Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/1056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:/

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, иргэдийн төлөөлөгч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах-аар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн маргаж байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар Газар ашиглах эрх олгох тухай тушаалаар Б******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд 29813 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар ашиглах эрхийн 02******* дугаартай гэрчилгээг олгосон байна.

3. Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2021/******* дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2025 оны 05 дугаар арын 18-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ.

4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичгээр ирүүлсэн санал болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн VII хурлын шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар ойн сан бүхий газартай давхцалтай, Ойн тухай хууль-ийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт гэсэн үндэслэлээр Б******* ХХК-ийн 15733 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байна.

5. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлын шийдвэрийг үндэслэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсээс Б******* ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй хэмээн 29814 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон.

6. Ингээд нэхэмжлэгч Б******* ХХК шүүхэд нэхэмжлэл гарган түүний үндэслэлээ: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд 29,813 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.

Түүний дагуу газар ашиглах эрхтэй холбоотой үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанид холбогдуулан, газар ашиглах эрхтэй холбоотойгоор аливаа зөрчил, шийтгэл ногдуулж байгаагүй бөгөөд газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах болсон тухай огт мэдэгдээгүй.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар манай компанийн ашиглаж буй талбайгаас Ойн сан бүхий газартай давхцалтай гэсэн үндэслэлээр 15,733 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг цуцалсан болохыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр утсаар холбогдож мэдэгдсэн.

Төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн Ойн тухай хуулийг үндэслэн, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах шийдвэр гаргасан нь сайдын тушаал үндэслэлгүйг илэрхийлнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуульд заасан холбогдох ажиллагааг явуулаагүйгээс гадна 2023 оны А/299 дүгээр тушаалыг гаргахдаа Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд Ойн тухай хуулийн 29.1.10-т ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглохоор хуульчилжээ.

Манай компанийн хувьд Ойн тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй бөгөөд ой болон ойн сангийн газарт аливаа барилга байгууламж, объект бариагүй болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль. Ойн тухай хуульд ойн сан бүхий газарт газар ашиглахыг хориглоогүй бөгөөд зөвхөн улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих. аливаа объект байрлуулахыг хориглосон байдаг. Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаал, холбогдох гэрээний дагуу ашиглаж буй газартаа хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй тул газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан шийдвэр нь хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр "Б*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн ба нэхэмжлэлийн шаардлага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх болох газрын эрхийг сэргээх болно.

Гэтэл маргааны зүйл болох тухайн газарт холбогдуулан дахин хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш жил газраа ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн 29814 м.кв газрын ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон байсан. Энэхүү шинэ захиргааны актын хувьд ч мөн адил захиргааны байгууллагаас манай байгууллагад хандсан мэдэгдэх, сонсгох ажиллагаа огт хийгээгүй бөгөөд бид үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу үндсэн 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн А/299 дүгээр тушаалтай маргаж байх үед нотлох баримтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 01/1470 дугаар албан бичгийн хавсралтад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг хавсаргасан байсан ба хэргийн материалтай танилцахдаа үедээ анх мэдсэн бөгөөд яаралтай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Бидний хувьд газрын төлбөрийг төлж, хашаа болон үл хөдлөх хөрөнгө тус газар дээр байршуулж, бусад шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийж ашиглаж ирсэн байтал захиргааны байгууллага огт дээрх нөхцөл байдлыг үнэлж тогтоохгүйгээр шийдвэр гаргасан.

Захиргааны байгууллага нь захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах үүргүүдийг хэрэгжүүлээгүй мөн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хуулийн зорилго, хуулийн албан ёсны тайлбарт нийцүүлэхгүйгээр хууль хэрэглээний хувьд алдаатай хүчин төгөлдөр бус болох шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч компанийн хувьд хариуцагчийн 14 хоногийн зайтай гаргасан дээрх 2 тушаалыг хамтад нь хүчингүй болгосноор газар ашиглах эрхээ сэргээх буюу зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь сэргэх боломжтой тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ойн тухай хуулийн агуулгад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн талаар тусгайлан зохицуулалт байхгүй. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна гэж заасны дагуу тухайн тусгай хамгаалалттай газар ашиглах эрхтэй холбоотой зохицуулалтыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт газар ашиглах эрх хүчингүй болгох үндэслэлийг зааж зөвхөн тухайн 2 үндэслэлээр хязгаарлахаар заасан. Хариуцагч газар ашиглах эрхийн харилцааг дуусгавар болгохдоо тухайн газар ашиглах эрх дуусгавар болгох зохицуулалт ашиглахгүйгээр захиргааны актын үндэслэл хэсэгт тусгаагүй. Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасны дагуу ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Энэ хүрээнд ямар алдаа гаргасныг тайлбарлая. Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэсэн. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалтай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг зохицуулсан. Газар цуцлах харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгээр зохицуулсан байтал уг зохицуулалтыг хэрэглээгүй.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дах хэсэгт ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэж заасныг зөрчсөн тул газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарласан. Гэтэл бодит байдалд ойд хориглох үйл ажиллагаа явуулсан талаарх ямар нэгэн нотолгоо захиргааны байгууллагад байхгүй. Тухайн газарт хээрийн үзлэг хийгээгүй мөртлөө ямар хориглох байгууламж байрлуулсан, ямар хориотой үйлдэл хийсэн гэдгийг тодорхойлоогүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хяналт шалгалт хийсэн гэж хариу өгсөн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичигт 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хяналт шалгалт хийсэн гэх агуулгыг тусгасан байдаг. Гэтэл уг хяналт шалгалтын тайлан дүгнэлтийг авхуулахаар захиргааны хэргийн шүүхэд 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт өгсөн. Түүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүсэлтийн дагуу нотлох баримтыг ирүүлсэн боловч нэг хуудас буюу газрын давхцал давхцалтай холбоотой ганц зургийг ирүүлсэн. Уг зураг өнөөдрийн байдлаар хэрэгт гурав дахь удаа авагдсан. Нотлох баримт гаргуулахаар хүсэлт өгөхөөр энэ зургийг ирүүлж давхцалтай байгаа учраас газрыг цуцлах үндэслэлтэй гэдэг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас удаа дараа тухайн нотлох баримтыг ирүүлэхгүй байгаа нь хяналт шалгалт хийсэн нь эргэлзээ бүхий байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Тус үзлэгийн тэмдэглэлд дурдсанаар ойн сан бүхий газартай давхацсан гэж үзэж давхцалтай газарт ямар нэгэн объект байхгүй талаар шүүх дүгнэсэн. Хариуцагч байгууллагын өмнөх итгэмжилсэн төлөөлөгчийн дүгнэлтүүд, шүүх хуралдаанд тайлбараас харвал танай байгууллага газар ашиглах гэрээнд амралтын зориулалттай барилга барина гэж заасан. Ирээдүйд энэ барилгыг барих учраас урьдчилж цуцалж байгаа гэх агуулгаар тайлбарласан. Гэтэл хуульд барилга байгууламж барьсан тохиолдолд зөрчсөн гэж үзэхээс ирээдүйд үйлчлэх ёсгүй.

Манай байгууллага газар ашиглах төлөвлөгөө болон хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дотоод бүтцээрээ хянаж, төлөвлөгөөг баталсан. Үүний дагуу үйл ажиллагаа явуулъя гэхэд өмнө нь баталж өгсөн төлөвлөгөө хууль зөрчихөөр байгаа учраас хүчингүй болгож байна гэдэг нь логикгүй байна.

Хэрэв манай байгууллагыг Ойн тухай хуульд заасан хориглох объект буюу Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дах хэсэгт заасан объектыг байрлуулсан гэж үзвэл Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дах хэсэгт Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж зааснаар Зөрчлийн тухай хуулиар тодорхой хариуцлагыг оногдуулах санкц нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдсан. Тиймээс газар эзэмших эрхийг хүчингүй болгох санкц тусгагдаагүй. Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9.5 дах хэсэгт Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар нэхэмжлэгч хэрэв Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн хариуцлага яригдах ёстой. Тиймээс газар ашиглах эрхийг цуцлах хариуцлага санкц яригдах ёсгүй. Энэ хүрээнд захиргааны байгууллагыг хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт зөвхөн Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дах заалтыг заасан. Өөр хуулийн заалтыг дурдаагүй боловч ойн сан бүхий газартай давхцалтай тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд газар хүчингүй болгох эрх зүйн боломж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд бүрэн эрх байхгүй. Газар цуцлах харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан хоёр үндэслэлээр зохицуулсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд олгогдоогүй эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Өмнөх шүүх хуралдааны явцад нэг зүйл яригдсан нь юу гэхээр ойн сан бүхий газар тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. Цаг хугацааны явцад тогтоодог хөдөлшгүй зүйл биш өөрчлөгдөж байдаг. Нэхэмжлэгчид тухайн газар олгосон үед ойн сан бүхий газартай давхцалтай байсан уу эсвэл газар олгосны дараа давхцал үүссэн үү гэдгийг хариуцагч байгууллагаас тодорхойлоогүй. Ойн сан бүхий газар гэдгийг тодорхойлоогүй газар олгоод анх газар олгохдоо хууль зөрчиж газар олгосон учраас хууль зөрчсөн үйлдлээ цуцалж байна гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв захиргааны байгууллага гаргасан алдаатай буюу зөрчилтэй захиргааны актаа хүчингүй болгох байсан бол Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дах хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох ёстой. Үндсэн нөхцөл нь эерэг нөлөөлөл бүхий бол захиргааны актыг хүчингүй болгоно. Нэхэмжлэгчид тухайн актыг хүчингүй болгосноор сөрөг нөлөөлөл үүссэн гэдэг нь тодорхой байна. Сөрөг нөлөөлөл үүсэж байгаа захиргааны актыг захиргааны байгууллага цуцалж байна уу эсвэл тусдаа шийдвэр гаргаж байна уу гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага ямар нэгэн буруутай үйл ажиллагаа хийгээгүй. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай байгууллага ямар буруутай үйлдэл хийсэн бэ, ямар хууль зөрчсөн үйлдэл хийсэн бэ гэхэд танай байгууллагад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, танайд анх газар олгохдоо давхцалтай олгосон учраас алдаагаа засаж хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагад итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яригдана. Газар ашиглах эрх олгохдоо манай материалуудыг харж үзээд хууль ёсны дагуу байна гэж үзэж газар олгосны дараа газар олгосон нь хууль зөрчсөн байсан байна гээд өөрсдийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Энэ үйл баримттай холбоотой манайх ямар нэгэн гэм буруутай үйлдэл өнөөдрийг хүртэл хийгээгүй. Зөвхөн ойн сан бүхий газартай давхцаж байна гэж байгаа нь анх газар ашиглах эрх олгосон захирамжаа цуцалж байгаа юм уу эсвэл манайхыг ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийсэн учраас газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа юм уу гэдэг ялгаатай. Энийг захиргааны байгууллага тодруулах ёстой. Маргаан бүхий захиргааны актыг үзэхэд нэхэмжлэгч ойн сан бүхий давхцаж байгаа газарт хориглосон объект байрлуулсан гэж цуцалж байгаа юм шиг нөгөө талаар анх газар олгохдоо ойн сан бүхий газартай давхцалтай олгосон гэж цуцалж байгаа юм шиг. Аль үндэслэлээр цуцлаад байгаа нь эсвэл тухайн хоёр үндэслэлээр цуцлаад байгаа юм уу гэдгийг тодруулах ёстой гэж бодож байна.

Хоёр дахь маргаан бүхий захиргааны акт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаал нь эхний маргаан бүхий захиргааны актын 14 хоногийн дараа гарсан. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай" тушаал гараад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газрыг бүхэлд нь цуцалсан. Тэгэхээр тухайн маргаан бүхий 2 захиргааны актын аль нь хүчин төгөлдөр бэ, эсвэл хоёулаа хүчин төгөлдөр үү. Хэрвээ хоёулаа хүчин төгөлдөр бол хоёр дахь захиргааны акт буюу газрыг бүхэлд нь цуцалж байгаа нь цуцалсан газраа давхар цуцлаад байгаа юм уу логикийн алдаатай захиргаан акт. Тухайн захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллага тухайн асуудлын талаарх бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг биелүүлээгүй. Тухайн газрыг цуцлах асуудал яригдаж байхад маргаан бүхий газрын үзлэг хийгээгүй, ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй, ямар нэгэн зураг авагдаагүй байдаг. Шүүхээс ямар нэгэн зураг авсан, тэмдэглэл үйлдсэн баримт шаардахаар ирүүлдэггүй. Тэгэхээр газарт үзлэг хийсэн зураг, тэмдэглэл байхгүй гэж бодож байна.

Мөн татвар төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Татвар төлсөн эсэх талаар тогтоох ажиллагаа хийгдээгүй, татварын хэлтэс эсхүл газар зохион байгуулалтын алба руу албан бичиг явуулаагүй. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дотоод цахим системээр татвар төлөөгүй гэдэг нь харагдаж байсан учраас татвар төлөөгүй гэж дүгнэсэн гэж тайлбарладаг. Татвартай холбоотой нарийн харилцааг Хан-Уул дүүргийн татварын алба, газар зохион байгуулалтын алба илүү нарийн тодруулж хардаг. Тухайн хоёр байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтыг хавсаргасан учраас нотлогдоно гэж бодож байна.

Хоёр дахь захиргааны актын хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн газрыг бүхэлд нь цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийн газар цуцлах бүрэн эрхийн холбогдох заалтыг иш татсан. Эхний маргаан бүхий захиргааны актад газар цуцлахтай холбоотой бүрэн эрхийн заалтыг иш татаагүй. Хоёр дахь маргаан бүхий актад тодорхой хэмжээгээр газар цуцлахтай холбоотой бүрэн эрхийн заалтыг иш татсан. Гэхдээ нэхэмжлэгч тал дараах хоёр үндэслэлтэй бүхэлд нь санал нийлэхгүй байгаа. Учир нь 2008 оны Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолоор зориулалтын дагуу газраа хоёр жил ашиглаагүй гэдгийг гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Үүний дагуу бодит нөхцөл байдалд газар ашиглах гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан. Гэтэл газар цуцлах шийдвэр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газар цуцлах шийдвэр гарсан. Манайх газрыг ашигласан гэдгийг ямар баримтаар нотлох вэ гэхээр тухайн газарт аялал жуулчлал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлуулсныг шүүхийн үзлэгээр харсан бөгөөд тухайн хууль ёсны үл хөдлөх хөрөнгийн Ү22******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хэргийн материалд хавсаргасан.

Мөн модгүй хэсэг буюу хашаа хатгаж болох хэсгүүдэд манайх тойруулаад хашаа хатгасан нь шүүхийн газрын үзлэгээс авагдсан зургуудаар нотлогдож байна. Уг хашааг байрлуулахдаа хашаа байрлуулдаг этгээдээр 98 сая төгрөгийн гэрээ хийж хашаа байрлуулсан гэдгээ байгуулсан гэрээг хэрэгт хавсаргасан. Энэ хоёр үндэслэлээр манайх газраа ашигласан бөгөөд газар цуцлах 2 жилийн хугацаандаа хүрээгүй байсан. Тиймээс захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоохгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Газрын татвар төлөөгүй гэдэгт манайх газрын татвараа төлсөн. Хариуцагчийн тодорхойлж байгаагаар манай байгууллагыг 2023 оны газрын татвар төлөөгүй гэдгийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дүгнэсэн буюу тухайн жил дуусаагүй байхад дүгнэсэн.

Манайх газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан гэдгээ нотлох зорилгоор хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийн дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/1701 дугаартай албан бичгээр нийтдээ 145 сая төгрөгийн татвар төлсөн, ямар нэгэн татварын үлдэгдэлгүй гэх баримт ирсэн. Манай компанийн зүгээс хоёр жилийн хугацаанд нийтдээ 300 гаруй сая төгрөгийн хашаа, үл хөдлөх хөрөнгө гэх мэт хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл манайхыг төлбөрөө төлөөгүй, ямар нэгэн байдлаар ашиглаагүй гэж үзэж газрыг цуцалж байгаад нь гомдолтой байна. Тухайн газарт очиж үзэж зураг, тэмдэглэл үлдэхгүйгээр давхцалтай зураг харж цуцалсан.

Давхцалтай учраас газрыг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Захиргааны байгууллага гурван жилийн өмнө газар олгосон шийдвэрээ хууль зөрчсөн гэж дүгнэж, газрыг цуцалсан хариуцлага нь манай байгууллагад ноогдож байна. Захиргааны байгууллага хэрэв хууль зөрчиж газар олгосон бол тухайн үеийн шийдвэр гаргасан этгээдэд хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.

Нотлох баримт гаргуулах хүсэлтийг манайх 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус хүсэлт гаргаж шүүхээс хариуцагч байгууллагад мэдэгдсэн. Энэ хүрээнд тодорхой нотлох баримтууд ирсэн. Ирсэн нотлох баримтуудад манай газрыг хэсэгчилж цуцалсан хурлын тэмдэглэл ирсэн. Харин 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаар хурлын тэмдэглэл буюу газрыг бүхэлд нь цуцалсан хурлын тэмдэглэл ирээгүй. Тухайн хариуцагч байгууллагаас ирүүлсэн албан бичгийг харвал манайд гарын үсэг зурсан нотлох баримтын шаардлага хангасан хэмжээнд байхгүй, зөвхөн компьютер дээр төсөл нь байна гэдэг байдлаар хариу ирүүлсэн. Үүнийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дүгнэлтийг үндэслэж тухайн үеийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд газар цуцлах шийдвэрүүдийг гаргасан. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хийсэн шалгалтын дүгнэлтэд үндэслэж манайх албан бичгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу явуулсан гэдэг. Гэтэл уг албан бичгийн дүгнэлтийг авхуулахаар шүүхээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт явуулахаар давхцалтай гэдэг зургийг дөрөв дэх удаа ирүүлсэн. Тиймээс хяналт шалгалт хийгдэхгүйгээр давхцалтай гэдэг сансрын зургийг хараад манай газрыг хүчингүй болгосон гэж ойлгож байна. Тиймээс маргаан бүхий хоёр захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан. Б******* ХХК-ийн газар ашиглах эрхтэй газрыг Богдхан уулын дарxан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай гэсэн хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар саналыг үндэслэсэн. Уг саналд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно., мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах; гэсэн заалтуудыг зөрчиж газар ашиглах эрх барих олгосон нь тогтоогдсон тул ойн сан бүхий хамгаалалтын бүсэд байрших иргэн, хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргүүлсэн болно.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай захиргаанаас нэхэмжлэгч компанид 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 545 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тус тус зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн нь дээрх албан бичгээр тогтоогдоно. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 622 дугаар Сонсох ажиллагааны хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгч Б******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай №2021/******* дугаартай гэрээнээс үзвэл маргаан бүхий газрыг Аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зорилготой байх ба энэ нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь хэсэгт заасан хориглосон зохицуулалт нийцэхгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул Б******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Б*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаалаар "Б*******" ХХК-д олгогдсон 29814 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар саналыг үндэслэсэн. Тус саналд сонсох ажиллагааг явуулсан ба хариу тайлбарыг авсан талаар дурдсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэж заасан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар албан бичгээр мэдэгдсэн ба мөн өөрсдийн албан ёсны цахим хуудас дээр байршуулсан байдаг.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Б*******" ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар ойн сан бүхий газарт ямар нэгэн объект барьж, үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь хэсэгт ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэж заасан. Шүүхийн үзлэгээр тухайн газрын зарим хэсэг нь ойн сан бүхий газартай давхацсан ой буюу мод байгаа нь харагддаг. Ойн сан бүхий газартай давхцаж байгаа учраас аялал жуулчлалын зориулалттай ямар нэгэн объект, үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тиймээс маргаан бүхий тушаал гарч газрыг хэсэгчлэн цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 дахь хэсэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан. Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрийг дараа улирлын эхний сарын хоёрны дотор төлнө гэж заасан. Өнөөдрийн байдлаар татвараас тооцоо нийлсэн акт ирүүлээд төлбөрийн үлдэгдэлгүй гэж харуулж төлбөрөө төлсөн, огт зөрчилгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтын хувьд зөрчилдөж байна.

Маргаан бүхий тушаал 2023 оны 08 дугаар сарын 15-ны гарсан. Гэтэл 2023 оны газрын төлбөрийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 9,838,290 төгрөг төлсөн. Дараагийн төлбөрийг төлөхдөө газар ашиглах эрх цуцалсан тушаал гарсны дараа 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу 1 сар 12 хоногийн дараа 9,838,290 төгрөгөөр хоёр удаа газрын төлбөрийг төлсөн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 9,838,290 төгрөгөөр газрын төлбөрийг төлсөн. Иймээс төлбөрийн үлдэгдэлгүй гэж харагдана. Гэхдээ хуулийн заалтад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж зохицуулсан. Газар ашиглах эрх цуцалсны дараа төлбөр төлснөөр газар ашиглах эрх сэргэнэ гэж үзвэл энэ нь хуулийн үндсэн зорилготой зөрчилдөж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үзвэл тухайн газарт тойруулаад хашаа барьсан байдаг. Тухайн газарт би өөрийн биеэр очиж үзээгүй ч зургаас харахад зөөврийн байшин байрлуулсан нь харагддаг. Нэг байшин бариад үүнийг зориулалтын дагуу ашиглаж байна гэж үзвэл энэ нь хуульд нийцээгүй мөн зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй. 2008 оны Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолоор барилга байгууламж, зам талбай барьсныг газрыг ашигласан гэж үзэхээр зохицуулсан. Гэтэл бодит байдалд тухайн газрыг ашигласан зүйл байхгүй.

Газар ашиглах гэрээ байгуулснаас хойш хоёр жил хүрээгүй гэж тайлбарлаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилго нь газрыг тодорхой хугацаанд тодорхой менежмент хэрэгжүүлж аж ахуйн нэгж болон иргэнд ашиглуулах зорилготой. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд тухайн газар ашиглуулах эрх олгох тушаал гарснаар тухайн сайдын үүрэг дуусгавар болдог. Газар ашиглах гэрээ байгуулах эрх, үүрэг тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, тухайн дүүргийн Засаг дарга, мөн аж ахуйн нэгжид хамаарна. Гэрээг хугацаандаа байгуулах үүргээ биелүүлээгүй нь сайдыг буруутгах ёсгүй гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

10. Иргэдийн төлөөлөгч Х.Л шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ойн сангийн цаазат газар хамгаалах ёстой. Богдхан уул байгалиа хамгаалж бохирдохоос хамгаалах ёстой. Ямар зориулалтаар ашиглах нь сайн тодорхойгүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үзээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт зөвхөн Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг барьсан, өөр хууль бариагүй, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд газар хүчингүй болгох эрх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд байхгүй гэж, хариуцагчаас ...ойн сан бүхий газарт ямар нэгэн объект барьж, үйл ажиллагаа явуулахыг хориглодог, шүүхийн үзлэгээр тухайн газрын зарим хэсэг нь ойн сан бүхий газартай давхацсан нь тогтоогдсон гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Б******* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар Газар ашиглах эрх олгох тухай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд байрших 29814 мкв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох орон байрны зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 02******* дугаартай газар ашиглах гэрчилгээ олгож, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2021/******* дугаар Газар ашиглах тухай гэрээг 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан,

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай нэр бүхий 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 169405.0 м.кв газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн VII хурлын шийдвэрийн дагуу цуцалсан байх бөгөөд хавсралтын 8 дугаарт нэхэмжлэгч "Б*******" ХХК-ийн ашиглах эрх бүхий 29 813 м.кв талбайн ойн сантай давхацсан 15733 м.кв талбайг хэсэгчлэн цуцалсан байна.

Түүнчлэн тушаалын үндэслэл болгосон, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичигт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд хавсралтад дурдсан газар ашиглагчид нь Ойн тухай хууль-ийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд, зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэсэн заалтуудыг тус тус зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон,...ойн сан бүхий хамгаалалтын бүсэд байрших...газар ашиглах эрхийг...цуцлах сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр (Өдрийн сонин, БОАЖЯ-ны цахим хуудас, БХУДЦГХЗ-ны цахим хуудас) явуулсан. Богдхан уулын дархан цаазат газрын ойн сантай давхацсан газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг хүргүүлсэн, Сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн VII хурлын шийдвэрээр Б******* ХХК-ний ашиглах эрх бүхий газрыг хэсэгчлэн цуцлахыг дэмжсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 27.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 29.1.10-д ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэж тус тус заасан.

Түүнчлэн шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын холбогдох хэсэгт үл хөдлөх хөрөнгүүд байршсан, уг хөрөнгийн зарим хэсэгт нэхэмжлэгч нь 162.9 м.кв талбайтай, аялал жуулчлал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны 001******* дугаар гэрчилгээтэй болох нь тогтоогдсон болно.

Эдгээр үйл баримтууд болон хуулийн заалтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч компанийн 15733 м.кв газрыг ойн сан бүхий газартай давхцалтай гэх үндэслэлээр хэсэгчлэн цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь хэсэгт заасан зохицуулалт нь ойн санд газар ашиглуулахыг хориглосон агуулгагүй, харин ойн сан бүхий газарт хуулиар тусгайлан заасан тодорхой чиглэл бүхий үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалт байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийг анхнаасаа хуулийн уг заалтыг зөрчиж газар ашиглах эрх олж авсан гэж буруутгах боломжгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид газар ашиглах хүсэлтээ хүргүүлснээр хариуцагч захиргааны байгууллага түүнд газар ашиглах эрх олгосон, уг эрхийн дагуу нэхэмжлэгч нь тухайн байршилд үл хөдлөх эд хөрөнгө барьж хууль ёсоор өмчлөх эрхтэй болсны дараа нэхэмжлэгчийг ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барьсан, аливаа объект байрлуулсан гэж буруутгах нь хууль бус, энэ нөхцөлд нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай.

Нөгөө талаар хариуцагч тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулаагүй, зөвхөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал гэх албан бичгийг үндэслэсэн нь учир дутагдалтай, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэв. Тухайлбал, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч байгууллага нь Ойн тухай хуулийн 29.1.10-д заасан ямар хориглосон үйл ажиллагааг хэрхэн явуулсныг хариуцагч захиргаа хангалттай шалгаж тогтоогоогүйн дээр шүүхийн мэтгэлцээний шатанд ч энэ талаархи баримт нотолгоог гаргаж ирүүлээгүй болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс ...гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад цуцлах шийдвэр гарсан, захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, газрын төлбөрөө төлж ирсэн, газраа зохих журмын дагуу ашиглаж байсан гэж, хариуцагчаас ...газар ашиглах эрх цуцалсны дараа төлбөр төлснөөр газар ашиглах эрх сэргэхгүй, бодит байдалд тухайн газрыг ашигласан зүйл байхгүй, гэрээг хугацаандаа байгуулах үүргээ биелүүлээгүй нь сайдыг буруутгах үндэслэл биш гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Б******* ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгч компанийн 29 814 мкв газар ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;,

40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: 1/Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:,40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан.

Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын хавсралтын 53 дугаарт нэхэмжлэгч Б******* ХХК нь сонсох ажиллагаанд хариу тайлбар өгөөгүй тул газар ашиглах эрхийг цуцлах санал хүргүүлсэн-ийг, мөн тус газрын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 буюу газрын төлбөрийг 2023 онд төлөөгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 3 жил дараалан ашиглаагүй, Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10-г тус тус зөрчсөн-ийг тус тус дурдсан ба Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн XI хурлын шийдвэрийн 37 дугаарт Б******* ХХК-ийн 29812 м.кв газрыг 2023/07/05 736 саналыг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтаар хүчингүй болгохыг 100 хувь дэмжив гэж тэмдэглэсэн болох нь тогтоогдов.

2.1. Нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/******* дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-ний Хоёр.-т талбайн хэмжээ 29812.6 м.кв, нэгжийн төлбөр 1410₮/м2, бүгд төлбөр 1 жилд 42.035.766₮ төгрөг, уг төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өрийн дотор Нийслэлийн Татварын газрын дансанд төлөхөөр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт №01122-2021/*******-д 2021 онд 4 203 633, 2022 онд 101 707 059, 2023 онд 39 353 160 төгрөгийн төлбөр төлсөн. 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байна гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 30, 2022 оны 03 дугаар сарын 31, 2022 оны 06 дугаар сарын 29, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд газрын төлбөрийг тус тус төлсөн нь тус дүүргийн Татварын хэлтсийн 4/256 тоот албан бичгийн хавсралт баримтаар тус тус тогтоогдсон болно.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын тодорхой хэсэг болох 15733 мкв газрын ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргасан атлаа нэхэмжлэгчид анх олгосон 29814 м.кв газрын нийт хэмжээгээр төлбөр нэхэж, улмаар төлөөгүй гэж үзсэн нь хууль бус, захиргаа тухайн тохиолдолд хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч компанийн газрын төлбөр төлөлтийн нөхцөл байдлыг зайлшгүй шалган тодруулах үүрэгтэй атлаа уг үүргээ биелүүлэхгүйгээр маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, нэгэнт ашиглах эрхгүй болсон газрын тухайд төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, төлбөрөө төлж төлбөрийн үлдэгдэлгүй-г эрх бүхий этгээдээс тодорхойлсон байх тул хариуцагчийн ...ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойш төлбөр төлсөн нь буруу гэх тайлбар бодит үнэнд нийцэхгүй байна

2.2. Хариуцагчаас нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр аливаа этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоход нэгдүгээрт талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2 жил өнгөрсөн байх, хоёрдугаарт тухайн гэрээний хугацаанд газраа ямар нэгэн байдлаар ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх нөхцөл тавигдана.

Энэ хэргийн тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгогдсон, уг тушаалын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаатай байгуулснаас үзвэл тухайн гэрээг байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жил болоогүй байхад хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэсэн нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Учир нь, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан, харин нэхэмжлэгч компани газар ашиглах тухай гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулснаас үзвэл хуанлийн 2 жилийн хугацаа дуусаагүй байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн ашиглах эрх бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгө барьсан байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн явцад болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ тохиолдолд хариуцагч чухам ямар үндэслэлээр тухайн газраа ашиглаагүй гэж үзсэн нь тодорхойгүйн дээр ийнхүү ашиглаагүй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг тогтоосон баримт нотолгоог огт ирүүлээгүй болно.

Энэ нь хариуцагч захиргаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, хуулийн уг заалтыг зөрчсөн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо хуулийн хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, 2 жил өнгөрсөн байх, газраа огт ашиглаагүй гэх бүхий л нөхцөл байдлыг заавал шалган тогтоох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй атлаа шийдвэр гаргасан нь хууль бус.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч байгууллагын газар ашиглах эрхийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар нийт ашиглах эрх бүхий 29813 м.кв газрын тодорхой хэсэг болох 15733 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон хугацаанаас 14 хоногийн дараа энэхүү тушаалаар нийт олгосон 29814 м.кв газрын хэмжээгээр бүхэлд нь хүчингүй болгосон нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, өмнөх тушаалаа үгүйсгэсэн, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна.

Иймд эдгээр хууль зүйн үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Х.Л шүүх хуралдаанд Ойн сангийн цаазат газар хамгаалах ёстой. Богдхан уул байгалиа хамгаалж бохирдохоос хамгаалах ёстой. Ямар зориулалтаар ашиглах нь тодорхойгүй байна. гэсэн дүгнэлт гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-ийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б*******" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ