Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00997

 

2025 02 10 197/ШШ2025/00997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .........тоотод оршин суух, Ховогт Э-ын Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Б төлбөр барагдуулах газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гэрч Л.Э, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь Шинжээч дүгнэлт гаргахдаа барьцаа хөрөнгөтэй танилцаж мэдээлэл аваагүй, өөр хүнийг явуулж, зураг авхуулж дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн. Тухайн хөрөнгө нь 4,200,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхад 3,7 сая төгрөгөөр 1 м.кв талбайг тооцож, нийт 505,597,700 төгрөгөөр үнэлж хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилохдоо шинжээчид ямар хуулийг яаж танилцуулсан нь тодорхойгүй, шинжээч томилох ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хүчингүй болсон хуулийн заалтыг шинжээчид танилцуулсан тул түүнд эрх, үүргийг танилцуулсан гэж үзэхгүй. гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан. Шинжээчийг томилж хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь Шинжээч томилсон тогтоолоос харагдана гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/0000 дугаартай шийдвэрээр хариуцагч

О.Ц, Э.Э нараас 210,914,480.788 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГХК-д олгох, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох О.Ц-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/0000 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх7-13, 72-85/

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/0000 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 101/ГХ2024/0000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх68-71/

Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагааны явцад Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3-5482, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/5520 дугаартай албан бичгээр үнийн санал ирүүлэх талаар талуудад мэдэгдсэн байх ба Г ХК-иас 212,997,204 төгрөгөөр, Э.Э, О.Цнараас 995,562,000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх107, 117/

Талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10/00 дугаартай тогтоолоор шинжээчээр Мөнх Оргил трейд ХХК-ийг томилсон байна.

 

4.2.Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна. гэж заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шийдвэр гүйцэтгэгч тодруулан шалгажээ. /хх124/

Мөн зүйлийн 10.3-т Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж заасан ба Шинжээч томилох тухай тогтоолын 2 дахь заалтад Шинжээч Б.Эрдэнэбаатарт Шүүх шинжилгээний тухай хуулийн 8, 9, 10, 35, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасугай. гэж дурдан, Танилцсан шинжээч хэсэгт Б.Э гарын үсэг зурж, М ХХК-ийн тамгыг дарсан байна. Үүнээс үзэхэд шинжээчид эрх, үүргийг танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. /хх122/

Нөгөөтээгүүр шүүх хуралдааны явцад үнэлгээ гаргасан Мөнх Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.Э нь ...эрх, үүргийг тайлбарласныг ойлгосон гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хэргийн 158 дугаар хуудаст М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан бөгөөд Б.Э-ыг захирлаар томилсон, шийдвэр гүйцэтгэгчээс Б.Э-т эрх, үүрэг тайлбарлан гарын үсэг зуруулсан байгаа нь хууль зөрчөөгүй.

 

4.3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Шийдвэр гүйцэтгэгч, шинжээч нар нь Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлцэж, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/0000 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Э.Э-д мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулжээ /хх163/.

Ингээд үнэлгээг төлбөр төлөгч Э.Э хүлээн зөвшөөрөөгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчөөгүй.

Гэтэл шүүх 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/0000 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэгч Э.Э  2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргасан байна. /хх5 дахь талын ар, 42, 54-55/

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-т заасан Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., мөн зүйлийн 79.7.-д зааснаар Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолоход 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах байтал 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

4.4.Зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 75дугаар зүйлийн 755.4.-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрх, үүргийг талуудад тайлбарласан.

Нэхэмжлэгч талаас дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаарх баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, гэрч Л.Э-ын мэдүүлснээр зах зээлийн үнэлгээг нотолно гэх боловч гэрчийн мэдүүлэг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг шууд нотлохгүй юм. Иймд зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

4.5. Шинжээч дүгнэлт гаргахдаа барьцаа хөрөнгөтэй танилцаж мэдээлэл аваагүй, өөр хүнийг явуулж, зураг авхуулж дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 15.1-т "үнэлгээчин" гэж Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаас үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ гэж, 16 дугаар зүйлийн 16.1.-т Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ. гэж тус тус заасан.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектыг шинжилгээ хийх байгууллага, шинжээчид хүргүүлэх боломжгүй бол шинжээчийг шинжилгээний объектын оршин байгаа газар, байршил, объектод чөлөөтэй нэвтрэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангана. гэж заасан.

Хөрөнгийн үнэлгээг шинжээч Мөнх Оргил трейд ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар гаргаж, тайланг тэрээр бичсэн байх ба эрх бүхий этгээд шинжээчээр өөр этгээдийг томилоогүй байхад компанийн ажилтнаа шинжилгээний объекттой танилцуулж, гэрэл зургийг авахуулсан болох нь үнэлгээчин Б.Эрдэнэбаатарын мэдүүлгээр нотлогдсон.

Эрх бүхий этгээдээс томилогдсон шинжээч буюу үнэлгээ хийх эрх авсан этгээд нь шинжилгээний объекттой биечлэн танилцаж, гэрэл зургаар баримтжуулах үүрэгтэй ба энэхүү үүргээ өөр этгээдэд хариуцуулах боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

4.6.Хэдийгээр шинжээч шинжилгээний объекттой биечлэн танилцаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Э.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох О.Ц-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 11/2 байр, 0 тоот хаягт байршилтай, 134,9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 505,597,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ