Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/874

 

      2023         08           29                                         2023/ДШМ/874

Х.Э, Д.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Д.О,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлоор Х.Э, Д.О нарт холбогдох 2103 00293 0111 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц овгийн Х-ын Э, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, .... инженер ажилтай, ам бүл .... хамт ....... дүүргийн ........ дугаар хороо, ... дүгээр хороолол, .... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

2. Б овгийн Д-ын О, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, Х-ын гудамж, .. дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3/123 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

Х.Э нь иргэн Д.Оын М О-ын У т з б дэрний үйлдвэрт 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлэх ашиг сонирхлын үүднээс төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер Ч.Б-тэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5079141241 тоот дансанд Д.Оын эзэмшлийн Хаан банк дахь 5026650646 тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль авсан,

Д.О нь М О-ын У т з Б дэрний үйлдвэрт 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор М О х н н У т з Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан инженер байцаагч Х.Эөд төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер Ч.Б-тэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5026650646 тоот данснаас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Х.Эийн эзэмшлийн Хаан банк дахь 5079141241 тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

            Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овгийн Х-ын Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Д-ын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Д.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 1.000.000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс торгох ял шийтгэл оногдуулахдаа торгуулийн мөнгийг төлөх хугацааг тодорхой дурдаагүй ба шүүгч хуульд заасан хугацаанд төлөх талаар тайлбарласан юм. Гэтэл шийтгэх тогтоолд торгуулийн мөнгийг 90 хоногийн дотор төлөхөөр заасан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс торгуулийн мөнгийг төлөх хугацааг “хуульд заасан хугацаанд төлөөрөө” гэж амаар шийдвэр гаргаад бичгийн хэлбэрт буулгаж шийтгэх тогтоол гардуулж өгөхдөө торгуулийн мөнгийг 90 хоногт багтаан төлж дуусгахаар зөрүүтэй бичигдсэн байна. Учир нь би эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлого тодорхой бус байгаа тул 3 сарын дотор 2.700.000 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгуулийн мөнгийг төлөх хугацааг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн дотор хэсэгчлэн төлөх шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

            Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь хуудаст хуулийн хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар төлөх талаар тодорхой дурдсан. Аливаа ял шийтгэл нь Эрүүгийн хуульд зааснаар үйлдсэн хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх учиртай. Тийм учраас Д.От оногдуулсан ял болон уг ялыг биелүүлэх хугацаа тохирсон гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Х.Э, Д.О нарт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэргийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Х.Э нь иргэн Д.Оын Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын бетон дэрний үйлдвэрт 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлэх ашиг сонирхлын үүднээс төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер Ч.Бтэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5079141241 тоот дансанд Д.Оын эзэмшлийн Хаан банк дахь 5026650646 тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль авсан,

Д.О нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Бетон дэрний үйлдвэрт 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан инженер байцаагч Х.Эөд төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер Ч.Бтэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5026650646 тоот данснаас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Х.Эийн эзэмшлийн Хаан банк дахь 5079141241 тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Ц.Наранчимэгийн “...манай үйлдвэрийн зөвлөгөөн гэж 1 дэх өдөр болгон болдог юм. Тухайн зөвлөгөөн дээр 16к20 маркийн токарийн машины сэлбэгийг судалж ирэх үүргийг механик инженер Ч.Бөд өгсөн. Тэгээд “Их ариг үр”, “Нэсаж”, “Алтай эко тур”, “Смайлгранд” ХХК-ийн 16к20 токарийн машины сэлбэгийн судалгааг “Смайлгранд” ХХК-ийн тамга, тэмдгийг барьсан н.Отгонбаатар гэдэг хүнтэй механик инженер Ч.Б нь дээрх компаниудын судалгааг авч ирж надад өгсөн. Тэгээд үнийн дүнгийг судалгааг хийж байгаад “Нэсаж”, “Смайлгранд” ХХК-аас сэлбэг авсан гэх боловч яг биетээр бол хүлээж авч няравт хүлээлгэж өгөөгүй. Миний бие гаднаас орж ирж байгаа сэлбэг, бараа материалыг биетээр нь хүлээж авч няравт хүлээлгэж өгөх ёстой байдаг. Тухайн үед бол “Нэсаж”, “Смайлгранд” ХХК-аас сэлбэг хүлээж аваагүй. ...сэлбэг бол тухайн үед ирээгүй. 16к20 маркийн токарийн машинаараа ирсэн байдаг. ...” /3хх 22-23/,

гэрч Д.Даваасүхийн “...16к20 маркийн токарийн машинд шинээр сэлбэг хийгээгүй. Манай үйлдвэрт хуучин гаднаас саарал өнгөтэй 16к20 маркийн сэлбэг ирсэн. Тэгээд хуучин үйлдвэрт байсан ногоон 16к20 маркийн машиныг аваад саарлыг нь тавиад ногооноос нь хэрэгцээтэй сэлбэг авч саарал руу тавьсан. ...” /2хх 222/,

гэрч Э.Солонгын “...16к20 маркийн токарийн машины сэлбэгийг нэг бүрчлэн хүлээж бол аваагүй. 16к20 маркийн токарийн машины сэлбэг бол орж ирээгүй. Саарал өнгийн 16к20 маркийн токарийн машин томоор нь гаднаас механик инженер Ч.Б хүлээлгэн өгч байсан. ...” /3хх 36-37/,

гэрч Ш.Баярсайханы “...16к20 маркийн токарийн машинд их засвар хийх талаар үйлдвэрийн ерөнхий инженер Ч.Түмэнбаяр, Их барилга, их засвар хөрөнгө оруулалтын инженер Х.Э нар нь гаднаас токарийн машин оруулж ирж сэлбэхээр техникийн дүгнэлтийг гаргаж, нэг 16к20 маркийн токарийн машин үйлдвэрт оруулж ирсэн. Манайд байсан хуучин 16к20 машины зам элэгдэж хэмжээ алдагдсанаас шалтгаалан гаднаас орж ирсэн 16к20 токарийн машиныг хуучин 16к20 маркийн токарийн машины суурин дээр суурилуулж, энэ хоёрын 16к20 маркийн токарийн машиныг хооронд нь сэлбэж ажилд оруулсан байдаг. Засвар хийгдэж дууссаны дараа Х.Э нь над руу утсаар ярьж “сэлбэсэн 16к20 маркийн токарийн машины кропусыг хүн нь буцааж авна шүү, та хадгалж байгаарай Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан очиж чадахгүй байна” гэж хэлж байсан. ...” /3хх 44-46/,

гэрч Ч.Бийн “...Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилтан н.Эрдэнэмөнх гэдэг хүн над руу төмөр замын албан утаснаас залгаж яриад “Дэр бетоны үйлдвэрийн механик Батмөнх мөн үү” гэж асуугаад “чамтай нэг хүн ярина, чи тэр хүнтэй холбогдож байгаад очоод түүнд байгаа токарийн машинуудыг нь үзэж хараарай” гэж хэлсэн юм. Гэтэл 90111960 гэсэн дугаараас над руу нэг эрэгтэй хүн залгаж яриад намайг ирээд токарийн машин үзчих гэж хэлээд Андууд худалдааны төвийн тэнд уулзаж, 40 гаруй насны эрэгтэй хүн манай албаны машинд суусан юм. Тэгээд тэр хүн намайг дагуулаад яармагийн гэр хороолол, Монос эмийн сан, Ботаник зэрэг газруудаар дагуулж яваад токарийн машин зарах гэж байгаа гэх 6 газарт нилээн хэдэн ширхэг токарийн машин үзүүлсэн юм. Тухайн үзэж харсан токарийн машинууд нь 6.000.000-20.000.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгээд би үзэж байгаад Амгалангийн тэнд очиж үзсэн 8 бил үү, 9 сая төгрөгийн үнэтэй 16к20 маркийн токарийн машиныг сонгосон юм. Тэгээд токарийн машинаа авахгүйгээр Сайхан суманд ирээд байгууллагын дарга н.Баярсайхан, ерөнхий инженер н.Түмэнбаяр нарт танилцуулсан юм. ...” /2хх 77-78/,

гэрч Ч.Түмэнбаярын “....механик инженер Батмөнхийг Улаанбаатар хот руу явуулж 9 сая төгрөгт багтааж худалдан авах боломжтой гайгүй сайн ажилладаг токарийн машин байгаа эсэхийг судлуулсан ба тухайн үед Улаанбаатар төмөр зам ХНН-ийн их засварын инженер Эрдэнэмөнх над руу утсаар яриад “...Батмөнхийг надтай уулз гэж хэлээрэй, токарийн машин байгаа газар зааж, үзүүлж харуулна” гэж хэлсэн юм. Тэгээд би Эрдэнэмөнхийн хэлсэн зүйлийг Батмөнхөд хэлсэн ба Батмөнх нь хотод очоод Эрдэнэмөнхтэй уулзаад 2-3 газраар токарийн машин үзээд буцаад сумандаа ирсэн юм. Батмөнх нь ирэхдээ “нэг токарийн машин нь их гайгүй юм байна, тэр токарийн машиныг авах юм бол авч ирээд суурилуулаад өгөх юм байна” гэж хэлсэн. ...” /2хх 219-220/,

гэрч Н.Нацагдоржийн “...Сэлбэг бараа материал нийлүүлж байгаагүй. Отгонбаатар гээд танилдаа өөрийн нэр дээр үүсгэн байгуулсан “Нэсаж” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудыг ашиглуулсан байгаа. ...Төмөр бетон дэрний үйлдвэрийн санхүүгээс 4.500.000 гаран төгрөг орсон байдаг. Яг сайн санахгүй байна. Тэгээд дээрх мөнгөний 5 хувийг миний бие аваад үлдэгдэл мөнгийг Отгонбаатар руу шилжүүлсэн байгаа. ...” /3хх 70-70/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 12/, Д.Оын эзэмшлийн Хаан банк дахь 5026650646 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /3хх 136-142/, Х.Эийн эзэмшлийн Хаан банк дахь 5079141241 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /3хх 143-149/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Эийг “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэний хариуд хахууль авсан” гэмт хэрэг, шүүгдэгч Д.Оыг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.Эийн иргэн Д.Оын 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлэх ашиг сонирхлын үүднээс төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер Ч.Бтэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5079141241 тоот дансанд Д.Оын эзэмшлийн Хаан банк дахь 5026650646 тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Оын 16К/20 токарийн суурь машины сэлбэг нийлүүлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан инженер байцаагч Х.Эөд төмөр бетон дэрний үйлдвэрийн механик инженер Ч.Бтэй холбон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Хаан банкны 5026650646 тоот данснаас Х.Эийн эзэмшлийн Хаан банк дахь 5079141241 тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Эөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.О “...анхан шатны шүүхээс торгуулийн мөнгийг төлөх хугацааг “хуульд заасан хугацаанд төлөөрэй” гэж амаар шийдвэр гаргаад бичгийн хэлбэрт буулгаж шийтгэх тогтоол гардуулж өгөхдөө торгуулийн мөнгийг 90 хоногт багтаан төлж дуусгахаар зөрүүтэй бичигдсэн байна. ...би эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлого тодорхой бус байгаа тул 3 сарын дотор 2.700.000 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгуулийн мөнгийг төлөх хугацааг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн дотор хэсэгчлэн төлөх шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын торгуулийн ялыг биелүүлэх хугацааны талаар дүгнэлт хийж, тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хуульд нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ