Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 47

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

         Улсын яллагч: С.Мөнхтулга ,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхбат,

         Шүүгдэгч: Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хд холбогдох 1728000340123 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

        

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Г.Х нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Хийдийн 1-8 тоот хашаанд орших гэрээсээ бусдад эмийн түүхий эд болох “Мими” хэмээх бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүгдэгч Г.Хг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

        Шүүгдэгч Г.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би мимиг 07 дугаар сарын 02-ны өдөр Болормаа гээд хүүхэнд захиж урд хилээс авсан. 500 граммыг 250.000 төгрөгөөр авсан. Таньдаг хүмүүстээ зардаг байсан. 07 дугаар сарын 02-ны өдөр авсан. Гэрээрээ зардаг. 15 граммаар савлаж 8000-10000 төгрөгөөр зардаг. Хүн амьтнаас сонсож байсан. Хууль гарсныг мэдээгүй. Цэнгэлмаа эгч бид 2 найз байсан. Надад санал тавьсан юм. 500 граммыг 400.000 төгрөгөөр авсан. Энэ хайрцаг дотор хийж зардаг байсан. Гадуур явж байхад дуудсан. Нэгжлэг хийлээ. Энэ дотор юм байна гэсэн. Одоо би зарахгүй байгаа гэж хэлсэн. О.Уугансүх гэдэг хүнээс хурааж авсан гэсэн. Үзье гэсэн чинь Хятад сонинд боолттой байсан.

        Гэрч О. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Г.Хг зүс харж байсан.  Жижиг хэмжээтэй 10000 төгрөгөөр авсан. Хэдий хэмжээтэйг авснаа санахгүй байна.  Хятадын сонингийн цаастай байсан. Бариад явж байхад хураагаад авсан. Мөнгөн цаас дээр тавьж байгаад утааг нь үнэрлэдэг. Үнсийг нь бас хэрэглэдэг гэсэн. Нойр хүргэдэггүй. Гэдэс ходоод өвдөхөд сайн гэдэг юм билээ.

        Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Миний биедээ авч яваа цагаан өнгийн нунтаг зүйл бол Ми ми гэж нэрлэдэг. БНХАУ-аас оруулж ирж голдуу нүүрсний жолооч нарт зардаг. Нойр сэргээх, гэдэсний өвчинд хэрэглэдэг. Би өөрийн хувийн хэрэгцээндээ нойр сэргээх замаар хэрэглээд 2 cap болж байна. Би өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед хаягийг нь мэдэхгүй байна. Даланзадгад сумын 4-р багийн 23-р цэцэрлэгийн зүүн урд талд 1-р сургуулийн баруун талд байдаг хашаандаа цагаан өнгийн байшинтай айлаас авсан. Би уг зүйлийг энэ айлаас байнга авдаг. Нэг эгч байдаг. Хорлоо гэх нэртэй. Би нэг боодол Ми ми-ийг 10.000 төгрөгөөр авдаг Өөр газраас авч байгаагүй” /хх-ийн 25-р хуудас/             

        Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би сонсгосон ялыг ойлгосон. Хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 05 дугаар сараас анх Мими гэх зүйлийг гэрээрээ зарж эхэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн хүмүүс манай гэрт ирж Мими зарж байна гэж үзэж шалгасан. Тэгээд надаас мэдүүлэг тайлбар авсан. Тэр өдрөөс хойш мими зарахаа больсон. Би 3-4 хүнд зарсан байх. Одоо сайн санахгүй байна. Мими гэх зүйлийн ач холбогдлыг сайн мэдэхгүй. Би дүгнэлтүүдтэй танилцлаа. Гаргах санал гомдол  байхгүй. Би мими-г зарахдаа ямар нэг зөвшөөрөл аваагүй. Би анхандаа мими гэх зүйлийг хуулиар хориглосон гэдгийг ойлгоогүй юм. 500 граммыг аваад бага сагаар савлаад зарахад гайгүй ашигтай байхаар нь зарсан юм. Одоо бол би дахиж зарахгүй байгаа. Буруу зүйл хийснээ ойлгож мэдэж байна” /хх-ийн 48-49-р хуудас/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №7896 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “1 хураасан 10 гр Ми Ми 2017.08.11” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодист каффейн /caffiene/-ны агууламж илэрсэн. 2. Каффейн /caffiene/ нь НҮБ-ийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаггүй сэргээшийн төрлийн бодис юм. 3. Шинжээчид тавигдсан асуултын 3,4-р асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй байна /хх-ийн 29-30-р хуудас/

 

        Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017.09.06-ны өдрийн  №16/03/004/09 дүгнэлтэд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүнгээр тус цагаан өнгийн нунтаг зүйлийн найрлаганд каффейны /caffeine/агуулга илэрсэн байна. Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн /caffeine/ нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 сарын 24-ний өдрийн “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх ханган нийлүүлэх журам батлах тухай” 68 тоот, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” А/184 тоот тушаалуудад заагдсан Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтанд багтдаггүй болно. Каффейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг, бидний хамгийн сайн мэдэхээр бол кофе, цайны навч, кокоа, кола болон энергийн ундаануудад (energy drink, вакус) ихээр агуулагддаг. Каффейнийг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тарианд хэрэглэгддэг. Каффейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь харилцан адилгүй байна. Тус бодис нь анхаарал сайжруулж, ядаргааг бууруулах, диабет болон зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулах, метаболизмыг хурдасгах зэрэг эерэг нөлөөг үзүүлнэ. Харин сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах чадамж багасгах, шээс ялгаруулалтыг хурдасгах зэрэг сөрөг нөлөөтэй байна. Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн /caffeine/ нь эмийн найрлаганд түүхий эд болж ордог боловч тухайн худалдан борлуулж байсан бодисын хувьд гарал үүсэл нь тодорхой бус байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын Tianjin Zhongan Pharmgceutical Co.,Ltd фармд үйлдвэрлэгдсэн F090419V-00120 улсын бүртгэлийн дугаартай, CSPC Innovation Pharmaceutical Co.,ltd фармд үйлдвэрлэгдсэн F140719V-00190 улсын бүртгэлийн дугаартай Каффейны түүхий эдүүд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж эм хангамжийн практикт хэрэглэгдэж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эдийг Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 73 тоот “Эм эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” тогтоолд Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр заагдсан болно гэжээ. /хх-ийн 34-35-р хуудас/,

 

          Монгол улсын Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017.10.30-ны өдрийн 07/1653 дугаартай албан бичигт:...Шинжилгээний дүнгээс үзэхэд уг дээжүүд төв мэдрэлийн системийн сэргээш болох сэтгэцэд нөлөөт эмийн зориулалтаар ашигладаг каффейн илэрсэн бөгөөд уг дээжүүдийн дотор байгаа бор шаргал болон хар өнгийн үрлүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй болно. /хх-ийн 39-40-р хуудас/,

 

         Эм судлалын салбар зөвлөлийн хурлын 2017.12.01-ний өдрийн 09 тоот дүгнэлтэд: Уг бүтээгдэхүүн нь эмийн түүхий эд мөн. МУ-ын ЭМС-ын 2016 оны А/184, А/26 дугаар тушаалаар батлагдсан мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад ороогүй. Харин олон улсын хэмжээнд мөрдөгддөг сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдэд хамаарна. Энэ нь сэтгэц сэргээх сэргээшийн төрлийн бодист хамаарна. Уг бодис нь БНХАУ-ын Jilin Province Shulan Synthetic Pharmaceutical Co.,Ltd, CSPC Innovation Pharmaceutical Co.,Ltd гэсэн 2 үйлдвэрлэгчээс эмийн түүхий эдээр бүртгэгдсэн байна. Дангаар хэрэглэхгүй. Нийлмэл эмийн найрлаганд орно. Хоногт 300-400 мг хүртэл тунгаар хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. /Дангаар бус бусад эмийн бодистой хамт хэрэглэдэг/ Төв мэдрэлийн систем, түүний дотор сэтгэц сэргээх үйлдэл үзүүлнэ. Тун хэтрүүлж хэрэглэхэд сэтгэцэд нөлөөлнө. Тун хэтэрсэн үед амьсгал давхцах, дүйнгэтэх, таталт үүсэх, суулгах, хий үзэгдэл илрэх, булчин чичигнэх үзэгдэл илэрнэ гэжээ. /хх-ийн 43-44-р хуудас/,

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-23-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.26-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62-р хуудас/,

Шүүгдэгч Г.Хгийн банкин дахь харилцах дансны талаарх мэдээлэл  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Хгийн худалдан борлуулсан гэх цагаан өнгийн нунтаг бодисыг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээ хийлгэхэд каффейн /caffiene/-ны агууламж илэрсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.08.22-ны өдрийн №7896 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:...гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодист каффейн /caffiene/-ны агууламж илэрсэн. 2. Каффейн /caffiene/ нь НҮБ-ийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаггүй сэргээшийн төрлийн бодис юм /хх-ийн 29-30-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

        Шинжээчийн дүгнэлтээр илэрсэн дээрх каффейн /caffiene/ нь Монгол улсын эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэгдэж эм хангамжийн практикт хэрэглэгдэж байгаа нь эм судлалын салбар зөвлөлийн хурлын 2017.12.01-ний өдрийн 09 тоот дүгнэлтээр: Уг бүтээгдэхүүн нь эмийн түүхий эд мөн. ...Уг бодис нь БНХАУ-ын Jilin Province Shulan Synthetic Pharmaceutical Co.,Ltd, CSPC Innovation Pharmaceutical Co.,Ltd гэсэн 2 үйлдвэрлэгчээс эмийн түүхий эдээр бүртгэгдсэн байна. Дангаар хэрэглэхгүй. Нийлмэл эмийн найрлаганд орно. Хоногт 300-400 мг хүртэл тунгаар хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. /хх-ийн 43-44-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

 

          Түүнчлэн каффейн /caffiene/-ыг эмийн түүхий эдээр  хэрэглэх зохих зөвшөөрөлтэй  “БНХАУ-ын Tianjin Zhongan Pharmgceutical Co.,Ltd фармд үйлдвэрлэгдсэн F090419V-00120 улсын бүртгэлийн дугаартай, CSPC Innovation Pharmaceutical Co.,ltd фармд үйлдвэрлэгдсэн F140719V-00190 улсын бүртгэлийн дугаартай“ Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж эм хангамжийн практикт хэрэглэгдэж байгаа талаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017.09.06-ны өдрийн  №16/03/004/09 дүгнэлтэнд дурдсан байх тул шүүгдэгч Г.Хг эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

         Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Хийдийн 1-8 тоот хашаанд байрлах өөрийн  гэрээсээ бусдад эмийн түүхий эд болох каффейн /caffiene/-ыг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

         Шүүгдэгч Г.Хгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

         Шүүгдэгч Г.Х нь энэ гэмт хэргийг ашиг орлого олох зорилгоор үйлдсэн нөхцөл байдал, энэхүү эмийн түүхий эдийг худалдан борлуулж тодорхой хэмжээний ашиг орлого олсон байгаа байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийн дээрх байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, сар бүр 450.000 төгрөгийн торгуулийн ялыг төлж байх нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

         Шүүгдэгч Г.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.  

         Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг өнгийн боодол дотор тал нь цаасан боодол бүхий цагаан өнгийн нунтаг бодис 1 ширхэг 10 гр, AG3117766 серийн дугаартай 50 төгрөг ширхэг, F16 K-Touch гэх бичигтэй хайрцаг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй.  

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Г.Хг эмийн түүхий эдийг худалдах ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, сар бүр 450.000 төгрөгийн торгох ял төлж байхаар хэсэгчлэн тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Х нь шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг өнгийн боодол дотор тал нь цаасан боодол бүхий цагаан өнгийн нунтаг бодис 1 ширхэг 10 гр, AG3117766 серийн дугаартай 50 төгрөг ширхэг, F16 K-Touch гэх бичигтэй хайрцаг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

\