| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00119/И |
| Дугаар | 320/ШШ2025/00254 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Хадгалалт, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00254
| 2025 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00254 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: М.Ц
Хариуцагч: Б.С
Хүүхдийн хадгаламжийн мөнгө 10,283,466 (арван сая хоёр зуун наян гурван мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 320/2025/00119/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.С- 2014 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүү С.Э, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр охин С.Э нар тус тус төрсөн. Бид 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Б.С нь хүү Э-ын Хас банкинд байсан хүүхдийн хадгаламжийг барьцаалан 9,532,733.54 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд би хүүхдийнхээ хадгаламжийн мөнгийг барьцаалан зээл авсан гэдгийг гэрлэлтээ цуцлуулсан үедээ олж мэдлээ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарч банк дахь хүүхдийн мөнгийг өөрийн данстай холбуулах гэж яваад олж мэдлээ. Б.С нь хүүхдээ, гэр бүлээ хайрладаггүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй явдаг хэрнээ хүүхдийн хадгаламжийн мөнгийг авсанд маш их гомдож байна.
Иймд Б.С-с хүүхдийн халгаламжийн мөнгө болох 10,283,466 төгрөгийг гаргуулаж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.Ц-ын нэхэмжилж байгаа 10,283,466 төгрөгөөс 5,280,000 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 2025 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 20-ны өдрийн дотор 440,000 төгрөгөөр нийт 12 удаа хуваан төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 18 дахь тал)
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Би хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. 10,283,466 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. М.Ц, Б.С нар хоорондоо ярилцаад нэхэмжлэлийн шаардлагыг 5,280,000 төгрөг болгож багасгасан байна.
Иймд Б.С-ийн 2025 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 20-ны өдрийн дотор 440,000 төгрөгийг төлж, нийт 12 удаа төлж, 5,280,000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 5,003,466 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэжээ. (хавтаст хэргийн 20 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.С-т холбогдуулан хүүхдийн хадгаламжийн мөнгө 10,283,466 (арван сая хоёр зуун наян гурван мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С ...10,283,466 төгрөгөөс 5,280,000 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 2025 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 20-ны өдрийн дотор 440,000 төгрөгөөр нийт 12 удаа хуваан төлж барагдуулна.... гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ...М.Ц, Б.С нар хоорондоо ярилцаад нэхэмжлэлийн шаардлагыг 5,280,000 төгрөг болгож багасгасан байна. Иймд Б.С-н 2025 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 20-ны өдрийн дотор 440,000 төгрөгийг төлж, нийт 12 удаа төлж, 5,280,000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 5,003,466 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нэхэмжлэлийн шаардлагаас 5,003,466 (таван сая гурван мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулахаас татгалзан, 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг хариуцагч Б.С 2025 оны 4 дүгээр сараас эхлэн, сарын бүрийн 20-ны өдрийн дотор 440,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч М.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,485.40 төгрөгөөс 89,742.7 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Сээс 5,280,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 99,430 төгрөгийн тал хувь болох 49,715 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ст холбогдох хүүхдийн хадгаламжийн мөнгө 10,283,466 (арван сая хоёр зуун наян гурван мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О 5,003,466 (таван сая гурван мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Б.С 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сараас эхлэн, сарын бүрийн 20-ны өдрийн дотор 440,000 (дөрвөн зуун дөчин мянга) төгрөгөөр нэхэмжлэгч М.Ц-д төлж барагдуулахаар, зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ц-н татварын ерөнхий газрын 5002620116 тоот дансанд 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,485.40 төгрөгөөс 89,742.7 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С-с улсын тэмдэгтийн хураамж 49,715 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч М.Ц-ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА