Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/875

 

      2023         08           29                                         2023/ДШМ/875

Ц.Х, Ж.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/747 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Ж.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Х, Ж.Б нарт холбогдох 2308 00931 0699 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. У овгийн Ц-ийн Х, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар урьд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Дархан-Уул аймгийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 206 дугаар шүүгчийн захирамжаар урьд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг 2 жил 1 сар 13 хоногийн хорих ял болгон өөрчилж суллагдсан,

Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

 

2. Б овгийн Ж-ийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... аймгийн ... багийн .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

 

Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pro sprining” нэртэй төв дотор хохирогч Г.Болор-Эрдэнийн цааны арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Б, Ц.Х нар нь бүлэглэн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а байрны орцонд хохирогч Ц.Доржийн “Redmi note” маркийн гар утас, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэж, дээрэмдэн авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Х нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Доржийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Ц.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У овгийн Ц-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б овгийн Ж-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Хыг 04 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Быг 04 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Ход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 04 жил 06 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 жил 08 сараар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 05 жилийн хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Х, Ж.Б нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Ж.Бын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Ц.Х цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Б, Ц.Х нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хорих ял хүндэдсэн гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Ж.Б бид хоёрын дээрэмдэх, хулгайлах гэмт хэргийн улмаас олж авсан зүйлээ мөрдөгчийн оролцоотойгоор биет байдлаар буцааж өгсөн нь хохирол төлсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч улсын яллагч надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэвч анхан шатны шүүх улсын яллагчийн гаргасан саналыг хүлээж авалгүйгээр урьд ял шийтгэгдэж байсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийг баримталж хорих ял оногдуулсан. Миний эрх зүйн байдлыг минь дордуулж ялласан тул гомдолтой байна. Миний бие өндөр настай ээжийн хамт амьдардаг. Ээж минь өдөр болгон цайныхаа дээжийг хүүдээ хийж тавиад нүдээ ширэгтэл хүлээж байгаа. Би бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялаар шийтгэж өгнө үү. Миний бие байнга оршин суух хаягтай.” гэв.

            Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Драгон төвийн ойролцоо танил болох Хэрлэн-Одтой таарч, бид хоёр 1 шил Хараа нэртэй архи авч хувааж уусан. Тэгээд ахиад нэг 1 шил архи аваад нэг орцны үүдэнд сандал дээр сууж, тухайн үед миний нурууны доод хэсэгт хутганы шархтай байсан. Миний нуруунаас цус гараад өвдөөд байсан болохоор Хэрлэн-Одод “нуруу өвдөөд цус гараад байна, боолт нь уначихсан байна” гэхэд “хоёулаа энэ орц руу ороод архиар цэвэрлээд боочихьё” гэсэн. Бид хоёр орцны кодыг мэдэхгүй сууж байхад үл таних нэг хүн халамцуу хүрч ирээд орцны хаалган дээр очсон. Тэр үед Хэрлэн-Од “ахаа энэ орц руу ороод энэ хүний шархыг хурдан боогоод гаръя” гэхэд тэр хүн “битгий хуц, эндээс зайл” гэсэн. Тэр хоёр хэсэг зогсож байгаад орцны хаалгыг онгойлгоод хоёулаа яваад орсон. Би араас нь ороход Хэрлэн-Од нөгөө хүнийг дараад суучихсан байсан. Би хажууд нь очоод “болиоч, наад хүн чинь настай хүн байна” гэхэд Хэрлэн-Од “чи байж бай, наад архиа аваад гар” гэсэн. Тэр хоёрын хажууд нэг архи уначихсан байсан. Би Хэрлэн-Одын архи гэж бодоод аваад гарсан юм. Би Хэрлэн-Одыг арай ингэнэ гэж бодоогүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэгэн гомдол саналгүй гэсэн байгаа. Би хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан. Харин дээрмийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ц.Х намайг энэ дээрмийн гэмт хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй гэдгийг ч хэлж байгаа. Надад бусдад учруулсан хохирол, гомдол байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү. Мөн миний анх хоригдсон өдөр 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байтал анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс гэж бичсэн байна. Үүнийг зөвтгөж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Ц.Хын өмгөөлөгч Ө.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаалт, прокурор, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогч Г.Болор-Эрдэнийн годон гутлыг авсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд орцонд хохирогч Ц.Доржийн гар утсыг, цохиж байгаад шилтэй архийг нь авсан гэсэн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхээс Ц.Ход оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Ц.Хын хохирогчид довтолгоон хийж төгссөн байх үед Ж.Б орж ирсэн. Тэгээд “болиоч” гэсэн шаардлага тавиад үргэлжлүүлэн архийг нь авч гарсан нь бичлэгээс харагддаг. Ж.Бын хувьд ийм нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалгүй. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

 

            Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол үндэслэлтэй тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Ж.Б хамтран үйлдсэн хэргийн талаар маргадаг боловч энэхүү гэмт хэрэг нь хэрэгт авагдсан камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүний гомдол үндэслэлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Ж.Б нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Х, Ж.Б нарт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pro sprining” нэртэй төв дотор хохирогч Г.Болор-Эрдэнийн цааны арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Б, Ц.Х нар нь бүлэглэн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а байрны орцонд хохирогч Ц.Доржийн “Redmi note” маркийн гар утас, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэж, дээрэмдэн авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Х нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Доржийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Болор-Эрдэнийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pro sprining”-д 19 цагийн үед хичээллэхээр орсон. Тэгээд тухайн “Pro sprining” нь үүдэн хэсэгтээ гутлын тавиуртай байдаг юм. Уг тавиурт өөрийн цаа гутлаа тайлаад үлдээсэн байсан юм. Тэгээд дасгалаа хийж дуусаад гутлаа өмсөх гэсэн чинь миний гутал байхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх 6-7/,

хохирогч Ц.Доржийн “...Би 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим дүү болох Ц.Хүрэлбаатартай гэрт 500 граммын “Хараа” гэдэг архи хувааж уучихаад шөнийн 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а-58 тоот гэртээ харих гээд халамцуу явж байсан юм. Тэгсэн чинь орцны үүд хэсэгт орох гээд зогсож байхад миний араас үл таних 35-40 орчим насны согтуу 2 эрэгтэй хүн хүрч ирээд надтай юм яриад байсан. Би тухайн үед яг юу яриад байсан болохыг сайн ойлгоогүй юм. Би орцныхоо хаалганы кодыг тайлаад орц руу ортол уг үл таних хоёр эрэгтэй миний араас куртикнээс зуураад, араас дагаж орж ирээд өндөр нуруутай, ноосон малгайтай залуу намайг шууд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж унагаасан. Түүний араас нь намхан дуу нуруутай хар саравчтай малгайтай залуу ороод ирсэн. Би гартаа гар утсаа барьчихсан байхад миний гар утсыг өндөр нуруутай булааж авах гээд байхаар нь би өгөхгүй чанга атгаад хэвтэж байхад миний энгэрт байсан 500 граммын “Хараа” гэдэг архи унах үед хар саравчтай малгайтай залуу нь миний архийг авчихсан. Тэгсэн нөгөө ноосон малгай өмссөн залуу нь болохоор миний гараас гар утсыг маань булааж аваад явчихсан. Тэгээд тэр хоёр миний 500 граммын шилтэй “Хараа” гэдэг архи, “Redmi note 9а” загварын гар утсыг маань булааж аваад явчихаар нь би гэр лүүгээ орж эхнэртээ болсон асуудлаа хэлтэл, манай эхнэр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. ...” /1хх 26-27/,

гэрч Д.Оюунцэцэгийн “...Тэгээд шөнийн 00 цагийн орчим манай байрны орцны кодны хонх манай гэрт дуудлага ирж дугараад байсан юм. Би хүүхдүүд хонх дугаргаад байгаа байх гэж бодоод эхэндээ тоохгүй байж байгаад хонх ахин дахин дугараад байхаар нь хонхны дуудлагыг автал манай нөхөр болох Ц.Дорж “би байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хаалгаа онгойлготол нөхрийн цаана нь эрэгтэй хүмүүс юм яриад байгаа нь сонсогдоод байхаар нь би дүүтэйгээ хамт явж байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн юм. Тэгсэн удалгүй манай нөхөр гэрийн хаалга онгойлгоод гэртээ орж ирэхдээ нүүр нь цус болчихсон, гадуурх хувцсаа барьчихсан байдалтай хүнд дээрэмдүүлчихлээ гэсээр орж ирсэн. Тэгээд би нөхрөөсөө “юугаа дээрэмдүүлсэн бэ” гэж асуухад “орцны үүдэнд хоёр залуу намайг дагаж орж ирээд зодоод гар утсыг маань аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...” /1хх 33/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2739 дугаартай “...Ц.Доржийн биед баруун доод зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 42/ гэх дүгнэлт,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-17, 246/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

          шүүгдэгч Ж.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Бын хохирогч Г.Болор-Эрдэнийн цааны арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

шүүгдэгч Ж.Б, Ц.Х нарын бүлэглэн хохирогч Ц.Доржийн “Redmi note” маркийн гар утас, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэж, дээрэмдэн авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт,

шүүгдэгч Ц.Хын хохирогч Ц.Доржийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 04 жил 08 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 05 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Ж.Б нар “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Ц.Х, Ж.Б нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлууд зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Б нь “би дээрмийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Ц.Х намайг энэ дээрмийн хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй гэдгийг хэлж байгаа” гэсэн гомдол гаргасан нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Ж.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ХЦШЗ/83 дугаар захирамжаар /2хх 22-23/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсон атал шийтгэх тогтоолын 5 дахь заалтад 43 хоног гэж буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/747 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Ж.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Х, Ж.Б нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 29-ний энэ өдрийг хүртэл тус бүр 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/747 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Ж.Бын 2023.05.04-2023.06.16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “...Ж.Бын 2023.04.04-2023.06.19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х, Ж.Б нарын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр нийт 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ