Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/843

 

      2023         08           17                                         2023/ДШМ/843

О.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Год холбогдох 2302 00210 0177 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн О-гийн Г, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... сургуулийн ... ангийн ... дүгээр дамжааны оюутан, ам бүл .... нарын хамт ...... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 510 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 510.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

            О.Г нь 2022 оны 7 дугаар сарын эхэн үед Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон орчмоос “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, улмаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “МҮИС”-ийн ойролцоо авто зогсоолд 23-67 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3.6744 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овгийн О-гийн Г-ыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Год оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа NJ5892563 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлж, №1 гэж дугаарласан 6.4912 грамм жинтэй гялгар ууттай өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан мөнгөлөг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээр орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн. Иймд миний бие ял шийтгэл ихэдсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Би анхнаасаа хийсэн хэргээ үнэн зөвөөр нь хүлээж, өөрийн гэм буруу дээрээ маргаагүй ба эрхэм шүүгч та бүхнээс миний ирээдүйг бодож хорих ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч О.Гын өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Г нь 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “МҮИС”-ийн ойролцоо авто зогсоолд тээврийн хэрэгсэл дотор тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.6744 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги дээр мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруу дээр маргаагүй. Шүүхээс О.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Шүүх шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаарх хэсэгт дүгнэлт хийхдээ “энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай” гэж дүгнэсэн боловч бусад хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгч О.Гын хувийн байдал ба “СУИС”-ын найруулагч мэргэжлээр 4 дүгээр ангийн оюутан хичээл сонголт нь дутуу тул дахин нэг жилээр үргэлжлүүлэн суралцахаар болсон ба гэмт хэргийн хор уршиг бага, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдал дээр дүгнэлт хийлгүй хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг дэх 16 дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт “сурч боловсрох эрхтэй”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн ба эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч О.Год хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг бага хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрхийг нь хязгаарлах ялаар өөрчилж, сурч боловсрох боломжоор нь хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Хэрэгт давж заалдах гомдол өгөхдөө Соёл урлагийн их сургуулийн радио, телевизийн медиа урлагийн их сургуулийн тодорхойлолтыг хавсаргаж өгсөн байгаа. 2022 оноос 2023 онд 129 кредит хичээлийг суралцаж төгсөхөөс 94 кредит хичээлийг судалж, үлдэгдэл 35 кредит хичээлийг 2024 онд суралцаж төгсөхөөр байгаа. О.Гын гэр нь Баянзүрх дүүрэгт байдаг. Сургууль нь Баянгол дүүргийн Хувьсгалчдын 3 дугаар гудамжид байдаг. Энэ нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж сурч боловсрох эрхээр нь хангаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Год холбогдох хэргийг анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж дүгнэж байна. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн яллагдагч, шүүгдэгчээр оролцохдоо О.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцдог. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл шүүгдэгч О.Гын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна. Эрүүгийн хариуцлагад хуульд заасан төрөл хэмжээгээр өөрчлөлт оруулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

О.Г нь 2022 оны 7 дугаар сарын эхэн үед Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон орчмоос “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, улмаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “МҮИС”-ийн ойролцоо авто зогсоолд 23-67 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3.6744 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1640 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Г УШ01311012 2023.3.24” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтдаг болно. ...” /хх 25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1641 дугаартай “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 6,4912, цэвэр жин 3,6744 грамм байна. ...” /хх 30-32/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл /хх 7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч О.Гыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Гын Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон орчмоос “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, улмаар тээврийн хэрэгсэл дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3.6744 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нар “...зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч О.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөн зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Гын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал болон түүний түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.Г нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны энэ өдрийг хүртэл 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/506 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “...шүүгдэгч О.Гыг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч О.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “...шүүгдэгч О.Год оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...шүүгдэгч О.Год оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ