| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2017/0147/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2017-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Заг сумын харъяат, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, үйлчлэгч ажилтай, ам бүл 6, 5 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт түр оршин суух хаягтай, Б овогт У.Э-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч У.Э нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр баг тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой тус газар дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн хамтран амьдрагч Т.С-д 100.000 төгрөг өгөх өртэй байсны 80.000 төгрөгийг нь ээжид нь өгчихөөд үлдсэн 20.000 төгрөгийг нь өөрт нь өгөх бодолтой гэртээ ирээд байж байтал Т.С нь орой 18 цаг өнгөрч байхад согтуу ирсэн. Тэгээд надаас мөнгөө авна гээд агсан тавиад байхаар нь би ээжид нь мөнгийг нь өгсөн гэж хэлсэн. Үүнээс болж бид маргалдаж байгаад би Т.С-г түлхсэн чинь газар унасан. Тэгээд би Т.С-н биед гэмтэл учруулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тухайн үед буюу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг өөрийн ухаангүй болтлоо согтсон байхад манай хамтран амьдрагч Э түлхэж унагаагаад дээрээс гутлаараа дэвссэн байсан. ... энэ хэрэгт надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэжээ /хx-ийн 9-10-р тал/
Гэрч Ш.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С ах гэрт согтуу орж ирээд ээжтэй мөнгөнөөс болж маргаан үүсгээд байхаар нь ээжийгээ өмөөрөөд С ахад хэдэн үг хэлсэн чинь ээж бид хоёрыг элдэв янзаар хэлээд доромжлоод байсан, тэгэхээр нь би Т рүү утсаар яриад “С ах гэрт согтуу ирээд агсан тавиад байна, ирэх боломж байна уу” гэхэд С ах сонсчихоод “Манай хэлгүй дүү ирчихсэн шүү, Замын-Үүд суманд гишгэх газаргүй болгоно шүү, цагдаа чинь надад хамаагүй шүү” гээд агсараад байсан чинь ээж уурлаад С ахыг түлхэж унагаагаад дээрээс нь гутлаараа хэд хэдэн удаа өшиглөсөн....” гэжээ /хx-ийн 22 тал/
2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 306 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Т.С-н биед тархи доргилт, баруун нүдний эргэн тойрон , баруун шанаа чихний орчим болон баруун ташаа, бүсэлхий орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний эргэн тойрон , баруун шанаа чихний орчим болон баруун ташаа, бүсэлхий орчим цус хуралт гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн тогтоогдохгүй болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хx-ийн 25 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч У.Э нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр баг тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой тус газар дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч Т.С гэрч Ш.У нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч У.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч У.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч У.Э, хохирогч Т.С нар нь сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шүүгдэгч Б овогт У.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч У.Э-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүxэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Б