Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 716

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Ц.Ч******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба болон тус дүүргийн Засаг даргад холбогдох “ Иргэн Д.Н*******, Г.Х******* нарт газрын гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Г.Х*******, Д.Н******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба болон тус дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******ийн “Иргэн Д.Н*******, Г.Х******* нарт газрын гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба болон тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                                Л.ӨЛЗИЙСАЙХАН