Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 43

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

 Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

 Хохирогч: Д.Н,

        Шүүгдэгч: Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

       Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н холбогдох 1728000670008 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                   Тодорхойлох нь:

        Шүүгдэгч Э.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайхны 7-31 тоот гэртээ, төрөөд 7 хонож байсан хүү Н өвөртөлж унтаж байхдаа амьсгал бүтэлтэнд хүргэсний улмаас Н. нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

       Шүүгдэгч Э. гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

       Шүүгдэгч Э.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хүүгээ орой 21 цаг өнгөрөөгөөд хөхүүлээд унтуулсан. Би хүүхдээ огт хэвтэж хөхүүлдэггүй. 00 цаг өнгөрөөгөөд хөхүүлэх гээд харахад царай нь хөхөрсөн байсан.  Зузаан хөнжил нөмөрч унтдаг байсан. Ухаангүй унтчихсан байсан. Манай охин, дүү 2 унтаж байсан. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж ийм зүйл болсон гэж бодож байна Толгойноос доош хөхний хавьд унтаж байсан.

       Хохирогч Д.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би эрхээ эдлээд охиныхоо эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.

Хохирогч Д.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Э.Н бол миний төрсөн охин. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлье. Надад гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй” /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч С. э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайхны 7-31 тоот хашаанд 2 гэрт өөрийн төрсөн хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай гэрт эхнэр Д.Н, хүү Чулуунхүү бид нар байдаг. Зүүн талын гэрт миний хамгийн том охин Нандин-Эрдэнэ 2 хүүхэдтэйгээ байдаг. Миний том охин Нандин-Эрдэнэ сая 2017 оны 08 дугаар сарын 29-нд төрж хүүтэй болж Бат-Эрдэнэ гэж нэр өгсөн. Өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой би эхнэр Д.Нийн хамт зүүн гэрлүүгээ орж охин Нандин-Эрдэний хүүхдийг харж охинтойгоо ойр зуурын юм ярьж байгаад баруун гэрлүүгээ ороод унтаж байхад шөнийн 12 цаг 40 минутын үед зүүн гэрээс охин Нандин-Эрдэнэ утсаар ээжтэйгээ яриад аав ээжээ нярай хүүхэд хачин болчихлоо гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн хамт зүүн гэрлүү ороход  баруун талын орон дээр дээшээ харсан байдалтай царай нь хөх, болчихсон байхаар нь эхнэрийг түргэн тусламж дууд гэж хэлсэн. Удалгүй түргэний машин ирээд эмч охины маань нярайг үзээд зүрх нь зогссон байна гээд Цагдаад дуудлага өгөөд явсан. Намайг урд орой нь ороход дөнгөж төрөөд удаагүй байгаа хүүхэд гэхэд сэргэлэн цовоо байсан. Ямар нэг өвчин байхгүй байсан. Нөхөртэй байж байгаад энэ оны 3-р сард салаад манай хашаанд хоёр хүүхдийн хамт байсан. Намайг ороход юм хэлээгүй, босоод зогсчихсон байж байсан. Нандин-Эрдэнийн Бат-эрдэнэ гэж нэртэй байсан. Манай хашаанд байсан хүмүүс манай эхнэр, хүү Чулуунхүү, охин Шинэцэцэг, хүү Бямба-Очир, бэр Чимгээ нар баруун гэрт хамт байсан. Зүүн гэрт Нандин-Эрдэнэ охин Солонгоо нярай хүүхэдтэйгээ 3 уулаа унтаж байсан. Нөхрөөсөө юунаас болж салсан талаар мэдэхгүй байна. Анх төрөхдөө их хуурайшилттай төрсөн хүүхэд, яг юунаас болж нас барсан талаар мэдэх зүйл алга” /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би тухайн үед БОЭТ-ийн жижүүрт гарч байсан. Тэгсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө 00 цаг 20 минутад Баруун сайхны 7-31 тоотод төрөөд 7 хонож байгаа нярай хүүхэд амьсгалахгүй сонин болчихлоо гэх дуудлага ирсэн. Бид дуудлагыг хүлээн авч уг дуудлага өгсөн газар очиход хашаандаа хоёр гэртэй зүүн талын гэрт ороход нярай хүүхэд байсан. Би уг хүүхдэд үзлэг хийхэд амьсгал зогссон ам, хамрын гурвалжин хөхөрсөн, бие нь хүйтэн байсан. Би нас барсан хүүхдийн ээж гэх эмэгтэйтэй ярилцахад 21 цаг 20 минутад хүүхдээ хөхүүлээд унтуулчихаад хажуугаар нь ороод унтсан. Нэг сэрээд харсан чинь миний хүүхэд амьсгалахгүй байсан гэж уйлаад ярьж байсан. Намайг дуудлага аваад очиход нярай хүүхэд нас барчихсан байсан. Тэгээд би цагдаад хэлэх ёстой, гэж ар гэрийнхэнд нь тайлбарлаж хэлээд цагдаа дуудсан. Нэлээн хүн цугларсан байдалтай байсан. Тэр талийгаач нярай хүүхдийн эмээ гэх эгч хэлэхдээ хүүхдэд ямар нэг өвчин байгаагүй, эрүүл саруул хүүхэд байсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би аав, ээж, ах эгч дүү нарын хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Баруун сайхны 7-31 тоот хашаанд амьдардаг. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой бид баруун гэрт аав, ээж ах эгч нар унтсан. Би зүүн гэрт эгч Нандин-Эрдэнэ хоёр хүүхдийн хамт унтсан. Би гэрийн зүүн тал буюу газар унтсан, намайг унтаж байхад шөнийн 00:20 үед байхаа хүн шуугилдаад байсан. Би сэрээд харсан чинь аав, ээж ах Бямба-Очир нар гэрт ороод ирчихсэн байж байсан. Тэгээд эмч нар ирээд дараа нь цагдаа нар ирсэн. Дараа нь би эгч Нандин-Эрдэнийн нярай хүүхдийг харсан чинь царай нь хөхөрсөн байсан. Өөр зүйл мэдэхгүй. Намайг сэрэхэд ээж, аав ах эгч нар гэрт ороод ирчихсэн. Нандин-Эрдэнэ эгч уйлаад зогсож байсан. Огт юм яриагүй. Намайг дуудаагүй, ямар нэг чимээ гараагүй, би нэг унтахаараа мэдрэлгүй унтчихдаг. Манай эгч төрөөд 7 хонож байгаа. Төрөхдөө өөрөөрөө төрсөн ямар нэг хүндрэлтэй төрсөн зүйл байхгүй гэж бодож байна” /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би Баруун сайхны 7-31 тоот хашаанд тухайн үед өөрөө хүүгийн хамт нэг гэрт нөгөө гэрт аав ээж дүү нар амьдарч байсан. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрөөд хүүтэй болсон. Тэгээд 6 хоногийн дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед хүүгээ хуурайлаад унтсан. 00 цагийн үед сэрээд хүүгээ хуурайлах гэж байтал хүүгийн нүүр нь хөхөрчихсөн сонин болсон байсан. Тэгэхээр нь би нөгөө гэрт байсан аав ээжийгээ дуудаж үзүүлсэн ээж хүүг хараад түргэн дууд гэж хэлсэн. Түргэн ирж хүүг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би архи уугаагүй эрүүл байсан. Хүү бид хоёр, манай охин, бага дүү нар байсан энэ хоёр унтсан байсан. Би хүүгээ шөнө 3-аас 4 удаа хуурайлдаг байсан. Би хүүгээ баруун гар талдаа өлгийдөөд унтуулсан. Дээгүүрээ хөнжил нөмрөөд унтсан. Би төрөхдөө хэвийн төрсөн. Би хүүгээ хөхөөрөө дарсан байх гэж бодож байна. Би тухайн үед нам унтсан байсан. /Уйлав/ Би шөнө голдуу босож хүүгээ хөхүүлдэг байсан. Хаад нойрондоо хэвтээгээрээ хөхүүлж байсан удаа байгаа. Би маш их харамсаж байна буруугаа ойлгож байна /уйлав/” /хх-ийн 42-43-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.08-ны өдрийн 58 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

        Өмнөговь аймгийн БОЭТөвийн Шүүх сэтгэц гэм судлалын 2017.12.13-ны өдрийн №49/17 дугаартай дүгнэлт: нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Э.Н нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Н нь хэрэг хариуцах чадвартай гэжээ. /хх-ийн 31-33-р хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-12-р хуудас/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28-р хуудас/,

Талийгаачийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайхны 7-31 тоот гэртээ, төрөөд 7 хонож байсан хүү Н. өвөртөлж унтаж байхдаа амьсгал бүтэлтэнд хүргэсний улмаас Н.Бат-Эрдэнэ нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр  хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирогч Д.Н “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Э.Нандин-Эрдэнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Э. хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг  үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан,... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүй, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан ба шүүгдэгч нь өөрөөс төрсөн нярай хүүхдийг болгоомжгүй үйлдлийнхээ улмаас амьсгал бүтэлтэнд оруулж, улмаар амь нас нь хохирсон байгаа нөхцөл байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

         Шүүгдэгч Э.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

        Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.  

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн

 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь шүүхээс тэнссэн хугацаанд  санаатай  гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол  ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА

 

 

 

 

 

 

 

.