Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/1025

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.У*******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.*******,

Гуравдагч этгээд: “” ХХК,

Маргааны төрөл: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө, байрны А блок хаягт байрлах С******* т******* хороололын 12 давхарт байрлах 91.1м2 талбайтай 1 тоот оффисын талбай болон тус барилгын 12 давхрын 107.6 м2 талбайтай 1 тоот оффисын зориулалттай байрыг А.У нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдэл хуульд нийсэн эсэх  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болортуяа нар оролцов.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч А.У*******ас “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө, -А блок тоот хаягт байршилтай С******* т******* хорооллын 12 давхарт байрлалтай 91.1 м.кв талбайтай 1 тоот оффисын талбай болон тус барилгын 12 дугаар давхрын 107.6 м.кв талбайтай 1 тоот оффисын зориулалттай байрыг А.У нэр дээр бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.*******гийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгүүдийг А.У нэр дээр бүртгэж, дээрх тоот оффисын зориулалттай байрны гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“...Гэрээний төлбөрийг бүрэн төлж дууссан. Ингэхдээ хувь иргэдээс хүүтэй зээл аван төлбөрөө төлж барагдуулсан. Барилга нэгэнт баригдаад дууссан учир худалдан авсан талбайгаа банканд барьцаалан, хувь иргэдээс өндөр хүүтэй авсан зээлээ төлж барагдуулах бизнес төлөвлөгөөтөө байсан.

Тус барилга дээр 2023 оны 04 дүгээр сард Улсын Комисс ажиллаж тухайн барилгыг хүлээж авсан. Улмаар захиалсан иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээ улсын бүртгэлд бүртгэгдээд гарч эхэлсэн. Ингээд би 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хануул дүүргийн байранд байрлах улсын бүртгэлийн газар мэдүүлгээ өгсөн. Улсын бүртгэгч Н.Н гэх эмэгтэй миний мэдүүлгийг хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдөр ирж аваарай гэсэн хариу хэлсэн.

Нэгэнт бусад иргэдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ гараад эхэлсэн байсан тул би яаралтайгаар банканд зээл судлуулж эхэлсэн бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гарахаар 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдөр банканд өгч зээлээ авахаар товлосон байсан.

2024 оны 03 дугаар сарын 12-ний өдөр Хануул дүүргийн байран дахь улсын бүртгэлийн газар очиход "Гэрчилгээ чинь эндээс гарахгүй, Удирдлагын академийн нэг цэг дээр материалаа өг" гэсэн хариу хэлсэн. Бусад захиалагчдын гэрчилгээ эндээс гарсан байсан тухай хэлэхэд хариу тайлбар огт дурдаагүй болно.Улмаар миний бие шууд Удирдлагын академийн нэг цэг буюу Хануул дүүргийн 18 дугаар хорооны подвалд байрлах улсын бүртгэлийн газарт мэдүүлгээ өгсөн. Мэдүүлгийн хариу гарахгүй байсаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 9924 гэсэн дугаараас “Мэдүүлэг чинь буцаагдсан. Материалаа аваарай” гэж залгасны дагуу маргааш нь болох 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хануул дүүргийн 18 дугаар хорооны подвалд байрлах улсын бүртгэлийн газраас өгсөн мэдүүлгүүдээ авсан.

Уг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэлд татгалзсан тайлбартаа “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.7, УБЕГ хяналтын улсын байцаагчийн 2024.04.09-ий өдрийн эрхийн улсын бүртгэлийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлэх тухай дүгнэлт” гэжээ.

Тухайн дүгнэлтэд татгалзсан тайлбарын үндэслэл болсон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дугаар заалтад “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан” гэж заажээ. Нийтэд илэрхий, бүхний нүдэн дээр сүндэрлэн боссон, 95-н айл өрх болоод 84 аж ахуй нэгж ажиллаж буй тухайн барилгыг устсан байхгүй гэсэн заалтыг хэрэглэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж энэ үйлдэл нь хуульд нийцээгүй гэж үзэн дээд шатны эрх бүхий албан тушаалтанд хандсан болно.

Энэхүү бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус, мөн холбогдох хуулиудыг зөрчиж гарсан шийдвэр хэмээн үзэж, тухайн шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандан гомдол гаргасан боловч 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5/ тоот албан бичгээр гомдлыг хангах боломжгүй гэсэн хариуг 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн шуудангаар надад хүргүүлжээ.

Миний бие хуулийн шаардлага хангасан байдлаар мэдүүлгээ улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 20 дугаар зүйлд тус тус тухайлан заасан хууль зүйн үйл явдал огт байхгүй болно.

Иймд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр нь хууль бус бөгөөд хуульд үндэслэгдэж гараагүйн дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдэл гаргаж байгаа нь иргэн А.У******* намайг санхүүгээр хохироосон, сэтгэл санаагаар залхаан цээрлүүлсэн увайгүй үйлдэл болоод байна.

Иймд хууль ёсыг дээдлэн сахиж, иргэдийн Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд халдаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоож улсын бүртгэгчийн үл хөдлөх хөрөнгө бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Иргэн А.У******* 2021 онд Хан- Уул дүүргийн С******* т*******ийн 12 дугаар давхрын 91 болон 107 метр квадраттай 2 үйлчилгээний зориулалттай талбайг захиалсан. Захиалгын гэрээний дагуу төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан байгаа. Тус барилгыг 2023 оны 04 дүгээр сард Улсын комисс хүлээж авсан. Энэ хүрээнд тус орон сууц болон үйлчилгээний зориулалттай талбайн захиалагчид улсын бүртгэлийнхээ гэрчилгээг гаргуулж эхэлсэн. А.У******* нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлгээ өгсөн. Шаардлагатай баримт бичиг дутуу гэдэг шалтгаанаар хойшилж 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эцэслэн бүх баримт бичгээ бүрдүүлж өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариугаа ирж аваарай гэж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн байцаагч мэдэгдсэн. Тус өдөр гэрчилгээгээ авахаар очиход танай бүртгэл эндээс гарахгүй Хан-Уул дүүргийн урд байрлах удирдлагын академийн нэг цэгийн үйлчилгээний газраас очиж гэрчилгээ мэдүүлгээ аваарай гэсэн. Тухайн газар очиж мэдүүлэг тайлбараа өгсөн боловч ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй. Бусад захиалагч нар улсын бүртгэлийнхээ гэрчилгээг Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээнээс авсан гэхэд ямар нэгэн тайлбар өгөөгүй. 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу бүтэн сарын дараа утсаар таны бүртгэлийг бүртгэхгүй татгалзлаа та ирж аваарай гэж ярьсан. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар дээд шатынх нь байгууллагад гомдол гаргасан. Гомдлын хариу 05 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар ирэхдээ гомдлыг хангаж шийдвэрлээгүй. Иймд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.*******гийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгүүдийг А.У нэр дээр бүртгэж, оффисын зориулалттай байрны гэрчилгээг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.” гэв.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Процессын хуульд илэрхий зөрчил гаргасан.

Өөрөөр хэлбэл 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан мэдүүлэгт 03 дугаар сарын 12-ны өдөр бүртгэл хийх, хийхээс татгалзах аль нэг шийдвэрийг гаргах ёстой байсан. Гэтэл 04 дүгээр сарын 09-ний өдөр Захиргааны ирээдүйд гарах гэж байгаа шийдвэрийг хүлээж үндэслэлгүйгээр 04 дүгээр сарын 12-ны өдөр татгалзаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн. Захиргааны акт шийдвэрлэж байгаа хэмжээ хязгаараасаа давсан. Хавтаст хэрэгт дугаар байр бол арьс ширний 26 дугаар байрны дахин төлөвлөлтөөр баригдсан. дүгээр байр оффис үйлчилгээ үйлчилгээний зориулалттай баригдсан барилга. Улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болоод байгаа зүйлд н.С маш тодорхой гомдол гаргадаг. “” ХХК н.Сд хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан дугаар байрны 43х46х48 метр квадрат орон сууцуудыг танд өгье гэхэд н.С татгалздаг. н.Сгийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаад байгаа зүйл нь дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай газраас 212.1 метр квадратыг авна өөр зүйл авахгүй гэдэг. Энэ маргаан болон улсын байцаагчийн дүгнэлтийн маргааны агуулга маш тодорхой байгаа. Гэтэл дотор иргэн н.С маргаан гаргаж 189 айлын орон сууц, 99 айлын үйлчилгээний болон оффисын зориулалттай талбайг бүхэлд нь хязгаарласан агуулгатай дүгнээд байгаа. н.Сгийн гомдлыг болон улсын байцаагчийн дүгнэлтийг харахаар арьс ширний 26 дугаар байрны дахин төлөвлөлттэй холбоотой 24 айлын н.Бгийн гаргасан жагсаалт 08 маягтаар авсан ажиллагаанд хамаарч байна гэж үзсэн. Миний зүгээс дүгээр байр энэ дахин төлөвлөлттэй огт хамааралгүй байршлын хувьд өөр байгаа. дүгээр байрын оффис үйлчилгээг худалдаж авсан хүмүүсийнх гэрчилгээг гаргаж өгөөч гэж н.Б өөр жагсаалт өгдөг. Хэрвээ Захиргааны байгууллага татгалзаж байгаа бүгдийг нь нэг жагсаалтаар өгчихнө. Яагаад н.Б дахин төлөвлөлттэй нь холбоотой, төлөвлөлтгүй нь холбоотой энэ гэдэг агуулгаар процесс ажиллагаа явсан байхад Захиргааны байгууллага үүнийг хуульд заасан үндэслэлгүй байна. Нийтдээ 2 хүний 5 байрнаас болоод 198 худалдан авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь үндэслэлгүй байна. Татгалзах үндэслэлийг улсын бүртгэгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д заасны дагуу өмчлөлийн зүйл үл хөдлөх эд хөрөнгө устсан гэсэн агуулгатай байгаа. Дахин төлөвлөлтийн тухай хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой байгаа зүйл нь 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан заалтыг яаж хэрэглэх вэ гэхлээр мэдүүлэг гаргагч өргөдөл өгөөд устгаж болдог. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтөд холбогдох нотлох баримт нь ирвэл бүртгэгч сайн дураараа улсын байцаагч дүгнэлтийг хүчингүй болгох 3 үндсэн нөхцөл байгаа. Тэгэхээр манайх санаачилгаараа улсын бүртгэгч хийхгүй гэдэг агуулгаар татгалзаад байгаа.

Гэтэл улсын байцаагчид 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан маш тодорхой эрх нь өмчлөлийн зүйл устсан нь тодорхой байгаа. Худалдаж авсан А.У хувьд ямар хамааралтай вэ гэхээр улсын байцаагч дүгнэлтийг тодорхой хэлэхгүй байгаа. Улсын байцаагчийн дүгнэлтээр түдгэлзүүлээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарчихсан эхний 10 байрыг түдгэлзүүлэхдээ улсын бүртгэгч н.Бд гэж байгаа. Нийт 26 айлаас 7 айлыг нь устгах талаар баримтыг нь бүрдүүлж чадаагүй учраас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн байгууллага, Нийслэлийн улсын бүртгэл, Нийслэлийн засаг дарга нар наадхаа хэсэгчлээд холбогдох хууль журмын дагуу шийдээч гэж Нийслэлийн орон сууцын корпорац хүртэл хүсэлт өгсөн. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс хүлээж аваад хэсэгчилсэн бүртгэлийг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл н.Мнарантай холбоотой, н.Стай холбоотой хэсгийг нь орхиод бусдыг нь хуульд нийцсэн арга хэмжээ авч байсан ийм үйл баримт байгаа. Улсын бүртгэгч дахин төлөвлөлтийн байртай холбоотой, эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүстэй холбоотой, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх, Нийслэлийн прокурорын газрын хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолуудыг үндэслэж татгалзлаа тайлбарлаад байна. Гэтэл энэ татгалзлууд прокурорын шийдвэр болоод шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжуудаар бол нэхэмжлэлийн шаардлага нь маш тодорхой 26 дугаар байрны дахин төлөвлөлтийн 9, 10, 15А, 155 гэдэг 1 давхрын н.Сгийн маргаад байгаа дугаар байрны 1 давхрын 212.1 метр квадрат эд хөрөнгийг түдгэлзүүлээд байгаа. Бусад нь бол болохгүй яагаад гэхлээр бусдын эрх ашиг хөндөгдөж байна гэдэг агуулгатай шийдвэр гараад манайх ч гэсэн яг энэ агуулгаар нэхэмжлэл гаргаад явж байгаа. Тийм учраас улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан хууль бус үйлдлийг тогтоож, дүгээр байрны 12 давхрын 1, 1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийхийг даалгах шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэл:

 “...Иргэн А.У******* нь тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж, өмчлөх эрх бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 20.1 дэх хэсэг /Улсын бүртгэгч дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана/-ын 20.1.3-т "эрхийн улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх хүчинтэй байгаа бол гэж заасныг тус тус үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай улсын бүртгэгчийн мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө , байрны ХХК-ийн захиалгатай, С******* т******* хотхоны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэгдэх эрхийг хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлж, шалгалтаар тогтоогдсон нураагдсан 7 эрхийн улсын бүртгэл хаагдаагүй асуудлыг хуульд нийцүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр, ХХК //-д 23 дугаартай тус тус албан шаардлага тус тус хүргүүлсэн.

Дээр дурдсан 2024 оны 24 дүгээр хяналтын улсын ахлах байцаагчийн албан шаардлагын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-220600, Y-220600 дугаартай бүртгэлүүдийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хаагдсан бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-220600, Y-220600, Ү-220600 дугаар бүртгэлд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 ОНЫ 183/Ш32019/0 дүгээр захирамжаар, эрхийн улсын бүртгэлийн Ү- 22060, Ү-220600 дүгээр бүртгэлд Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны дугаар зөвшөөрлөөр тус тус тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна.

Уулсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж, мөн зүйлийн 20.1.14 дэх заалтад “хууль хяналтын байгууллагаас  хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана” гэж, мөн зүйлийн 14.1.7 дахь заалтад, “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устан” гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч А.У нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Мэдүүлэг гаргагчаас бүрдүүлж өгсөн материалуудыг шалгаж үзээд улсын бүртгэгч үйл ажиллагаандаа Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль болон бусад хуулиудыг баримталдаг. Хүлээж авсан материалаа шалгаж үзэхэд түрүүн дурдсанчлан 5 үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт хаагдаагүй буюу хууль хяналтын байгууллагаас эрх хязгаарлаж түдгэлзүүлсэн байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д хууль хяналтын байгууллагаас түдгэлзүүлсэн бол бүртгэхийг хориглосон байдаг. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан хязгаарын хүрээнд хамаарч байгаа бол буюу өмнөх арьс ширний 26 дугаар байрны 5 үл хөдлөх хөрөнгийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлчихсэн байдаг. Тийм учраас "" ХХК болон иргэн н.Бгаас 5 үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг хаалгах тухай хүсэлтээ гаргаагүй, гаргах боломжгүй болчхож байгаа. Хувийн хэрэг хаагдаагүй байна гэхээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасан өмнөх өмчлөх эрх хүчинтэй байгаа бол дараагийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхгүй гээд заачихсан байдаг. Тийм учраас үүнийг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт , дүгээр байрны захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэхийг түдгэлзүүлж байна гэж тодорхой заачихсан байгаа. Мөн Кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн сансрын зураг буюу хавтаст хэргийн 10-15 дугаар хуудсанд авагдсан газрын нэгж талбарын дугаарыг тодорхойлсон зурагт арьс ширний 26 дугаар байрны эзэмшлийн газрыг сүүлд баригдсан , дүгээр байрны оршин байгаа байрлалтай харьцуулсан байдлаар нэгж талбарын дугаарыг тусгасан мэдээллийн сангийн зургийг хавсаргасан байгаа. Үүнээс харахад арьс ширний 26 дугаар байрны эзэмшил газар дээр , гэсэн 2 байр баригдаад үүнд гэрчилгээ гаргуулах асуудал яригдаж байгаа.

Тэгэхээр өмнөх байрны өмчлөгчдийн өмчлөх эрх хаагдаагүй, мөн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр эрхийг түдгэлзүүлчихсэн байгаа учраас бүртгэл хийх боломжгүй хуульд нийцсэн үндэслэлтэй буцаасан. Тиймээс хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг эсэргүүцэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” Гэв.

Дөрөв. Гуравдагч оролцуулах тухай:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 07 дугаар 22-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар “” ХХК-ийг гуравдагч этгээд татан оролцуулсан байна.

4.2. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нийслэлийн Засаг даргын 2014.8.01-ний өдрийн А/ дугаартай Захирамжийн 1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Арьс ширний 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн. Учир нь, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014.7.14-ний өдрийн 01- дугаартай шийдвэрээр тус байр нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг тогтоож, ашиглахыг хориглож байсан байна. Үүний дараа манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2017.10.04-ний өдрийн Захирамжийн дагуу Арьс ширний 26 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчээр шалгарч, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд хуучны Арьс ширний 26 дугаар байрыг нурааж, оронд нь 16 давхар барилгыг 2019 онд багтаан шинээр барьсан. Гэхдээ тус шинэ барилга нь үйлчилгээ, оффис болон орон сууц гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд үйлчилгээ, оффис бүхий хэсэг нь хуучин Арьс ширний 26 дугаар байрны газарт баригдаагүй, түүнд хамааралгүй юм. Арьс ширний 26 дугаар байрны хуучин оршин суугчид гагцхүү орон сууцны байрнаас байр авч, дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан. Ийнхүү Арьс ширний 26 дугаар байрны хуучин оршин суугчдын асуудал нь шинээр барьсан оффис, үйлчилгээ бүхий барилгын хэсэгт хамааралгүй болохыг тодруулах зүйтэй юм. Иймд оффис, үйлчилгээ бүхий барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах асуудал нь Арьс ширний 26 дугаар байрны асуудлаас үл хамааран хийгдэх учиртай гэж бодож байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.7.06-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 1015 дугаартай албан бичгийн төгсгөл хэсэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.7-д заасны дагуу Арьс ширний 26 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хаах нь зүйтэй талаар тусгасан байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.7-д өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан бол улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаах талаар заасан. Арьс ширний 26 дугаар байр нь дахин төлөвлөлтийн хүрээнд бүхэлдээ нурж, устсан. Иймд тус барилга дахь бүх байрны гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын байцаагчид нь хаах учиртай билээ. Тус улсын бүртгэлийг авах асуудал нь Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэг, бүрэн эрх юм. Харин шинэ барилгын захиалагчид, "" компаниас үл хамаарсан асуудал билээ. Иймд Улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчид хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаагаас болж барилгын захиалагч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж чадахгүй явж байгаа нь харамсалтай байна. Бидний зүгээс өнгөрсөн хугацаанд орон сууц. үйлчилгээний талбай захиалагч иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, барилгын улсын комисст өгөх хүрээнд маш их хичээж ажиллаж, өөрсдөөс хамаарах бүх зүйлсийг хийсэн. Энэ асуудлаас болж мөнгө, санхүү, цаг хугацааны хувьд болон эрүүл мэндийн хувьд бид ихээхэн хохирч байна.

Тухайн барилгад анх Улсын комисс ажиллахгүй, ашиглалтад авахгүй байсан юм. Энэ нь иргэн 3.М гэж хүн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг зэргийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүх дээр маргаж байсантай холбоотой байсан. Иргэн 3.М зүгээс газар чөлөөлүүлэх, шинээр баригдсан барилгыг нураалгах талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ч хандаж, хэрэг үүсгэсэн байсан. Мөн иргэн 3.М, түүний өмгөөлөгчдийн зүгээс барилгад улсын комисс ажиллуулахгүй байх талаар гомдол, шаардлагуудын гаргаж ирсэн. Эдгээр нөхцөл байдалтай холбоотой бидний барилга бүрэн баригдаж дууссан байсан ч улсын комисс ашиглалтад хүлээж авах эсэх асуудал шийдвэрлэхгүй хүлээлгэж ирсэн.

Иргэн 3.М нь улсаас газар авах нөхцөлөөр Эвлэрч захиргааны хэргийн шүүх дэх маргааныг дуусгавар болгосон. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.3.06-ны өдрийн дугаартай Захирамжаар иргэн 3.М нэхэмжлэлтэй маргааныг эцэслэн шийдвэрлэсэн юм. Үүгээр иргэн 3.М хохирол, гомдол барагдаж, гомдолгүй болсон. Үүний дараа барилгад улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авсан.

Ийнхүү барилгыг улсын комисс хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараад явж байх явцад иргэн 3.М охин Б.С мөн адил гомдол гаргах болсон. Ингэхдээ орон сууц захиалагч иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахгүй байх агуулгаар Гомдол гаргасан. Иргэн Б.Сн хувьд өөрт хамааралтай асуудлаа зохих журмын дагуу шийдвэрлүүлэхгүй, шүүх шийдсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрт хамааралгүй иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахгүй байгаа нь харамсалтай. Энэ нь шантаажлах, барьцаалах шинжтэй үйлдэл гэж бид бодож байна. Иргэн З.М нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт иргэн Б.С нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн шүүх хуралдаануудыг удаа дараа хойшлуулж, асуудлыг шийдвэрлэхгүй гацааж ирсэнд бид гомдолтой байдаг. Иргэн Б.Сн хувьд Арьс ширний 26 дугаар байранд үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг байсан хэмээн тайлбарлаж, маргадаг. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.18-ны өдрийн 1 дугаартай Захирамжаар түүний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдаг байна. Ингэхдээ түүнийг Арьс ширний 26 дугаар байрны хувьд иргэн Б.С нь өмчлөгч биш болохыг дүгнэж, тогтоож, түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн үзсэн. Үүнтэй холбоотой түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг байна. Бид шүүгчийн тус Захирамжийг саяхан олж мэдээд байна. Иймд энэхүү маргааны улмаас иргэн Б. Сн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. тэрээр байрны өмчлөгч биш болохыг шүүгчийн тус Захирамжаас харж болно.

Ийнхүү барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ удаан хугацаанд гарахгүй, хүлээгдэж ирсэн нь дээрх шалтгаантай юм. Харин маргаан бүхий захиргааны актын хувьд дараах тайлбаруудыг гаргахаар байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын ахлах байцаагчдын 2024.4.09-ны өдрийн 23 дугаартай Албан шаардлага гарсан. Тухайн Албан шаардлагаар манай компанид "хоёр талт болон гурван талт гэрээг байгуулж,... эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүл” гэдэг албан шаардлага тавьсан. Гэвч бид хэнтэй гэрээ байгуулах, ямар бичиг баримт өгөх шаардлагатай болох нь ойлгомжгүй байгаа. Бид тус Улсын байцаагчдаас энэ нөхцөл байдлыг тодруулж өгөхийг хүсэж, бичгээр хандсан ч тэд хариу өгөөгүй.

Мөн дээр дурдсан Улсын байцаагчдын Албан шаардлага гарсантай холбоотой Улсын байцаагчдын 2024 оны 1 дугаартай Дүгнэлт гарч, бидний барьсан барилгын захиалагчдын жагсаалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахыг түдгэлзүүлээд байна. Ингэхдээ Улсын байцаагчдын 2024.4.09-ны өдрийн 23 дугаартай Албан шаардлагын биелэлт хэрэгжих хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын байцаагчдын 2024.4.09-ний өдрийн 23 дугаартай Албан шаардлага биелэгдвэл эсвэл хүчингүй болох, цуцлагдах нөхцөлд улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн 1 дугаартай Дүгнэлт цуцлагдахаар байна. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Б.******* нь Улсын байцаагчдын 2024.4.09-ны өдрийн 1 дугаартай Дүгнэлтийг үндэслэл болгож, маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглосон. Энэ хүрээнд маргаан бүхий захиргааны акт гарсан гэж ойлгож байна.

Гэвч бидний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчдын 2024.4.09-ний өдрийн 23 дугаартай Албан шаардлагыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бидний тус нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Түүнчлэн, тус захиргааны хэрэгт бид Улсын байцаагчдын 2024.4.09-ний өдрийн 1 дугаартай Дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд байна. Өөрөөр хэлбэл, энэхүү захиргааны хэрэг дэх захиргааны актын үндэслэл болсон захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд маргаад явж байгаа болно.

Иргэн А.У хувьд Улсын байцаагчдын 2024.4.09-ний өдрийн 23 дугаартай Албан шаардлага, мөн өдрийн 1 дугаартай Дүгнэлттэй танилцаагүй, гардаж аваагүй байна. Иймд тэрээр тэдгээр захиргааны актуудыг мэдсэнээр эс зөвшөөрч маргах болов уу гэж бодож байна. Ингэснээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэл хийх эсэх нь Улсын байцаагчдын дээрх Дүгнэлт, Албан шаардлага хүчингүй болох эсэхээс хамаарахаар байна гэж ойлгож байна.

Бидний зүгээс орон сууц захиалагч иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг бүрэн дэмжиж байгаа болно. Улсын бүртгэлийн байгууллагын тавьж буй шаардлага болох "Арьс ширний 26 дугаар байрны улсын бүртгэлийг хаалга" гэдэг нь биднээс болон орон сууц захиалагчдаас үл шалтгаалсан асуудал тул үүнээс болж бид, орон сууц захиалагчид хохирох ёсгүй билээ. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байгаагаас болж иргэд өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй, зээлийн барьцаанд тавьж чадахгүй, бусдад түрээслүүлж чадахгүй, хүүхдээ тухайн хаягийн дагуу сургууль, цэцэрлэгт нь бүртгүүлж чадахгүй их хохирч байна. Мөн орон сууцны СӨХ байгуулах, ашиглалт, цэвэрлэгээг хариуцуулах зэрэг маш олон асуудлууд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байгаагаас болж гацаж, байрны оршин суугчид ихээр хохирч байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлүүдийг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нь Т.Бтай 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үйлчилгээний талбай захиалгаар барьж худалдах, худалдан авах 21/-1, 21/ тоот гэрээгүүр байгуулжээ.

2. Улмаар холбогдох баримтуудыг хавсаргаж 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг гаргасан байх бөгөөд хариуцагчаас “Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь заалт, УБЕГ-ын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаар эрхийн улсын бүртгэлийг захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн тухай дүгнэлт” гаргасан гэх үндэслэлээр татгалзжээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан” гэж, УБЕГ-ын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн1 дугаар эрхийн улсын бүртгэлийг захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн тухай дүгнэлтэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын Ү-220611, Ү-220611, Ү-2206116, Ү-220611, Ү-220611,, Ү-220611*******, Ү-220611, Ү-220611*******, Ү-220611, Ү-220611 дугаар бүртгэлүүдийг улсын байцаагчийн 23,24 дүгээр албан шаардлагын биелэлт хэрэгжих хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх,  , дүгээр байрны “” ХХК-ийн захиалгатай “С******* т*******” хотхоны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэх эрхийг түдгэлзүүлэх талаар дурьджээ.

3. Улсын байцаагчийн татгалзсан үндэслэлүүдийн талаар:

3.1. Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий барилгыг Арьс ширний 26 дугаар байрыг нурааж дахин төлөвлөж 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн БА-0******* дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаар захирамжаар Г.М******* өмчлөлийн тус дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний 26 дугаар байрны 9а, 2, 10 тоот орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан,  Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн барьсан “Ф******* т*******” нэртэй 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгын 1 давхрын 212.1 м.кв үл хөдлөх хөрөнгө, тус дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний 26 дугаар байрны 15а, 156 тоот Ү-220600 Ү-220600 дугаартай, мөн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 674 дугаар зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн барьсан Ф******* т******* нэртэй 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгын 1 давхарын 212.1 м.кв үл хөдлөх хөрөнгө,  2024  оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 675 дугаар прокурорын зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн барьсан “Ф******* т*******” нэртэй 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгын 1 давхарын 212.1 м.кв үл хөдлөх хөрөнгө, тус дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний 26 дугаар байрны 2,9а,10 тоот байрлах Ү-220600, Ү-220600, Ү-220600 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хязгаарлах зөвшөөрлийг тус тус олгожээ.

Дээрх хязгаарласан үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдэд хамааралгүй гэж үзэхээр байна.

Учир нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаар захирамж болон прокурорын зөвшөөрлүүдэд дурьдаж үл хөдлөх хөрөнгүүд нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн барьсан Ф******* т******* нэртэй 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгын 1 давхарын 212.1 м.кв үл хөдлөх хөрөнгөд, Г.М******* гэх маргаантай үл хөдлөх хөрөнгүүд нь дугаар байранд хамааралтай байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн худалдан авсан гэх байрнууд нь дугаар байрны 12 давхарт байрлах 91.1м2, 107.6 м2 талбайтай байхад өөр байрны, өөр давхрын, өөр тоотуудад хамаарах өмчлөлийн маргаанд холбогдуулж татгалзсан нь үндэслэлгүй.

3.2. Өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан гэх үндэслэлийн тухайд:

Дээр дурьдсанчлан тухайн барилга нь дахин төлөвлөлтөд орж шинээр барилгажсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 05/530 тоот тодорхойлолтоор шинээр , дугаарлалт олгогдсон, энэ нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “...ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг”-ний хүрээнд хийгдсэн, нэхэмжлэгчээс хуучин Арьс ширний 26 дугаар байранд бус шинээр бий болсон дугаар байранд холбогдуулж мэдүүлэг гаргаж байхад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д “өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан” гэх үндэслэлээр татгалзсан нь мөн үндэслэлгүй байна.

Мөн УБЕГ-ын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаар дүгнэлт болон хариуцагчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Т.М******* өмчлөлийн 3 ширхэг, н.Сгийн өмчлөлийн 2 ширхэг, нийт 5 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэг хаагдаагүй”  гэх тайлбар нь тухайн эд хөрөнгө устсан гэх үндэслэлд хамаарахгүй, дээрх иргэд бүртгэлийн хувийн хэргээ хаалгаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

3.3. УБЕГ-ын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн тухай дүгнэлтийн тухайд:

          Тус шүүхэд “” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Энхтулга, Ж.Чиймаа нарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Энхтулга, Ж.Чиймаа нарыг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар 23 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”-аар  нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 6219 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Эрхийн улсын бүртгэл, эрхийг түдгэлзүүлэх тухай” 1 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, түүнийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

          Шүүхээс уг нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9004 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0889 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

          Хэдийгээр хариуцагчийн татгалзалд дээрх УБЕГ-ын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дугаар эрхийн улсын бүртгэлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн дүгнэлт дурьдагдаг хэдий ч өөр шүүгч дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тухайлан маргаагүй захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

          4. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гээд татгалзах үндэслэлүүдийг хуульчилсан, мөн хуулийн 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус заасан байхад хариуцагчаас дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлгүүдийг татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 14 дүгээр зүйлийн 14.1.7, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасныг тус тус баримтлан А.У нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө, байрны А блок хаягт байрлах С******* т******* хорооллын 12 давхарт байрлах 91.1м2 талбайтай 1 тоот оффисын талбай болон тус барилгын 12 давхрын 107.6 м2 талбайтай 1 тоот оффисын зориулалттай байрыг А.У нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэж, эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид  даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ