Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/802

 

 

 

      

 

 

 

 

 

      2023           8            08                                         2023/ДШМ/802

 

 

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч Э.А-дийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга  Д.Тунгалаг нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/421 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-дийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А-д холбогдох эрүүгийн 2302000000150 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г овгийн Э-ын А, 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Д аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “У” үйлчилгээний төвд хувиараа алт мөнгөний дархан хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Б дүүргийн ** дугаар хороо, ***-** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:********/;

 

Шүүгдэгч Э.А-д нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “У” үйлчилгээний төвийн * дугаар корпуст Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 485 дугаарт багтсан 80 мл хэмжээтэй, р-1.163 г/см3 хувийн жинтэй, 34.32%-ийн агуулгатай давсны хүчлийг хууль бусаар ашиглан дарханы үйл ажиллагаа явуулсан, хадгалсан буюу химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.А-дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овогт Э-ын А-ийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглаж үйл ажиллагаа явуулж, эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А-дийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/92 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Давсны хүчлийг металл цэвэршүүлэх, бордоо, будагч бодис, нэхмэлийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг... Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн хуванцар саванд байгаа бодис нь 80 мл хэмжээтэй байв. Уг бодисыг тухайн зориулалтаар ашиглах боломжтой...” гэсэн. Улсын яллагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалыг үндэслэл болгосон байдаг. Уг тушаал нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 54А/136/А215 гэсэн тушаал болж шинэчлэгдэн өөрчлөгдсөн. Гэхдээ давсны хүчил нь уг тушаалын 8 дугаар бүлэгт идэмхий бодис гэдгээр орсон байдаг. Давсны хүчлийг зориулалтаар ашиглах боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн хохирогч талаас “…энэ хэргийн улмаас төрд учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлгийг өгсөн. Хэдийгээр энэ хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг боловч 80 мл давсны хүчил байгаль орчинд ямар хор уршиг учруулах талаар хохирогчоос огт тодруулж асуугаагүй. Энэ гэмт хэргийг шалгах явцад цагаатгах талын нотлох баримтыг огт цуглуулаагүй, дан яллах талын нотлох баримтыг цуглуулсан. Мөн миний үйлчлүүлэгч Э.А-дийг тусгай зөвшөөрөл аваагүй гэдэг. Гэтэл тусгай зөвшөөрөл гэх асуудал аж ахуй нэгж байгууллагад яригддаг болохоос хувь хүнд энэ тухай асуудал яригдах боломжгүй. Тусгай зөвшөөрлийг авах ёстой бол хэрхэн, хэнээс, хэдий хэмжээний химийн бодисыг ашиглахын тулд тусгай зөвшөөрлийг авах ёстой вэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тодруулаагүй. Энэ талаар тодруулж өгнө үү гэсэн хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, гэм буруугийн хурлыг зарлаад миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Нэгэнт химийн хорт бодисыг ашигласан гэж үзэж байгаа бол хэдий хэмжээний хорт бодис ашигласан, ямар хор уршиг бусдад учруулсан, хэлбэрийн төдий гэж үзэх боломж байгаа юу, байгаль орчинд хор нөлөөтэй гэж үзэх юм уу гэх талаар оновчтой дүгнэлт хийж чадаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, Э.А-дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгах болсон учир нь өөр мэдээллийн дагуу буюу алт илрүүлэх зорилготой очсон боловч алт илрүүлж чадаагүй, харин дарханы газар орж “...50 мл давсны хүчил байна, энэ нь хорт бодис...” гэж шалгаж эхэлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Э.А-дийн тухайд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд алт, мөнгөний дархан хийдэг. Давсны хүчлийг хүмүүсийн хийлгэж байгаа ээмэг, бөгж, мөнгөн аягийг өнгөлөхөд ашигласан. Өөрөөр хэлбэл, металл цэвэршүүлэхэд ашигласан. Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тухайлбал, дарханы газарт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст химийн бодисыг ашиглаж болох, болохгүйг нь тайлбарлаж, зөвлөх ажил хийхгүй байж нэг зөрчил илрүүлж, түүнийгээ хэрэг болгож, гэмт хэрэгтэн болгож байгааг анхаарч үзнэ үү. Э.А-д нь 31 настай, цаашид ямар ч ажил хөдөлмөр эрхэлж, гадагшаа явж болно. 3 хүүхдийнх нь хувьд ч эцэг нь гэмт хэрэгтэн, ял эдэлж байсан гэвэл хүүхдүүдийнх нь ирээдүйд нөлөөлнө. Шүүх бүрэлдэхүүн энэ талаас нь анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ...” гэв.

 

Прокурор Н.Улсболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хэргийн бодит байдалтай нийцэж гарсан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй. Хууль бус гэх агуулга нь иргэн бүрийг ашиглаж болно, тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулахдаа хэрэглэж болно гэсэн агуулга биш. Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл олгож зохих хэмжээнд зориулалтын дагуу ашиглах ёстой. Шүүгдэгч Э.А-дийн хувьд тусгай зөвшөөрөл авч ашигласан гэх талаар хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт байхгүй, уг бодисыг мөнгөн эдлэлээ цайруулах, алт, мөнгөний дарханы үйл ажиллагаандаа ашиглаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ...”

        

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Э.А-дд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.А-д нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Урт цагаан” үйлчилгээний төвийн 3 дугаар корпуст Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 485 дугаарт багтсан 80 мл хэмжээтэй, р-1.163 г/см3 хувийн жинтэй, 34.32%-ийн агуулгатай давсны хүчлийг хууль бусаар ашиглан дарханы үйл ажиллагаа явуулсан, хадгалсан буюу химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн төлөөлөгч С.Г-гийн “...давсны хүчил нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтдаг тул химийн хорт аюултай бодис гэж үздэг. Энэ хэрэгт манай байгууллага болон төрд учирсан хохирол байхгүй, манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй. ...” /хх-26/,

 

гэрч Б.Б-ын “... А ахын дархан хийдэг өрөөгөөр хааяа орж гарах үед давсны хүчил гээд бодист хийж байгаа металл эдлэлээ өнгө оруулахаар дүрж хэрэглэж байгаа харагддаг, давсны хүчил нь бага хэмжээтэй харагддаг байсан. Манай урт цагаанаар 1 жил гаруйн өмнө байх нэг хазгардуу явдалтай хөгшин ах ганц нэг удаа давсны хүчил зараад явдаг байсан, тэр хүнээс манай Урт цагааны зарим дархачууд бага хэмжээгээр авдаг байсан. Аптангэрэл ах давсны хүчлээ тэр хүнээс авсан байх. ...” /хх-30/,

 

гэрч Л.Б-ын... Э.А-д нь алт, мөнгө, монетоор хийсэн эдлэлүүдээ давсны хүчилд дүрж өнгөлж ашигладаг юм. Тэрээр 1 жил гаруйн өмнө урт цагаанаар давсны хүчил зарна гээд явж байсан нэг ахаас 50 грамм орчмыг худалдан авч, усаар шингэлж, шингэлсэн уусмалдаа, алт, мөнгөөр хийсэн эд зүйлсээ дүрж өнгөлдөг. ..." гэсэн мэдүүлгүүд /хх-32/,

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/92 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгөтэй шингэн нь p-16163 г/см3 хувийн жинтэй, 34.32%-ийн агуулгатай давсны хүчил (HCI) болохыг химийн шинжилгээний аргаар тогтоов. ....”, “...давсны хүчил нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 4885 дугаарт багтсан. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 36-42/,

 

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 07/2053 дугаартай “Э.А-д нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авч байгаагүй” гэх албан бичиг /хх-9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-15/ зэрэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.А-д ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.А-дийн химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, тухайн зүйл заалтад заасан хамгийн доод хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.А-дийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “...уг бодисыг тухайн зориулалтаар ашиглах боломжтой, ... ямар нөхцөлд хэдий хэмжээгээр химийн хорт болон аюултай бодис ашиглах, хадгалахад тусгай зөвшөөрөл авах тухай мэргэжлийн байгууллагаас тодруулаагүй, ... учирсан хор хохирол байхгүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул Э.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгож,  хууль тогтоомжийн хэрэгжилтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавихаар зохицуулжээ.

 

Шүүгдэгч Э.А-д нь 80 мл хэмжээтэй, 34.32%-ийн агуулгатай давсны хүчлийг дарханы үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж, мөн ажлын байрандаа хадгалж байсан, уг бодис нь Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтад багтсан бөгөөд давсны хүчлийн уур, манан нь хүний нүд арьсанд түлэгдэл үүсгэн, амьсгалын замын эрхтнийг гэмтээх, хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтэнд түлэгдэл үүсгэх, амьсгалах, залгихад үхэлд хүргэж болзошгүй. Олон удаагийн давталт, удаан хугацааны өртөлтөөр эд эрхтэнд гэмтэл учруулах, усны хүчиллэг байдалд нөлөөлж, усны орчны организмд хортой нөлөө үзүүлнэ. Хөрс рүү асгарсан тохиолдолд хөрсний гадаргуугаас их хэмжээгээр уурших, шатамхай бус, идэмхий аюултай бодис болох талаар шинжээчийн дүгнэлтэд тусгажээ.

 

Хууль тогтоогч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Хорин дөрөвдүгээр бүлэгт төрөлжүүлэн хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тухайн гэмт хэргийн шинжийг заажээ. Өөрөөр хэлбэл “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэнд оруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, тухайн хорт, аюултай бодисыг хууль бусаар ...хадгалсан, зориулалтын бусаар ашигласнаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Э.А-дийн 80 мл хэмжээтэй, 34.32%-ийн агуулгатай давсны хүчлийг дарханы үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж, мөн ажлын байрандаа хадгалж байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-дийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/421 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-дийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                       

                        ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР

 

           

ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН