Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/803

 

 

 

         2023           8            08                                   2023/ДШМ/803

 

Б.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн

нарийн бичгийн дарга  Д.Тунгалаг  нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.З-д холбогдох эрүүгийн 2110016290849 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э овгийн Б-ийн З, 1974 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “П” хотхоны Х-н дарга, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Х дүүргийн ** дүгээр хороо, Д гудамж, ***-** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:***********/;

 

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” хотхоны **** дүгээр байрны * давхарт Б.Б-тэй “цахилгаан, тог тасаллаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Э овогт Б-гийн З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-гоос 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-өд олгож, хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч Б.З-гийн хохирогч Б.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь шүүгдэгч Б.З, хохирогч Б.Б- нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн **** дугаар дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна гэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 8082 дугаар шинжээчийн дүгнэлтийг өмнөх шүүх хуралд шүүгч эргэлзээтэй гэж үзэн дахин шинжээч томилж байсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28 өдөр 22/ШЗ/** дүгээр захирамжаар дахин шинжилгээ хийлгэх тухай захирамж гарсан. Уг захирамжид “Хэдийгээр хохирогч Б.Б-өд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч дээрх талуудын маргаад байгаа маргаан бүхий шинжээчийн дүгнэлтийг гаргахад тулгуурласан баримт нь эргэлзээ төрөхүйц нөхцөл байдлыг талууд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул тодруулах зорилгоор дахин 5 бүрэлдэхүүнтэй шинжээч нарын /шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулах/ дүгнэлт гаргаж, Б.Б-ийн эрүүл мэндэд ямар гэмтэл, хор уршиг учирсан болохыг бүрэн, нэг бүрчлэн тогтоох нь зүйтэй.” гэж дүгнэн дахин шинжээч томилж шийдвэрлэсэн. /хх 169/ Дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй учраас мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь зүйтэй гэж шүүгч үзэн 2022 оны 3 дугаар сарын 23 өдөр 22/ШЗ/597 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. /хх 186/ Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эргэлзээтэй нөхцөл байдал мөн арилаагүй байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх эргэлзээтэй **** дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т "Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт эргэлзээтэй талаар үндэслэл бүхий тайлбар гаргахад шүүх **** дугаартай шинжээчийн дүгнэлтийг буюу эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн бөгөөд “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ...няцаан үгүйсгэсэн үндэслэл"-д дүгнэлт хийгээгүй. Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Б.З-гийн яллах, гэм буруутай эсэх талаар дээрх байдлаар эргэлзээ төрж байх бөгөөд гэм буруутай нь бүрэн нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг шүүх зөрчсөн байх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж, тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би өнөөдрийг хүртэл гэмт хэрэгт холбогдоогүй ирсэн. Хохирогч Б.Б- гэх залуутай 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тааралдсан. Тог тасалсан гэх шалтгаанаас болж маргаан үүссэн. Маргааны явцад би Б.Б-өд гар хүрээгүй, манай эхнэртэй Б.Б- муудалцах үедээ цээж рүү нь аптеркаар 3 удаа цохисон. Тухайн үед би зоочлоо гэж бодон эхнэрээсээ түлхэж холдуулсан. Би Б.Б-өд гар хүрээгүй гэдгээ маш сайн мэдэж байгаа учраас удаа дараа ***** дугаар шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, худал байна гэх агуулгаар хүсэлт гаргасан. Б.Б Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд өөрийгөө гэмтсэн гэх баримтаа авчирч өгдөггүй. Мөн эмнэлэгт Б.Б-ийн шинжилгээ хийсэн гэх баримт байдаггүй. Урьд нь надад удаа дараа шүүгч хэлж байсан “хэрвээ та хэрэг хийсэн бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ял шийтгэлгүй болох ч боломжтой байдаг” гэж сануулсан. Гэвч би бусдад гэмтэл учруулаагүй гэдгээ өөрөө сайн мэдэж байгаа учраас энэ асуудлыг шударгаар тогтоож өгнө үү гэв. ...”

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүх шүүгдэгч Б.З-гийн үйлдсэн гэмт хэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийж, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга нь 8082 дугаар шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй дүгнэлт гэж байна. Шинжээч анхан шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлтийнхээ талаар тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Дан ганц уг дүгнэлтээр Б.З-г гэм буруутай гэж нотлоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог учраас анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв. ...”

                                                            ТОГТООХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” хотхоны *** дүгээр байрны * давхарт Б.Б-тэй “цахилгаан, тог тасаллаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэг рүү цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тасвалчийн муруйлт, зүүн шанаа, эрүү, зүүн чих, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Б-ийн “...Б.З нь миний шанаа, хамар хэсэгт баруун гараараа 2-3 цохисон бөгөөд би хойшоо унах үедээ хана мөргөсөн...” /хх 17/,

 

гэрч Д.А-гийн “...манай нөхөр намайг цохисон залуутай маргалдаад зууралдаад зогсож байсан. ...” /хх 25/8

 

гэрч Я.З-рын “...Зоригоо гэх залуу гарч ирээд Батмөнх рүү дайраад мангасдаж түлхэхэд Батмөнх толгойгоороо хана мөргөсөн ба мөн дахин нүүр хэсэгт 3-4 удаа цохисон. ...” /хх 29/

 

шинжээч Ц.О-нийн “...Томографын зураг нь маш нарийвчлалтай хардаг зураг, 3 мм голчтой маш нарийвчлалтай хардаг шинжилгээ бөгөөд маш сайн харагддаг. Хэрэв хуучин байсан бол дүгнэлтэд шинэ, хуучин гэж заавал бичигддэг. Тэгэхээр шинэ гэж бичигдэхгүйгээр хугаралтай гэж бичсэн байгаа юм.  Хэрэв шинэ хуучин хавсарсан байсан бол шинэ, хуучин гэдгийг ялгаж бичнэ гэсэн үг. Хамрын хянга яс зөрүү бүхий хугаралтай, таславчийн мурийлттай гэж дүгнэлт хэсгийн 4 дэх хэсэгт бичсэн байгааг шинэ гэж ойлгоно. ...” гэсэн мэдүүлгүүд /1хх 163/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн **** дугаартай “...Б.Б-ийн биед хамар ясны хугарал, тасвалчийн муруйлт, зүүн шанаа, эрүү, зүүн чих, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” шинжээчийн дүгнэлт /хх 58-59/ 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Мед трама эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 91/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.З ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.З-гийн хохирогч Б.Б-ийн нүүр лүү цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, тухайн зүйл заалтад заасан хамгийн доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.З*гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад уг баримтыг үндэслэн гэм буруутайд тооцсон, ... шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.З*д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Б.Б-ийн “...шанаа, хамар хэсэгт баруун гараараа 2-3 цохисон бөгөөд би хойшоо унах үедээ хана мөргөсөн. ...”, гэрч Я.З-ын “...Зоригоо гэх залуу гарч ирээд Б рүү дайраад гараараа мангасдаж түлхэхэд Батмөнх толгойгоороо хана цохисон ба мөн гараараа дахин нүүр хэсэгт 3-4 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж нь үйл явдал болсоны маргааш буюу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Мед трама” эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн “ ...хамрын хянга ясанд зөрүү бүхий хугаралтай, таславч баруун тийш муруйлттай, эрүүний зүүн өмнөд хэсгийн арьсан доорх зөөлөн эдэд хавантай . ...” гэх дүрс оношилгооны шинжилгээний хариу, шинжээч эмч Ц.О-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “... Томографын зураг нь маш нарийвчлалтай хардаг зураг. ...Хэрэв хуучин байсан бол дүгнэлтэд шинэ, хуучин гэж заавал бичигддэг. Тэгэхээр шинэ гэж бичигдэхгүйгээр хугаралтай гэж бичсэн байгаа юм.  Хэрэв шинэ, хуучин хавсарсан байсан бол шинэ, хуучин гэдгийг ялгаж бичнэ гэсэн үг. Хамрын хянга яс зөрүү бүхий хугаралтай, таславчийн мурийлттай гэж дүгнэлт хэсгийн 4 дэх хэсэгт бичсэн байгааг шинэ гэж ойлгоно. ...” гэх мэдүүлэг болон Б.Б-ийн биед хамар ясны хугарал, тасвалчийн муруйлт, зүүн шанаа, эрүү, зүүн чих, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжны дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.Згоос өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн **** дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/282 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН