Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 150/2016/0020/з |
Дугаар | 129 |
Огноо | 2019-04-29 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 129
Ш.О-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай”
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0119 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х,
Гуравдагч этгээд Д.А, А.Ш, гуравдагч этгээд Ш.А-ийн өмгөөлөгч Б.Д, гуравдагч этгээд Д.А-ийн өмгөөлөгч М.Г нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 18 дугаар зүйлийн 18.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.О-ийн гаргасан “Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот, 29 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0119 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.О-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “тус аймгийн Сүхбаатар сум 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 1 дүгээр орц 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Ш.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ш.О миний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гарсан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/MA2019/0119 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
4. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Үүнд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний өмгөөлөгч Р.А л давж заалдах гомдол гаргасан бөгөөд өөр оролцогч давж заалдах гомдол гаргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзэх үүргээ биелүүлээгүй, гомдолд дурдаагүй үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхээс гарах шийдвэрт нөлөөлсөн.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан. Миний бие “Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7-р баг, 2-р 60 айлын 1-р орц, 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан боловч анхан шатны шүүх нотлох зарчмаа хангалттай хэрэгжүүлээгүй. Тухайлбал, нэхэмжлэгч миний бие маргааны гол зүйл болох Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг нотлох баримтаар гаргуулъя гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч нотлох баримтаар хэрэгт аваагүй.
6. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Үүнд: Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... ” гэж заасныг дагуу намайг орон сууцны бүртгэлтэй маргах буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж ...” захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан байдаг.
7. Би дүү Ш.А, ээжийн хамт маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан, уг орон сууцыг надад өвлүүлэх талаар гэр бүлийн гишүүд маань харилцан тохиролцсон байсан нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ, Ш.А-ийн тайлбар, Ш.М-ийн гарын үсгийн баталгаа зэргээр нотлогддог. Гуравдагч этгээд Д.А нь нөхөр Ш.А-ийн гарын үсгийг хуурамчаар зурж, түүнд болон надад мэдэгдэлгүйгээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан хууль бус үйлдлийг улсын бүртгэл хууль, дүрэм журмаа зөрчиж бүртгэсний улмаас миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Энэ талаар давхар нотлуулахаар гэрч асуулгах хүсэлт шүүхэд тавьсан боловч шүүх хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд хангахаас татгалзсан.
8. Улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхдээ Ш.А нь биечлэн очоогүй, түүний зөвшөөрөлгүйгээр, итгэмжлэлгүйгээр эхнэр Д.А нь очиж улсын бүртгэлд өргөдөл, мэдүүлэгт гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Ш.А-ийн тайлбараар тогтоогдсон. Уг хуурамч өргөдөл, мэдүүлгийг улсын бүртгэлийн газар хууль, журмаа зөрчин хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан нь баримтаар тогтоогдсоор байтал Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн холбогдох заалтыг шүүх хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
9. Гуравдагч этгээд Д.А болон түүний охидууд намайг маш муу хүн мэтээр шүүхэд тайлбар гаргаж өгсөн байна. Миний хувьд тэдэнтэй муухай хандаж байсан удаагүй. Хамаатан садан хоорондын холбоогоо бодож өнөөдрийг хүртэл би уужуу сэтгэл гаргаж хүлээцтэй байж ирсэн. Би удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа, өөрийн гэсэн орох оронгүй. Хуульд заасны дагуу хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.
10. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0119 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийдвэр, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/MA2019/0119 дугаартай магадлалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх үндэслэлээр тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
12. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ш.О нь Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн газарт холбогдуулан Улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна. Учир нь: Хамгийн гол нь Улсын бүртгэлийн хэлтэс нь Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 заалтаар буюу бүртгэлийн бүртгэл үнэн зөв байх зарчим шаардлагыг зөрчиж, бүрдүүлэх ёстой нотлох баримт бүрдээгүй байхад, түүнчлэн мэдүүлэг гаргагч Ш.А нь хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчилж авахдаа өөрөө байх бөгөөд өргөдөл болон мэдүүлгийг үнэн зөв бичих үүргийг хүлээдэг. Гэтэл түүнийг байхгүй байхад улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулж гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэж авснаар Ш.О гэдэг хүний эрх ашиг хөндөгдөж байгааг анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэж байна.
14. Мөн Ш.А мэдүүлгийг үнэн зөв мэдүүлж, гарын үсэг зурснаар мэдүүлгийг хүлээн авах журамтай билээ. Гэтэл Ш.А-ийг байхгүй байхад түүний өмнөөс эхнэр Д.А нь мэдүүлгийг бөглөж улмаар Ш.А гэж түүний өмнөөс гарын үсэг зурж, мөн түүний өмнөөс өмчөө бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг бичсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа нь эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн олон заалтыг зөрчсөн нь бүртгэл хууль бус, шударга бус үнэн зөв явагдаагүйн нотолгоо болж байгаа билээ.
15. Улсын бүртгэл хууль бус явагдсан гэдэг нь: 1-т...гуравдагч этгээдээр тогтоогдсон Д.А-ийн өөрийн нь мэдүүлгээр би түүнийг байхгүйд түүний өмнөөс гарын үсэг зурж мэдүүлэг бичсэн нь үнэн гэх тайлбар, 2-т...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 51 тоот шинжээчийн дүгнэлтээр ...улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын бүртгэлийн албанд гаргасан өргөдөл зэрэгт Ш.А гэж бичсэн бичиглэл нь Д.А-ийн бичгийн хэвтэй тохирч байна гэсэн дүгнэлт байгаа. Энэ бичгийн нотлох баримт нь уг эд хөрөнгийн өмчлөгч нь өөрөө очоогүй түүний өмнөөс хэн нэг нь гарын үсэг зураад мэдүүлэг бөглөөд өгч байхад түүнийг нь хүлээн авч улсын бүртгэлд бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа энэ үйлдэл нь улсын бүртгэгчид байж болохгүй ноцтой үйлдэл бөгөөд хууль бусаар бүртгэл явуулж бичиж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль бус болох нь тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль бус болох нь дээрхи баримтуудаар нотлогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
16. 3-т... Бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтаар энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал мэдүүлэгч өмчлөгч өөрөө байхгүй буюу Д.А-д итгэмжлэл олгогдоогүй байхад Д.А-ээр мэдүүлэг бичүүлж өргөдөл, мэдүүлгийг хүлээн авсан нь үйлдэл, түүнчлэн тухайн өмчийн улсын бүртгэлийн газарт хүлээн авах ёстой анхан шатны баримт ирээгүй байхад бүртгэл явагдсан зэрэг нь зохих хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхой байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй гэдгийг нотолж байгаа юм.
17. Учир нь: Бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж байгаа Ш.А-ийн эд хөрөнгө бүртгүүлэх хувийн хэрэгт ...Орон сууцны товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл болон хувьчлалын тогтоол, энэ өмчилсөн гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар авагдаагүй, анхан шатны төмөр замын энэ байранд хэн амьдарч, хэн хэзээнээс хэзээ хүртэл эзэмшиж байсан, төмөр замын орон сууц хувьчлалын тогтоол зэрэг анхан шатны чухал нотлох баримт бүрдэж ирээгүй, байхгүй байхад нь бүртгэл явагдсан үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн болохыг нотолж байна.
18. Энэ үйлдлийг хууль зөрчиж хийгдсэн, бүртгэл буруу явагдсаныг тогтоож, хууль бус үндэслэлээр олгосон эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА/2019/0119 дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих улсын бүртгэлийн хуулийг хэрэглээгүй хэрэг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
19. Магадлалын хянах хэсэгт... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багт орших 2-р 60 айлын 1-31 тоот орон сууцыг 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1317000150 дугаарт бүртгэж Ш.А, Д.А, А.Б, А.Ш нарын 4 иргэнд өмчлөх эрхийн 0103072 тоот гэрчилгээ олгогдсон боловч хэрэгт маргаан бүхий захиргааны актын болох энэхүү гэрчилгээ авагдаагүй, шүүхээс удаа дараа шаардсан боловч хэргийн 3, 17 дугаарт буй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 886, 1108 дугаартай албан бичгүүдэд дурдсанаар бүртгэлийн хувийн хэрэгт гэрчилгээний хуулбар хадгалагдаж үлдээгүй байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлгүй болсон. Энэ бүртгэл хууль тогтоомжийн дагуу явагдаагүй гэдэг нь харагдаж байгаа болно.
20. Мөн Ш.О-ийг дээрхи орон сууцтай маргах буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ гэжээ. Уг орон сууц нэхэмжлэгч О-ийн төрсөн ээж Р.Л гэдэг хүн төмөр замын байгууллагад 1996 оноос нас барах хүртлээ ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан байдаг. Ш.О, Ш.А нар Р.Л-ийн төрсөн охин хүү нар учир нас барсан өндөр настны үр хүүхэд гэдгээр нь уг байрыг хувьчлахдаа Ш.А-ийн нэр дээр хувьчилсан. Үүнийг Р.Л гэдэг хүнээс төрсөн бүх хүүхэд хувьчлан авах эрхтэй. Тиймээс А эгчийнхээ нэрийг хамтран эзэмшигчид оруулсан гэж хэлж эцэст нь өөрийн нэр байхгүй болохыг мэдэж шүүхэд хандсан байдаг. Тиймээс шүүх өрөөсгөл дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл боллоо.
21. Улсын бүртгэлийн байгууллага хууль тогтоомжоо ягштал баримтлан бүртгэлийг явуулсан бол уг байр бусдын өмчлөлд очих ийм хор уршигт хүрэхгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянаж үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
22. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.
23. Нэхэмжлэгчээс “...Ээжид маань төмөр замаас өөрийн амьдарч байсан 29 м2 орон сууцыг өмч болгон өгсөн...гэтэл...миний дүү Ш.А нь өөрийн болон гэр бүлийнхээ нэр дээр бичиг баримтыг шилжүүлэн авсан нь хууль бус...миний өв залгамжлах эрхийг зөрчсөн” гэж, хариуцагчаас “...хуульд заасан нотлох баримтууд бүрдсэн...мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.
24. Хэрэгт Ш.О-ийн нэхэмжлэлтэй, Ш.А-д холбогдох “Өв залгамжлагчаар тогтоолгох, орон сууцны эзэмшигчээр Р.Л-г тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00683 дугаар тогтоол авагдсан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
25. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:
26. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ээж болох Р.Л нь 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн орон сууц эзэмших эрхийн бичгээр олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, 2 дугаар 60-н айлын 1 дүгээр орц, 13 тоот, 2 өрөө 29 м2 орон сууцыг эзэмшиж байсан, Р.Л-г 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нас барснаас хойш хамт амьдарч байсан хүү Ш.А-д 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тухайн орон сууцыг Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшүүлжээ.
27. Улмаар Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооны 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 03 дугаар тогтоолын дагуу гуравдагч этгээд болон Ш.А-д тухайн орон сууцыг хувьчилж, 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ш.А, түүний эхнэр Д.А, охин А.Б, А.Ш нарт өмчлүүлэн 0103072 дугаарын гэрчилгээг олгосон болох нь баримтаар нотлогдсон байна.
28. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө өмчлөх эрхтэй гэж маргаж байгаа боловч энэ нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00683 дугаар тогтоол болон холбогдох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул “...0103072 дугаар гэрчилгээг нотлох баримтаар гаруулъя гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч нотлох баримтаар хэрэгт аваагүй, бүртгэл хууль бус, шударга бус, үнэн зөв явагдаагүй” гэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн боломжгүй юм.
29. Энэ талаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул Ш.О-ийг дээрх орон сууцны бүртгэлтэй маргах буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
30. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс “...маргааны гол зүйл болох улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг нотлох баримтаар гаргуулъя гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч нотлох баримтаар хэрэгт аваагүй” гэсэн гомдол нь үндэслэлгүй бөгөөд 1 дүгээр хавтас хэргийн 91 дүгээр хуудсанд улсын бүртгэлийн 0103072 дугаар гэрчилгээ хуульд заасан нотлох баримтын шаардлага ханган авагдсан болохыг дурдах нь зүйтэй.
31. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0119 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН