасны дагуу газар эзэмших ашиглах эрхтэй этгээд болох ХХК албан татварыг ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлэх үүрэг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 16.12 болон 21.7 дахь заалтуудад хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрхийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар орлого олсон тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд нь албан татварыг ногдуулан суутгаж авч, төсөвт шилжүүлнэ гэдгийг илүү нарийвчлан зохицуулсан. Тиймээс М******* Ц******* ХХК нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрхтэй этгээд биш тул татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлөх үүрэггүй.

Ийнхүү нэгэнт М******* Ц******* ХХК нь 646,564,574.21 төгрөгийн татвар суутган төлөх үүрэггүй гэж үзэж буй учир байцаагч нарын түүнд тооцсон 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алдангийг төлөх хууль зүйн үндэслэлгүй.

2.2. Татварын ерөнхий хуулийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу HA- дугаар нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг /актын хавсралтын 4 дүгээр/-ийг хүчингүй болгуулахаар Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэн зөвлөлдөөд манай компанийн гомдол гаргасан хэсгээр актыг түдгэлзүүлж, татварын албанд буцаалаа гэх утгатай шийдвэрийг аман байдлаар танилцуулсан.

Манай компанийн хувьд Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6.1 дэх заалтын ...гаргасан гомдлын хүрээнд хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлэгдлээ гэж ойлгосон. Гэвч Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол бичгээр албажин гарч ирэхдээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэсэгчлэн түдгэлзүүлээгүй буюу бүхэлд нь түдгэлзүүлсэн утга агуулгатай байсан.

Энэ асуудлыг татварын хяналт шалгалтаар томилогдсон байцаагч нараас тодруулахад НА- дугаартай нөхөн ногдуулалтын акт нэгэнт ийнхүү гарсан ингэж бичгээр гарсан тул актад тавигдсан 4 асуудал, мөн 2019 оны бүхий л үйл ажиллагааг татварын хяналт шалгалтад хамруулна гэх тайлбарыг өгч, томилолтын хуудсаа ирүүлсэн.

Татварын байцаагч нар НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг гаргах хяналт шалгалтын ажлыг 21 дугаар бүхий томилолтоор 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс Н.Х, Г.Б нарын бүрэлдэхүүнтэй эхлүүлж, 21 дугаар бүхий томилолтоор 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Х, Ц.М, У.О нарын бүрэлдэхүүнтэйгээр нийт 220 ажлын өдөр ажилласан ба манай компанийн зүгээс татварын хяналтад шаардлагатай бүхий л бичиг баримтыг гаргаж өгч ихээхэн ажил болсон. Одоо дахиад 2019 оны бүхий л үйл ажиллагааг татварын хяналт шалгалтад хамруулах тохиолдолд дахиад 22 сар буюу 220 ажлын өдөр зарцуулагдахаар байна.

2.3. Иймд Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.О нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актын Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх 1 дэх хэсэг /актын хавсралтын 4 дүгээр/-ийг хүчингүй болгож өгнө үү. Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт ... НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг гомдол гаргасан хэсгээр хэсэгчлэн түдгэлзүүлж гэж өөрчилж өгөхийг хүсье гэжээ.

2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар М******* Ц******* ХХК-ийн 2019 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хийж эхэлсэн. Улмаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 068 дугаартай нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Тус актын нэгдүгээр хэсэг буюу нийт 969,846,861.31 төгрөгт холбогдох хэсгийг манайх эс зөвшөөрдөг. Нөхөн ногдуулалтын актын бусад хэсэг болох 4,1 тэрбум төгрөгийг нь хүлээн зөвшөөрч нөхөн татвар, торгууль, алданги гэдгээр 3 хуваагаад, нийтдээ 9 төлбөрийн гүйлгээгээр улсын төсвийн зохих дансанд нь хийсэн. Яагаад уг актын 1 дэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэдэг үндэслэлээ товч танилцуулъя. М******* Ц******* ХХК 2018 онд П******* ХХК-ийн охин компани болох П ХХК-ийн компанид хөрөнгө оруулах замаар хувьцаа эзэмшиж Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасан гэрээ хэлцлүүдийг хийгээд, 2018 оноос эхлээд 2022 оныг хүртэлх хугацаанд мөнгө нэмж хийсээр байгаад, нийтдээ 49 хувийг нь эзэмшдэг болсон. Одоо 49 %-ийг нь эзэмшиж байгаа. Энэ явцад П ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг 2019 онд үйл ажиллагаандаа зориулж шилжүүлж авсан. Энэ үед М******* Ц******* ХХК нь 30 гаруй хувийн хувьцаатай байсан байх. Өөр этгээдээс шилжүүлж аваад, 2020 онд хувьцаа нь нийтдээ 49% болсон үйл баримт байгаа. Энэ үйл баримтыг татварын байцаагч нар үзээд, манайд өмнө нь дурдсан нөхөн татвар 646,564,574.21 төгрөг, торгууль 193,969,372.26 төгрөг, алданги 129,312,914.84 төгрөг гээд нийтдээ 969,846,861.31 төгрөгийг төл гэдэг шийдвэрийг гаргасан.

Татварын байцаагч нарын гаргасан шийдвэрийн үндэслэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн хэд хэдэн заалтыг үндэслэсэн байдаг. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т заасныг үндэслэж, тайлбарладаг боловч М******* Ц******* ХХК-ийг төлөх ёстой гэдэг шийдвэрийг гаргасан. Хяналт шалгалтын явцад манайхаас энэ газрыг М******* Ц******* ХХК эзэмшдэггүй шүү. П ХХК эзэмшдэг шүү гэдэг тайлбар өгч байсан. Уг тайлбарыг үндэслэлгүй байна. М******* Ц******* ХХК-ийг суутган төлөх ёстой байсан гэдэг үндэслэлээр л акт гаргасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ гэж заасан байгаа. Газар эзэмших, ашиглах эрхтэй гэвэл П ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ байдаг. Лавлагаа, захирамж нь хэргийн материалд авагдсан байгаа. Ийм нөхцөл байдал байхад татварын байцаагч нар төлөх ёстой гэдэг шийдвэр гарсан. Уг үндэслэлээр маргаан бүхий актын 1 дэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

2.5. Мөн уг үндэслэлээрээ Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Татварын маргаан таслах зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцээд, уг хурлаас гарахдаа тэр хэсгийг түдгэлзүүлчихлээ гэдэг ойлголттой гарсан боловч бичгээр гаргахдаа бүхэлд нь түдгэлзүүлсэн. Томилолт нь манай нягтланд ирэхдээ 4,1 тэрбум төгрөг байтугай 2019 оны бусад бүх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэхээр утга агуулгатай мэдээллүүдийг аман байдлаар мэдээлэл өгсөн байсан. Энэ асуудлаар манай компанийн зүгээс Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Техникийн алдаа гарчихлаа гэж ойлгоод гомдлоо бичиж өгсөн. Гэтэл ийм шийдвэр гарсан гэж бичгийн хариу өгсөн. Тийм учраас бид Татварын маргаан таслах зөвлөлд бидний гомдол гаргасан асуудлаас хальсан асуудал дээр хяналт, шалгалт хийхээр болсон, 2019 оныг бүхэлд нь дахин шалгуулахаар буцаачихлаа гэдэг шийдвэр гаргачхаж байгаа юм. Тиймээс энэ бол тусдаа бие даасан захиргааны акт гэдэг үндэслэлээр шүүхийн хяналтад өгсөн. Татварын маргаан таслах зөвлөлийн актын 2 дугаар зүйл дээр нь эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн заалт байгаа. Энэ хугацаанд нь бид хариугаа аваад явсан. Хариу нь 30 хоногийн дараа ирсэн байх.

Татварын маргаан таслах зөвлөл үндэслэл дээрээ М******* Ц******* ХХК-ийн гомдол үндэслэлтэй байна. П ХХК хариуцах ёстой юм гэдэг агуулгатай зүйл бичсэн хэрнэ гомдлын хүрээнээс хальсан, дахиж шалга гэдэг асуудлыг ярьсан. М******* Ц******* ХХК, П ХХК гэдэг хоёр аж ахуйн нэгж бол тусдаа данстай, тайлан баланстай, хариуцсан этгээдүүд захиралтай байхад буюу П ХХК-ийн суутган төлөх ёстой гэдгийг нь зөвшөөрчхөөд яагаад түдгэлзүүлээд байгаа юм гэдэг дээр асуудал байна. Гэхдээ өнөөдрийн гол үзэх үндэслэл болохгүй байгаа. Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээ бид үндэслэлдээ нийцсэн шийдвэр гаргасангүй буюу байцаагч нарын нөхөн ногдуулалтын акт, торгууль, алдангийн хариуцлагын заалт нь үндэслэлгүй байжээ гэж дүгнэчхээд, түдгэлзүүлээд дахин шалгах гэдэг нь ойлгомжгүй. Мөн хууль зүйн үндэслэлгүй. Шалтгаант холбоо байхгүй болчхож байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Хариуцагч нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 гэдэг заалтыг хариу тайлбар дээрээ бичдэг. Тэгсэн хэрнэ эзэмших, ашиглах эрхтэй этгээд суутган төлнө гээд туйлын тодорхой байсаар байтал зөвшөөрдөггүй юм бэ. Татварын маргаан таслах зөвлөл ч гэсэн эргэж буцсан. Шүүхэд гомдол гаргаж чирэгдүүлэх шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Татварын улсын байцаагч нарын хийсэн хяналт шалгалтын хүрээнд эрх борлуулсны орлого гэж үзэж бид нар дээр акт тавьсан. Манай энэ үйл явц маань эрх борлуулсан үйл явц биш. Бид П ХХК-тай 2016 онд хэлцэл хийгээд, тэрнийхээ дагуу хөрөнгө оруулалтынхаа гэрээнүүдийг байгуулаад, 2018-2020 оны эхэн хүртэл үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хөрөнгө оруулалт хийхдээ 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхдээ эхний 3,5 тэрбум төгрөгийг нь мөнгөн дүнгээр хийгээд, үлдсэн хэсгийг нь ц******* гэдэг бараа бүтээгдэхүүнээр хийсэн байдаг. Энэ үе шаттайгаар хийсэн хөрөнгө оруулалтын П ХХК аж ахуйн нэгжийнхээ гэрчилгээ дээрээ улсын бүртгэлийн байгууллагаар дамжуулаад үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийсэн гээд бүртгэсэн байгаа. Гэрчилгээгээр нотлогдож байгаа. Гэтэл татварын хяналт шалгалтын байцаагч нар манайд татварын хяналт шалгалт хийхдээ үүнийг эрх борлуулсны орлого гэж үзэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бүгд эрх борлуулсны татвар ногдуулаад байгаа юм. Бид эрх борлуулсны орлого биш хөрөнгө оруулалт гэж хараад, гол асуудал маань нэг үйл явцыг хоёр талаас нь хараад байгаад л асуудал үүсээд байгаа юм. Мөн бид хуулийг авч үзэхдээ тухайн үйл явцтай холбоотой нарийвчилсан заалтуудыгаа хэрэглэх ёстой гэж хараад байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтаас улбаатай мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалт, 16.2 дахь заалтаас 7 дахь заалт уруугаа очиж байж энэ ногдуулалтын асуудал байгаа эсэхийг гаргах ёстой байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар газар эзэмшигч бөгөөд П ХХК өөр энэ ногдуулалтыг тайлагнаж, татварт төлсөн байх ёстой байдаг юм. Тэгэхээр энэ бол манай байгууллагад ногдуулах татвар биш дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-т зааснаар хэн нэгэн этгээд төлөх ёстой бол тэр нь П ХХК байх ёстой юм гэж бид нар маргаж байгаа... гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...М******* Ц******* ХХК нь П******* ХХК-ийн шинээр гаргасан хувьцааг худалдан авсан нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйл. Компани, түүний хэлбэр, 3.2. Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй, 32 дугаар зүйл. Компанийн хувьцаа, 32.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд нэр нь ороогүй боловч хувьцаа эзэмшлийн хувь оролцооны хэмжээгээр өөрийн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

Иймд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон Баянгол дүүргийн 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-1610357/1, 57/4 хаягтай, 16******* нэгж талбарын дугаартай, Э-220******* гэрчилгээний дугаартай, 4,398,398,464.00 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ бүхий 39968 м.кв газар эзэмших эрхтэй П******* ХХК-ийн хувьцааны 49 хувьд ногдох 2,155,215,247.36 төгрөгийн үнэлгээ бүхий газар эзэмших эрх борлуулсан орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөхөөр тайлагнаагүй, суутгагчийн үүргийг хэрэгжүүлээгүй байсанд Татварын ерөнхий /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт, 4.1.6. татвар суутгагч гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт, 4.1.6. суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого, 8.2. Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна, 8.2.2. хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого, 16.3. Дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно, 16.3.5. эрх борлуулсны орлого, 16.12. Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 17.2.7. эрх борлуулсны орлогод 30 хувиар, 21.5. Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ, 21.7. Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн байсан.

Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татвар алба хянан шалгана гэж заасны дагуу хяналт шалгалт хийж хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан... гэжээ.

3.2. Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...бид маргаан бүхий НА- тоот нөхөн ногдуулалтын акттай маргаж байна гэж ойлгож байна. Зөрчлийн 1 дэх хэсэгт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 21 дүгээр зүйлийн 21.5-т заалтаар актыг тавьсан. Эрх борлуулсны орлого дээр татвар төлөгч маань аливаа нэг тоон үзүүлэлт буюу тооцоолол дээр бол маргаагүй. Эрх борлуулсны орлого гэж үзлээ гэдэг үндэслэлээр маргасан байдаг. Улсын байцаагч нар үүнийг эрх борлуулсны орлого гэж үзэхдээ газрын гэрчилгээ дээр М******* Ц******* ХХК гэж оноосон нэр олгоогүй ч гэсэн хувьцаа гэдэг зүйл маань тухайн компанийн үйл ажиллагаанд оролцох эерэг санал өгөх эрхийг илтгэж байдаг зүйл. Хэрэв П ХХК дээр газрын эрх байгаа, энэ компани эргээгээд газрыг борлуулсан тохиолдолд М******* Ц******* ХХК нь хувьцаандаа ногдох эрхийг нэхэмжлэх эрх нь эдний хувьцааныхаа давуу талаараа үүсэж байгаа учраас суутгагчийн үүрэг буюу хэдийгээр цаасан дээрээ бичигдээгүй ч гэсэн хувь оролцоогоороо та оролцох бүрэн эрхтэй гэдгийг нотолж байгаа гэж үзсэн.

32 тэрбум төгрөгийн анхны гэрээ нь 2 толгой компанийн хооронд хийгдсэн гэрээн дээр ******* ХХК болон П******* ХХК хоёрын хооронд хийгдсэн гэрээ 2018 онд үзэглэгдсэн. ******* ХХК-ийн буюу ******* Ц******* ХХК, П******* ХХК-ийн охин компани П ХХК нарын хоорондын хувьцаа, хувь оролцооны асуудлын гэрээ хийгээд, 2019 онд П******* ХХК-аас П ХХК уруу газар шилжсэн. 2019 онд гэрээний 98 хувь нь хэрэгжсэн байсан. Энэ тооцооллоор татвар төлөгч маргаагүй байдаг. Тийм учраас гэрээ хэрэгжсэн 2018-2019 оны үйл баримт дээр 49%-ийн хувьцааны ногдол ашгийг М******* Ц******* ХХК бас авсан байдаг. Тийм учраас нэг талаасаа газраа оруулж, нөгөө талаасаа мөнгө болон борлуулах зорилготой бараа бүтээгдэхүүнээ оруулснаараа Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт болон тусгайлан заасан 30% юм. Суутгагчийн үүргийг биелүүлээч гэдэг агуулгаар мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг авч суутгагчийн үүргийг биелүүлээгүй байна гэж байцаагч нар үзэж, нөхөн ногдуулалтын акт тавьсан... гэв.

3.3. Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэгдүгээрт, 2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал дээр хяналт шалгалт хийсэн. Тухайн хугацаанд газар шилжүүлсэн орлого бүр дээр нь татвар ногдох ёстой гэдэг байдлаар суутгагчийн үүрэг гүйцэтгээгүй байна гэж албан татвар ногдуулсан байгаа. П ХХК-ийн шинэ хувьцаа гаргах замаар хувьцаагаа М******* Ц******* ХХК уруу худалдаад, 49% хувьцааг эзэмшсэн М******* Ц******* ХХК нь тухайн компанийн газрын 39,9 м.кв газар эзэмших эрхтэй компани болсон. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /хүчингүй болсон хууль/-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар эрх борлуулсны орлогод ногдох ёстой болчхоод байгаа. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т эрх борлуулсны орлогод хуулийн этгээд түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь хувьцаагаа бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого гарвал эрх борлуулсны орлогод тооцож байгаа юм. Эрх борлуулсны орлогыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д суутгагч гэдэг үүрэгтэй албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Албан татвар төлөгчид олгосон орлогод суутгаж өгч байгаа. Тэгэхлээр эрх борлуулсны орлого буюу хувьцаа худалдаж байгаагаас газар эзэмших эрхтэй болж байгаа М******* Ц******* ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах орлого, тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно гээд, 16 дугаар зүйлийн 16.3.5-т эрх борлуулсны орлогыг заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр 16 дугаар зүйлийн 16.3.5 буюу эрх борлуулсны орлогыг хэдэн хувиар ногдуулдаг юм гээд хархаар мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д зааснаар бас 30 хувиар ногдуулчихсан. Тэгэхлээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.5-т зааснаар 30 хувьтай буюу мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д заасан орлогод ногдох албан татварыг уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т заасан суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор шилжүүлнэ гэж хуульчилсан. Үүний дагуу буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т заасан суутгагчийн үүрэг гүйцэтгээгүй байна гээд ногдуулсан байгаа.

Хоёрдугаарт, тухайн газар шилжүүлээд эрх эзэмшээд байгаа субъект болох М******* Ц******* ХХК болон П ХХК хоёр компани бол хоёулаа тухайн хугацаанд улсад төлөх ёстой байсан аль ч татварыг төлөөгүй. 2018, 2019, 2020 онд хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээд, 49% хувьцаа худалдаж аваад, газрын эрхийг олж авчхаад аль аль компани нь ямар нэгэн татвар төлөөгүй. Тэгэхлээр манайх М******* Ц******* ХХК-ийг шалгасан. Тухайн хугацаанд энэ байгууллага маань эрх борлуулсныхаа орлогод татвар төлөөгүй байсан зөрчил дээр нь суутгагчийн үүрэг гүйцэтгэх ёстой гэж ногдуулсан. Тэгэхлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэв.

3.4. Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл ажиллана, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2.8-д Маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуульд нийцүүлэн дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, 2.8.1-т гомдлыг харьяаллын дагуу хүлээн авах, татгалзах, буцаах, хянан шийдвэрлэх, түдгэлзүүлэх, тогтоол гаргах" гэж заасан чиг үүргийн хүрээнд Маргаан таслах зөвлөл нь М******* Ц******* ХХК-аас, Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын НА- дугаар нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 04 дүгээр тогтоолыг гомдол гаргагчид хүргүүлсэн.

Нэхэмжлэгч М******* Ц******* ХХК-аас Маргаан таслах зөвлөл актын нэг зөрчилд гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч актыг хэсэгчлэн бус бүхэлд нь түдгэлзүүлсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана, 47.10-т Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гомдол гаргагчаас татварын улсын байцаагчийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актын газар эзэмших эрх борлуулсны орлогоос албан татварыг суутгаж төлөөгүй зөрчлийг эс зөвшөөрсөн гомдлыг хянан хэлэлцээд, татвар зайлшгүй байх, шударга байх зарчимд нийцүүлэн газар ашиглах, эзэмших эрхийг шууд бусаар шилжүүлэх замаар орлого олсон этгээд болох харилцан хамаарал бүхий П ХХК-ийг татварын хяналт шалгалтад татан оролцуулж, албан татвар төлөгчийг зөв тодорхойлж, ногдуулах үндэслэлээр тухайн зөрчлийг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсэн.

Татварын ерөнхий хуулийн 47.10-т заасны дагуу нэг л шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон тул Маргаан таслах зөвлөлийн дээрх шийдвэр татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянаж гаргасан шийдвэр юм. Түүнчлэн, Маргаан таслах зөвлөлөөс нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж татварын албанд буцаасан шийдвэр нь гомдол гаргагчид эрх зүйн сөрөг үр дагавар үүсгээгүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.5. Хариуцагч Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Татвар төлөгч нь маргаан бүхий актын нэг зөрчил болох татварын эрх борлуулсантай холбоотой асуудалд маргаан таслах зөвлөлд хандсан байдаг. Маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйл болон 47 дугаар зүйлд заасны дагуу гомдлыг хүлээж авна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар Маргаан таслах зөвлөл гомдлын хүрээнд асуудлыг шийдэх хуулийн зохицуулалттай. Тийм учраас маргаан таслах зөвлөлд гомдлыг хүлээж аваад, яг тэр газрын асуудлыг хянан хэлэлцээд, Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор шийдвэрээ гаргасан. Шийдвэр гаргахдаа гомдлын хүрээнээс хальсан, бидний маргаагүй асуудлыг тавьчихлаа гэдэг асуудал яригдаж байгаа учраас залруулга хэлье гэж бодож байна. Тогтоолын үндэслэл хэсгээс харвал бүхэлдээ нэг асуудлаар хянасан байгаа. Уг тогтоолын дээрээсээ хоёрт татвар төлөгчийн гомдлыг үндэслэлтэй байна гээд, үндэслэх хуулийн зохицуулалтуудаа тавьсан. Дахин шалгуулахаар буцаасны дараа шийдвэр юу болсон бэ гээд татвар төлөгч бидэнд бичгээр хандсан байдаг. Үүний хариуд Татварын маргаан таслах зөвлөл 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан гомдлын хүрээнд асуудлыг чинь шийдсэн. Шийдэхдээ маргаан таслах зөвлөл Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-д заасан 4 шийдвэрийн аль нэгийг нь л гаргана гээд хуулийнх нь зохицуулалт ийм байгаа учраас л шийдвэрээ гаргахдаа түдгэлзүүлсэн. Дээд шатны татварын алба нь захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийх эрхтэй учраас захиргааны байгууллагын алдааг нь засах боломжоор нь хангаж ийм шийдвэр гаргасан юм. Татвар төлөгчийн гомдоод байгааг бид буруутгахгүй байна. Гэхдээ Татварын маргаан таслах зөвлөлийн гаргах шийдвэр нь 4 шийдвэрийн аль нэгийг нь л гаргана гэдэг хуулийн зохицуулалттай учраас өөрөөр шийдвэр гаргах боломжгүй гэдэг тайлбарыг хэлээд байгаа юм. Татвар төлөгчийн гомдол нь газрын эрхтэй холбоотой нэг л гомдол явсан. Түүнийг цааш нь шалгаж тодруулаад гэдэг агуулгаар энэ шийдвэрээ гаргасан... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Том татвар төлөгчийн газартай харилцдаг, улсын бүртгэлийн 9011478063 дугаар гэрчилгээтэй, дугаар регистртэй, М******* Ц******* ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг, тус хуулийн этгээд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ-02/-аар 2019 онд 69,497,199,350.13 төгрөгийн нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдох орлоготой, 18,641,886.12 төгрөгийн гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлоготой, 108,631.725.906.60 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай-39,134,526,556.47 төгрөгийн алдагдалтай, 158,148,939.39 төгрөгийн хүүгийн орлогод 15,814,893.94 төгрөгийн татвар ногдуулж төлөхөөр, цахим тайлангийн системд илгээн баталгаажуулсан, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан /ТТ-03а/, цалин, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан /ТТ-11/ зэргийг гаргаж, харьяа татварын албанд хүргүүлснээр улс, орон нутгийн төсөвт нийт 13,163,628,665.32 төгрөгийг төвлөрүүлсэн.

3. Хариуцагч, татварын улсын байцаагчид нь татварын хяналт шалгалт хийх 21 дугаар томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдрийг дуусталх хугацаанд гүйцэтгэж,

4. Татварын хяналт шалгалтаар илэрсэн нийт 235,954,989,417.96 төгрөгийн зөрчилд 2,775,462,726.71 төгрөгийн нөхөн татвар, 832,638,818.01 төгрөгийн торгууль, 555,092,545.34 төгрөгийн алданги, нийт 4,163,194,090.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

5. Маргаан бүхий актаас 2019 онд Баянгол дүүргийн 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс-16103 57/1, 57/4 хаягтай, 16******* нэгж талбарын дугаартай, Э-220******* гэрчилгээний дугаартай, 4,398,398,464.00 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ бүхий 39968 м.кв газар эзэмших эрхтэй П******* ХХК-ийн хувьцааны 49 хувьд ногдох 2,155,215,247.36 төгрөгийн үнэлгээ бүхий газар эзэмших эрх борлуулсан орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөхөөр тайлагнаагүй гэж үзэж,

6. Татварын хяналт шалгалтын зөрчлийн нэг дэх хэсгээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/ 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт, 4.1.6. суутгагч гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого, 8.2. Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна, 8.2.2. хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийн өөрчлөх замаар олсон орлого, 16.3. дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно, 16.3.5. эрх борлуулсны орлого, 16.12. Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно. 17.2.7. эрх борлуулсны орлогод 30 хувиар, 21.5. Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ 21.7. Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлэх-ээр заасныг зөрчсөн гэж үзжээ.

6. Тодруулбал, М******* Ц******* ХХК-ийн зүгээс нотариатаар батлуулж, хавтаст хэргийн 12-12-р, хариуцагчаас хуулбар үнэн тэмдэг дарж, хавтаст хэргийн 78-86-р талд авагдсан татварын улсын байцаагчийн НА- дугаар нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны хавсралтын,

-Илрүүлсэн зөрчлийн утга, агуулга: Эрх борлуулсны орлогод албан татвар төлж төсөвт шилжүүлээгүй. Татварын төрөл: суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар. Хамаарах огноо: 2019-12-31. Зөрчлийн дүн: 2,155,215,247.36... Хариуцлага тооцсон хуулийн заалт: 74 дүгээр зүйлийн 74.1, 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2..., ногдуулсан нөхөн татвар: 646,564,574.21, ногдуулсан торгууль: 193,969,372.26, ногдуулсан алданги: 129,312,914.84, нийт төлбөрийн дүн: 969,846,861.31 маягт-ХШ06/02-т тусгагдсан;

- М******* Ц******* ХХК-ийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо: тайлангаар 123,768,773.60, шалгалтаар 2,278,984,020.96, зөрүү 2,155,215,247.36 /маягтХШ-07/04/ төгрөгийн зөрчлийг гаргасан гэж хариуцагч татварын байцаагчдаас үзсэн байна.

7. Татвар төлөгч /нэхэмжлэгч/-өөс дээрх холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байсан, харин нөхөн ногдуулалтын актын бусад хэсгийг хүлээн зөвшөөрч төлбөрөө барагдуулсан, одоо нэхэмжлэгчээс газар эзэмших, ашиглах эрхтэй П ХХК нь татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлөхөөр байтал газрыг эзэмших, ашиглах эрхгүй М******* Ц******* ХХК-ийг татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй хэмээн 969,846,861.31 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль бус хэмээн хариуцагч нарыг буруутган маргаж, Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр мэтгэлцсэн.

8. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.1. үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1. албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.2. эрх борлуулсны орлого, 8.2. эрх борлуулсны орлогод дараах орлогыг хамааруулна, 8.2.2. хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого, 16 дугаар зүйлийн 16.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна, 16.3. дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно, 16.3.5. эрх борлуулсны орлого, 16.12. энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 16.13. энэ хуулийн 16.12-т заасан орлогыг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, 17 дугаар зүйлийн 17.2. албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна, 17.2.7. эрх борлуулсны орлогод 30 хувиар, 21 дүгээр зүйлийн 21.1. албан татвар төлөгч нь ... жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө, 21.5. энэ хуулийн 17.2.7- ... заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ, 21.7. энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ гэж зохицуулсан байсан ба,

9. Уг хууль нь, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар шинэчилсэн найруулгаар батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөхөөр хууль тогтоогч тогтоосноор хүчингүй болсонд тооцогдсон.

10. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх тухай хуулийн 1 дүгээр зүйл. "албан татвар төлөгчийн 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцог хийнэ, 2 дугаар зүйл. "суутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана", 7 дугаар зүйл. "энэ хуулийн 1, 2, ...зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэл 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж зохицуулсан ба уг хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр заасан.

11. Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын акттай холбоотой татварын маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж хэрэглэхээр байна.

12. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээд /албан татвар төлөгч/-ийн татвар ногдох орлогыг тодорхойлж, суутган төлөгчөөр төсөвт шилжүүлэх ёстой гэж үзэхдээ:

12.1. Хэрэгт авагдсан, П******* ХХК, М******* Ц******* ХХК, П ХХК-ийн хооронд байгуулагдсан Хувьцаа захиалгын гэрээ ёсоор М******* Ц******* ХХК нь 32,000,000,000.00 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 7256,013 ширхэг хувьцааг захиалан худалдаж авах, ийнхүү хувьцаа захиалга бүрэн явагдсанаар нийт хувьцааны 49 хувьтай тэнцэх энгийн хувьцаа эзэмшигч болсныг хариуцагч татварын улсын байцаагч нараас эрх борлуулсны орлогод хамааруулж, энэ нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д .... хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж заасны дагуу хувьцаа эзэмшлийн хувь оролцооны хэмжээгээр өөрийн эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд нэр нь ороогүй ч хэрэгжүүлэхээр байна гэсэн нь үндэслэлгүй байна.

12.2. Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А43 дугаар захирамжийн хавсралт ёсоор 6266258 регистртэй, П ХХК нь тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрлэлийн баруун бүс-4 /16103/ байршилд үйлдвэрлэлийн зориулалттай, 39968 м.кв газрын эзэмших эрхийг өмнөх газар эзэмшигч П******* ХХК-аас шилжүүлэн авсан, энэ үйл баримтыг татварын хяналт шалгалтад Том татвар төлөгчийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/06 дугаар албан бичгээр хандан гаргуулж авсан, мөн татварын хөндлөнгийн мэдээлэл дэх Татварын удирдлагын нэгдсэн системд 6266258 регистртэй П ХХК нь га-аар 4, м.кв-аар 39,968 талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад зориулалтаар, нэгж талбарын 16******* дугаарт, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд эзэмшдэг талаарх мэдээлэл буйг гаргуулан авсан.

12.3. Эндээс, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгасан Маргаан таслах зөвлөлийн тогтоол /04/-д ...албан татварыг хэн тайлагнах, төлөх үүрэгтэй болохыг зөв тодорхойлоогүйгээс суутгагчийн үүрэггүй М******* Ц******* ХХК-д төлбөр ногдуулсан нь хуульд нийцээгүй, ... газрыг эзэмших, ашиглах эрхгүй М******* Ц******* ХХК татварыг ногдуулан суутган авч, төсөвт төлөх үүрэггүй гэх татвар төлөгчийн гомдол үндэслэлтэй гэж дүгнэснийг, мөн газар эзэмших эрхийг М******* Ц******* ХХК хэрэгжүүлдэггүй талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг тус тус хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

12.4. Маргаан бүхий энэ тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгох, газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар шийдвэр гаргах эрх Баянгол дүүргийн Засаг даргад байх ба тус дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч М******* Ц******* ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

12.5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байх ба харин газар эзэмшүүлэх эрхийг олж авсан этгээд нь газар өмчлөгч /захиргааны байгууллаг/-өөс мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасны дагуу тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг гаргуулсны эцэст газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцаанд ордог.

12.6. Энэ утгаараа ...газар эзэмших эрхтэй этгээдэд татвар ногдуулаагүй, төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг шууд бусаар шилжүүлсний улмаас орлого олж, татвар төлөх үүрэг үүссэн харилцаа нэгэнт бий болсон тул хуульд заасны дагуу орлого олсон П ХХК-ийг татварын хяналт шалгалтад татан оролцуулах, олсон орлогод татвар төлөх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай... талаар маргаан таслах зөвлөл дүгнэсэн байдаг.

13. Иймд газар эзэмших эрх-ийг борлуулсан үйл баримт нэхэмжлэгчид бий болоогүй, газар эзэмших эрхийг бодитойгоор өөр этгээд хэрэгжүүлж байгаа, газар эзэмших эрх зөвхөн эрхийн гэрчилгээгээр дамжин зөвхөн хуульд заасан хэлбэрээр шилждэг, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хуулиар хориглодог зэрэг эдгээр нөхцөл байдлуудыг хариуцагч захиргааны байгууллага буюу татварын улсын байцаагчдаас бодитой, зөв тогтоож чадаагүй, нөхөн ногдуулалтын акт нь зорилгодоо нийцэж гараагүй, зөвхөн татвар ногдуулж төлүүлэх асуудалд анхаарлаа хандуулсан, татварын ногдлыг зөв тодорхойлоогүй гэсэн дүгнэлтийг хийж, ингэснээрээ Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д зааснаар суутган төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн татвар төлөх үүрэг бүхий этгээдээс албан татварыг ногдуулан суутгах үүрэг хэзээ яаж, хэрхэн бий болсон нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

14. Түүнчлэн газрын дуудлага худалдааны анхны үнэ нь тухайн газрын эзэмших эрхийг анх олж авахад тавигдах нөхцөл болох ба эзэмших эрх бүхий 39968 м.кв газрын эрхийн үнэлгээг тооцохдоо тухайн газар нь дуудлага худалдаагаар олгогдсон эсэхийг тогтоосон баримт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

15. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж заасныг хэрэгжүүлэхийн тулд өөрөөр хэлбэл, 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.2-д зааснаар эрх борлуулсны орлогод хамааруулж, 16.3-д зааснаар орлогыг нь тодорхойлохдоо нийт дүнгээр тооцох, 16.12-д зааснаар хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс тодорхойлохын тулд 16.13-д зааснаар Газрын тухай хуулийн 38.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн бол... гэх нөхцөлийг шаардах ба маргаан бүхий энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 38.4-д зааснаар эрх бүхий захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гарч захиргааны үйл ажиллагаагаар хэрэгжиж хэлбэржин гарсан /газар өмчлөгчийн зөвшөөрлөөр шилжсэн/ үйл баримт тогтоогдохгүй байна.

16. Энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хэлцлийг хэрэгжүүлээгүй болох нь нотлогдож, 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.5-д зааснаар суутгагчаар ногдуулан төсөвт шилжүүлэхийн тулд 21.7-д зааснаар газар эзэмших эрхтэй этгээдийн зүгээс суутган авч төсөвт шилжүүлэх үүргийг хүлээхээргүй байна.

17. Нэгтгэн дүгнэвэл, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг ... хэрэгжүүлэх, 75 дугаар зүйлийн 75.2. татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, ... татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно гэж заасныг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, түүнчлэн татварын үйл ажиллагаанд баримтлах Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 5.1.1. зайлшгүй байх, 5.1.2. тодорхой байх зарчмууд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.5. ...шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд хангагдаж гараагүй, үүгээрээ маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

18. Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс ...ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд магадлан судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэлээр хариуцагч татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж шийдвэрлэснийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлээгүй, гомдол гаргахгүйгээр хүлээн зөвшөөрсөн актын бусад хэсгийг мөн адил түдгэлзүүлсэн, татварын хяналт шалгалтыг дахин бүхэлд нь хийх үр дагаврыг үүсгэсэн, журмаа зөрчсөн... гэж маргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ, хариуцагч Маргаан таслах зөвлөлөөс тогтоол гаргахдаа үйл ажиллагааны хяналтыг хэрхэн хэрэгжүүлсэн буюу зөвхөн захиргааны үйл ажиллагаагаар хэлбэржин гаргах процесс ажиллагаанд нь дүгнэлт өгч, шүүхийн хяналтын цар хүрээг үүгээр хязгаарласныг тэмдэглээд, харин захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж, дүгнэлт өгсөн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянаагүй гэдгийг тэмдэглэж байна.

19. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын зөрчлөөр тогтоосон нэг дэх хэсэгт маргаж гомдлоо гаргасан нь үйл баримтаар тогтоогддог.

20. Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс гаргасан ...маргаан таслах зөвлөл Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-д заасан 4 шийдвэрийн аль нэгийг нь л гаргах хуулийн зохицуулалттай учраас шийдвэрээ гаргахдаа түдгэлзүүлсэн, өөрөөр шийдвэр гаргах боломжгүй... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

21. Учир нь нэхэмжлэгчийн буюу татвар төлөгчийн гаргасан гомдлын хүрээнд, маргасан асуудалд дүгнэлт өгсөн болох нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолын үндэслэх хэсгээс харагдах боловч тогтоох нь хэсгээр татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэдэг ба ингэснээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 36******* дугаар томилолтоор регистртэй М******* Ц******* ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын хяналт шалгалтыг 48 ажлын өдөр гүйцэтгүүлэхээр татварын улсын байцаагч Ч.Б, О.Б нарт хариуцуулдаг, эдгээр байцаагчдын зүгээс татварын ногдуулалт, төлөлтийн талаар бүх баримтаа бэлэн болгох, шалгуулах талаар ярьсан гэх үйл баримтыг нэхэмжлэлдээ дурдаж, бид нэг асуудлаар дахин шалгуулах нөхцөл үүссэн хэмээн шүүх хуралдаан дээр тайлбарласанд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай, маргах эрхгүй гэж үзэх боломжгүй юм.

22. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана, мөн хууль, зүйлийн 47.10. Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна, 47.18. Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ... байх, 76 дугаар зүйлийн 76.1. татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална, 76.1.3. татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх гэж заасан бол,

23. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Журам батлах тухай 466 дугаар тогтоолын хавсралтаар Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам батлагдсан ба уг журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д Татварын ерөнхий хуулийн 46.1-д заасан акттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго орших-оор, 1.2-т Маргаан таслах зөвлөл нь татварын акттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгох-оор, 1.3-д зааснаар үйл ажиллагаандаа татвар төлөгчийн болон татварын албаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг баримтлах-аар зааж, 6 дугаар зүйлийн 6.1. Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.1.-д заасан гомдлыг татвар төлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан шалгаж шийдвэрлэнэ, 7 дугаар зүйлийн 7.1. ...гомдлыг хянан хэлэлцээд тухайн татварын акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 7.1.4. татварын актыг түдгэлзүүлж татварын албан буцаах гэж журамласан.

24. Шүүх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг дээр дурдсан хууль, журмын заалтын хүрээнд харьцуулан маргаан бүхий 04 дүгээр тогтоолыг дүгнэхдээ,

24.1. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг маргаан бүхий тогтоол нь хангаж гараагүй, үүгээрээ Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 1.2-т заасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгох зохицуулалт хангагдаагүй.

24.2. Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан бүрэн эрх, боломжит хувилбараас хэрэглэх, эс хэрэглэхийг сонгох боломж гэж үздэг ба, өөрөөр хэлбэл, хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогдох зарчмыг хэрэгжүүлдэг. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасантай нийцээгүй.

24.3. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан гомдлын хүрээнд шалгасан, мөн үнэлэлт дүгнэлт өгсөн байх авч шийдвэрлэхдээ гомдлоос хальж, маргаагүй асуудлыг хамран анхдагч захиргааны актыг бүхэлд нь түдгэлзүүлж, буцааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон, гаргасан 04 дүгээр тогтоол нь зорилгодоо хүрэхээргүй нөхцөлийг бий болгосон.

25. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7. шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ ... буруу хэрэглэсэн, ... улмаас түүний гаргасан акт ...хууль зөрчсөн эсэхийг шалгах заалтыг хэрэглэж, хариуцагчаас маргаан бүхий 04 дүгээр тогтоолыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 47.10-д заасан 4 шийдвэрийн аль нэгийг нь л гаргах ба өөрөөр шийдвэр гаргах боломжгүй гэж хуулийг буруу хэрэглэсэн, татварын алба, татвар төлөгч нарын хооронд маргаан дагуулсан, захиргааны акт тодорхой байх хуульд нийцээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, хариуцагч тус бүрийн маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.2, 16 дугаар зүйлийн 16.2, 16.13, 21 дүгээр зүйлийн 21.7д заасныг баримтлан нэхэмжлэгч М******* Ц******* ХХК-аас Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.М, У.От нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х нарын үйлдсэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА- дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсэг, хавсралтын 4 дэх хэсэгт хамаарах 646,564,574.21 төгрөгийн нөхөн татвар, 193,969,372.26 төгрөгийн торгууль, 129,312,914.84 төгрөгийн алданги, нийт 969,846,861.31 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, 47.10, 47.18, 76 дугаар зүйлийн 76.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М******* Ц******* ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн М******* Ц******* ХХК-ийн гомдлын тухай 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 70,200 нийт 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН