| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06921/И |
| Дугаар | 192/ШШ2025/01265 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01265
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: * тоотод байрлах барьцаалан зээлдүүлэх газар ХХК /рд:/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * тоотод оршин суух Г. /рд:чб86032575/
Нэхэмжлэлийн шаардлага: 77,123,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Г.д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь банк зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Иргэн Г. нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр * дугаартай зээлийн гэрээ, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр иргэн Г.-д 68,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 30 хоногийн 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон ба 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас Г.-ийн хүсэлт, зөвшөөрлийн дагуу иргэн Д.-ийн Хаан банк * дугаартай дансанд 68,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Барьцааны гэрээгээр 2017 онд үйлдвэрлэсэн, 2021 онд Монголд орж ирсэн * улсын дугаартай, хар өнгийн Jaguar F-Pace загварын * арлын дугаартай автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээний хавсралт №1-д 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сар бүрийн 05-ны өдөр зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл Г. нь зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй өнөөдрийг хүрч нэг ч төгрөг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д төлөөгүй байна. Г.-аас бид удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг шаардахад утсаа авахгүй байх, зурвасанд хариу бичихгүй болсон. Иймд барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай Г.-ийн байгуулсан * дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 68,000,000 төгрөг, хүү 9,123,340 төгрөг, нийт 77,123,340 төгрөгийг Г.-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд дурдсан мөнгийг буюу үүргийн гүйцэтгэлийг Фидуцийн гэрээний дагуу хангуулахыг зөвшөөрч утсаар мэдэгдэж байсан болно. Миний зүгээс Фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, итгэмжлэл /хх 7/, Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график /хх 8-11/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 24-26/, Старчейз автомотив лимитд ХХК-ийн засвар үйлчилгээний бичиг /хх 32-40/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 19/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчтай байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 68,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 9,123,340 төгрөг, нийт 77,123,340 төгрөг гаргуулах.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан. Үүнд:
3.1. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцааны гэрээний зүйл болох автомашинаар хангуулах.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт авагдсан 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БТ-177 дугаартай “Зээлийн гэрээ”-нээс үзэхэд нэг талаас барьцаалан зээлдүүлэх газар ХХК, нөгөө талаас Г. нар байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 68,000,000 төгрөгийг, сарын 3,50 хувь хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авчээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.гийн өмчлөлийн 68,000,000 төгрөгийн бүхий автомашиныг барьцаалсан байх бөгөөд зээлийг эргэн төлж барагдуулснаар барьцаа зүйл үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш байгуулагдсан байх тул тухайн төрлийн зээлийн харилцааг зохицуулах хэм хэмжээ нь Иргэний хууль, мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заасан.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээтэй холбоотойгоор барьцааны, батлан даалтын гэрээ байгуулах тохиолдолд барьцаалуулагч, батлан даагчтай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулж зээлийн гэрээнд хавсаргана гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Г.-аас Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 68,000,000 төгрөг, зээлийн хүү 9,123,340 төгрөг, нийт 77,123,340 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн * тоот зээлийн гэрээний дугаарын хавсралт №1 Зээлийн эргэн төлөлтийн график баримтаас үзэхэд хариуцагчаас 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи хугацаанд зээл болон зээлийн хүүний төлбөр төлөөгүй байна.
Нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Г.тай гэрээ байгуулж, гэрээний дагуу 68,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч зээл болон зээлийн хүүний төлбөрөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй.
4.2. Хариуцагчаас “...Миний бие нэхэмжлэлд дурдсан мөнгийг буюу үүргийн гүйцэтгэлийг Фидуцийн гэрээний дагуу хангуулахыг зөвшөөрч утсаар мэдэгдэж байсан” гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д барьцаалан зээлдэх газарт зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд шаардах эрхийг хуульчилж өгсөн бөгөөд нэхэмжлэгч хариуцагч Г.гийн өмчлөлийн автомашиныг барьцаалсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийг зөрчөөгүй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг тодорхойлж буй үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзэж барьцааны гэрээ дуусгавар болдог. Зохигчдын хооронд байгуулагдсан * дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацаа нь 2026 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан барьцааны зүйлийг борлуулах буюу мөнгө болгох үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүйг буруутгах үндэслэлгүй байна.
4.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд талууд гэрээний 1.1-т зээлийн хүүгийн хэмжээг сарын 3,50 хувь, жилийн 42 хувь байхаар тохиролцсон нь хуульд харшлаагүй байна. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан өдрөөс буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчид зээлийн хүү авах эрх үүссэн байх бөгөөд нэхэмжлэгчээс зээлийн хүүний төлбөрт 9,123,340 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байхаас гадна Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно гэж заасантай нийцсэн байна.
Иймд хариуцагч Г.-аас үндсэн зээл 68,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 9,123,340 төгрөг, нийт 77,123,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 543,570 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.-аас 77,123,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.-аас 543,570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН