| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0044/э/ |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-02-13 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх
Шүүгдэгч: Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цд холбогдох 1728000250124 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Оюутын 11-01 тоотод эмийн түүхий эд болох каффейн /мими/-г зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Цг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ц нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 07 дугаар сарын 28-ны шөнө болсон. 1 ширхэг мими цагдаа нар хурааж авсан. Үнэн. Болороо санал тавьсан. Болороо намайг Хятадад дуудсан. Очоод 500 граммыг зарж үзье гэсэн. Болороо хилийн цаана хүлээж бай гэсэн. Яаж оруулж ирсэн гэдгийг мэдэхгүй. 80020040 гэсэн дугаартай байсан чинь сольсон байна лээ. Урагшаа мах нийлүүлдэг юм. Кофенд хэрэглэдэг бодис л гэж хэлсэн. Бага хүүхэд дутуу төрөөд тархины саажилттай болчихсон юм. Босдоггүй. Ямар ч хөдөлгөөн байхгүй. Болороо хилээр оруулж гаргаж зардаг. Би наана нь хүлээж байсан 2017 оны 03 дугаар сараас эхэлж зарсан. 07 дугаар сар хүртэл, Өдөртөө 20.000-30.000 төгрөг олдог.
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Золжаргал надаас Мими гэдэг цагаан тамхи хаана зардаг юм бэ олдох газар байна уу гэсэн. Тэгэхээр нь би Мандах гэдэг дэлгүүрийн урд талын нэрийг нь мэдэхгүй байна мах зардаг дэлгүүрт Мими гэдэг цагаан тамхийг зардаг гэж сонссон гэж хэлсэн. чинь Золжаргал надад хамт гарч тэр Мими гэдэг цагаан тамхийг такси бариад очоод авья гэхээр нь за гээд бид хоёр такси бариад Мандах дэлгүүрийн гадаа очиж зогссон. Тэгээд Золжаргал надад 10.000 төгрөг өгөхөөр нь очоод дэлгүүрийн цонхыг тогшоод цагаан тамхи байна уу гэсэн чинь ороод ир гэхээр нь би дэлгүүрийн зүүн тийшээ харсан хаалгаар ороход надаас намхан 160 см орчим өндөр нуруутай, туранхай биетэй, гэрэлгүй болохоор нүүрийг нь харж чадаагүй надаас дүү байх эмэгтэй хүн лангууныхаа урд талын өрөөнөөс мөнгөлөг өнгийн цаасанд ороосон Мими гэдэг цагаан тамхийг гаргаж ирээд надад өгсөн. Би бүхэл 10.000 төгрөг өгөөд хариулт гэж надад 2000 төгрөг тэр охин өгсөн. Тэгээд тэр дэлгүүрээс гараад хойд талын “Мандах” дэлгүүр ороод Золжаргал дээр очоод би нөгөө цагаан тамхийг авчихлаа гэхэд Золжаргал хүйтэн ундаа аваад танайд очьё гээд тэндээсээ такситайгаа хөдлөөд Хайрхан дэлгүүр дээр очоод хамт буугаад Золжаргал асаагуур аваад ирээрэй би ундаа аваад гэрлүү орлоо гээд түрүүлээд явсан. Үүний дараа би Хайрхан дэлгүүр орж асаагуур аваад дэлгүүрээс гараад харих замдаа цагдаад саатуулагдан шалгагдаад миний баруун талын халааснаас Мими буюу цагаан тамхи гарч ирээд цагдаа дээр ирсэн. ...дагалдуулж өгдөг тугалган цаасан дээр нь цагаан тамхиа тавиад доороос нь асаагуураар халааж ууршуулж хэрэглэдэг” /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Түвшинбаяраас чамд 10.,000 төгрөг байна уу Мими авах гэсэн юм гэхэд нь Түвшинбаяр мөнгө байна гэхээр нь бид хоёр гэрээс гараад такси бариад Мандах дэлгүүрийн хажууд очиж такситайгаа зогссон. Тэгээд Түвшинбаяр Мандах дэлгүүрийн урд талын махны дэлгүүрийн цонхыг тогшоод дэлгүүрлүү ороод гарч ирэхдээ Мими авчихлаа явъя гээд хойшоо такситай Хайрхан дэлгүүрлүү хөдлөөд очиж ундаа авсан. ...Түвшинбаяр асаагуур авна гэж дэлгүүрлүү ороод бид хоёр салсан. Удалгүй цагдаа нар Түвшинбаярын гэрт ирж цагдаа дээр хүрээд ир гэхээр нь очсон. Тугалган цаасан дээр нь цагаан тамхиа тавиад доороос нь асаагуураар халааж ууршуулж хэрэглэдэг юм” /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би найз Г.Цд 800.000 төгрөг зээлүүлсэн байсан. Тэгээд 400.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдсэн мөнгөө өгөхгүй удаад байхаар нь нэхсэн чинь боломжгүй байна. Би мими гэх зүйл зардаг. Чи 5 ширхэгийг авч зараад мөнгөнөөс хасаж бай гэсэн. Тэгээд би Г.Цгаас 1 ширхэгийг нь 8000 төгрөгөөр зарахаар авсан байж байсан. Тэгээд нэг залуу орж ирээд 1 ширхэгийг 8000 төгрөгөөр авсан. Тэгээд удалгүй тэр залуу буцаж орж ирээд мими чинь гашуун юм байна. Буцааж мөнгөө авья гээд байж байхад Цагдаа нар орж ирээд мими зарж байна гэж хэлээд манай дэлгүүрийн буйдан дээр байсан 3 ширхэг мими-г хурааж авсан. 2 ширхэг нь миний халаасанд байсан. Тухайн үед би бие засаад ирье гэж хэлээд 00 руу хаячихсан. Би мими гэх зүйлийг өмнө нь зарж борлуулж байгаагүй” /хх-ийн 35-р хуудас/,
Шүүгдэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 07 дугаар сарын 27-ны 00 цагийн үед шиг санагдаж байна 2 хүүхдийнхээ хамт дэлгүүрийнхээ өрөөнд унтаж байсан чинь хэдэн цагдаа нар орж ирсэн. Тэгээд танайх Мими зараад байна гэж хэлээд үзлэг, шалгалт хийгээд лангуун доороос 1 боодол мими гарч ирсэн. Тэгээд тэр гарч ирсэн мими-г хурааж аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа дээр дуудагдаж мэдүүлэг өгсөн. Ямар ч гэсэн коланд ордог бодис байдаг гэсэн сайн мэдэхгүй байна. 2017 оны 03 дугаар сараас эхэлж мими зарж эхэлсэн. 500 орчим граммыг зарсан байх. 1 боодолдоо 10 граммыг боогоод 8000 төгрөгөөр зардаг. юм. Би аль нэг байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Би 4 хүүхэдтэй, одоо хоёр нь оюутан, бага нь 4 настай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай байдаг. Мөнгөний эх үүсвэр байхгүй болохоор Мими зарж мөнгө олж болох юм болов уу гэж бодоод Мими зарсан юм. Би өмнө нь Мими зарж байгаагүй. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” /хх-ийн 61-62-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.08.11-ний өдрийн №7572 тоот шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 11-01 тоотод оршин суух Г. Г.Цгаас хураан авсан Ми Ми” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодист каффейн /caffiene/-ны Hbi агууламж илэрсэн. Каффейн /caffiene/ нь НҮБ-ийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаггүй сэргээшийн төрлийн бодис юм. Шинжээчид тавигдсан асуултын 3, 4-р асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй байна. ЖИЧ: Шинжилгээнд ирүүлсэн “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 11-01 тоотод оршин суух Г. Г.Цгаас хураан авсан Ми Ми” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодисыг дүгнэлтийн хамт буцаав. /хх-ийн 40-41-р хуудас/,
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017.09.06-ны өдрийн 16/03/004/10 дугаартай шинжээч У.Дөшбатын дүгнэлтэд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүнгээр тус цагаан өнгийн нунтаг зүйлийн найрлаганд каффейний /caffeine/ агуулга илэрсэн байна. Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн /caffeine/ нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 сарын 24-ний өдрийн “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх ханган нийлүүлэх журам батлах тухай” 68 тоот, 2016 оны 05 сарын 18-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” А/184 тоот тушаалуудад заагдсан Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаггүй болно. Каффейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг, бидний хамгийн сайн мэдэхээр бол кофе, цайны навч, какао, кола болон энергийн ундаануудад (energy drink, вакус) ихээр агуулагддаг. Каффейнийг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тарианд хэрэглэдэг. Каффейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь харилцан адилгүй байна. Тус бодис нь анхаарал сайжруулж, ядаргааг бууруулах, диабет болон зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулах, метаболизмыг хурдасгах зэрэг эерэг нөлөөг үзүүлнэ. Харин сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах, чадамж багасгах, шээс ялгаруулалтыг хурдасгах зэрэг сөрөг нөлөөтэй байна. Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн /caffeine/ нь эмийн найрлаганд түүхий эд болж ордог боловч тухайн худалдан борлуулж байсан бодисын хувьд гарал үүсэл нь тодорхой бус байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын Tianjin Zhongan Pharmgceutical Co.,Ltd фармд үйлдвэрлэгдсэн F090419V-00120 улсын бүртгэлийн дугаартай, CSPC Innovation Pharmaceutical Co.,ltd фармд үйлдвэрлэгдсэн F140719V-00190 улсын бүртгэлийн дугаартай Каффейны түүхий эдүүд Ммонгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж эм хангамжийн практикт хэрэглэгдэж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эдийг Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 03 дугаар сарын 09-нийы өдрийн 73 тоот “Эм эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” тогтоолд Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр заагдсан болно. /хх-ийн 46-47-р хуудас/,
Монгол улсын Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017.10.30-ны өдрийн 07/1653 дугаартай албан бичигт:...Шинжилгээний дүнгээс үзэхэд уг дээжүүд төв мэдрэлийн системийн сэргээш болох сэтгэцэд нөлөөт эмийн зориулалтаар ашигладаг каффейн илэрсэн бөгөөд уг дээжүүдийн дотор байгаа бор шаргал болон хар өнгийн үрлүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй болно. /хх-ийн 51-53-р хуудас/, Эм судлалын салбар зөвлөлийн хурлын 2017.12.01-ний өдрийн 09 тоот дүгнэлтэд: Уг бүтээгдэхүүн нь эмийн түүхий эд мөн. МУ-ын ЭМС-ын 2016 оны А/184, А/26 дугаар тушаалаар батлагдсан мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад ороогүй. Харин олон улсын хэмжээнд мөрдөгддөг сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдэд хамаарна. Энэ нь сэтгэц сэргээх сэргээшийн төрлийн бодист хамаарна. Уг бодис нь БНХАУ-ын Jilin Province Shulan Synthetic Pharmaceutical Co.,Ltd, CSPC Innovation Pharmaceutical Co.,Ltd гэсэн 2 үйлдвэрлэгчээс эмийн түүхий эдээр бүртгэгдсэн байна. Дангаар хэрэглэхгүй. Нийлмэл эмийн найрлаганд орно. Хоногт 300-400 мг хүртэл тунгаар хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. /Дангаар бус бусад эмийн бодистой хамт хэрэглэдэг/ Төв мэдрэлийн систем, түүний дотор сэтгэц сэргээх үйлдэл үзүүлнэ. Тун хэтрүүлж хэрэглэхэд сэтгэцэд нөлөөлнө. Тун хэтэрсэн үед амьсгал давхцах, дүйнгэтэх, таталт үүсэх, суулгах, хий үзэгдэл илрэх, булчин чичигнэх үзэгдэл илэрнэ гэжээ. /хх-ийн 56-57-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15-р хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-, 25-28-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-р хуудас/,
Хил хамгаалах газрын 2017.08.10-ны өдрийн 7-2/5677 дугаартай албан бичгийн хавсралт лавлагааны хариу /хх-ийн 67-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.12-ны өдрийн №118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-79-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014.04.21--ниы ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-83-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Цгийн худалдан борлуулсан гэх цагаан өнгийн нунтаг бодисыг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээ хийлгэхэд каффейн /caffiene/-ны агууламж илэрсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.08.11-ний өдрийн №7572 тоот шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 11-01 тоотод оршин суух Г.Цгаас хураан авсан Ми Ми” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодист каффейн /caffiene/-ны агууламж илэрсэн /хх-ийн 40-41-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтээр илэрсэн дээрх каффейн /caffiene/ нь Монгол улсын эмийн түүхий эдийн бүртгэлд бүртгэгдэж эм хангамжийн практикт хэрэглэгдэж байгаа нь эм судлалын салбар зөвлөлийн хурлын 2017.12.01-ний өдрийн 09 тоот дүгнэлтээр: Уг бүтээгдэхүүн нь эмийн түүхий эд мөн. ...Уг бодис нь БНХАУ-ын Jilin Province Shulan Synthetic Pharmaceutical Co.,Ltd, CSPC Innovation Pharmaceutical Co.,Ltd гэсэн 2 үйлдвэрлэгчээс эмийн түүхий эдээр бүртгэгдсэн байна. Дангаар хэрэглэхгүй. Нийлмэл эмийн найрлаганд орно. Хоногт 300-400 мг хүртэл тунгаар хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. /хх-ийн 56-57-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Түүнчлэн каффейн /caffiene/-ийг эмийн түүхий эдээр хэрэглэх зохих зөвшөөрөлтэй “БНХАУ-ын Tianjin Zhongan Pharmgceutical Co.,Ltd фармд үйлдвэрлэгдсэн F090419V-00120 улсын бүртгэлийн дугаартай, CSPC Innovation Pharmaceutical Co.,ltd фармд үйлдвэрлэгдсэн F140719V-00190 улсын бүртгэлийн дугаартай“ Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж эм хангамжийн практикт хэрэглэгдэж байгаа талаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017.09.06-ны өдрийн 16/03/004/10 дүгнэлтэнд дурдсан байх тул шүүгдэгч Г.Цг эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар Г.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Оюутын 11-01 тоотод эмийн түүхий эд болох каффейн /caffiene/-ийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Цгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Ц нь энэ гэмт хэргийг ашиг орлого олох зорилгоор үйлдсэн нөхцөл байдал, энэхүү эмийн түүхий эдийг худалдан борлуулж тодорхой хэмжээний ашиг орлого олсон байгаа байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийн дээрх байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, сар бүр 450.000 төгрөгийн торгуулийн ялыг төлж байх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг цаасанд боодолтой цагаан өнгийн нунтаг бодис 2 уут 30 граммыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд 5.400.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, сар бүр 450.000 төгрөгийн торгох ял төлж байхаар хэсэгчлэн тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Ц нь шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөлөг цаасанд боодолтой цагаан өнгийн нунтаг бодис 2 уут 30 граммыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА