| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0021/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Б
Хохирогч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3–т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Д овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1720001830004 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд авагдсанаар /
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг буюу Хашааны ар гэх газарт иргэн Б.Б-н эзэмшлийн 90-97 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн З.О-н эрүүл мэндэд хүндэвтэр, Б.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “Сүхбаатар аймаг явж цэргийн хүүхдийн тангарагийн баярт оролцчихоод явж байгаад болгоомжгүй байдлаасаа болж осол гарган хүний биед гэмтэл учруулсан. Хохирогч нар гомдол саналгүй гэсэн. Иргэний нэхэмжлэгч Б-н хувьд эвдэрсэн машинаа авахгүй гэсэн тул би 1,500,000 төгрөгийг, пронтер маркийн машиныг 5,000,000 төгрөгт бодож өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Хийсэн хэргийнхээ бурууг ойлгож байгаа, эхнэр А-г зөөхөөс эхлээд гадуур ажилтай байдаг учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг богино хугацаагаар хасч өгөхийг хүсч байна ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Ослоос болж хүзүү хугарсан, далны хавьд гэмтэл үүссэн. Хагалгаанд орсон, биеийн байдал сайжирсан байгаа. Ажилдаа арай ороогүй, эмчилгээтэй гэртээ байна. Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-9/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12/
Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “ Сүхбаатар аймгийн Онгон сумруу манай найз Д.Б хүүгийнхээ цэргийн тангарагийн баярт оролцчихоод хүрээд ирье гээд миний автомашиныг гуйгаад унаад явсан ба тангарагийн баярт оролцчихоод буцаж ирэхдээ онхолдсон гэсэн, маш харамсалтай юм болсон байналээ, эхнэр нь нилээн хүнд гэмтсэн гэсэн хотод эмчилгээ хийлгүүлж байгаад өчигдөр ирсэн гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие сайжирч байгаа босож явж чаддаг болсон ямар нэгэн өвдөж байгаа зовиур байхгүй. Санамсаргүй болсон учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
Хохирогч З.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Онгон сумаас ээж Н, хамт ажилладаг Б.А, Б.А-н нөхөр Б, Б.А-н төрсөн охин 4-настай Б.Б, Б.А-н нагац дүү Б нарын хамт цэнхэр өнгийн 90-97ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Сайншанд сум руу гарсан. Тэгээд явж байхад замд том овоон дээр зогсоод Б сэржим өргөх гэж авсан 0,5 литрийн Арвай нэртэй архийг аваад буугаад сэржим өргөчихөөд хөдлөөд Сайншанд сум руу явсан. Би Б-г архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд явж байгаад Дорноговь аймгийн өргөн сумын Аргалын уул бригадын төвийн хажууд зогсоод бид нар машин дотороо цай ууж дуусаад цаашаа бид нарын урд явж байсан машинаас салахгүй барааг нь хараад яваад байх гэж бодсон учир нь бид нар зам сайн мэдэхгүй байсан төөрж магадгүй гэж бодоод явж байхад огцом уруудсан тэгсэн машин гэнэт шарваад явчихсан тэгээд машин онхолдсон би Б-г учиргүй уйлахаар нь гэнэт сэргэсэн тэгээд ээжийгээ дуудсан чинь ээж дуугарахгүй байсан А-г дуудахад А дуугарсан “яаж байна гэж асуухад” би зүгээрээ гэж байсан Б миний дээгүүр гишгээд өвдөглөсөн тэгээд Б, Б хоёрын аль нэг нь хаалга өшгилөөд байсан хаалга онгойхгүй байсан. Тэр хоёрын хэн нь түрүүлж гарсаныг би мэдэхгүй байна намайг гарахад ээж Н, Б, Б, А, Б нар гарсан байсан. Намайг ээж гэж дуудахад Б, О эгчээ Н эгч гадаа зүгээр байна гэж байсан. Намайг гарахад бид нарын өмнө явж байсан жижигхэн цагаан машин буцаж ирээд бид нарт гарахад тусалсан, би босоод ойр орчимоо хартал А-н толгойноос цус гарсан баруун талаараа хэвтэж байсан Б, Б сүүлд ирсэн хүмүүс А-г өргөж машинд суулгасан Б үлдээд бусад нь бүгд машинд суугаад Өргөн сумын нэгдсэн эмнэлэг рүү явсан. Өргөн сумын нэгдсэн эмнэлгээс анхны тусламжаа аваад Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг рүү явсан...Миний биеийн байдал зүгээр байгаа. 2017 оны 12-р сарын 13-ны өдрөөс эхлэн ажилдаа явж ажиллаа хийж байгаа. Надад ямар нэг санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Замдаа цэргийн овоон дээр зогсож Б ах сэржим өргөөд цаашаа явсан овооноос хөдлөөд аргалын уул брагидын төв өнгөрөөд ойролцоогоор 10 км явсан байх би машины буруу талын хойд талын суудал дээр суугаад хөгжим сонсоод явж байсан тэгээд өгсөөд огцом уруудах шиг болсон тэгтэл гэнэт зүүн гар талруу огцом эргэсэн тэгтэл гэнэт миний сууж байсан талруу эхлэж эргээд онхолдсон хэдэн удаа өнхөрсөнийг сайн мэдэхгүй байна. Машины бөгс гуядсан байх гэж бодож байна. Бид нар машин дотор сууж байхдаа хөлөн дээрээ даавуу болон курткэнүүдээ тавьсан байсан юм тэгтэл даавуу О эгч бид 2 толгой бүтээсэн байсан машины 4-н дугуй дээшээ харсан байсан би аделиа аваад хартал Н эгч машины гадаа толгойгоо бариад сууж байсан О эгч ээжийгээ хайгаад орилоод байсан бусдыг нь асууж байхад дугарч хариу өгч байсан Н эгч дугарахгүй байсан тэгээд машины хаалгаа жийгээд хаалгаа онгойлгоод машин дотроос нь А эгч, Б, О, Б нарыг гаргасан гаднаас хүмүүс татаад гаргаж байсан тэр хүмүүс бид нарын урд явж байсан машинтай хүмүүс бие засах гээд зогстол машин унахыг харчихаад буцаад ирсэн байсан. Тэгээд би хамгийн сүүлд нь гарлсан гараад хартал А эгчийн толгойноос цус гарсан гар нь хөдлөхгүй байсан баруун талаараа хараад хэвтэж байсан бусад нь гайгүй байх шиг байсан би нагац эгч А дээр яаж байна гэж асуутал толгой их өвдөж байна зүүн хүзүү, зүүн далаар хөдлөж болохгүй байна гэж байсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн өглөө 10 цагийн орчимд цэнхэр өнгийн 90-97дга улсын дугаартай цэнхэр өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр Сайншанд сумруу гарсан. Замдаа том овоон дээр зогсоод Б сэржим өргөөдхөе гэж авсан 0,5 литрийн Арвай гэх нэртэй архи аваад буусан тэгээд сэржим өргөчихөөд хөдлөөд Сайшанд сумруу явсан. Замдаа Өргөн сумын брагиад байсан тэнд зогсож цай уучихаад хөдөлсөн. Өргөн сумын хуучин бригадаас баруун хойш гараад Сайншандруу явж байгаад овоон өнгөрөөд явж байтал огцом уруудсан тэгэхэд машины жолоооч зүүн гар тал руу руль дарсан тэгээд ухаан ороход машины гадаа ганцаараа хэвтэж байсан. Би босох гэтэл босож чадахгүй байсан баруун гар талруу эргээд хартал машин 4-н дугуй дээшээ харчихсан байсан жолооч дотроос нь жолооч талын хаалга өшгилөөд байсан би очиод татах гэтэл дийлэхгүй байсан тэгсэн урд зүгээс жижигхэн цагаан машин ирсэн тэндээс 2 эрэгтэй 1 эмэгтэй бууж ирээд манай машины жолооч талын арын хаалганы цонхоор нь гаргаж байсан. Би цочирдсон байсан тул зарим зүйлсээ сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн “З.О-н биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана.” гэсэн шинжээчийн 364 тоот дүгнэлт /хх-ийн 39/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн “Б.А-н биед хүзүүний 5, 6-р нугалмын их биеийн хугарал, хагас мултрал, зүүн эгэм, зүүн талын 3-р хавирганы далд хугарал, тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх хүзүүний 5, 6-р нугалмын их биеийн хугарал, хагас мултрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонго алдагдуулахгүй” гэсэн 14832 тоот дүгнэлт/хх-ийн 52-53/
2017 оны 12 сарын 13-ны өдрийн “1. 90-97 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь МУ-ын ЗХД-ийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
2. Д.Б нь регистрийн дугаартай, 2007 оны 03 дугаар сарын 03-нд жолооч болсон “В” ангилалыг 2007 оны 04 сарын 17-ний өдөр, С ангилалыг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд тус тус баталгаажуулсан, жолоочийн үнэмлэхний дугаар 474010 “хүчинтэй” байна.
3. Хавтаст хэрэгт өгсөн өөрийн мэдүүлэг хариулт 1 бүрэн хариулагдсан гэж үзэх боломжтой байна” гэсэн шинжээч О.Ө-н 30 тоот дүгнэлт /хх-ийн 52/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэнэ, Б гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэсэн 93 тоот /хх-ийн 67/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2017 оны 12 сарын 08 –ны өдрийн “90-97 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркын цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2,350,000 төгрөг гэсэн” 530 тоот дүгнэлт /хх-ийн 62/
Б.Б-н өмчлөлийн 90-97 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77/
Хохирогч З.О-н “ миний бие нь өөрийн хамаатан Д.Б-с нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 110/
Иргэний нэхэмжлэгч Б.Б-н “ Миний бие нь Б-с машины төлбөрт 1,5 сая төгрөгийг пронтер машины хамт авсан нь үнэн болно, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 109/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг буюу Хашааны ар гэх газарт иргэн Б.Б-н эзэмшлийн 90-97 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн З.О-н биед зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр, Б.А-н бие махбодид хүзүүний 5, 6-р нугалмын их биеийн хугарал, хагас мултрал бүхий хүнд учруулсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-н дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч З.О, иргэний нэхэмжлэгч Б.Б, гэрч Д.Н, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 364 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/, Шүүхийн шинжилгээний үнлэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 14832 тоот шинжээчийн дүгнэлт/хх-ийн 52-53/, 2017 оны 12 сарын 13-ны өдрийн шинжээч О.Ө-н 30 тоот дүгнэлт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Б-д учруулсан хохирлыг 1,500,000 төгрөг, пронтер машин өгч барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй нь түүний шүүхэд өгсөн хүсэлтээр, мөн хохирогч З.О, Б.А нар нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй болохоо илэрхийлсэн хүсэлт зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, иргэний нэхэмжлэгч Б.Б-н хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч З.О, Б.А нарт төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т учруулсан хохирлоо төлсөн нөхөн төлсөн тохиолдолд ялаас чөлөөлж болохоор заасан хэдий боловч шүүх түүнийг ялаас чөлөөлөх боломжгүй юм. Учир нь: Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг материаллаг хэлбэрээр төлсөн хэдий боловч 2 хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, хохирогч Б.А нь одоогийн байдлаар эмчилгээтэй байгаа зэрэг нь шүүхийн хэлэлцүүлгийг үед тогтоогдсон болно. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.О, Б.А, иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Д.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбрөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурсугай.
4. Хохирогч З.О, Б.А нар нь нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Б нь хохиролд 1,500,000 төгрөг, пронтер машин авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД