Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0926

 

2024 11 20 128/ШШ2024/0926

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн ******* шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:5*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б /РД:ПЮ/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.А //,

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А,

Хариуцагч улсын байцаагчийн өмгөөлөгч: Т.Э //.

Хариуцагч: Сангийн сайд,

Хариуцагчийн Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц /Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн/,

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 119 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 213 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Л.А, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны Хяналт шалгалт хийх тухай УБ/03 дугаартай удирдамжийн дагуу Э ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт гаргаж холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах эсэх санал гаргах зорилго бүхий хяналт хийжээ.

1.2. Э ХХК-д хийсэн уг шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан нөхцөл байдал үүссэн болохыг тогтоож, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал бүхий улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр дүгнэлт гарсан.

1.3. Уг улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Э ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/187 дугаар албан бичгээр Сангийн яаманд хандан гомдол гаргасанд ...улсын байцаагчийн ...119 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байх тул хэвээр үлдээн шийдвэрлэж байна... гэх хариуг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8602 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

1.4. Улмаар дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Э ХХК-ийг Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл-д Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар хамруулсан талаар Мэдэгдэл хүргүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

1.5. Э ХХК-аас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 119 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 213 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд анх 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хандсан бөгөөд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулсны эцэст 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0974 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... Д ХХК, Э ХХК, А ХХК-ууд нь хамтран гүйцэтгэгчээр Зам тээврийн, хөгжлийн яамтай Азийн Хөгжлийн банкны МОН-3129 зээл, Баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Төсөл 2: Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх 191 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан.

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлын нэмэлт гэрээ-ээр үндсэн гэрээний ерөнхий нөхцөлийн 37 дугаар заалтыг үндэслэл болгон барилга байгууламжийн ажил гүйцэтгэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан болно. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/18/22 дугаар Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт-ээр төлбөр авах цэгийн барилга байгууламж, зам талбайн ажил нь зураг төсөл, техникийн шаардлагын дагуу бүрэн хийгдэж дууссан гэж дүгнэж байнгын ашиглалтад хүлээн авсан болно. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 12 оны өдөр 301 дугаартай нэмэлт гэрээ байгуулан барилга байгууламжийн ажил дуусгах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан болно.

Гэтэл Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай Хяналт шалгалтын тухай улсын байцаагчийн дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.

Энэхүү дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалаар манай компанийн тендерт оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарласан нь үндэслэлгүй байна.

Учир нь манай компанийн зүгээс дээрх гэрээт ажилд хамтран гүйцэтгэгчээр оролцож байгаагийн хувьд үндсэн гэрээ болон хугацаа сунгасан нэмэлт гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд барилга байгууламж, зам талбайн ажил нь зураг төсөл, техникийн шаардлагын дагуу бүрэн хийгдэж дууссан гэж дүгнэж байнгын ашиглалтад хүлээн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн гэрээт ажлын үүрэг даалгаврын биелэлтийн хурлаар захиалагч талыг төлөөлж тус хуралд оролцсон гишүүдээс одоогийн байдлаар үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна, улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдсан байна гэж дүгнэсэн.

Э ХХК-ийн зүгээс Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан болохыг мэдсэнээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамтран гүйцэтгэгч компани болох Д ХХК-тай хамт тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2024/0183 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэл гаргагч Д ХХК болон Э ХХК-ууд нь өөрт холбогдох тусдаа актуудтай маргаж байгаа учир тусдаа нэхэмжлэл гарган тус шүүхэд ирүүлэхээр захирамжилсны дагуу Э ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан болно.

Иймд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Д ХХК, Э ХХК, А ХХК хамтран гүйцэтгэгчээр Зам тээврийн хөгжлийн яамтай Азийн Хөгжлийн банкны МОН-3129 зээл, Баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Төсөл 2: Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх 191 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. Уг гэрээг тухайн үед Ковид 19 цар тахалтай холбоотой удаа дараа хойшлуулж байсан. Талууд харилцан тохиролцон нэмэлт гэрээ байгуулах байдлаар гэрээний хугацааг хойшлуулсаар ирсэн. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/1822 дугаартай буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан.Мөн үндсэн гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байсан. Гэрээний ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/1822 дугаар Авто зам, байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт-ээр төлбөр авах цэгийн барилга байгууламж, зам талбайн ажил нь зураг төсөл, техникийн шаардлагын дагуу бүрэн хэрэгжиж дууссан гэж дүгнэн захиалагч талаас хүлээж авсан байдаг.

Энэ хугацаанд Сангийн яамны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар хяналт шалгалтын тухай дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байсан. Үүнийг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаар тушаалаар манай компанийн тендерт оролцох эрхийг 3 жилийн хугацаатай түдгэлзүүлсэн. Үндэслэл болгосон захиргааны акт буюу улсын байцаагч дүгнэлтээ гаргахдаа тодорхой хэд хэдэн хууль зөрчин гаргасан гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг Э ХХК-тай холбогдуулан хийгээгүй. Энэ нь дүгнэлтээс тодорхой харагддаг. Уг дүгнэлтэд Д ХХК-ийн захирал Ц.Б 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд тус компаниас уг асуудалтай холбогдуулан тайлбар ирүүлээгүй болно гэсэн. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагааг Д ХХК-тай холбогдуулан хийсэн боловч Э ХХК-тай холбогдуулан сонсох ажиллагаа хийгээгүй буюу сонсох ажиллагаа хийлгүй дүгнэлт гаргасан байна. Энэ талаарх гомдлыг манай зүгээс Сангийн яаманд гаргасан. Үүний хариуд ахлах байцаагч нь бичгээр өгсөн хариуд шүүхэд хандах нь зүйтэй байна гэсэн.

Талуудын хооронд ажил гүйцэтгэхтэй холбоотой түншлэлийн гэрээ байгуулах хэлбэрээр ажлыг гүйцэтгэж байсан. Уг түншлэлд оролцож байгаа Э ХХК болон А ХХК нь гэрээт ажлын ямар хэсгийг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан талаар улсын байцаагч дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй байна гэж тухайн компаниудын тендерт оролцох эрхийг оролцох эрхийг хязгаарласан дүгнэлт гаргасан нь хууль бус байна. Сангийн яамны дэргэдэх Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан чиг үүрэг, Засгийн газрын 2019 оны 274 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан худалдан авах авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийг удирдлага болгож хяналт шалгалтыг хийх ёстой. Хяналт шалгалтыг өөрийн санаачилгаар эсвэл төрийн байгууллага, иргэд албан байгууллагын гомдол, хүсэлтийн дагуу хийсэн эсэх нь тодорхойгүй. Худалдан авах ажиллагааны ажлын гүйцэтгэлтэй холбоотой дүгнэлт гаргахдаа Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 2.1-д заасан зарчмыг баримтлах ёстой. Уг дүрмийн 2.1.3-т асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх ёстой. Өөрөөр хэлбэл Э ХХК-тай холбогдуулан хяналт шалгалт хийж байгаа тохиолдолд тус компани гэрээний ямар үүргийг зөрчсөн, үндэслэл болгосон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан үндэслэлд хамаарч байгаа эсэх, ноцтой зөрчил эсвэл үүргээ биелүүлээгүй гэдгийг ялгаж дүгнэлтэд тусгаж өгөөгүй. Энэ нь улсын байцаагчийн дүрмийн 2.1.3-т заасан үндсэн зарчим болох шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх зарчмыг зөрчсөн байна. Иймд уг дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй байна. Улсын байцаагчийн акт хүчингүй болж байгаа тохиолдолд Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалыг мөн хүчингүй болгох ёстой. Мэдээж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан зөрчлийг гаргаж байгаа аливаа этгээдийн эрхийг хязгаарлах нь зүйтэй. Үүнтэй холбоотой маргаан байхгүй. Гэхдээ ямар зөрчил гаргасан нь ноцтой зөрчил гэж үзэж байгаа талаар тодорхойлохгүй гаргаж байгаа тохиолдолд тус акт нь хүчингүй болох ёстой гэсэн байр суурьтай байна. Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр хяналт шалгалтын тухай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тендерт оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна гэв.

Гурав. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А, Сангийн сайд нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна.

Зам тээврийн яамнаас Д ХХК, Э ХХК, А ХХК-ийн түншлэл Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй тул тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай хүсэлтийг тус яаманд ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийгдсэн.

Дээрх гэрээ нь заасан хугацаанд дуусаагүй бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 195 тоот нэмэлт гэрээ байгуулж ажил дуусах хугацааг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан боловч тухайн гэрээт ажлын үүрэг даалгаврын биелэлтийг хүлээлгэж өгөөгүй буюу гэрээнд заасан хугацаанаас даруй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байсан тул 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай дүгнэлтийг гаргасан.

Нэхэмжлэлд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн үүрэг даалгаврын ажлын 02 дугаартай акт гэх баримт бичгээр гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж тайлбарлах боловч худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт гарах үед бий болоогүй, зурагдаагүй баримт бичгээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх улсын байцаагчийн дүгнэлт нь холбогдох хууль журамд нийцүүлэн гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

3.2. Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Сонсох ажиллагааны хувьд тухайн компаниудад тус туст нь албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Э ХХК-д 11/6310 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хүрээнд тухайн түншлэлийн аль этгээд нь гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар хэнийг томилох нь түншлэлийн хуулийн этгээдүүдийн өөрсдийнх нь асуудал гэж үзэж байна.

Худалдан авах ажиллагаанд оролцохдоо тендерт оролцогч гэдэг нэр томьёоны хүрээнд оролцдог. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу тендер шалгаруулалт болон хяналт шалгалт явагдсан. Уг хуульд худалдан авах ажиллагаанд оролцохоор санал ирүүлсэн 1 эсвэл хэд хэдэн этгээдийг тендерт оролцогч гэнэ буюу хэд хэдэн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэнд түншлэлийн гэрээ байгуулан тендер шалгаруулалтад оролцож байгаа бол 1 этгээд гэж тооцогддог.

Гэрээний эрх үүрэгтэй холбоотой түншлэлийн гэрээг худалдан авах ажиллагаанд оролцохдоо ирүүлдэг. Тухайн хуулийн этгээдүүд хэрэгт авагдсан байгаа итгэмжлэлийн бичиг үйлддэг. Уг бичгийн хүрээнд Д ХХК нь түншлэлийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа гэж үзэж байна. Энэ хүрээнд Д ХХК нь түншлэлийг төлөөлөн сонсох ажиллагаанд ирснийг түншлэлийн дотоод асуудал гэж үзэн хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн. Тухайлбал Э ХХК, А ХХК нь хүсэлт гаргаагүй байхад заавал сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаанд оролцох боломжоор хангана гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагч тухайлан мэдэгдэл өгч боломжоор хангасан. Хэрвээ Д ХХК-аас ондоо тайлбар хийх ёстой гэж үзэж байгаа бол хаяглаж хүргүүлсэн мэдэгдэлд үндэслэн сонсох ажиллагаанд оролцох эрх, үүрэг нь бүрэн нээлттэй буюу үүнийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй. Сонсох ажиллагаанд оролцох гэхэд зөвхөн Д ХХК-тай хийнэ гэж сонсох ажиллагаанд оролцуулаагүй гэдэг үйл баримт, маргаан байхгүй учир цуг асуудалд маргаангүй гэж үзэж байна.

Гэрээт ажлын аль хэсгийг хэн хийх ёстой байсан талаар улсын байцаагч тухайлан дүгнэлт гаргаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гэрээний үүргийг тендерт оролцогч гэдэг байр суурьтай гүйцэтгэнэ. Тухайн хуулийн этгээдүүд дангаараа тендер шалгаруулалтад оролцох эрх нь байсан. Тус 3 компани санхүү, хүний нөөц, техник, технологийн туршлагын тусгай зөвшөөрлийн шаардлагуудаа нэгтгэж, гэрээний үүргийг гүйцэтгэж чадна гэж тухайн тендерт оролцсон бол хамтарч хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Хэрэв захиалагч гэрээний үүргийг хуваарилан тус туст нь хүлээж авах байсан бол нэхэмжлэгчийн ярьж байгаа үндэслэл ач холбогдолтой байж магадгүй. Гэтэл маргаан бүхий гэрээнд тухайн 3 хуулийн этгээд нь түншлэлийн хувиар оролцсон. Э ХХК нь хэмжил зүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд ажилласан. Уг ажилтай холбоотой улсын комисс даалгаврын биелэлт хангуулах дотор үүнтэй холбоотой асуудал мөн адил байдаг. Сонсох ажиллагааны баримтуудаас харахад зориулалтын дагуу зүй ёсоор ажиллаагүй. Иймд худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэлтдээ Э ХХК-тай холбоотой зүйлийг тухайлан дурдах хууль зүйн үндэслэлгүй гэж өмнө тайлбарласан. Хэний хүсэлтээр хяналт шалгалт хийгээд байгаа нь ойлгомжгүй гэдэгт хариуцагч тодорхой тайлбарлалаа. Зам, тээврийн хөгжлийн яамнаас албан бичгээр санал ирүүлж, уг саналд тухайн ажлын талаар тодорхой үндэслэлүүдийг дурдаж ирүүлсэн. Захиалагч байгууллагаас ажлын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хүсэлт ирсэн гэдгийг улсын байцаагчийн дүгнэлтээр тодорхой дурдаж өгсөн. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн гэдэгтэй Э ХХК маргахгүй байгаа гэж ойлгож байна. Зөвхөн Д ХХК-тай холбоотой асуудал гэж маргаж байна гэж ойлгож байна. Энэ тохиолдолд уг үндэслэл байхгүй. Түншлэлээр орох ёстой гэж захиалагч байгууллага шаардаагүй. Өөрсдөө иргэний эрх зүйн хүрээнд эрх, үүргээ ухамсарлаж, түншлэлийн гэрээ байгуулан оролцож байгаа бол үүнтэй холбоотой үр дагаврыг мөн адил хуульд зааснаар хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өмнөх шүүх хуралдаанд тайлбарлахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч намайг шүүхэд нөлөөлөх гэж оролдсон гэж тайлбарлаад байсан. Энэ нь уг гэрээтэй холбоотой асуудал учир зайлшгүй дурдаж хэлэх нь хэргийн үйл баримтыг зөв тодруулахад ач холбогдолтой гэж үзэн тайлбарлаж байна. Энэ нь 191 дугаартай гэрээтэй холбоотой Д ХХК-ийг мөн адил жагсаалтад оруулсан. Энэ асуудлаар Д ХХК нь маргаан үүсгэн ******* болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхээс гомдлыг хүлээж авахаас татгалзсанаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт байгаа гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй байна... гэв.

3.3. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн Сангийн сайдын тушаал гарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Сангийн сайдын тушаал гаргах бүрэн эрхийг зохицуулсан байдаг. Иймд үндэслэл бүхий гарсан Сангийн сайдын тушаал гэж үзэж байна. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр Улсын байцаагчийн эрх хэмжээний хүрээнд ашиглагдах тогтоол байдаг. Эдгээрийг үндэслэн гаргасан улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын тушаал гарсан учир үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Э ХХК нь 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, хэмжих багаж төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, мэргэжил олгох сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, регистрийн 5******* дугаарт, улсын бүртгэлийн 90******* дугаарт бүртгэлтэй.

3. Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан ЗТХЯ/******* дугаартай Азийн хөгжлийн банкны Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн MON-3129 зээлийн хөрөнгөөр хэрэгжих Х аймгийн М******* сум, Баян-Ө******* аймгийн Ө******* суманд баригдах төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил тендер шалгаруулалтын Багц №1 Х аймгийн М******* сумын төлбөр хураах цэгийн барилга-ын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад Д ХХК нь оролцож тэнцсэн тохиолдолд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21/01 дүгээр Түншлэлийн гэрээ-ээр хэмжил зүйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Э ХХК-аар тухайлсан ажлыг гүйцэтгэхийн тулд түншлэл болон хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.

4. Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3471 дугаар албан бичгээр Зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагын судалгааг хавсралтаар хүргүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд ханджээ.

5. Ингэхдээ, дээрх албан бичгийн хавсралт /Зам тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагын судалгаа/-ын 16 дугаарт Д ХХК /РД:*******/-ийн нэр бичигдсэн ба харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр байхгүй ба,

Зөрчил хэсэгт: Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, байнгын ашиглалтад авах комиссын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/18/22 дугаар акт, дүгнэлтээр үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Үүнд, авто пүүний түвшин тэнцүүлэх, тохируулга хийн баталгаажуулж, хэвийн үйл ажиллагаанд оруулах, ил далд ажлын акт, хяналтын инженерийн зөвшөөрлийн хуудас, ажлын холбогдох баримт бичгийн бүрдлийг гүйцээн архивд хүлээлгэн өгөх, цахилгааны шон нэмж суурилуулах, авто пүүний автомат хаалтыг суурилуулах, хурд сааруулагч стандартын дагуу хийх, нэмэлт тэмдгийг суурилуулах.

Гэвч эдгээр ажлууд хийгдээгүй, шинээр баригдсан Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн битүүмж муу, дулаан алдагдал өндөр, цахилгааны холболтоос шалтгаалж галын аюулгүй байдал алдагдаж чанарын шаардлага хангахгүй гэсэн.

6. Үүний дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч Ж.Г*******ын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай 03 дугаартай худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж батлагдсан, уг удирдамжийн хавсралтын 70-рт нэхэмжлэгч Э ХХК-ийн нэр бичигдсэн,

7. Удирдамж ёсоор, шалгалт нь захиалагчаас ирүүлсэн мэдээллийн дагуу тендерт оролцогч нь хуулийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн эсэхийг шалгаж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах зорилготой, хяналт шалгалтын арга, хэлбэр нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу баримт материалыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох газруудаас татан үзэх ... хэлбэрээр болон хуулийн 521.1, 521.2-д заасанд үндэслэх-ээр, шалгалтын хамрах хүрээ нь тендерт оролцогч нь гэрээний үүргээ хэрэгжүүлэхдээ хууль холбогдох журмыг зөрчсөн эсэхийг тогтоохоор холбогдох баримт материал, сонсох ажиллагааны тэмдэглэл байхаар, удирдамжийн хавсралтад нэр нь дурдагдсан аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулах-аар, хяналт шалгалтаар хийж гүйцэтгэх ажил нь албан бичиг, захиалагч болон гүйцэтгэгчээс ирүүлсэн эх материал болон ... нягтлан шалгах баримтжуулах ажлыг байгаа материалын дагуу хийх, хяналт шалгалтын дүнг ажил дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулах зэргээр заасан.

8. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11/6153 дугаар албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн яаманд хандан танай яамны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3471 дугаар албан бичгээр судалгаа бүхий 21 гэрээний мэдээлэл ирүүлсний дагуу 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай удирдамж гарган ажиллаж байна гээд, 12 гэрээний захиалагч нь танай яам тул гэрээ тус бүрийн үүргийн гүйцэтгэлд холбогдох нотлох баримтыг ирүүлэх, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хаяг, захиалагчийг төлөөлөн харилцах албан тушаалтны мэдээлэл ирүүлэх-ийг шаардсанаар,

9. Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03/4126 дугаар албан бичгээр хариуг хүргүүлэхдээ, зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүйтэй холбоотой 12 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг гаргаж, 898 хуудас баримтыг хавсаргаж өгсөн.

10. Үүнээс, хариуцагч улсын байцаагч нь нэхэмжлэгчид хамаарах 50 хуудас баримтыг хариу тайлбарын хамт ирүүлсэн ба маргаан бүхий дүгнэлтийг гаргахад цугласан бүхий л баримтыг гаргаж өгснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

11. Маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 119 дүгээр дүгнэлтээр ...хяналт шалгалтын хүрээнд цугларсан баримт бичиг болох гэрээний хуулбарыг үзэхэд Д ХХК-ийн түншлэл нь Зам, тээврийн хөгжлийн яамтай Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх 191 тоот гэрээг 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ... 2023 оны 9 дүгээр сар буюу сонсох ажиллагаа хийх хүртэл хугацаанд тухайн гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэж өгөөгүй буюу гэрээнд заасан хугацаанаас даруй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн... Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор Э ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дугаар зүйлийн 521.2.1-д зааснаар Э ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн байна.

12. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс ...Авто зам, байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/1822 дугаар акт, дүгнэлт-ээр гэрээг дүгнэн захиалагч тал хүлээж авсныг дурдан нотлох баримтаар үнэлүүлж, худалдан авах ажиллагааны улсын байцаагч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй, түншлэлийн гэрээ байгуулах хэлбэрээр ажил гүйцэтгэсэн нэхэмжлэгчийг гэрээт ажлын ямар хэсгийг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан, ямар үүргийг гүйцэтгээгүй гэдгийг, гэрээний ямар үүргийг зөрчсөн нь ноцтой зөрчил болсон эсхүл гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг ялгаж дүгнэлтэд тусгаж өгөөгүй, дүгнэлт хийгээгүй нь хууль бус, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 2.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасантай нийцээгүй зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр маргасан бол,

Хариуцагчаас ... хүсэлт гаргаагүй байхад заавал сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй, хэрэв Д ХХК-аас өөр тайлбар хийх ёстой гэж үзсэн бол сонсох ажиллагаанд оролцох эрх, үүрэг нь бүрэн нээлттэй буюу үүнийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй, нэр бүхий гурван компани санхүү, хүний нөөц, техник технологийн, туршлагын, тусгай зөвшөөрлийн шаардлагуудаа нэгтгэж, гэрээний үүргийг гүйцэтгэж чадна гэж тухайн тендерт оролцсон бол хамтарч хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

13. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 52.1.3. Худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам, батлах 52.1.5. Захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх гэж хуульчилсан бол,

14. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч /хариуцагч/-аас хэрэгжүүлэх захиргааны үйл ажиллагааг зохицуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйл. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч, 521.1. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна, 521.2. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 521.2.1. энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах, 521.3. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална гэж,

15. Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дүрэм, журам батлах тухай 274 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн үйл ажиллагааг зохицуулах зорилготой ба улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгохыг заасан.

16. Шүүх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, маргасан үндэслэл, үйл баримтуудыг дээр дурдсан хууль болон дүрмийн холбогдох заалтуудын хүрээнд тайлбарлаж, дараах байдлаар дүгнэлт хийв.

16.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 22.1-д зааснаар Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 03/3471 дүгээр албан бичиг /энэхүү үндэслэх хэсгийн 4-д заасан/-т үндэслэн эхлүүлсэн гэх авч уг албан бичгээр хүргүүлсэн мэдээлэлд нэхэмжлэгч Э ХХК-ийн нэр байхгүй, удирдамжид өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдоогүй.

16.2. Хариуцагч улсын байцаагчаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй нь хуульд нийцээгүй, ийнхүү хэрэгжүүлээгүй болох нь сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдээгүй, нотлох баримтаар гаргаж өгөөгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбараар нотлогдож, хяналт шалгалтын удирдамжийн 4-д заасны дагуу хяналт шалгалтын хамрах хүрээг бүрэн дүүрэн тогтоож хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

16.3. Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга захиалагчийн төлөөлж, Д ХХК-ийн захирал гүйцэтгэгчийг төлөөлж 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн АХБ-ны МОН-3129 зээл, баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл 2: Х аймгийн М******* сумын төлбөр авах цэгийн барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх 191 дүгээр гэрээ байгуулагдсан ба уг гэрээний ерөнхий нөхцөлийн 9.1. Хэрэв гүйцэтгэгч нь хоёр буюу түүнээс дээш этгээдээс бүрдсэн түншлэл, консорциум, эсхүл нэгдэл байгаа тохиолдолд ийм бүх этгээд нь гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол гэрээний заалтуудыг ханган биелүүлэх үүргийг захиалагчийн өмнө хамтаар болон дангаар хүлээх үүрэгтэй бөгөөд түншлэл, консорциум, эсхүл нэгдлийг баталгаажуулах үүднээс тэдгээр этгээдээс нэгийг нь эрх бүхий удирдах этгээдээр томилох... гэж заасны дагуу түншлэлээр тендерт оролцож, гэрээгээр ажил гүйцэтгэх болсон этгээдүүд /түншлэгч нар/ нь гэрээний тусгай нөхцөлдөө хэрхэн тусгасан болох, нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс гэрээний аль үүргийг биелүүлээгүй болох, түншлэгч тус бүрийн гэрээний дагуух хүлээх үүрэг нь ямар үүрэг байсан болох, биелүүлээгүй үүрэг нь юу болох зэргийг хариуцагч улсын байцаагчийн зүгээс бүрэн дүүрэн тогтоогоогүй, үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг маргаан бүхий дүгнэлт нь хангаж гараагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хариуцагчаас хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

17. Маргаан бүхий Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 213 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.4, 2.5, худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарын саналыг үндэслэн гарсан ба нэхэмжлэгч Э ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчлөөр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 119 дүгээр дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан.

18. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ, 52 дугаар зүйлийн 52.1.Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 52.1.14.энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх гэж заасан бол,

Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дүрэм, журам батлах тухай 274 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2 дугаар зүйлийн 2.4. төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ, 2.5. иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 жил байна гэж заажээ.

19. Дээр дурдсан хууль болон дүрмийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч Сангийн сайд нь маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх хэмжээтэй хэдий ч тухайн актыг гаргах үндэслэл болсон худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 119 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож дүгнэсэн тул уг хууль бус актын үр дагавраар шийдвэрлэсэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын нэхэмжлэгч Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

20. Нэгтгэн дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.1-д зааснаар хариуцагч худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас мөн хуулийн 521.2.1. хуулийн 14.1.4.сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй нөхцөлөөр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал-ыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхдээ энэ хэсгийн 16-д дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийг тендерт оролцогчийн хувьд захиалагчтай байгуулсан гэрээгээ зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг шалган тогтоож чадаагүй, дүрмийн 2 дугаар зүйл. Улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим. 2.1.3. асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх зарчмыг хангаагүй, үүгээрээ маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс тэмдэгтийн хураамжийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.15, 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.14, 521 дугаар зүйлийн 521.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан Э ХХК-аас, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А, Сангийн сайд Б.Ж******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын тухай 119 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 213 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН