| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00116/И |
| Дугаар | 320/ШШ2025/00263 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00263
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00263 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г-гийн Б-а,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 320/2025/00116/и дугаар индекстэй , иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б-а нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны спорт хүмүүжлийн төвд 1986 онд жижүүрээр ажилд орсон. Гэтэл 1990 онд ХЗЭ-ийн хороо нь ажиллахгүй болж, ажилчдыг тухайн үеийн ХЗЭ-ийн хорооны дэргэд үйл ажиллагаа явуулж байсан аймгийн пионерын байгууллагын мэдэлд шилжүүлсэн. Хүүхдийн төв буюу Хүүхдийн төлөө төв, миний өмнө нь ажиллаж байсан Соёл хүмүүжлийн төв, Соёл спортын төвийг нэгтгэсэн Соёл спортын өргөө, Хүүхдийн Урандөш зуслан гэсэн хэсгүүдтэй байсан бөгөөд 1994 оныг дуустал ажилласан. Тухайн байгууллагуудад ажиллаж байсан үеийн баримт, материалууд устсан гэсэн. 1986 оны баримт болон миний ажиллаж байсан талаарх хэрэгт өгснөөс өөр баримт гарч ирэхгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлүүлнэ. Хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудийн эвлэлийн хороонд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл жижүүрээр, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Г-ын Б-а гэх бичилттэй №*************** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/1028 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 467 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай №33 дугаар тогтоолын архивын хуулбар, 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1989 оны ээлжийн амралтын тухай №02 дугаар тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №01 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд хүүхдийн жижүүрийн ажил хийж байсан Г.Б-ын цалингийн тодорхойлолт, хүсэлтийн шаардлагаа тодруулсан тайлбар, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүүхдийн төлөө төв, Соёл спортын Өргөө, Урандөш зусланг нэгтгэн зохион байгуулах тухай 30 дугаар захирамж, хавсралтын хуулбар зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-7, 56, 9-10, 36, 37, 53-54 дэхь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Б-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Г.Б-ын овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн эсэх, төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, Хүүхдийн төлөө төвийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, маягтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Г.Б-ад холбогдох Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 1986-1992 оны тушаал, шийдвэр байгаа эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Г.Б-ад холбогдох 1993-1998 оны цалингийн баримт, тушаал шийдвэр байгаа эсэх лавлагаа зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Ч-, Д.Э- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-19, 46-48, 20-28, 29-30, 44-45, 38-43 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.Б-а нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Г-гийн Б-ын ажиллаж байх хугацааны баримт, тушаал шийдвэр болон холбогдох бусад баримтад түүний нэрийг Г-ын Б-а, Д.Б-а гэж бүртгэсэн байх бөгөөд тэрээр Г-гийн Б-а нэрээр төрсний бүртгэл болон иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй, овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсөн бүртгэл, Г-ын Б-а гэх бүртгэл улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд тус тус бүртгэлгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Г.Б-а /рэ******************/ нь овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна. Г- овогтой Б-а /рэ******************/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй, төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв гэх бичилттэй 30/339 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гарсан иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: рэ******************, иргэний бүртгэлийн дугаар: ***************, овог: Хөх харуул, эцэг (эх)-ийн нэр: Г-, нэр: Б-а, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1965-01-02, эцгийн: эцэг (эх)-ийн нэр: Д-, нэр: Г-, эхийн: эцэг (эх)-ийн нэр: Я, нэр: Д, бүртгэсэн газар: Хөвсгөл Мөрөн, бүртгэлийн дугаар: 16, бүртгэсэн он сар өдөр: 1965-01-09 гэх бичилттэй CVL********************* дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 47-48 дахь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: рэ******************, 5. овог: Г-, 6. нэр: Б-а...17. Эцэг эх, эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: эцэг Д- Г-... эх Я Д...бүртгэгчийн нэр: Д* он сар өдөр: 1988.09.19 гэх бичилттэй, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Г-гийн Б-а, төрсөн он сар өдөр: 1965-01-02...14. Хуудас бичсэн: 1981 оны 02 сарын 01... гэх бичилттэй архивын хуулбарууд, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, гэрч Д.Э-ын ...Г-гийн Б-а гэдэг. Г- гээд буруу бичсэн байх. Д.Б-а гэж бас буруу бичсэн байна. Бид нарыг ажиллаж байхад ганц Б-а жижүүр байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 16-19, 42-43 дахь тал)
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Г-ын Б-а, Д.Б-а гэх бичилттэй Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай №33 дугаар тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №01 дугаар тушаалын архивын хуулбарыг Г-гийн Б-а-д холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 8-9 дэхь тал)
4.1. Нэхэмжлэгч Г.Б-а Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүр, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр хэлэлцээд Тогтоох нь: ...Зургаа. Соёл хүмүүжлийн төв ашиглалтад орсонтой холбогдуулан сахиул Э.Ганболдыг 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс дежурээр, мөн өдрөөс Г- овогтой Б-а, Дүгэрхүү овогтой Э- нарыг дежурээр авч ажиллуулсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай №33 дугаар тогтоолын архивын хуулбар, 1989 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Аймгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөс Тогтоох нь: Нэг. Аймгийн ХЗЭ-ийн хорооны аппарат, спорт хүмүүжлийн төв, Мөрөн хамтлагийн ажилтан, ажилчдын 1989 оны ээлжийн амралтыг хавсралт №01-ээр баталсугай... гэх бичилттэй 1989 оны ээлжийн амралтын тухай №02 дугаар тогтоол, тус тогтоолын № ...28, овог нэр: Г.Б-а, албан тушаал: жижүүр, үндсэн амралт: 15, нэмэгдэл амралт: 7, удаан жилийн нэмэгдэл. -, бүгд: 18... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 8, 56 дахь тал)
Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Аймгийн Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 тоот захирамжийг үндэслэн Тушаах нь: Нэг. 1992 оны 11-р сарын 16-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хуулийн дагуу Хүүхдийн төв, ССӨ, Уран дөш зуслангийн ажилчдыг 1992 оны 11-р сарын 17-ныг хүртэл хавсралт 1, 2-оор чөлөөлж, Хүүхдийн төвийн мэдэлд шилжүүлсүгэй. Хоёр: Хүүхдийн төлөө төв, Соёл спортын өргөө, Уран дөш зуслан нэгдэж, нэг байгууллага болсонтой холбогдуулан 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт ажилчдын цалин хөлсийг бодож олгон тооцоог хийж дуусгахыг...даалгасугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №01 дугаар тушаал, тус тушаалын Хүүхдийн төлөө төвийн даргын 1992 оны 11-р сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалын хавсралт №01. ...15. Д.Б-а, дежур... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 9 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд хүүхдийн жижүүрийн ажил хийж байсан Г.Б-ын цалингийн тодорхойлолт гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын санхүүгийн тэмдэг дарсан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1990 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар, 1992 оны 1 дүгээр сараас 12 дугаар сард цалин олгосон бичилттэй цалингийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 10 дахь тал)
Гэрч М.Ч-ын ...Би 1990-1993 онд аймгийн пионерийн байгууллагын Хүүхдийн төв, Хүүхдийн төлөө төвд зохион байгуулагч, зааварлагчаар ажиллаж байсан. Г.Б-а нь тус байгууллагад жижүүрээр 1990 оны 09 сарын үеэс эхлэн 1993 оны 09 сар хүртэл хамт ажилласан. Тэгээд би 1 дүгээр сургуульд багшаар ажиллахаар болсон...Намайг ажиллаж байхад аймгийн ХЗЭ-ийн дэргэдэх аймгийн пионерийн байгууллага гэж байсан. Аймгийн пионерийн байгууллага гэдэгт нь Хүүхдийн төв, Урандөш зуслан, Соёл спортын өргөө, түүнээс гадна сургуулиудын пионерийн бүлгэм зэрэг байгууллага орно...1992 оны 11 сард Хүүхдийн төв, Уран дөш зуслан, Соёл спортын өргөөг нэгтгэж, Хүүхдийн төлөө төв (Хүүхдийн төвд нэгтгэж томруулсан) болгосон. Дарга нь Р.Д...Ч.Л байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ын ...Би 1988 онд цэргээс ирсэн ...1988 оны 09 сарын 28-ны өдрийн тушаалаар Г.Б-а, бид хоёр ХЗЭ-ийн хорооны жижүүрээр томилогдож ажилласан. Ингээд ажиллаж байхад 1990 онд зах зээл эхэлж, ХЗЭ-ийн хороо нэрээ болиод, аймгийн пионерийн байгууллага-ын үйл ажиллагаа нь үргэлжилж, бид Хүүхдийн төвд 1990 оны намраас 1992 оны 11 сар... хүртэл Г.Б-а нь жижүүрээр, би слессарь, мужаан зэрэг ажил хийсэн. 1992 оны 11 сараас Хүүхдийн төлөө төв нэртэй болоход бид мөн үргэлжлүүлэн ажиллаж байсан...Цалингийн баримт аймгийн архивт байхгүй гээд одоогийн аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас шүүлгэхэд миний 1990, 1992 оны баримт гарч ирээд бусад нь байхгүй байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 40-41, 42-43 дахь тал)
4.2. Харин Г.Б-ын Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд жижүүр, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь дээрх хугацааны Г.Б-ад холбогдох ажиллаж байсан тушаал шийдвэр, холбогдох цалин хөлсний баримтгүй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ...тухайн тайлан нь 1992-1994 онд ажиллагсадын нэрээр гараагүй, 1995-1998 оны нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд Г.Б-а /рэ******************/-ын нэр байхгүй болно гэх бичилттэй 24 дугаар албан бичиг, Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн 1995-1998 оны тайланд нэрээр байхгүй болно гэх бичилттэй архивын лавлагаанд Г.Б-ын ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотлох баримтгүй болно. (хавтаст хэргийн 21, 22, 40-41, 42-43 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.Б-а өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Г.Б-ын Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүр, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд жижүүр, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Г-ын Б-ад олгосон *************** дугаар хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийсэн бөгөөд шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтын бичилттэй зөрүүтэй, Хөвсгөл аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 467 дугаар албан бичгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар-т гаргасан, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Нийгмийн даатгал, гэгээрлийн шимтгэл, ҮЭ-ийн гишүүдийн татвар төлдөг газруудаар ҮЭ-ийн аймаг, хотын зөвлөлд сар тутам гаргаж байх тайлан. Хүүхдийн төлөө төв гэх бичилттэй маягт №16 баримтын архивын хуулбарууд, аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар захирамж, хавсралтын хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 4-5, 23-28, 7, 37, 53-54 дэхь тал)
6. Нэхэмжлэгч Г.Б-ад холбогдох зарим тушаал, шийдвэр, цалин хөлсний баримт байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1986 оны тогтоол, Хүүхдийн төлөө төвийн даргын 1990, 1998 оны тушаал шүүж үзэхэд Г.Б-ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, ХЗЭ-ийн хорооны 1990 оны баримт, аймгийн Пионерийн байгууллагын баримт тус тус манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/1028 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны тушаал шүүж үзэхэд Г.Б-атай холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/113 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн Г.Б-ын 1993-1998 оны Хүүхдийн төлөө төвд ажиллаж байсан талаарх холбогдох шийдвэр, тушаал, цалингийн лавлагаа байгууллагын архивт байхгүй байгаа болно гэх бичилттэй 65 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 6, 30, 45 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 12 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх харуул овогт Г-гийн Б-ын Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүр, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд жижүүр, Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө төвд 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА