| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06534/И |
| Дугаар | 192/ШШ2025/00813 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00813
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, А.,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, Б.,
Нэхэмжлэлийн шаардлага: 37,696,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
хариуцагч Б.,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А. нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,696,366 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А. болон Б. нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5000 ам.доллар буюу /2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 3,380.84 төгрөг/ нийт 16,904,200 төгрөгийн өөрийн найз Б.ын Худалдаа хөгжлийн банкны 499236757 тоот дансанд шилжүүлсэн. Энэ талаар талууд маргаан байхгүй. Гэрээний дагуу үүргээ А. бүрэн биелүүлж, Б.ын дансанд нь шилжүүлсэн бөгөөд тогтоосон хугацаанд буцаан өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Б.ын зүгээс “...ажил болохгүй байна, ажил явдалтай байна, төлбөр тооцоо шилжиж орж ирэхгүй байна, орж ирсэн даруйд шилжүүлнэ, бие өвдсөн” гэх зэрэг шалтгаан хэлсээр хойшлуулж өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд Зээлдэгч Б. нь заасан хугацаанд зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувь алданги тооцож зээлдүүлэгчид төлнө гэж заасан бөгөөд 5000 ам.долларын 50 хувь болох 2500 ам.доллар буюу 8,452,100 төгрөгийн алданги төлөхөөр байна. Мөн гэрээний 6 дугаар зүйлд “...2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1 сард 1 хувийн хүү төлнө гэж заасны дагуу 2018.08-2024.09 сар нийт 73 сар нийт 3650 ам.доллар буюу 12,340,066 төгрөгийн хүү төлөхөөр байна. Иймд гэрээний төлбөрт 16,904,200 төгрөг, алданги 8,452,100 төгрөг, хүү 12,340,066 төгрөг, нийт 37,696,366 төгрөгийг Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Би мөнгийг А.гаас биш, түүний нөхрөөс авсан. Миний данс руу Швейцарийн хэн гэж хүний данснаас мөнгө шилжиж орж ирснийг мэдмээр байна. А. надаас шаардах эрхгүй. Би А.гийн нөхрөөс 2016 оны 12 дугаар сард уг мөнгийг авсан. Гэтэл 2018 онд А-аас намайг авсан гэж тайлбарлаж байна. А. нэг амралтаараа ирэхдээ “чамаас би хүү авахгүй, гэхдээ санаа зовохгүйн тулд нотариатаар орчихъё” гээд ороод 2018 онд миний дансанд хийсэн юм шиг гэрээ байгуулсан. А. өөрийнхөө данснаас над руу шилжүүлсэн баримт байна уу. 2016 онд авсан мөнгийг 2024 оны Монгол банкны долларын ханшаар бодохоор ханшийн зөрүү асар их байна. Би чамаас хүү нэхэхгүй гэж бичиж байсан А.гийн чат байгаа. Би 2016 онд мөнгө аваад 2017-2020 он хүртэл манай ээж хорт хавдар тусаад, ээжийгээ асарч байсан. А. нь надтай байнгын яриад “мөнгө төгрөг яах вэ, ээжийгээ сайн асар, дараа нь болъё” гэж байсан. Одоо би 85 настай аавтайгаа амьдардаг. Манай аавын бие муу эмнэлэг дээр сахиж байгаа зураг хөрөг бүх зүйлээ явуулахад “хамаагүй ээ, манай энд банканд хүү гэж байдаггүй чи санаа зоволтгүй” гэж байсан. Гэтэл гэнэт 30, 40 сая төгрөг нэхэхээр хэцүү байна. Би өөртэй нь тохиролцох гэсэн боловч “чамтай олон юм ярихгүй, шүүхээр явна” гэж ярьсан. Би А.г надаас мөнгө нэхэх эрхгүй гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Зээлийн гэрээ /хх 5/, Монгол банкнаас зарласан валютын ханш /хх 7/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 15/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А. нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 37,696,366 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ А. болон Б. нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5000 ам.доллар Б.ын Худалдаа хөгжлийн банкны 499236757 тоот дансанд шилжүүлсэн гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би мөнгийг А.аас биш, түүний нөхрөөс авсан. Нэхэмжлэгч А. надаас шаардах эрхгүй гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 5000 ам.доллар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлэх, заасан хугацаанд зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувь алданги төлөх, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүү тооцохгүй, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сард 1 хувийн хүү төлөх, хүүг хугацааны эцэст бөөнд нь төлөх, нэхэмжлэгч мөнгийг хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 499236757 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн бөгөөд хариуцагч мөнгийг заасан хугацаанд Төрийн банкны 102700286761 тоот дансанд буцаан төлөхөөр зааж, талууд гэрээнд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 5 дугаар тал/ Түүнчлэн, талууд уг гэрээнд зохигч гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй.
Дээрх гэрээний 1-д “...2016.12.15-ны өдрөөс эхлэн 2018 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл зээлдүүлэв” гэж, 6-д “...Зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчийн ХХБ-ны 499236757 тоот дансанд 2016.12.15 өдөр шилжүүлсэн” гэж заасан, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5000 $ буюу 16,904,200 төгрөгийн” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид 5000 ам.долларыг зээлүүлсэн талаар 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бичгийн хэлбэрт оруулж, талууд зээлийн гэрээ гэх баримтыг нөхөн үйлдсэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэдгээ нотлох, харин зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлснээ нотолж чадаагүй тохиолдолд зээлдэгч мөнгийг буцаан төлснийг нотлох шаардлага үүсэхгүй. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид 5000 ам.долларыг зээлүүлсэн буюу мөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөөтээгүүр, зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж бичгээр байгуулсан нь зээл 5000 ам.долларыг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх, мөн хариуцагчийн “...Би А.гийн нөхрөөс 2016 оны 12 дугаар сард уг мөнгийг авсан” гэх тайлбараар тэдний хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5000 ам.долларын зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний төлбөрт 37,696,366 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул хариуцагчид холбогдох 37,696,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.д холбогдох, 37,696,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН