Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01210

 

Э.Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00538 дугаар шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Э.Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Алтанхундагад холбогдох,

3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014.12.25-ны өдөр М.Алтанхундагын “Нүүдэл” продакшнтай хамтарч ажиллахаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 3 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. М.Алтанхундага нь продакшны үйл ажиллагаа жигдрэхээр мөнгөө сар сард нь гаргаж өгнө гэж хэлсэн. Иймд би унаж байсан машинаа ломбарданд тавьж байж мөнгө өгсөн. Гэтэл энэ продакшны үйл ажиллагаа явагдахгүй бүр зогсонги байдалд орсон. М.Алтанхундагатай ярьж мөнгөө нэхэхэд янз бүрийн юм ярьж хойшлуулсаар байгаад одоо бүр утсаа ч авахаа байсан. Миний энэ байдлыг харгалзан үзэж энэ хүнээс мөнгийг минь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2007 оноос хойш “Нүүдэл” продакшныг үүсгэн байгуулж хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор сургалт дугуйлан хичээллүүлэн ажилласаар ирсэн. Э.Од-Эрдэнэ бид 2 эртний танилууд бөгөөд надтай хамтарч ажиллах санал тавьж сургалтын заалаа тохижуулж тоног төхөөрөмж авч ашиг орлогоо тэнцүү хуваахаар ярилцаж тохироод үүнийхээ дагуу 2 талаас хөрөнгө оруулалт хийсэн. Э.Од-Эрдэнэ өөрийн хүсэлтээр машинаа барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан. Харин би таньж мэддэг хүмүүсээс мөнгө зээлэн өөрт байгаа зүйлээ мөн адил барьцаалуулж засвар хийх зарим материалуудыг зээлж авсан. Сургалтын багш гишүүд хүртэл боломжийнхоо хирээр мөнгөөр тусалж зарим нь бас зээлдүүлэх газарт эд зүйлсээ тавьсан. Гэтэл үйл ажиллагаа явуулахад ахин хөрөнгө шаардагдаж, тоног төхөөрөмж байхгүй, мөн засварын ажил дуусаагүйн улмаас сургалтаа явуулах боломжгүй ажлын байрны түрээсээ 3 сараар өгч чадахгүй санхүүгийн асуудалд орсон. Энэ үед Э.Од-Эрдэнэ сураггүй алга болж би өөрөө ажлын байрны түрээс болон бусад мөнгөний асуудалтай үлдсэн. Үүнийг гэрчлэх гэрч дугуйлангийн сурагч багш нар байгаа. Уг нь Э.Од-Эрдэнэ нь хамтран ажиллаж, ашиг орлогоо хувааж авна, түрээс болон өр зээлийн тал дээр адил тэгш оролцоно гэсэн боловч тэгж чадаагүй. Найз нөхөд гэж бодоод өөрөө бүх асуудлаа шийдсэн. Мөн Э.Од-Эрдэнэ надад 3 000 000 төгрөг өгсөн гэдэг үндэслэлгүй бөгөөд машинаа барьцаалсаны дараа гэр бүлийнхэндээ ихэнхи мөнгийг зарцуулсан. Үүнийг Э.Од-Эрдэнэ мэдэж байгаа ч одоо надад нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж эсэргүүцэж байна. Хэрэв нэхэмжлэлээ татан авахгүй бол хамтран ажиллаж ашиг орлогоо хувааж авна, түрээс болон өр зээлийн тал дээр адил тэгш оролцоно гэснээ биелүүлээгүй учир хариу нэхэмжлэл гаргахад бэлэн байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00538 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.12-т заасныг баримтлан хариуцагч М.Алтанхундагаас 1 250 000 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Э.Од-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 750 000 төгрөг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжпэгч Э.Од-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Алтан-Эрдэнээс 34 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар М.Алтанхундагаас 2 500 000 төгрөг гаргуулж Э.Од-Эрдэнэд олгох нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дугаар заалтанд ...М.Алтан-Эрдэнээс гэснийг М.Алтанхундагаас гэж, 34 550 төгрөг гэснийг 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэд олгосугай гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Э.Од-Эрдэнэ бид 2 анх хамтарч ажиллаж, ашиг орлого, зарлагаа хувааж төлнө гээд 2 талаасаа засвар болон зарим тоног төхөөрөмжинд шаардлагатай мөнгө нийлүүлсэн. Э.Од-Эрдэнэ өөрийн нэр дээр зээл авч студийн тоног төхөөрөмжийг авна гэсэн боловч зээл нь бүтээгүй. Үүний улмаас ажлын байрны засвар дуусаагүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Э.Од-Эрдэнийн нэхэмжлээд байгаа 2 500 000 төгрөгийг засварын ажилд бүрэн зарцуулаагүй болно гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:         

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй, улмаар маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйгээр шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагчийн нэрийг ташаа бичиж, мөн найруулгын алдаа гаргасныг шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэ нь хариуцагч М.Алтанхундагаас 3 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүний “Нүүдэл” продакшинтай “хамтарч ажиллахаар ... хөрөнгө оруулсан” гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлжээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг эргэж төлөгдөх нөхцөлтэйгөөр хийсэн гэж нэхэмжлэлд заасан боловч зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, хариуцагч нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтыг буцаан төлөх үүрэгтэй болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Хариуцагч М.Алтанхундага нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч нэхэмжлэгчтэй хамтран ажиллах тохиролцоотой байсныг үгүйсгээгүй ба нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийг үйл ажиллагаанд ашигласан гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2.-т зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болдог байна. Хүүхэд залуучуудын хөгжил төлөвшлийг дэмжих зорилгоор сургалт, дугуйлан хичээллүүлэх зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцсон зохигчдын хэлцэл хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна. Талуудын хэлцэлд хамтран ажиллах гэрээний шинж хэлбэрийн төдий агуулагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Хамтран ажиллах гэрээнд “удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах” зэрэг асуудал тусгагдсан байх ёстой гэж тэмдэглэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч амаар байгуулагдсан энгийн хэлбэрийн гэрээнд дээрх асуудал бүрэн хэмжээгээр тусгагдах боломжгүй, дээрх асуудлын талаар талууд тодорхой тохиролцоо хийгээгүй байх нь гэрээг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Зохигчид хамтран ажиллахаар харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүйгээс гадна талуудын тусгайлан тохиролцоогүй асуудлаар хуулийн зохицуулалт үйлчлэх тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзнэ.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1., 477.3.-т зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болдог байна. Нэхэмжлэгч хамтран ажиллах үйл ажиллагаанд өгсөн өөрийн хөрөнгө оруулалтыг буцаан төлөгдөх нөхцөлтэй гэж заасан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй тул уг хураамж талуудын дундын өмч болсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11., 478.12-т заасан “хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна”, “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэх зохицуулалтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтыг магадлалын үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн энэ зүйл, заалтад зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардахын тулд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байх шаардлагатай. Зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл тэдгээрийн хоорондох хэлцэл хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байна. Хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзвэл тухайн төрлийн гэрээ дуусгавар болсны эрх зүйн үр дагавар Иргэний хуулийн гэрээний харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэлт хийжээ. Шүүх Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4.-т зааснаар зохигчдын хоорондох хамтран ажиллах гэрээ хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон шалтгаанаар дуусгавар болсон гэж үзэж, нэхэмжлэгчийн хамтран ажиллах үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийг баримтаар тогтоогдсон хэмжээгээр талууд тэнцүү хувааж хариуцах ёстой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хариуцагчийн нэрийг ташаа бичсэнийг залруулах, шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т заасан шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт шаардлагагүй давтаж заасныг хасах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “М.Алтан-Эрдэнээс” гэснийг “М.Алтанхундагаас” гэж өөрчилж, 4 дэх заалтаас “энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 54 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.      

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

                ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН