2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01372

 

2025          02          13                                    191/ШШ2025/01372                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ***************, **************** тоот хаягт оршин суух, *************** овогт Б.Б*************** /РД:***************/-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ***************, **************** тоот хаягт оршин суух, ***************овогт П.З*************** /РД:***************/-д холбогдох, 

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б***************, өмгөөлөгч Б.Т***************, хариуцагчийн өмгөөлөгч Б.З*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 

Миний бие П.З***************той “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр **-** *** улсын дугаартай зүтгүүр машин, **-** *** дугаартай чиргүүлтэй хөргүүрийн хамт 58,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед Багахангай дүүргээс Улаанбаатар хот руу ирж оношлгооонд оруулаад үлдэгдэл мөнгийг өгье гэж хэлээд одоог хүртэл үлдэгдэл мөнгөө өгөөгүй байна. Тухайн үед 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 17,000,000 төгрөг, мөн Стемо маркын тээврийн хэрэгслийн 30,000,000 төгрөгөөр тооцон өгч, нийт 47,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 11,000,000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Тухайн үед Багахангай дүүргээс хот руу оруулж ирж оношлогоонд оруулсан гэх зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө цувуулаад өгье гэхээр нь боломж олгоод би боломжоороо өгчих гэж тухайн үедээ хэлсэн. Үнэ бүрэн төлөгдсөн тохиолдолд тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж тохиролцсон боловч хариуцагч нь “би урд явж байна. Машинаа над руу шилжүүлээд өгчих” гэж хэлсэн. “Компани дээр оруулаад “гит” аваад мөнгийг чинь өгнө” гэсний дагуу машины өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч мөн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Дараа нь гэрээ байгуулснаас хойш өгнө гэж явсаар байгаад, сүүлдээ 2024 оны 6 дугаар сард болон 8 дугаар сард ярихад гэнэт засварын төлбөр ярьсан. Иймд машин үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

2.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр анх гэрээ байгуулахдаа хэрхэн тохиролцсон бэ гэхээр энэ машиныг өөрөө очиж авна, авахдаа засвар оношлогоог П.З*************** хийлгэхээр тохиролцсон. Тухайн машинд засвар нэлээн шаардлагатай байсан тул энэ мөнгийг нь Б.Б*************** үндсэн үнээс хасахаар тооцож тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу засвар үйлчилгээнд гарсан зардлаа нэхэмжлэгч талтай уулзаж дансны хуулгаа харуулж, гэрээ дуусгавар болсон талаар харилцан тохиролцож ингэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон. Талууд нэгэнт хуульд заасны дагуу үүрэг дуусгавар болж машинаа шилжүүлж өгсөн, үүрэг дуусгавар болсон талаар талууд гэрээндээ тодорхой байдлаар илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.  

Талууд гэрээний үндсэн үнийг 58,000,000 төгрөг биш, 54,000,000 төгрөгөөр анх тохиролцсон байдаг. Мөн Стемо маркын тээврийн хэрэгслийг 32,000,000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэмэлт тайлбар нь нотариатаар баталсан “Худалдах худалдан авах гэрээ”-г үгүйсгэсэн байдалтай ярьж байна. Гэхдээ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байгаа тул гэрээний үүрэг дуусгавар болсон гэрээний үүргээ биелүүлсэн, төлбөр бүрэн төлөгдсөнийг талууд илэрхийлж, нотариатаар гэрчлүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №1138, №1139 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Б**********ийн эзэмшлийн “Х.**********” ХК-ийн  дансны хуулга,  

хариуцагчаас, П.З***************гийн эзэмшлийн “Х.**********” ХК-ийн дансны хуулга, “Х.**********” ХК-ийн дансны хуулга, төлбөрийн баримтууд, бараа борлуулах баримтуудыг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас **-** ***, **-** *** дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлгийн баримт, 2022 оны 8 сарын 10-ны өдрийн №1448 тоот худалдах, худалдан авах гэрээ, Э*********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.  

 

Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын  шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Б.Б*************** нь хариуцагч П.З***************д холбогдуулан, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах №1138, №1139 дугаар гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөгййг гаргуулна гэж тодорхойлж байна. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. 

  Хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгсэл худалдах худалдах авах гэрээ, талуудын гаргасан тайлбар, хүсэл зоригийн илэрхийллээс нэхэмжлэгч Б.Б***************, хариуцагч П.З*************** нарын хооронд **-** *** улсын дугаартай зүтгүүр, **-** *** улсын дугаартай чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.  

4.Талууд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд тээврийн  хэрэгслийн үнийг 65,000,000 төгрөг гэж бичсэн байх хэдий ч нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн үнийг 58,000,000 төгрөг, хариуцагчаас 54,000,000 төгрөг гэж тус тус тодорхойлж байна. 

Нотлох чиг үүргийн хувиарлалтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.  

Нэхэмжлэгч тал нь гэрээний үнийг 58,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбараа нотлоогүй тул хариуцагчийн зөвшөөрлийн хүрээнд тээврийн хэрэгслийн үнийг 54,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэхээр байна. 

Мөн хариуцагчаас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 сая төгрөгт Стемо маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн гэх тайлбарыг гаргаж байх хэдий ч энэ тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. 

Иймд нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийн хүрээнд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгт тооцож тээврийн хэрэгслийг шилжүүлсэн гэж үзэхээр байна. 

5.Хариуцагчаас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан, худалдаж авсан тээврийн хэрэгсэл нь доголдолтой байсан тул засан сайжруулалт хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан 

Талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд “төлбөр бүрэн төлөгдсөн” гэж бичигдсэн байх хэдий ч төлбөр төлсөн үйл баримтаа нотлох үүрэг хариуцагч талд байна. 

Хэрэгт хариуцагч талаас гаргасан Х.********** болон Х.**********ны 1,400,000 төгрөг болон 2,000,000 төгрөгийн гүйлгээний баримтууд, бараа борлуулалтын баримтуудаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна. 

Талууд хэн аль гэрээний үүрэгт 17 сая төгрөгийг хүлээн авсан үйл баримттай маргаагүй. 

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний үүрэгт 47,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна гэж үзэхээр байна. 

6.Дурдсан үндэслэлээр гэрээний үнэ болох 54,000,000 төгрөгөөс хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн 47,000,000 төгрөгийг хасч тооцож, хариуцагч П.З***************гоос 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*************** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.З***************гоос 7,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Б***************д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч П.З***************гоос 123,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б***************д  олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      З.БАЯРМАА