| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00072/И |
| Дугаар | 320/ШШ2025/00244 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 320/ШШ2025/00244
| 2025 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 320/ШШ2025/00244 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ХХҮГ****,
Хариуцагч: Дын У,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай 320/2025/00072/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***, хариуцагч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ**** нь хариуцагч Д.Ут холбогдуулан зээлийн төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 4,000,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 4,000,000 төгрөг. Гэрээг байгуулсан огноо: 2018.7.02. Гэрээ дуусгавар болох огноо: 2020.07.02. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2020.07.03. Иргэн Д.У нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Малчин өрхийг малжуулах гэрээ-г байгуулж, түүнд 4,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлүүлсэн. Д.У нь зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 4,000,000 төгрөгийг Д.Уаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр малчин өрхийг малжуулах зээл олгохоор болж, Д.У нийт 5,000,000 төгрөгийн зээлийн хүсэлт өгснөөс 4,000,000 төгрөгийн үнэ бүхий малыг худалдан авч, мөнгийг шилжүүлэхээр гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг тус тус төлөх хуваарь гарган гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч Д.У зээлийн төлбөр 4,000,000 төгрөгийг 2020 оны 11 сарын сүүлээр, эсхүл 12 сарын эхээр төлсөн гэж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2020 онд зээлийг бүтнээр нь төлсөн гэх боловч төлбөр төлсөн баримт, лавлагаа байхгүй. Зээл авах үедээ өгсөн утас болон гэрийн хаяг дээрээ байдаггүй, холбоо барих боломжгүй болсон хүмүүсээ эвлэрүүлэн зуучлал болоод шүүхэд өгсөн. Уг хэрэг маргааны тухайд эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Зээлээ төлөх талаар тухайн байгууллагын мэргэжилтэн нь дуудаж, уулздаг. Хариуцагчийг хэзээ, яаж дуудсан гэдгийг тодорхой мэдэхгүй байна. Бидний зүгээс зээлээ төлсөн хүнийг, дахин төлүүлэх шаардлага байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчаас зээлийн төлбөрт 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулна гэв.
2. Хариуцагч Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх нэлээд их малтай байж байгаад цөөрч эхэлсэн. Гэтэл манай багийн Засаг дарга н.Б- малжуулах төсөлд хамрагдаж болно гэхээр нь төсөл бичиж, сургалтад суугаад 2018 онд 2 жилийн хугацаатай 4,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөөр 100 гаруй толгой мал аваад 200 гаруй толгой болж өсгөсөн. Би малаа зарж борлуулаад 2020 оны сүүлийн 11-12 дугаар сард Төрийн банкинд гэрээнд бичсэн данс руу 4,000,000 төгрөг бэлнээр аваачиж шилжүүлсэн. Хэдэн сард төлснөө тодорхой санахгүй байна. Баримт алга болсон. Намайг зээлээ төлөөгүй гэж шүүхэд хандсаныг мэдэж, төлбөр төлсөн баримт гаргуулан авах, гүйлгээг шүүлгэхээр Төрийн банк дээр очсон боловч компьютерт байхгүй, архивт байгаа гэсэн. Архиваас нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл баримтыг шүүлгэхэд баримт олдоогүй. Төрийн сангаас баримтаа шүүлгэе гэхэд манайд хамааралгүй, Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандах хэрэгтэй гэсний дагуу очиход ХХҮГ**** мэднэ гэж хариу өгсөн. Баримт олохоор хөөцөлдөөд ямар ч үр дүнд хүрээгүй. Зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу над руу холбогдож, залгасан байсан бол очиж энэ асуудлаа шийдэх байсан. 2022 онд утсаар зээлээ төлөөгүй байна гэж залгасан. 2020 онд зээлээ бүрэн төлсөн гэдгээ хэлсэн, дахиж яриагүй. Манай гэрийн хаяг өөрчлөгдөөгүй, миний утасны дугаар өөрчлөгдсөн ч эхнэрийн дугаар өөрчлөгдөөгүй тул холбоо барих боломжтой байсан. Аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 2024 оны сүүлээр залгаж зээлээ төлөөгүй байгаа тул шүүхэд хандана, мөнгө төлсөн баримтаа аваад ирээрэй гэсэн. 5-6 жилийн өмнөх төлбөрийн баримт алга болсон, авсан зээлээ 2020 онд төлсөн, олон жилийн дараа зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаад гайхаж байна. Зээл төлөх хугацаанд надаас шаардаж байсан бол төлбөр төлсөн баримтаа олоод асуудлаа шийдэх байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв. (хавтаст хэргийн 30 дахь тал)
3. Нэхэмжлэгчээс: Малчин өрхийг малжуулах гэрээ, мал худалдах, худалдан авах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Д.У, Д.М нарын иргэний үнэмлэх зэрэг баримтын хуулбарууд, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 4-6, 7-10, 11, 12 дахь тал)
4. Хариуцагчаас: Нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар ирүүлсэн. (хавтаст хэргийн 30 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ**** нь хариуцагч Д.Ут холбогдуулан зээлийн төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Ут 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр малчин өрхийг малжуулах зээл 4,000,000 төгрөг олгож, зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Д.У зээлийн төлбөр 4,000,000 төгрөгийг 2020 онд төлсөн гэх боловч төлбөр төлсөн баримт, лавлагаа байхгүй. Зээл авах үедээ өгсөн утас болон гэрийн хаяг дээрээ байдаггүй, холбоо барих боломжгүй болсон хүмүүсээ эвлэрүүлэн зуучлал болоод шүүхэд өгсөн. Уг хэрэг маргааны тухайд эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Зээлээ төлөх талаар тухайн байгууллагын мэргэжилтэн нь дуудаж, уулздаг. Хариуцагчийг хэзээ, яаж дуудсан гэдгийг тодорхой мэдэхгүй байна. Бидний зүгээс зээлээ төлсөн хүнийг дахин төлүүлэх шаардлага байхгүй. Иймд хариуцагчаас зээлийн төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөөгүй. Үүнд: Би төсөл бичиж, сургалтад суугаад 2018 онд 2 жилийн хугацаатай 4,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөөр 100 гаруй толгой мал аваад 200 гаруй толгой болж өссөн. Би малаа зарж борлуулаад 2020 оны сүүлийн 11-12 дугаар сард Төрийн банкинд гэрээнд бичсэн данс руу 4,000,000 төгрөг бэлнээр аваачиж шилжүүлсэн. Хэдэн сард төлснөө тодорхой санахгүй байна. Баримт алга болсон тул Төрийн банкнаас шүүлгэхэд байхгүй, Төрийн сангаас шүүлгэе гэхэд манайд хамааралгүй, Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандах хэрэгтэй гэсний дагуу очиход ХХҮГ**** мэднэ гэж хариу өгсөн. 2022 онд утсаар зээлээ төлөөгүй байна гэж ярьсан. 2020 онд зээлээ бүрэн төлсөн гэдгээ хэлсэн, дахиж яриагүй. Манай гэрийн хаяг өөрчлөгдөөгүй, миний утасны дугаар өөрчлөгдсөн ч эхнэрийн дугаар өөрчлөгдөөгүй тул холбоо барих боломжтой байсан. 5-6 жилийн өмнөх төлбөрийн баримт алга болсон, авсан зээлээ 2020 онд төлсөн, олон жилийн дараа зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаад гайхаж байна. Зээл төлөх хугацаанд надаас шаардаж байсан бол төлбөр төлсөн баримтаа олоод асуудлаа шийдэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
а. Нэхэмжлэгч нь Д.Ут олгосон малчин өрхийг малжуулах зээл 4,000,000 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нь авсан зээл 4,000,000 төгрөгийг 2020 онд төлсөн, олон жилийн дараа зээлийн төлбөрийг нэхэмжилж байна, зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
б. Хариуцагч Д.У Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Малчин өрхийг малжуулах гэрээ байгуулж, зээл 4,000,000 (дөрвөн сая) төгрөг авсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул Хөвсгөл аймгийн ХХҮГ****, хариуцагч Д.У нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 1-3, 30 дахь тал)
в. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заасан.
г. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд Хөвсгөл аймгийн ХХҮГ****, хариуцагч Д.У нар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцон тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэв.
д. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд Гэрээг байгуулсан огноо: 2018.7.02. Гэрээ дуусгавар болох огноо: 2020.07.02. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2020.07.03 гэж бичсэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Д.Ут 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр малчин өрхийг малжуулах зээл 4,000,000 төгрөг олгож, зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан гэж зээлийн гэрээ дуусгавар болох хугацааг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэж зөрүүтэй тайлбарлаж байх тул зохигчийн хооронд хэдэн жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан талаар ойлгомжгүй байна.
Мөн нэхэмжлэлд хавсаргасан Малчин өрхийг малжуулах гэрээ", Мал худалдах худалдан авах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтын хуулбарт өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх нотлох баримтыг үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. (хавтаст хэргийн 4-10 дахь тал)
г. Хариуцагч Д.У манай гэрийн хаяг өөрчлөгдөөгүй, миний утасны дугаар өөрчлөгдсөн ч эхнэрийн дугаар өөрчлөгдөөгүй тул холбоо барих боломжтой байсан. 5-6 жилийн өмнөх төлбөрийн баримт алга болсон, авсан зээлээ 2020 онд төлсөн, олон жилийн дараа зээлийн төлбөрийг нэхэмжилж байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж шаардах эрхийн хугацааны хувьд маргаж байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээг хэдэн жилийн хугацаатай байгуулсан талаар зөрүүтэй тайлбар гаргасан тул хариуцагчийн 2018 онд 2 жилийн хугацаатай 4,000,000 төгрөгийн зээл авсан гэх тайлбарыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусчээ гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох зээл 4,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн хугацаа дуусаад 04 жил 06 сар өнгөрчээ. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ**** нь хариуцагч Д.Уаас 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрх 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс үүсэх бөгөөд энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Гэтэл дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дуусчээ. Тодруулбал нэхэмжлэгч нь дээрх мөнгө гаргуулах талаар 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учир хариуцагч Д.Ут холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан тухай холбогдох нотлох баримт ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ**** нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.Уаас зээл 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.
Иймд хариуцагч Д.Уаас зээлийн төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Уаас зээлийн төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ХХҮГ*****-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА