| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02313/И |
| Дугаар | 192/ШШ2025/01535 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01535
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: * тоотод байрлах А. ХХК /рд:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * тоотод байрлах Б. ХХК /рд:/,
Хариуцагч: * тоотод оршин суух В. /рд:/,
Нэхэмжлэлийн шаардлага: 275,710,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Хариуцагчийн төлөөлөгч Ч.,
Хариуцагч В.,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Б. ХХК, В. нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: А. ХХК болон Б. ХХК нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан ба гэрээгээр А. ХХК нь бүрэн хэмжээний уран сайхны кинонд 157.100.000 сая төгрөгийн хөрөнгө оруулах, Б. ХХК-иас гэрээгээр тохирсон хугацаанд зураг авалтыг дуусгаж киног бэлэн болгон үзэгчдийн хүртээл болгох, хөрөнгө оруулсан 157.100.000 сая төгрөгийг болон киноны ашгаас тодорхой хувийг авахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээгээр Б. ХХК нь киног 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бэлэн болгож, мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох байсан. Хэрэв дээрх хугацаанд кино бэлэн болоогүй, үзэгчдийн хүртээл болоогүй тохиолдолд Б. ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үл маргах журмаар анхны хөрөнгө оруулсан дүн болох 157.100.000 төгрөгийг нийт хөрөнгө оруулалт авч дууссан эцсийн өдрөөс хойш сарын 1.5 хувийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн. Анхны хөрөнгө оруулалт болох 157.100.000 төгрөгийг талууд харилцан тохирч 8 хувааж шилжүүлэхээр тохирсон ба хөрөнгө оруулагч талаас үүргээ биелүүлж 2022.08.18-наас 2022.10.20-ны өдрүүдийн хооронд хувааж шилжүүлэн хамгийн сүүлд 2022.10.20-ны өдөр үлдэгдэл 33.900.000 төгрөгийг Б. ХХК-д шилжүүлсэн. Иймээс гэрээний 2.7-д заасан нөхцөл байдал үүссэн буюу кино бүтээж олны хүртээл болоогүй байх тул анхны хөрөнгө оруулсан 157.100.000 төгрөг, хөрөнгө оруулалт хийсэн эцсийн өдрөөс эхлэн 1.5 хувийн хүүг 2022.10.20-ноос 2024.04.01-ний өдөр хүртэл 40.060.000 төгрөг, гэрээний 5.3-т заасан алдангийг 2022.10.20-ноос 2024.04.01-ний өдөр хүртэл 0.5 хувиар тооцож 94.260.000 төгрөгийг нэхэмжлэгч А. ХХК-д төлөх үүргийг Б. ХХК хүлээсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 гэсэн зохицуулалтын дагуу хүү болон алданги төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул анхны хөрөнгө оруулсан 157.100.000 төгрөг, хүүнд 40.060.000 төгрөг, алдангид 94.260.000 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 78.550.000 төгрөг ба нийт 275.710.000 төгрөгийг Б. ХХК, В. нараас гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Б. ХХК хариу тайлбартаа: А. ХХК, Б. ХХК нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу А. ХХК нь 157,100,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Б. ХХК кино уран бүрээлийг зохион байгуулж зураг авалт хийгдсэн. Манай талаас кино олны хүртээл болсноос хойш анхны хөрөнгө оруулалт 157,000,000 төгрөгийг гаргаж өгнө. Гэхдээ бүтээл 100 хувь бэлэн болоогүй учраас өгөх мөнгө байхгүй байна. Хүү алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрээ хийснийхээ дагуу уран бүтээлээ гаргаад хамтдаа ашгаа хүртэх саналтай байна гэв.
3. Хариуцагч В. хариу тайлбартаа: Хугацаа алдсаны хувьд манай талын буруутай үйлдэл учраас эхний хөрөнгө оруулалтын хэмжээгээр мөнгийг гаргаж өгнө. Одоо кино уран бүтээлийн зураг авалт дууссан байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүн өндөр байна. Кино нээлтээ хийгээд ашиг олох хүртэл хугацаа олгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, итгэмжлэл /хх 5, 20/, Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээ /хх 6-9/,
5. Хариуцагч Б. ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 16/, итгэмжлэл /хх 32/, Б. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 58/, * кино төсөл /хх 59-67/, Зэв фильм Ажил гүйцэтгэх гэрээ /хх 68-88/, Хаан банкны * тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 96-109/, Зарлагын баримт /хх 135, 151-209/, Төлбөрийн баримт /хх 136-150/, Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ /хх 210-213/,
6. Дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Оюуны өмчийн газрын * тоот албан бичиг /хх 49/, 2/591 тоот албан бичиг /хх 56/, Хаан банкны * тоот албан бичиг /хх 92/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А. ХХК-ийн нэхэмжлэлээс 157,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 118,610,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А. ХХК-иас 275,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б. ХХК-тай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээг байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу Б. ХХК болон Б. ХХК-ийн өмчлөгч В. нараас анхны хөрөнгө оруулсан 157,100,000 төгрөг, хүүний төлбөрт 40,060,000 төгрөг, алданги төлбөрт 78,550,000 төгрөг, нийт 275,710,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнд: Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт болох 157,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин хүүний төлбөр болон алданги төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний дагуу ашгаа хүртэх саналтай гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэргийн 6 дугаар талд нэхэмжлэгч А. ХХК болон хариуцагч Б. ХХК нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээ авагдсан. Уг гэрээгээр хөрөнгө оруулагч буюу А. ХХК нь хөрөнгө оруулах, гүйцэтгэгч буюу Б. ХХК нь бүтээл бэлэн болж олсон ашгаас нэн түрүүн хөрөнгө оруулалтыг бүрэн буцаан төлөх, цаашид олох ашгийн нийт дүнгээс хөрөнгө оруулагчид 50 хувийг төлөх, уг бүтээл нь цаашид албан болон албан бус бүх үйл ажиллагаан дээр А. болон Б. ХХК хамтын бүтээл гэж танилцуулагдан явах, гүйцэтгэгч нь бүтээлийг бэлэн болгож дуусгах хугацаа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байна, бүтээлийг 2023 оны 11 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн бүтээлийг үзэгчдийн бүтээл болгож эхлэнэ, гүйцэтгэгч нь бүтээлийн зохиол, оролцон тоглогчид, төлөвлөгөөг танилцуулж, харилцан тохиролцож баталсаны дараа зураг авалт эхлэх, зохиол батлагдсанаас хойш бүтээл бэлэн болоход бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэгч дангаар шийдвэрлэн хийж гүйцэтгэх, уг бүтээл нь бүрэн хэмжээний уран сайханы киноны орчин үеийн стандартын шаардлагыг хангасан өнгө болон дүрслэл, видео бичлэгийн шаардлагад нийцсэн байх, гэрээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 157,100,000 төгрөг байх ба хөрөнгө оруулагч нь гэрээний нийт төлбөрийг хуваарийн дагуу төлнө, гэрээнд тохиролцсон хугацааны дагуу бүтээл амжилтгүй болж үзэгчдийн хүртээл болоогүй тохиолдолд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үл маргах журмаар хөрөнгө оруулагч талд анхны хөрөнгө оруулалт болох 157,100,000 төгрөгийг нийт хөрөнгө оруулалт авч дууссан эцсийн өдрөөс хойш сарын 1,5 хувийн хүүгийн хамт төлөх үүрэгтэй, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй буюу хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдөөгүй үлдсэн нийт үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг хөрөнгө оруулагч талд төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.2. Зохигчид Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээг байгуулагдсан эсэх, мөн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй. Зохигчдын маргаан зүйл нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээний харилцаа байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх гэрээг зээлийн гэрээний харилцаа гэж, хариуцагч нар хамтран ажиллах гэрээний харилцаа гэж маргаж байна.
4.3. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасан. Зохигчийн тайлбарыг талуудын байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээний агуулгатай харьцуулан үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.
Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхэд зайлшгүй хангагдсан байх ёстой урьдчилсан нөхцөл нь хамтын үйл ажиллагааны зорилго нь тодорхой бөгөөд энэхүү хамтын зорилгод хүрэхийн тулд талууд ямар байдлаар оролцох ёстойг тодорхой заасан байх явдал юм. Үйл ажиллагаа нь ашиг олоход чиглэсэн байх ёстой учраас санхүү, эдийн засгийн ашиг олоход чиглэсэн үйл ажиллагаа байх ёстой болно.
Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээгээр нэхэмжлэгч нь 157,100,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүргийг, хариуцагч нь бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх үүргийг тус тус хүлээсэн байна. Түүнчлэн хариуцагч нь бүтээл бэлэн болж олсон ашгаас нэн түрүүн хөрөнгө оруулалтыг бүрэн буцаан төлөх, улмаар цаашид олох ашгийн нийт дүнгээс хөрөнгө оруулагчид 50 хувийг төлөх үүргийг хүлээсэн байна.
4.4. Хэдийгээр зохигчдын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээний 2.7-д Гэрээнд тохиролцсон хугацааны дагуу бүтээл амжилтгүй болж үзэгчдийн хүртээл болоогүй тохиолдолд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үл маргах журмаар хөрөнгө оруулагч талд анхны хөрөнгө оруулалт болох 157,100,000 төгрөгийг нийт хөрөнгө оруулалт авч дууссан эцсийн өдрөөс хойш сарын 1,5 хувийн хүүгийн хамт төлөх үүрэгтэй гэж, 5.3-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй буюу хугацаа хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдөөгүй үлдсэн нийт үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг хөрөнгө оруулагч талд төлнө гэж заасан боловч тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхгүй.
4.5. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...Б. ХХК нь киног 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бэлэн болгож, мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох байсан” гэсэн агуулгаар тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.
Зохигчид Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1. Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж заасан.
Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ гэж заасан.
Хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хамтын зорилгоо хэрэгжүүлэх явцад тодорхой үүрэг хүлээсэн бол энэ үүргийн гүйцэтгэлийг болон ашиг, алдагдлаа хамтын хөрөнгөөр хариуцах учиртайг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11 дүгээр зүйлүүдэд заасан бөгөөд хариуцагч дангаараа Хөрөнгө оруулж, хамтран ажиллах шинэчилсэн гэрээнээс учирсан алдагдлыг хүлээх үндэслэлгүй.
Харин хариуцагч Б. ХХК, В. нар нь талуудын гэрээний 1.1-т заасны дагуу хөрөнгө оруулалт болох 157,100,000 төгрөгийг нэхэмжлэгч А. ХХК-д буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. ХХК, В. нараас 157,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А. ХХК-д олгож, үлдэх 118,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч нараар улсын тэмдэгтийн хураамжид 943,450 төгрөгийг төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. ХХК, В. нараас 157,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А. ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 118,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,536,502 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б. ХХК, В. нараас 943,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А. ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН