Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00264

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00264

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Бгийн Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 320/2025/00133/и дугаар индекстэй , иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би бага ангид сурч байгаад сургуулиас гарч, 16 нас хүрээд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 3 дугаар сараас 1985 оны 6 дугаар сар буюу хугацаат цэргийн албанд явах хүртлээ ажилчнаар ажиллаж байсан. Тэгээд 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдлийн туслах үйлдвэрт 1992 оныг дуустал ажилчнаар ажилласан. Нэгдэл бага хувьчлалаар хувьчлагдаж, Идэрийн-Ундрал компани болоход 1995 он хүртэл ажилчнаар ажиллаж байсан. Би 61 нас хүрч хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох гэтэл улсад ажилласан жил хүрэхгүй болсон. Надад нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул ажилласан хугацаагаа тогтоолгох шаардлагатай болсон. Анх гаргасан хүсэлтийн шаардлагаа дутуу тодорхойлсон тул дараах байдлаар тодруулж байна. Идэрийн-Ундрал компанид ажиллаж байсан хугацаагаа тогтоолгохгүй.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/1104 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 03/72 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Бын Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд (1987-1992 он), хүсэлтийн шаардлагаа тодруулсан тайлбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Ажилд томилох тухай №36 дугаар тушаалын архивын хуулбар, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай №30 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай №22 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1985 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай №4 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар , Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/159 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Бын Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд (1980-1985 он) зэрэг нотлох баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-12, 45, 46-50, 60-67 дахь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Бын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Галт сумын Идэрийн-Ундрал ББХК нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх тухай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1988-1991 оны тушаалд Б.Быг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, Идэрийн-Ундрал компанийн баримт байгаа эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай №04 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1989 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба томилох тухай №15 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай №04 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийг хувьчлах тухай №17 дугаар тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газраас Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Бын Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд (1989-1992 он) зэрэг нотлох баримт гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б, Г.А- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16, 17-21, 22-23, 25, 26-32, 24, 33-39, 51, 52-55 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч Б.Б Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн рд************** регистрийн дугаартай, Б овогтой Б нь Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1980 оны 3 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал ажилтнаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагааг гаргаж хавсралтаар хүргүүлэв гэх бичилттэй 03/159 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Бын 1980 оны 3-6, 9-12 дугаар сар, 1981 оны 1, 3-6, 8-12 дугаар сар, 1982 оны 3-12 дугаар сар, 1983 оны 1-6, 8-12 дугаар сар, 1984 оны 2-7, 9-11 дүгээр сар, 1985 оны 1-4, 6-7, 12 дугаар саруудад Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 60-67 дахь тал)

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Бын 1987 оны 1, 4-12 дугаар сар, 1988 оны 2 дугаар сар, 1989 оны 2, 4-9, 11-12 дугаар сар, 1990 оны 4, 6-12 дугаар сар, 1991 оны 4-12 дугаар сар, 1992 оны 1, 3, 7, 9 дүгээр саруудад Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 5-12, 33-39 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ...5. Бгийн Быг тракторын ачигчаар 3-р сарын 01-ний өдрөөс томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №36 дугаар тушаалын архивын хуулбар, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Тушаах нь: 1. Нэгдлийн зарим ажилчин албан хаагчдын 1982 оны ээлжийн амралтын жагсаалтаар олгож, хавсралт №30-р тушаалаар баталсугай... гэх бичилттэй Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай №30 дугаар тушаал, тус тушаалын ...2. Нэр: Б.Бт, албан тушаал: ромын, үндсэн амралт: 15, нэмэгдэл: 7, удаан жилийн: 0, бүгд: 22, эхлэх сар: 6, өдөр: 12, дуусах сар: 7, өдөр: 5... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1983 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Тушаах нь: 1. Нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1983 оны ээлжийн амралтыг нэр бүхий хүнд олгож хавсралтаар баталсугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №22 дугаар тушаал, тус тушаалын ...Овог нэр: ...24. Б.Б, албан тушаал: ачигч, үндсэн амралт: 15, нэмэгдэл амралт: -, удаан жилийн нэмэгдэл: -, бүгд: 15, эхлэх сар: 5, өдөр: 10, дуусах сар: 5, өдөр: 27... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1985 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Тушаах нь: 1. Идэрийн-Ундрал нэгдлийн зарим ажилчин, албан хаагчдын 1985 оны жилийн амралтыг нэр бүхий /19/ хүнд олгож, хавсралт №01-ээр баталсугай... гэх бичилттэй Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай №4 дугаар тушаал, тус тушаалын ...Овог ба нэр: ...18. Б.Б, албан тушаал: рамын ажилчин, үндсэн амралт: 15, нэмэгдэл: -, удаан жил: -, бүгд хоног: 15, эхлэх сар: 6, өдөр: 01, дуусах сар: 6, өдөр: 19... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1989 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Тушаах нь: 1. Идэрийн-Ундрал нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1989 оны ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу...жагсаалтыг баримтлан тооцож олгохыг нэгдлийн орлогч дарга, боловсон хүчний эрхлэгч нарт зөвшөөрсүгэй... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №04 дугаар тушаал, тус тушаалын ...Овог нэр: ...57. Б.Б, үндсэн ажил: барилгачин, үндсэн амралт: 15, нэмэгдэл: 7, удаан жил: -, бүгд: 22, эхлэх сар: 6, өдөр: 25, дуусах сар: 7, өдөр: 22... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1989 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Тушаах нь: 2. ...Б.Быг 1989 оны 3-р сарын 1-нээс эхлэн барилгачнаар тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх ба томилох тухай №15 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Тушаах нь: 1. Идэрийн-Ундрал нэгдлийн ажилчин, албан хаагчдын 1990 оны ээлжийн амралтыг батлагдсан хуваарийн дагуу...жагсаалтыг баримтлан тооцож олгохыг нэгдлийн орлогч дарга, боловсон хүчний эрхлэгч нарт зөвшөөрсүгэй... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №04 дугаар тушаал, тус тушаалын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1990 оны 2-р сарын 12-ны өдрийн 04-р тушаалын хавсралт. Амрагчийн овог нэр: ...32. Б.Б, эрхэлсэн ажил: барилгачин, амруулах хоног үндсэн: 15, ажлын нөхцлийн: 7, удаан жилийн: -, бүгд: 22, хугацаа эхлэх: VI/15, дуусах: VII/16... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 46-50, 27-31 дэхь тал)

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог нэр: Б, 6. Нэр: Б, 14. Ажилладаг байгууллага: Идэрийн-Ундрал нэгдэл, ажилд орсон он: 1983, цех, тасаг бригад: -, эрхэлдэг ажил: барилгачин, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум: Галт сум...бүртгэсэн он, сар, өдөр: 1989.12.19... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 18 дахь тал)

Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Бгийн Б... 10. Хаана ямар ажилтай: Хөвсгөл Галт сумын нэгдлийн ачигч...14. Хуудас бичсэн: 1981 он 01 сар 14 өдөр... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 18-19 дэхь тал)

Гэрч Д.Бгийн ...Б.Б, бид чацуу юм. Бид бага ангиас л сургуулиас гарсан...Б.Б нь Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрт ачигч буулгагчаар 1980 оны 3, 4 сарын үеэс ажилласан...1985 оны 06 сард ...Бид хоёр хамт цэрэгт татагдаж...1988 оны 08 сард халагдаж ирсэн...Өөр ангид алба хаасан...Ирээд Б.Б нь 1988 оны 09 сараас 1992 оныг дуустал Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрт ачигч буулгагчаар, рамын ажилчнаар ажиллаж байсан. Түүний дараа Идэрийн-Ундрал компанид 1992-1994 онд рамын ажилчнаар...Тасраагүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.А-гийн ...Би 1982 онд 8-р анги төгсөөд Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд илгээлтээр очиж байсан. Тэгэхэд Б.Б нэгдлийн хөрөө раманд ажилладаг байсан... Б.Б 1985 оны 06 сард цэрэгт явсан. Би ажиллаж байгаад 1987 онд цэрэгт явсан. Би цэргээс 1989 онд ирээд нэгдэлд ажилд ороход Б.Б мөн Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрт рамын ажилчнаар ажилладаг байсан. Ингээд бид хамт ажиллаж байгаад би 1990 оны сүүлээр аймгийн төвд курст суухаар ирсэн. Б.Б нэгдэлдээ ажиллаад үлдсэн. 1992 оныг дуустал ажиллаж байсныг нь мэднэ...Тасраагүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 53-55 дахь тал)

Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Б.Бын Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/1104 дугаар, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 03/72 дугаар албан бичгүүдийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж ирүүлсэн тул тухайн шүүхэд хамааралгүй, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийг хувьчлах тухай №17 дугаар тогтоолын архивын хуулбар, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна. (хавтаст хэргийн 4-5, 32, 20-21 дэхь тал)

6.  Б.Б 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 555409 дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 3 дахь тал)

7.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 12 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оросууд овогт Бгийн Бын, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1989 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА